Ч.Чулуунцэцэг: Кэйсийг сурталчилснаар гэмт хэргийн тоо өсөж байна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 10 сарын 13

Олон улсын охидын өдрийг тохиолдуулан Боловсролын судалгаа, арга зүйн чадвар төв ТББ-ын захирал, Ардчилсан намын хүүхэд хамгааллын бодлогын зөвлөлийн гишүүн Ч.Чулуунцэцэгийг “Өглөөний зочин”-оор урилаа.


-Охидыг хайрлахыг мэддэггүй “хүн араатан”  олширч гэмт хэргийн тоо өссөн энэлэнт цаг мөчид бид ярилцаж байна. Эхлээд охид гэж хэн болох, тэднийг яагаад онцлон хайрлаж, хамгаалах ёстойг хүмүүст хэлж өгье?

-Хүн төрөлхтөн хоёрхон хүйстэй. Эх хүн нярайлахад хүү, охин төрлөө гэдэг. Гэхдээ яагаад охидыг онцолж, охидын өдрийг тэмдэглэдэг вэ гэхээр тэд нөгөө хүйсээсээ илүү эмзэг, энхрий, чадал тэнхээ муутай. Тий­мээс дэлхий нийтээрээ охидын эрх ашгийг хамгаалахад анхаарлаа хандуулдаг. Охид бол гоёж гооддог хүүхэлдэй, тоглодог тог­лоом, уйдахаараа голж шилээд хаячихдаг зүйл биш.

Охидыг хүн гэдэг талаас, эмэгтэй хүн талаас нь харах ёстой. Ирээдүйн эх хүн, хүн төрөлхтний цаашид оршин байх эх үүсвэр нь охид шүү дээ. Тиймээс тэднийг хайрлах ёстой.

-Гэвч монголчууд охидоо, ер нь хүүхдүүдээ анхаарахаа байж, гэмт хэргийн золиос болгож байна?

-Сүүлийн үед монголчууд кэйсийн хойноос хөөцөлдөж, эмзэглэж, сүүлдээ хүнд кейсүүдэд  дасаж эхэллээ. Энэ маш харамсалтай. Дээхнэ үед хүүхэд зодчихсон байна гэхэд эмзэглээд хүүе, хаая гэдэг байсан бол одоо мөчлөөд алчихсан байхад нь юм ярихгүй болж эхэлж байна. Эцэст нь аюулын харанга дэлдээд ирэнгүүт хуулиа чангаруулъя. Хүүхэд хамгааллын тухай хуулийг намрын чуулганаар батална гэж байна. Энд би нэг зүйлийг гайхаж байгаа. Хуулийг хэрэгжүүлэхдээ биш, сурталчлахдаа гол байдаг. Ийм үйлдэл хийвэл та ийм байдалд очно гэдгийг нь сурталчлаад байвал тэр рүү санаан зоргоор явах хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр хүүхэд хамгааллын хуульд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, бие махбодод нь халдсан, хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон тохиолдолд хөнгөрүүлэх, хүндрүүлэх ямар ч заалт байхгүйгээр ганцхан нөхцөлтэй л болгочихмоор байгаа юм, бүх насаар нь хорих гээд. Гэхдээ хаалттай, хатуу дэглэмтэй хорих ангид ялыг нь эдлүүлнэ. Хуулиа ингэж хийгээд энэ зүйл заалтаа сурталчлаад байвал нийгэм өөрчлөгдөнө. Хүүхдийг зодоод хөлийг нь хугалсан ч  та бүх насаараа гянданд сууна. Амийг нь хөнөөсөн ч гянданд суух юм байна гээд байвал хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурна.

-Хэргээ нуух гээд сөрөг зүйлүүд гарахгүй гэх баталгаа бий юу?

-Энэ хуулийн хэрэгжилт 2-3-хан хүн дээр л хэрэгжинэ шүү дээ. Хоёр хоногийн өмнөх Тээврийн цагдаагийн мэдээг харахад өдөрт 500-600 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг илэрдэг юм байна. Урд шөнө 70 хүн баригдсан гэсэн. Сошиал дахь “Согтуугаар жолоо баривал 1-5 жилийн ялтай гэсэн зүйл заалтыг батлах гэж байна” гэсэн сэвэлт ингэж нөлөөлж байна шүү дээ. Хүмүүс “Би жаахан уусан, машинаа бариад гаръя, энүүхэн булан тойроод манай гэр байгаа” гэж явахаа больчихож байгаа байхгүй юу. Тэр булан тойрох гэж байгаад хүүхэд дайрч ална шүү дээ. Үүнтэй адил хуулиа чангалчихаад гол нь  сурталчлаад байх хэрэгтэй.

-“Охидоо хаана нуух вэ” гэж олон ээж халаглаж байна. Охидоо яаж өсгөх вэ?

