С.Хүрэлбаатар: Бариа засал хүний био энергийг нөхдөг учраас цогц эмчилгээ болдог

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 10 сарын 06

“Сэтгэшгүй” хэмээх нэрээр олонд анх танигдсан Сосорбарамын Хүрэлбаатар эмч герман хэлээр хэвлүүлж, ХБНГУ-д нээлтийг нь хийсэн “Хүний энергийн систем: өвчлөл, эмчилгээ” номоо Монголд хэвлүүлэн уншигчдад хүргэх гэж байна. Түүнийг “Өглөөний зочин”-оор урилаа.


-Энергийн эмчилгээ гэж сүүлийн үед их ярих болсон. Гэтэл энергийн системийн өвчин, түүнийг эмчлэх тухай та хэдэн жилийн өмнө нээлт хийж,  ном болгоод хэвлүүлчихэж?

-Анагаах ухаанд хүнийг энергийн системээр эмчлэх асуудал сүүлийн үед их гарч байна. Гэхдээ энэ хүмүүсийн суурь судалгааг үзэхэд  Буддагаас хойш 2500 жилийн дараа, Энэтхэг, Хятадын шинжлэх ухаан үүсэхээс өмнөх 5000 жилийн тэртээх бясалгагчдын сургаалийг өнөөдрийг хүртэл яриад явж байна.Тэгээд юм болгоныг энергиэр эмчилнэ, аура аппаратаар оношилно гэдэг. Гэвч энэ бүхнийг хүний биеийн анатоми, физиологитой холбоод үзэхээр худал болчихоод байна. Хүний энерги гэж  юу болохыг хүмүүс өөрсдөө мэдэхгүй байна. Ямар бүтэцтэй болохыг анатоми талаас нь аваад үзвэл өөр. Шашны философи талаас үзвэл бас өөр. Анагаах ухаан хүний бие талаас нь судалдаг. Шашин бол хий буюу энерги талаас нь судалдаг. Гэтэл хүний бие организмд эцэг эхээс дамжсан ген буюу бие махбод байдаг. Үүнийг бид физик бие гэж ярьдаг.

Физик бие дээр үүсэж байгаа орон зайг био талбай гэнэ. Элэгний био талбай, нурууны био талбай, арьсны био талбай нийлээд хүний биеийн гадна талын бүрхүүлийг үүсгэдэг. Энэ бол харьцангуй тогтмол. Нөгөө хэсэг болох био талбай нь хөдөлгөөнд орж байдаг био орон зай. Нэг нь зүрх судасны систем дээр, нөгөө нь мэдрэлийн систем дээр үүсэж байдаг. Орон зайн энэ нэгдлийг монголчууд сүнс гэж ярьдаг. Энэ нь хөдөлгөөнтэй учраас бясалгал хийхэд биеэс гараад явчихдаг, эргээд ороод ирдэг. Бие организмын био талбай байхгүй бол сүнс байхгүй. Био талбай байж сүнстэй ч бай, сүнсгүй ч бай тэр организм амьдраад байдаг. Амьдрал нь хэдэн сараас хэдэн жилийн хугацаагаар үргэлжилнэ. Үүнийг эртний бясалгагчдын хэлснээр, бидний сайн мэдэхээр бол “алтан сав нээх” гэж ярьдаг. Алтан сав нээхэд зургаан сарын өмнө сүнс нь хальчихаж, эсвэл 3-4  жилийн өмнө сүнс нь явчихаж гэж хэлдэг. Энэ бол хүний энергийн системийн асуудлууд юм.

-Энергийн системийг эмчлэх тухай байна. Тэгвэл энергийн системийн  өвчлөл юунаас үүсдэг вэ?

