Б.Бүргэд-Очир: Нурууны мурийлт нь ихэвчлэн тэгш хэмийн алдагдлаас болдог

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 09 сарын 22

“Долмалин” эмнэлгийн Дүрс оношилгооны их эмч Б.Бүргэд-Очирыг “Өглөөний зочин”-оор урилаа.


-Танай эмнэлгийг үйлчлүүлэгчид “Нурууны эмнэлэг” гэж нэрлэдэг, ингэж хэлэхээр илүү сайн мэддэг юм билээ. Энэ чиглэлээр дагнан ажиллаж ирэв үү?

-Манай эмнэлэг 2009 онд байгуулагдсан юм. Анх уламжлалт, дотор, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр байгуулагдаж, дараа нь рентген оношилгоо, лабораторийн шинжилгээгээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Одоо таван чиглэлээр үзлэг, оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Бид анх уламжлалт эмчилгээнээс гадна нурууны өвдөлт, зовуурь их байгаа хүмүүст тусламж, үйлчилгээг түлхүү үзүүлдэг байсан. Энэ үеэс нурууны өвчтэй хүмүүс их хандах болсон. Сүүлдээ “Долмалин” эмнэлэг гэхээр “Нурууны эмнэлэг үү” гэж их асуудаг, хоорондоо тэгж ойлголдцог, бие биедээ аман мэдээлэл түгээдэг болсон байна лээ.

-Сүүлийн үед нуруу, үе мөчний өвчин хүмүүсийн дунд их болжээ. Энэ өвчнийг үүсгэж буй  шалтгаан нь юу вэ?

-Үе мөчний өвчин хожуу илэрдэг, нуугдмал шинж чанартай өвчин. Ийм зовуурьтай эмнэлэгт хандаж буй хүмүүсийн анхдагч шалтгаан нь дийлэнхдээ хоолойн үрэвсэл, хоолойн ангина, гүйлсэн булчирхайн үрэвсэл, шүд цоорох өвчин, амны хөндийн өвчлөл, ханиад томуугаа дутуу эмчилснээс үүдэж, үе мөчний өвчтэй болсон байдаг. Цаашлаад бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл, зүрхний хавхлагын хавсарсан эмгэгүүдээр хүндэрдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр өвчний нянгууд зөвхөн үе мөчийг бус бусад олон эрхтэн системийг гэмтээн өвчлүүлдэг учраас анхдагч голомт болох амны хөндийн өвчнөөс сайтар сэргийлж, өвчилсөн үедээ бүрэн эрүүлжүүлэх шаардлагатай. Эмчийн зөвлөгөө зааврын дагуу нарийн шинжилгээнүүдийг хийлгэж, сайн эмчлүүлэх нь чухал.

-Өвчлөл залуужих болсон шалтгааныг юутай холбоотой гэж боддог вэ?

-Хүн амын дунд өвчлөл залуужих болсон шалтгаан гэвэл олон зүйлийг дурдаж болно. Гэхдээ хамгийн гол нь суурин амьдралын хэв маяг, чанаргүй, баталгаагүй хоол хүнс хэрэглэсэнтэй холбоотой.

Тэр тусмаа манайх шиг импортлогч улсын хувьд, бид өдөр тутамдаа хоол болохоос илүүтэй хор болох хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байна. Хэдийгээр бид өндөр хөгжилтэй орны чанартай бүтээгдэхүүн авч хэрэглэж байгаа гэдэг ч тэдгээр хүнс нь хадгалах хугацааг уртасгахаас эхлээд өнгөтэй, амттай харагдах олон тооны химийн бодисыг агуулсан байдаг. Эдгээр бодис нь халдвар, харшил үүсгэхээс эхлээд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, өвчин үүсгэх эрсдэлтэй.

Товчхондоо бол хүн амын дунд өвчлөл нэмэгдэж байгаагийн гол шалтгаан бол хоол. Манай монголчуудын хоолны соёл хэдэн зуун жилийн настай. Бид эртний хооллох соёлыг ажил, амьдралдаа хэвшүүлж чадахгүй ч 1970-80-аад оны үед хэрэглэж байсан монгол үндэснийхээ эрүүл хоол хүнсийг хэрэглэхэд л эрүүл амьдрах боломжийн үндсэн хэсэг нь бүрдэх юм.

