Засгийн газрын өчигдрийн /2023.09.26/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.
Ирэх долоо хоногт нээлтээ хийх УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байхгүй ч төсвийн орлого, зарлагын тооцооллыг тусгасан төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдэд эрх баригчид хүссэн үедээ өөрчлөлт оруулдаг жишгийн дагуу ийнхүү ээлжит өөрчлөлт орох нь.
Төсөөллүүдийг өөрчилж болох ч үндэслэл нь улс төр давамгайлсан шийдвэрүүд байдагт асуудлын гол бий л дээ.
Засгийн газар төсвийн төсөл оруулж ирэхдээ, УИХ нь төслийг хуульчлан батлахдаа, хуульд заасны дагуу "Төсвийн бодлогын баримт бичиг" болох Төсвийн хүрээний мэдэгдэлд тооцож, тусгасан хэмжээ, үзүүлэлтүүдээс хол зөрүүлэх ёсгүй.
Гэсэн ч төсвийн тодотголоор орлого, зарлагаа зоргоороо өөрчлөөд, Төсвийн хүрээний мэдэгдлээ үйлдэлдээ нийцүүлээд өөрчилдөг жишиг тогтсон.
Энэ удаад 2024 төсвийн хүрээний мэдэгдлийг тавдугаар сард баталсан үзүүлэлтүүдийн хүрээнд хэлэлцээд, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь.
Уг хуулиар 2025 оны төсвийн орлогыг 22,472.0 тэрбум төгрөг, зарлагыг 23,928.8 тэрбум төгрөгөөр тооцсон.
Харин 2026 оны төсвийн орлогыг 24,089.6 тэрбум төгрөг, зарлагыг 25,676.6 тэрбум төгрөг байхаар төсөөлсөн байгаа юм.
Тэгэхээр 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын төсвийн орлого ₮24 их наядаас, зарлага ₮26 их наядаас давж тооцоологдох төлөвтэй байна.
Дашрамд тодотгоход, Монгол Улсын төсөв 1960-аад онд анх удаагаа тэрбумаар тоологдсон бол 2006 оноос их наядаар тоологдож эхэлсэн юм.
Харин 2019 оноос анх удаа ₮10 их наядыг давсан бол 2020 онд түүхэнд анх удаа ₮14 их наяд төгрөг шүргэсэн зарлагыг хуульчилж байв. 2022 оны төсвийг ₮16 их наядыг олж, ₮18 их наядыг зарцуулахаар анх баталсан бол 2023 оныхыг ₮19 их наядын орлого олж, ₮20.4 их наядын зарлага гаргахаар баталсан. Харин тодотголоор орлогыг 20 их наяд 782 тэрбум төгрөг болгож 1.7 их наядаар өсгөсөн. Нийт зарлагыг 22 их наяд 371 тэрбум төгрөг болгож 1.9 их наяд орчмоор нэмэгдүүлсэн юм.
Тэгэхээр 2019 оноос хойших дөрвөн жилийн дотор ₮10 их наядаар тэлсэн Монгол Улсын нэгдсэн төсөв 2026 он гэхэд 26 их наяд шүргэж хэмжигдэх төсөөлөл одоогоор хуульд тусгагдаад байна. Төсвийн тэлэлтийн бодлого энэ эрчээрээ байвал ₮30 их наяд хүрэхэд хол биш байна. Асуудлын гол нь орлогын эх үүсвэр хумигдмал хэвээрээ нөхцөлд төсвийн зардлын тэлэлтийг дагасан үр ашгийг эхэнд авч үзэх ёстой юм.
Сэтгэгдэл ( 2 )
SEKSDN80955877
Яахаараа дандаа зарлага нь орлогоосоо давсан төсөв баталдаг юм бэ ???