-Хүүхэд ямар хөөрхөн ариун гэгээн бэ. Охид ямар хөөрхөн бэ. Тэд минь ямар сул дорой билээ. Тэдэнд байгаа асуудлыг нээж илрүүлээд, өндөр харизмтай хүчирхэг эмэгтэйчүүд болго, сайн ээжүүд болго. Энэ чинь л гэр бүл шүү дээ.  Нийгмийн  анхдагч нэгж нь гэр бүл. Гэр бүлийн гол эх үүсвэр нь охид шүү дээ. Тэд ирээдүйн ээж болно. Бид тоглоомоор ярилцдаг, гүйцэтгэж байгаа үүргээр нь  Ерөнхийлөгчийг улсын аав, Засгийн газрын тэргүүнийг ээж  нь гээд. Тэгвэл гэр орон доторх бүх асуудлыг авч явдаг хүн бол эмэгтэйчүүд. Эмэгтэй хүн зөв байх ёстой. Сэтгэлийн шархгүй байх ёстой. Ямар нэгэн зүйлд хонзон өвөрлөхгүй өсөх ёстой. Гэтэл бид хүүхдүүдээ охин байхаас нь л ямар нэгэн зүйлд хонзогнодог, үзэн яддаг болгож өсгөөд, тийм ээжийг бүтээгээд байна.

-Ялын бодлогыг чангалснаар хохироочихоод ул мөрөө баллах гэж аминд нь хүрэх, нуух хүнд хэлбэрт шилжих вий гэсэн эмзэглэл байдаг?

-Ер нь бол ялын бодлогыг чангалсан юм биш Эрүүгийн хуульд бүх насаар нь хорино гэсэн санкц нь байгаа шүү дээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12-ын 12.1 дээр ийм заалт бий. Гэхдээ бас 5-25 хүртэл  жил гэсэн заалт ч байгаа. Тэгэхээр би нэг зүйлд эргэлздэг. Ямар тохиолдолд таван жилийн ял оноох юм бэ. Ямарт нь 10 жилийн ял өгөх вэ... Жишээлбэл, Хөвсгөлд найман настай охиныг хүчирхийлж, амийг нь хөнөөгөөд цогцсыг нь мөчлөн цүнхэнд хийгээд зах дээр аваачиж хаясан хүн 14 жилийн ял авсан. Ирэх жил суллагдана. Гэтэл яагаад 25 жилийн ял оноож болоогүй юм бэ. Яагаад 12-ын 12.1 гэсэн заалтад хамруулж болоогүй юм. Тэр охин амьд байсан бол өнөөдөр 21 настай, ирэх жил суллагдах үед нь 22 настай, магадгүй айлын эхнэр болчихсон, эвсэл их сургуулиа төгсөөд хонхны баяраа хийж байх байсан. Тэгвэл гэмт хэрэгтэн эрүүл саруул шоронгоос гарч байна. Тэгэхээр ялын бодлогыг чангатгаснаар хүчиндээд орхих биш амийг нь хөнөөчихнө гэж ярих өрөөсгөл. Хууль санаачилж байгаа хүмүүс мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг маш сайн авч тусгах ёстой. Гэмт хэрэгтнүүдтэй ажилладаг холбогдох албаныхныг оролцуулах хэрэгтэй. Охид эмэгтэйчүүд, баг насны хүүхдүүд рүү дайрч байгаа хүмүүс нэгдүгээрт, хамгийн доожоогүй нөхдүүд. Эмэгтэй хүнд гар хүрдэг эрчүүд хамгийн аймхай, багадаа зодуур нүдүүр дунд өссөн, хайр халамж үзээгүй хүмүүс байдаг. Бага насанд нь олдсон тэр өс хонзон, сэтгэлийн шарх, дотоод “би”-гээ гаргахдаа “нэг ч гэсэн хүнийг дийлж байна” гэсэн байдлаар илэрхийлж байдаг. Жишээлбэл, хүн түлэгдсэн шархан дээрээ зөөлрүүлдэг тос түрхээд илээд байвал өвдөлт нь намддагтай адил сэтгэлийн шархаа бусдыг зодож гаргаж байдаг. Гэхдээ тэд бол хамгийн аймхай, хулчгар хүмүүс байдаг. Иймээс хуулиа чангаруул, тэгээд зүрхэнд нь шар ус хуртал  сурталчлах хэрэгтэй. Чи яадаг ч байсан шоронд орно, гянданд хоригдоно, хаалттай хорих ангид хоригдоно. Тэнд чи хоёрхон сар, цаад тал нь хоёр жил тарчилж үхнэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Тэд шоронгийн орчин нөхцлийг мэдэж байгаа. Тэгэхээр тийм зүйл хийхгүй. Хамгийн гол нь айдсаасаа болоод сэдэл төрөхгүй. Гэтэл бид эрүүл саруул ухаантай хүмүүст зориулсан хууль яриад байдаг. Тэгвэл эрүүл саруул ухаантай хүн тэр үйлдлийг хийхгүй. Сэтгэхүй нь гэмтсэн, гаж зуршилтай хүн л тийм зүйл үйлдээд байна шүү дээ. Гэтэл хууль нь энгийн хүнд зориулагдаж гараад байна. Иймээс хүчирхийлэл үйлдэж болзошгүй хүмүүст хүргэж, чихэнд нь сонсгох хуулийг батлаасай.