-Хүний биеийн эргэн тойрон байгаа орон зай дотор тухайн хүний  мэдээллүүд хадгалагдаж байдаг. Энэ нь гурван газар хадгалагдана. Нэгдүгээрт, хүний эцэг эхээс заяасан ген буюу эд эсэд байна. Хүн эцэгтэйгээ адилхан төрлөө, ээжийгээ дууриаж төржээ гэж ярьдгийн учир шалтгаан энэ. Хүний био мэдээллийн  90-93 хувь нь эцэг эхээс дамждаг. Өөрөөр хэлбэл суурь мэдээлэл. Тэгвэл 1-3-хон хувь нь /ойролцоогоор/ сүнсний мэдээлэл байдаг. Сүнс өөрөө энергитэй, мэдээлэл дамжуулдаг. Үлдсэн 1-2 хувийн мэдээллийг бид хаанаас авах вэ гэвэл энэ нь мөнх тэнгэрт бичээстэй байдаг. Хүмүүс сонин, ном уншиж, хоорондоо харилцаж байгаа энэ асуудлууд тэр дээр бичээтэй байдаг. Энэ Ведийн сургаальд ч байдаг, хүмүүсийн ажиглалтаар ч байж байгаа зүйл. Нэртэй тамирчид, урлагийн томчууд лам авчирч ном уншуулдаг, бөөгөөр засал үйл хийлгэдэг нь өөрийн хийх зүйл, амжилтыг дээд тэнгэрт кодлож, дараа дараачийнхаа үйл ажиллагааг хийдэг байх нь. Тэгэхээр дээд тэнгэрийн мэдээлэл гэдэг бага хувьтай байна. Дараа нь хүний сүнсний мэдээлэл орно, тэр нь дунд зэрэг байна. Хамгийн их мэдээлэл агуулагддаг эрхтэн бол хүний бие махбод буюу  био талбай. Эндээс юу харж болох вэ гэвэл, хүний био талбай, үүсгэсэн тэр энерги дотор мэдээллүүд орж ирнэ. Тэр дотор хараал, ерөөл ч орно. Хүний энергийн систем, аура гэрлэн биед орж ирж байгаа энэ мэдээллүүдийг лам, бөө нар маш сайн мэддэг, уншдаг. Гэхдээ энэ нь физик бие буюу био талбайн гүнд  гүнзгий  нэвтрээгүй учраас лам, бөө нар засал хийж ном уншаад аргалаад явчихдаг.

-Энэ эмчилгээ мөн үү?

-Нэг төрлийн эмчилгээ шүү дээ.

-Тэгвэл физик бие буюу био талбайд нэвтрээд орчихоор лам, бөө биш анагаах ухаан, эмч нар эмчилнэ гэж ойлгох уу?

-Физик бие буюу махан биед нэвтэрснийг лам, бөө нар эмчилж чадахгүй л дээ. Анагаах ухаан эмчлэх гэж үзнэ, гэхдээ сайн чадахгүй байна. Зүрхний эм өгөөд зүрхний үйл ажиллагааг нь дэмжээд явахаас биш яг тэр энергийн өөрчлөлт, мэдрэлийн системийн өөрчлөлт гэдгийг эмч нар эмчилж чаддаггүй.

-“Шинж тэмдгийг эмчлэхээс биш  эмчилгээ хийж эмчилж чадахгүй байна” гэж шүүмжилдэг нь үүнтэй холбоотой байх нь ээ?

-Тийм, шинж тэмдэгт эм бичиж өгөөд байна гэсэн үг. Нэг ёсондоо лам, бөө нар хүний гэрлэн бүрхүүл аура дотор ороод ирсэн хараал, жатгыг эмчлээд байдаг, физик биед нэвтэрч орсныг анагаах ухаан эмчилдэг ч сайн чадахгүй байгаад байна. Жишээ нь, хүмүүс элэг цөс өвдлөө гэдэг, гэтэл яагаад элэг цөс өвдөв гэдэг асуудлаа тайлбарлаж чаддаггүй. Тэгэхээр энэ чиглэлээр 33 жил ажиллаж байгаа эмчийн хувьд энэ болгоныг анатоми, физиологи, эртний мэргэдийн энергийн системийн үйл ажиллагааг мэдэрч хэлж байсан зэрэгтэй  холбож судалсны хувьд хэлэхэд хүнийг эмчлэх маш амархан.

-Хүмүүс элэгний В, С вирус, ковидын вирус нөлөөлж амьгүй хүүхэд төрлөө гэх мэтээр яриад байгаа. Сүүлийн үед унтаад сэрэхгүй тэр чигтээ хорвоогоос буцчихдаг болжээ, ковид, вакцины нөлөө гэлцэх юм?