-Одоо намрын сэрүү унаж байна. Гэтэл үе мөчний өвчнийг хавар, намрын улиралд сэдэрдэг гэдэг. Даарч болохгүй гэсэн үг үү?

-Үе мөчний өвчнийг улирлын чанартай гэхээс илүү энэ нь архаг хууч, суурь өвчлөлтэй, биеийн дархлаа сул, бие махбодын тэнцвэртэй байдал алдагдсан хүмүүст илүү анзаарагддаг. Ер нь бол бие махбод нь тэнцвэртэй, харьцангуй эрүүл хүмүүст улирал солигдох нь төдийлөн сөрөг нөлөө үзүүлдэггүй. Үе мөчний өвдөлттэй, ялангуяа архаг үений үрэвсэлтэй хүмүүст хүйт орох, ханиад томуу хүрэх, халуурах, биеийн температур ихсэх зэрэгт үе мөч, нурууны өвдөлт илүү хүчтэй мэдрэгдэж эхэлдэг. Тиймээс үзлэг, шинжилгээнд орж, оношоо бүрэн тодруулах нь чухал байдаг.

Учир нь, зарим хүн нуруу өвдөөд байна гэсэн зовуурь шалтгаантай орж ирдэг боловч энэ нь дан ганц ууц, нуруу хэсгийн өвдөлт бус, цаанаа бөөр, давсгийн өвчин, хоол боловсруулах эрхтэн системийн өвчин, ходоодны шарх, цөсний чулуу, нойр булчирхайны архаг хурц үрэвслүүдээс болж нуруу өвдөж байгаа мэт шинж илрэх нь байдаг.

Түүнчлэн хавдрын өвчний үсэрхийллүүдээс болж нуруу өвдөх нь бий. Уушгины сүрьеэ, ясны сүрьеэ зэргээс болж нуруу өвдөх нь элбэг байна. Тиймээс ялган оношлох нь чухал.

-Танай эмнэлэгт гол төлөв ямар шалтгаантай хүмүүс их ирж байна вэ?

-Нурууны өвчин зовуурь насны хувьд янз бүр байна. Залуучуудын хувьд, хүнд юм буруу өргөх, бэртэж гэмтэх, аваар осолд орсноос үүдэлтэй холбоосны хугарал зэргээс шалтгаалсан дискний гулсалт их байна. Харин ахмад настай хүмүүсийн хувьд, ясны сийрэгжилт, ясны бат бөх чанар муудсанаас болж, нурууны хугарал гэмтлүүд давамгайлж байна.

Мөн ерөнхий биеийн судасны хатуурал, нарийсал, бөглөрөл зэргээс шалтгаалан нурууны нугалам, диск рүү орж байгаа цусан хангамж муудсанаас болж, шохойжилт үүсэх, дискний уян хатан чанар муудах, нөхөн төлжилт нь удааширч хатуурах зэрэг өвчлөл давамгайлж байна.

-Нурууны өвчинд амьдралын хэв маяг хэр нөлөөлдөг бол. Жишээ нь суугаа ажил эрхэлдэг хүмүүс нурууны суулттай болчихлоо гэлцдэг?

-Зарим үйлчлүүлэгчдээс харж байхад, эдгээр өвчлөл нь насжилт гэхээс илүүтэй эмийн буруу хэрэглээтэй холбоотой байна. Тухайлбал, цус шингэлэх зорилгоор судас хатууруулах эм их ууж байна.

Жишээ нь, хэт удаан хугацаагаар, эмчийн хяналтгүй, аспирин уух, кальци уух зэрэг нь нурууны нугалам руу тэжээл өгөх үүрэгтэй хялгасан судсыг хатууруулж, цусан хангамжийг муутгаж байна. Үүнээс болж нуруу хугарах, гэмтэх өвчин их байна.

Халуурсан, ханиалгасан үедээ манайхан өвчин намдаах эм, халуун бууруулах эмийг дураараа хэрэглэдэг. Түүнээсээ болоод архаг үрэвсэлтэй хүмүүст өвчлөл нь нуугдмал болж хүндрэх хийгээд нурууны өвчин элбэг тохиолдож байна. Мөн бага насны хүүхдүүдэд нурууны мурийлт их байна.