-Үүнийг тайлбарлах маш амархан.Энэ бүхнийг би номдоо бичсэн. Монголчуудын дунд  хавдрын өвчлөл их байна. Хавдар гэдэг өвчин энергийн системийн алдагдал буюу гаднаас орж ирсэн хараалаас үүсдэг. Хүний биеийн энергийн систем эвдрэхэд бүх төрлийн вирусууд идэвхжиж байдаг. Идэвжсэн вирусууд эсийг дотроос нь задалдаг. Энэ задрал нь архаг элэгний үрэвсэл, хавдар болж илэрч гарч ирдэг. Тэгэхээр хүнийг эмчлэх цогц систем бол мэдрэлийн системийг чөлөөлж өгөх буюу мэдрэл дагасан био орон зай болон зүрх судасны системээс гарсан орон зайг чөлөөлж өгөх ёстой. Ердөө энэ.

-Таны ярианаас нэг тийм цогцоор эмчлэх гэсэн ойлголт төрлөө?

-Миний яриаг ойлгосон бол хүнийг эмчлэх  амархан байгаа биз. Маш амархан.

-Түрүүн сүнс, алтан сав гээд ярьсных хүнийг  хойд төрөлд нь  явуулах  гэдгийг та юу гэж боддогоо хэлээч?

-Хойд төрөлд нь явуулах, бурханы оронд одуулах зан үйлийн хувьд нөгөө хий орон зайтайгаа харилцаж байгаа учраас лам, бөө нарын хамгийн сайн чаддаг үйл. Эмч нар бол физик биетэй л харилцаж байгаа  шүү дээ.

-Та одоогоос 14-15 жилийн өмнө “ДОХ-ыг эмчилж болно” гэж мэдэгдэж, хүмүүсийг гайхшруулж шуугиулсан. Тэр чинь энергийн системийг эмчлэх асуудал байсан байх нь ээ?

-ДОХ-ыг дэлхий нийт эмчлээгүй байхад Хүрэлбаатар эмчилнэ гэж юу байх вэ гээд  тэр үед бөөн юм болсон. Гэтэл өнөөдөр хүнийг үхэлд хүргээд байгаа ковидын вирус доторх бүтэц нь ДОХ-ын вирустай ойролцоо байгаа шүү дээ.Түүнтэй холимог мутациуд ч байна. Тэгээд хүмүүс өөрийгөө эмчлээд яваад л байгаа биз дээ. Эм ууж, бариа засал хийлгээд, биеийнхээ эсэргүүцэл, дархлааг сайжруулж байна гээд...Тэгэхээр вируст өвчин, хавдраас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа бол тэр дархлааг сайжруулах буюу хүний биеийн эсэргүүцэл, дархлааны системтэй холбоотой.

-Дархлааны эм, витамин ууснаар  дархлаа сайжрах уу?

-Наадах чинь түр зуурын л асуудал. Дархлааг үүсгэдэг сэрээ булчирхай  юм уу, дэлүү ч юм уу, чөмөгт ясны үйл ажиллагааны алдагдлаас болж дархлаа унадаг. Нэг ёсондоо тэд чинь нэг тийм улбагар сулбагар цусны элементүүд гаргаснаас болж дархлаа унаж байгаа юм. Тэр улбагар, сулбагар чинь вирусыг эсэргүүцэх чадваргүй байна шүү дээ. Тэгэхээр миний эмчилгээний арга бол бариа засал. Бариа заслаар хүний био энергийг нөхдөг. Энэ бол 3-5 удаагийн л эмчилгээ. Гэтэл насаараа АНУ-д амьдарч, 20-30 жил эм уусан хүн ирээд элгээ солиулаад явж байна. 3-5-хан удаагийн 100-200 мянган төгрөгийн эмчилгээ хийлгээд болох байсан атал 100-200 сая төгрөгийн мэс засалд ороод ч барахгүй юм болж байна шүү дээ.

-Энергийг бас ховсоор нөхнө биз?

-Ховсоор энергийг нөхөж болно. Ховс дотроо олон янз. Яриагаараа юмыг тайлбарлаад ховс хийж болно. Ээжийн бүүвэйн дуу ховс байж болно. Аавдаа очоод үнсүүлэх чинь ховс. Энергийн газар явах нь ховс. Байгаль хүн хоёрын харилцаа ч ховс. Нэг энергийн систем нөгөө энергийн системд нөлөөлөхийг би ховс гэж тайлбарлаж байгаа юм. Жишээлбэл, байгалийн энергийн систем, хүмүүс  Дэмчигийн хийдэд очно, Отгонтэнгэр хайрханд мөргөнө гэдэг чинь байгалийн орон зай нөлөөлж байгаа ховс. 2012 онд Японд газар хөдлөхөд тэр орон зайд байсан эмэгтэй манайд ирж эмчлүүлсэн. Тэр бол байгалийн систем хүнд нөлөөлж байгаа нөлөөлөл. Нөгөө нэг нөлөөлөл  нь хүн өөрөө байгалийн системд нөлөөлөхийг мөн ховс энэ. Нарийн яривал энэ бол хэчнээн цагаар ярих том сэдэв, олон зүйлийг хэлж болно л доо. 

-Энергийн системийг хүний бие дэх  мэдээллүүд гэлээ. Үйлийн үр гэж бидний ярьдаг зүйл юу вэ?

-Үйлийн үр гэхээр бид дандаа муу юмыг ярьдаг. Үгүй шүү дээ, миний эцэг дээдэс сайн үйл хийсэн бол сайн үрийг нь би эдэлнэ, тэр үрээр сайн явна. Тэр удам муу үйл хийсэн бол удам нь муу явна. Үүнийг монголчууд үе дамжсан хараал гэж ярьдаг. Жишээ нь, 1900 оны эхээр нэг баян хүүдээ эхнэр авч өгөх гэтэл өнөө бүсгүй адуучин залуутай  сэтгэлтэй учир хамт зугтаачихсан. Ингээд ламаар хараал хийлгэчихэж. Тэр бүсгүй 2-3 хүүхэд төрүүлээд нас барсан. Гэтэл хүүхдүүд нь бүгд хүнтэй суугаагүй. Суусан ч салаад явцгаасан. Тэр хүний гурав дахь үе нь над дээр ирж засал хийлгэж байсан юм. Энэ бол бодит явдал. Хүний далд ухамсар, генд нь тэр бүхэн суучихсан, ийм үе дамжсан хараалыг эмчлэх бололцоотой. Гэхдээ хүүхэд байхад нь, залуу үед нь эмчлэхгүй бол нас явсан хойно эмчилгээ байхгүй.

-Үе дамжсан хараал байгааг яаж илрүүлэх юм бэ?

-Эцэг, эхийн үеэс гарч ирсэн тэр зүйлүүдийг хүн өөрөө мэдэрдэг юм байна лээ. Гагцхүү ихэнх үздэг, хардаг гэх хүмүүс “мэдэрч байна” гэж худал хэлдэг нь харамсалтай.

-Хар, цагаан судлын өвчин гэж юуг хэлж байна вэ?

-Мэдрэлийн системийн өвчнийг цагаан судлын өвчин гэнэ. Энэ дээр гурван энергийн бие, долоон чакра үүсдэг. Энергийн систем дээр үүсдэг  энэ энергийг  монголчуудын  наран сүлжээ гэдэг. Хар судлын өвчин гэдэг нь зүрх судасны системийн өвчин. Бүх эд эрхтэнд судас бий. Арьсаа шаахан шалбалахад цус гарна. Нүдний өвчин ч судас нарийссанаас үүснэ. Нойр булчирхайн өвчлөл ч судасных. Бүгдэд нь мэдрэл очно. Жишээ нь, хүн төрөлхтөн элгийг мэдрэлгүй дүлий эрхтэн гэж ярьдаг. Гэтэл элэг өөрөө мэдрэлтэй эрхтэн. Элэг рүү орсон судас дамжсан мэдрэл тэр эрхтнийг мэдрэлжүүлдэг. Ходоодны чакра, наран сүлжээнээс үүссэн энерги цаашаа элгийг мэдрэлжүүлдэг. Тиймээс хүмүүс уурлахаар элэг өвддөг гэж ярьдаг. Үүнийг энгийнээр тайлбарлах юм бол бид  асгарсан усыг шалны алчуураар шингээж аваад мушгидаг шүү дээ. Тэгвэл түүн шиг шингээх процесс буюу энергийн  шингээлтээр элэг мэдрэлжиж байдаг. Тиймээс элгийг эмчлэхэд эм уугаад нэмэргүй байдаг. Монголоор дүүрэн элэгний В,С вирустэй хүмүүс явж байна. Гэтэл эмчлэх ийм амархан. Бие организмын био талбай гэж яриад байна, тэгвэл  элэгний өөрчлөлтөөс болж элэгний био талбай вирусээр  задраад ирэхээр  хавдар, архаг үрэвсэл  болно. Элэг бүтэн байвал вирус хэчнээн орж ирсэн ч өвтгөж чадахгүй.