Энэ нь ихэвчлэн тэгш хэмийн алдагдлаас болж байна. Буруу суух, нэг талдаа дандаа цүнхээ үүрч явах зэргээс болж тэгш хэмийн алдагдал үүсдэг. Нөгөөтэйгүүр, газтай ундаа, фосфорын хүчил агуулсан ундаа их уусантай холбоотой амны хөндийн өвчлөл, шүдний өвчнөөс улбаатай олон төрлийн өвчлөл үүсгэхээс гадна үе мөч, нурууны өвчин үүсгэх шалтгаан болж байна.

-Танай эмнэлэгт суугаа ажилтай хүмүүс, жолооч нар их үйлчлүүлдэг гэсэн?

-Нурууны зөв галбир бол хотгор гүдгэртэй байдаг. Тиймээс жолооны ард суухдаа бүсэлхий хавиараа нуруугаа хотойлгох маягтай сууж өгөх хэрэгтэй.

Бүсэлхийн хотгор гэдэг нь автомашины нумтай л адил зүйл. Нуруу хэчнээн зөв байрлалтай байх тусмаа биеийн болон ажлын ачаалал зөв даах чадвартай байдаг. Тиймээс замын түгжрэлд хөдөлгөөнгүй удаан хугацаагаар сууснаас болж нурууны цусан хангамж мууддаг. Мөн суудлын ард гэдийж бөхийж янз бүр сууснаас болж нурууны гажилт суулт үүсэж байдаг.

Манайхан жилд нэг удаа автомашинаа үзлэг оношилгоонд оруулж, тэнхлэг тохиргоогоо шалгуулдаг хэр нь өөрийнхөө хүзүү, нуруу, аарцгийнхаа зургийг ганц удаа ч болов авхуулчихдаггүй, хэнэггүй улс. Зүй нь аливаа өвчнийг бага дээр нь оношлох эмчлэх хэрэгтэй.

-Ер нь нурууны өвчнийг заавал хагалгаа хийлгэхгүйгээр бариа заслаар эмчлэх боломжтой юу?

-Тухайн хүний бие архаг хууч өвчингүй, яс үе нь харьцангуй эрүүл хүн бол нурууны бага зэргийн суулт, мурийлт бариа заслын эмчилгээний үр дүнд сайжирна. Харин өөр бусад өвчин эмгэгийн шалтгаантай, түүнээсээ болоод нуруу нь өвдсөн хүн бол нэмэлт шинжилгээ, ялган оношилгоо шаардлагатай.

Жишээ нь, манай улс сүрьеэгийн өвчлөлөөр дэлхийд дээгүүрт ордог. Сүрьеэ өвчин ганц уушгинд бус ясанд сөргөөр нөлөөлдөг. Сүрьеэгийн халдвар ясанд байгааг мэдэхгүй бариа заслын эмчилгээ хийлгэвэл аюултай байдал үүснэ.

Тиймээс энэ бүхнийг гаднаас нь хараад оношлох, мэдэх боломжгүй учраас заавал мэргэжлийн эмчид хандаж, рентген зураг авхуулах зэргээр оношоо зөв тогтоох хэрэгтэй.

-Рентген зураг, дүрс оношилгооны шинжилгээнээс бүх зүйл тодорхой харагдах уу?

-Зарим хүн өвдөж байгаа хэсэг газрынхаа зургийг авхуулахад болно гэж ойлгодог. Гэтэл өвдөөгүй өөр газарт өвчнийх нь шинж тэмдэг тодроод, голомт нь өөр газар байж байх эрсдэлтэй. Тиймээс аль болох эрсдэлээ зөв тооцоолж үзүүлж, оношоо зөв тодруулах хэрэгтэй.

Мөн рентген зургаас гадна нурууны зөөлөн эд, үений үрэвсэл үүсгээд байдаг тэр өвчнийг цусны шинжилгээгээр давхар оношлох нь чухал. Ясны чанарын шинжилгээ, ясны сийрэгжилтийн шинжилгээг давхар өгөх хэрэгтэй. Энэ бүх цогц шинжилгээний ард оношоо зөв тодруулж чадвал эрсдэл гарахаас сэргийлж чадна.

Эмч нарын зүгээс харж байхад иргэдийн маань эдийн засгийн боломж тааруухан байдаг учраас энэ бүх шинжилгээ, оношилгоонд хамрагдаж чадахгүй, сургаар таамгаар эмчлэх гэж оролдох нь их байна.

-Тухайлбал?

-Манай эмнэлэгт хүзүү өвдөөд байна гэж хандаж байсан хүн хөхний хорт хавдар тусаад, тэр нь хүзүү рүүгээ үсэрхийлсэн байсан. Үе мөч, түнх нуруу өвдөж байна гээд хандаж байсан хүн түрүү булчирхайн хавдар нурууныхаа ясанд үсэрхийлсэн байсан тохиолдлыг байдаг тул эмч нар маань нэмэлт шинжилгээ өгөхийг зөвлөдөг юмаа.

Эрсдэл үүсвэл илүү их зардал гарах, цаашлаад амь насаа алдах аюултай учраас эхнээсээ мэргэжлийн эмчид хандаад, шинжилгээ оношилгоондоо хамрагдах нь чухал юм.

-Та эмнэлгийнхээ эмчилгээ, оношилгооны аргуудаас танилцуулахгүй юу?

-Бидний хувьд, манай эмнэлэгт хандсан иргэдийг эхлээд шинжилгээ, оношилгоонд хамруулахыг чухалчилдаг. Зарим хүмүүс шууд л эмчилгээндээ ороод явъя гэдэг. Зарим нь дургүйцээд гараад явах нь ч байдаг. Хүн бүрийн шинжилгээ, оношилгоо харилцан адилгүй гарах нь ч бий. Ер нь бол нурууны өвчин ясны бат бөх шинж чанараас ихээхэн хамаардаг учраас бид үндсэн таван үзүүлэлтээр шинжилгээ хийж, оношоо тодруулдаг.

Тухайн хүн эмчид үзүүлсний дараа ясны сийрэгжилтийн шинжилгээг хэт авиан оношилгооны аппаратаар оношилдог. Мөн ясны чанар муутгах, ясны сийрэгжилт үүсгэхэд нөлөөлөх Д витамины дутагдлыг цусанд нь оношилж байна. Мөн  үе мөчний үрэвсэл нь нянгийн гаралтай байна уу, дархлааны шалтгаант байна уу, бодисын солилцооны алдагдлаас шалтгаалсан байна уу, үе мөчний өвчин далд хэлбэрийн үрэвсэлтэй байна уу гэдгийг нь нарийвчилсан үзүүлэлтээр гаргадаг. Дотор эрхтний шалтгаант өвчлөлөөс үүдэлтэй эсэхийг тодруулахаарө ЭХО оношилгоонд хамруулдаг. Эдгээрээс хамгийн гол шинжилгээ бол нурууны рентген оношилгоо юм.

-Тухайн хүний оношоос шалтгаалж эмчилгээ нь  өөр байх уу?

-Тухайн хүний өвчний онош, нурууны өвчний үе шат зэргээс шалтгаалан эмийн эмчилгээ, эмчилгээний арга барил өөр өөр байдаг. Тухайлбал, эмийн эмчилгээний хувьд, нурууны дискний суулттай хүмүүст нурууны диск нөхөн төлжүүлэх эмчилгээг хийдэг. Нурууны диск сууна гэдэг нь нөхөн төлжих чадвар, уян хатан чадвараа алдсан байна гэсэн үг.

Нурууны дискний судасжилт болон цусны урсгалыг сайжруулах, бие махбодод байх шим тэжээлийг судсаар өгөх замыг нь нээж өгөх эм, тариа дуслыг хийдэг. Мөн хоол ундны шингээлтийг сайжруулах зорилгоор ходоодны эмчилгээг хавсарч хийдэг. Ингэснээр ууц нурууны хэсгийн өвдөлт зовуурь намжих давуу талтай.