-Сайн, муу нөлөөлөл гэдгийг жаахан дэлгэрүүлж тайлбарлана уу?

 -Атом бол хоёр шинж чанартай. Нэгдүгээрт, материаллаг шинж чанартай. Нөгөө нь долгионлог шинж чанартай. Долгионлог шинж чанар нь хүнд  нөлөөлөхдөө, өөрөөр хэлбэл буруу бодлоор нөлөөлбөл хараал болно. Орон зай нь өөрчлөгдчихдөг байх нь. Тэгэхээр үүгээр нөлөөлсөн зүйл элэгний хавдар юм уу, ямар нэгэн өвчин үүсгэдэг. Сая ковидын үеэр хүмүүс олноороо нас барлаа. Энэ хар орон зай үүссэн. Энэ болгон хавдар үүсгэж байна. Хүн амиа хорлох байдалд ч хүргэж байна.

-Сүүлийн үед хүмүүс унтаад сэрэхүй хорвоогоос буцчихлаа, зүрх нь гэнэт зогсчихлоо  гэлцэх боллоо...

-Коронагийн вирус одоо ч  бидний биед байж байгаа. Вирусыг устгадаг эм гэж хэзээ ч, хаана ч байхгүй. Гаргаж чадахгүй. Үүний эсрэг дархлаа сайжруулах эм бэлдмэл ууж байж вирусыг  дарангуйлна. Хүний эд эс дотор нуугдаж яваа вирус хэзээ бие нь суларна, тэр үед бага багаар идэвжээд үржээд байна. Тэгж явсаар гэнэт зүрх нь зогсож байна. Вирусын идэвхижил удааширсан л болохоос хүний биед байгаа. Заримдаа өөр мутаци  болоод гараад ирнэ. Зүрх зогсох гурван шалтаг, шалтгаан байдаг. Нэгдүгээрт, зүрхний өөрийнх нь судас нарийссанаас үүсдэг. Үүнд судас тэлэх мэс заслын эмчилгээнүүдийг хийдэг. Судас тэлэхдээ мэдрэлийн гаралтай судас тэлдэг. Зүрхийг автоматаар ажиллуулж байдаг төв гэж бий, жишээлбэл ховдлыг тэлж байхад тосгуур нь ажиллаж байх жишээтэй. Тосгуур нь тэлбэл ховдол нь агшиж байдаг. Хооронд нь цус гүйлгэхгүй байх хавхлага гэж бий. Энэ хавхлагын мэдрэлийн үйл ажиллагаа гэнэт зогсдог. Үүнийг бид клапан хаагдлаа гэдэг. Энэ бол вирусээс болж, мэдрэлийн үйл ажиллагаа саатсанаас үүснэ. Гурав дахь шалтгаан нь, хүмүүс цус өтгөрлөө гэж ярьдаг. Цус өтгөрөх шалтгаан нь цус төлжүүлэх эрхтэн буюу дархааны эрхтэн, системүүдийн өөрийнх нь өвчин. Үүнийг эмч нар барагтай ярьдаггүй, цус өтгөрлөө гээд тариа хийгээд  байдаг. Тээхээр хүнийг бүрэн дүүрэн эмчлэх цогц эмчилгээ гэдэг бол нэгдүгээрт, бариа засал. Хоёрдугаарт, ховс. Гуравдугаарт бизийн тамир, физик эмчилгээнүүд. Ингэж байж цогц эмчлгээ болно. Өнөөдөр хүн өөрөө эмийн сангуудын хараат болчихсон, энд тэндээс орж ирсэн үнэтэй эм тариа яриад, эрж хайгаад аваад байдаг. Гэтэл тэд хар,цагаан судлын өвчнийг мэдэхгүй. Намайг номоо ХБНГУ-д  анх гаргахад Дорно дахиныхан ямар сонин философитой юм бэ, үнэн байаа даа  гэж гайхаж  бичиж байсан. Ойлгохгүй байсан. Эцэст нь хэлэхэд, хүний физик биед хараал нэвтэрч орж ирснийг мэдэх боломжтой хоёр л шинжилгээ байдаг. Нэг нь тархины цагаан бичлэг, нөгөө нь зүрхний цахилгаан бичлэг. Энэ нь өөрчлөгдчихсөн байдаг. Мэдье гэвэл ийм  ил байгаа биз. Өөрчлөгдчихсөн байгаа тэр эрчим хүч, энергиэ бид  өнөөдөр эмчилж чадахгүй байгаад л учир байна. Эмчилж чадахгүй байгаа учраас өвчин архагшаад байна. Аура оношилгоо гэгч бодвол сайн оншилдог байх л даа. Зүүн талд  эхийн талаас ийм мэдээлэл орж ирсэн, баруун талд эцгийн талаас тийм мэдээлэл орж ирсэн гэж хэлэх юм билээ. Тийм зүйл байдаг л байх. Орон зайн хувьд дотроос нь судлаад үзэхэд тийм юм байдаггүй.