Мөн бөөрний үйл ажиллагаа, эмгэг өөрчлөлтүүд нурууны өвчинд шууд хамаардаг учраас энэ чиглэлийн эмчилгээнүүдийг мөн давхар хийнэ. Түүнчлэн бамбай булчирхайн өвчнийг оношлоод, түүнд нь таарсан уламжлалт эмчилгээг хийж байна.

Нурууны нугалам, дискний жийргэвч маань нурууны нугаламд байрлаж жижиг хялгасан судсаар тэжээгдэж байдаг. Тийм болохоор бид тэнд судасны хатуурал бөглөрөл байна уу гэдгийг цусан дахь өөх тосны хэрэглээ, хатуурлын зэрэг зэргийг тохирох шинжилгээнүүдээр тодорхойлдог.

-Нурууны нугалмын суулттай хүмүүст ямар эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна?

-Энэ тохиолдолд бариа, татлага эмчилгээг хавсарч хийж байна. Нурууны мурийлт хазайлт, тэгш хэм нь алдагдсан хүмүүст бариа засал, нурууны дискний цусан хангамжийг сайжруулах, өвдөлт намдаах шарлага эмчилгээг хийж байна.

Мөн нурууны зөөлөн эд, цусан хангамж, хялгасан судсыг сэргээх зорилго бүхий өндөр давтамжтай “HiTop” долгион эмчилгээг Монголд анх удаа нэвтрүүлээд байгаа. Энэ эмчилгээ нь булчин болон мэдрэлийн эсийг сэргээж, эсийн бодисын солилцоонд шууд нөлөөлдөг бөгөөд бүсэлхий нурууны өвдөлтийн синдром, хүзүүний нугалмын өвдөлтийн синдром, мөр гарын өвдөлтийн синдром зэрэг олон төрлийн синдромтой хүмүүст зарим эмчилгээний аргаар намдаах боломжгүй өвдөлт намдаах чухал ач холбогдолтой байдаг.

-Биеийн ерөнхий тэгш хэм засах, судасны цусан хангамж сайжруулах тухайд жаахан дэлгэрүүлж ярина уу?

-Манай дийлэнх эмнэлгүүд нуруу өвдсөн үед булчин суллах эмчилгээг өргөн хэрэглэдэг. Энэ эмчилгээний арга нь богино хугацаанд хийгдэх эмчилгээ юм. Учир нь нурууны булчин бол байнга чанга байх тусмаа нурууг хамгаалдаг, биеийн тэгш хэмийг хангаж байж, эмчилгээний үр дүн өндөр гарч байдаг.

Зарим хүмүүс нурууны хүнд хагалгаанд ороод гараад ирсэн ч бусад үенд мурийлт, хазайлт өгөөд байдаг. Энэ нь нөгөө л нурууны тэгш хэмтэй холбоотой. Ерөнхий биеийн тэгш хэм алдагдсан байхад бид доор нь мянга хадаж бөхлөөд нэмэргүй. Тиймээс бид биеийн ерөнхий тэгш хэмийг засах эмчилгээг гол зарчим болгож ажилладаг юм. Энэ эмчилгээний аргаар бид цөөнгүй хүнийг эдгэж эрүүлжүүлэхэд хувь нэмрээ оруулж, үр дүнг нь үзэж байна.

Дэлхийн тэгш хэм алдагдвал байгалийн гамшиг, газар хөдлөлт, цунами болдог. Байшин барилгын тэгш хэм алдагдвал нурдаг. Машины тэгш хэм алдагдвал аваар осол гардаг, эвдрэл хэмхрэл үүсдэг. Хүний биеийн тэгш хэм алдагдвал нурууны өвчин үүсдэг. Нурууны өвчнөөс 32 хос мэдрэлийн судасны цусны үйл ажиллагаанд өөрчлөлт ордог. Дотор бүх эрхтэн өвчилдөг. Тийм болохоор бид  нуруу бол бүх биеийн эрүүл мэндийн ноён нуруу гэсэн гол зарчмыг баримталж эмчилгээ үйлчилгээгээ явуулдаг. Энэ үүднээсээ нурууны тэгш хэмийн алдагдлыг засах, судсыг цэвэрлэж, цусан хангамжийг сайжруулах энэ хоёр эмчилгээгээрээ аль болох олон хүнд туслахыг хичээн ажиллаж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top