-Сүнс ямар үүрэгтэй юм бэ, сүнсний мэдээлэл гэж юу вэ?

-Сүнс урд насныхаа амьдралд байсан тэр энерги, тэр л мэдлэгийг тээж явдаг. 1962 онд орос хэл дээр гарсан Английн эрдэмтдийн хийсэн судалгаа байдаг. Тэнд бие биедээ хайртай атлаа секс хийж чаддаггүй эхнэр, нөхрийн жишээг авсан байдаг. Тэд ховсчин эмчид очиж ховсдуулж. Эмэгтэйн урд насыг харуултал 800-гаад жилийн өмнө тэдний тосгон руу хар цэрэг орж, нэг охиныг хүчиндсэн. Тэр өвдөлтийн ген, сүнсний мэдрэмж явсаар 1962 онд илэрсэн нь тэр байж. Тэгээд тэр эмч нар “энэ чинь ерөөсөө хүчиндүүлээгүй юм байна. Зүгээр л зодуулчихсан юм байна шүү дээ” гэж хэлээд  нэг ёсондоо сүнснийх нь мэдээллийг сольчихсон. Түүний дараа тэр хосын сексийн амьдрал сайн болж, хоёр хүү төрүүлсэн гэж бичсэн байдаг, энэ бол дэлхийн ховсын сонгомол жишээ.

Ер нь бол бариа засал, ховс эмчилгээгээр бүх төрлийн өвчнийг эмчилж болно. Хүний мэдрэл хүрсэн, судас хүрсэн бүх төрлийн өвчнийг эмчилж болно. Харин хүндэрсэн үедээ бол боломжгүй. Би чадах юм аа л хэлнэ. Ямартай ч хүний энергийн системийг дэлхийн анагаах ухаанд оруулсан гэж би хувьдаа бодож байгаа. Энэ гэхдээ миний л бодол. Анхдагч судалгаа, үүнээс цааш нарийн судалгаанууд хийгдэнэ гэдэгт би гүн бат итгэлтэй байна. Нэ ёсондоо суурийг нь тавилаа гэж бодож байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.118.14) 2023 оны 10 сарын 09

Tun sonirholtoi yriltslaga. Bayarlalaa

1  |  0
Zochin(192.82.92.153) 2023 оны 10 сарын 09

Баярлалаа. Энэ эмч ухаантай мэдлэгтэй ч юм шиг, эсвэл хэвийн биш ч юм шиг санагдаад байдаг юм. Буруу бодсон бол уучилна уу.

2  |  0
З.Ариунболд. морин с(66.181.184.13) 2023 оны 10 сарын 09

Гайхалтай ойлгомжтой ярилцлага байлаа. Амжилт хүсье.

2  |  0
111(66.181.181.208) 2023 оны 10 сарын 09

Gaihaltai

1  |  0
Top