-Хэвийн бус хүмүүс байгаа учраас кейсүүдийг мэдээлэх тусам гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна гэж та үзэж байна уу?

-Тийм. Сэдэл төрүүлж байгаа зүйл нь тийм байгаад байна. Тэд хуулиа бол маш сайн судалсан байгаа. Тэр ч үндсэн дээр гэмт хэрэг үйлддэг. Эрүүл хүн хуулийн заалтыг уншихаар жигшдэг, яасан муухай юм бэ гэж сэтгэл нь өвддөг. Гэхдээ энэ бас тодорхой хугацаатай. Их стресстэж байсан бол сүүлдээ тоохоо болино. Магадгүй хүүхдээ цохиод авах, гар хүрдэггүй байснаа алгаддаг болох байдлууд илэрч болзошгүй гэдэг нь бодит байдалд батлагдсан байдаг юм байна лээ. Нөгөө гаж этгээдүүд болохоор өөр, шоронд хоригдож буй нэг этгээд ярьсан байсан шүү дээ “эхлээд тийм хэргийн талаар сонссон, сүүлдээ ямар байдаг юм бол гээд  гэмт хэрэг үйлдсэн” гэж. Тэгэхээр бид кэйс ярьж байгаа нь гэмт хэрэг гарах эрсдлийг нэмэгдүүлдэг. Кэйс ярих нь эсрэгээрээ кэйсийн тоог л өсгөнө. Дараагийн кэйсийг бэлдэж гаргаж ирээд байна гэсэн үг. Тэгж л кэйс ярих гээд байгаа бол хүчирхийлэгчийн кэйсийг ярьж болно шүү дээ. Хэрэг хийсэн учраас насаараа хоригдоно, гянданд бүх насаараа хоригдоно гээд. Тэд айна, сэдэл нь буурна  шүү дээ.

-Охидоо яаж хамгаалах вэ?

-Нэг жишээ хэлье, сая 12 настай охины кэйсийг сонсоод манай нөхөр бид хоёр сэтгэл хямарч хоорондоо энэ талаар ярилцсан юм. Маргааш нь манай нөхөр өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан. Яагаад гэвэл, бид 14 настай охиноо том болсон гэж бодоод , охин маань хоёр буудлын цаана байдаг сургууль  руугаа өглөө алхаж очоод, орой алхаад ирдэг байсан. Ингэж болохгүй юм байна гээд нөхөр маань ажлаасаа гарч охиноо хичээлд нь зөөхөөр болж байна. Мэдээж манай өрхийн орлого хоёр дахин буурна. Гэхдээ элэг бүтэн үлдэнэ гэсэн тайван байдал руу манай гэр бүл шилжиж байна. Охин маань өглөө 06.30 цагт гэрээсээ ганцаараа гараад явлаа гэхэд өдөр эргэж ирээ чүү, үгүй чүү. Дорноговьд гарсан кэйс дээр 12 настай охин өглөө гэрээсээ 07.30 цагт гараад  ээждээ эргэж ирсэнгүй. Тэгэхээр бид охидоо хамгаалах ёстой. Үүний тулд гэр бүл өөрөө нэгдүгээрт, хариуцлагатай байх ёстой. Хоёрдугаарт, төр засгийн зүгээс бодлого гаргаж, ажлаа хийх ёстой. Төр, засаг хуулиа чангал, хүүхэд хамгааллын бодлогоо зөв гарга.

-Уг нь энэ чиглэлд төсөв баталдаг. Гэсэн атал үр дүн огт гарахгүй байгааг гэмт хэргийн  кэйсүүд харуулж байна?

-Хүүхэд хамгаалалд жилд найман тэрбум төгрөг төсөвлөгддөг юм байна. Энэ мөнгөний тоо, хийдэг ажлыг бид огт сонирхдоггүй. Тэр мөнгө юунд зарцуулагдсан бэ гэдгийг эцэг эхчүүд асууж сурагладаггүй. Энэ чинь нөгөө үл хайхрах хүчирхийллийн нэг хэлбэр. Би хүртэл тэр талаар сонирхож байгаагүйдээ одоо харамсаж байна. Би тэрийг асуух, хойноос нь хөөцөлдөх, шалгах эрхтэй хүн. Яагаад гэвэл тэр миний хүүхдийг хамгаалахад зориулж төрөөс өгсөн мөнгө учраас ямар ч ээж очоод шалгаж болно. Харьяа дүүргийнхээ хүүхэд, гэр бүлийн газарт очоод “Та нар ямар ажил хийв” гээд асуух ёстой. Сая л Сайншандад гарсан кэйсээс болж би энэ талаар лавлаж, найман тэрбум төгрөг төсөвлөдөг гэдгийг олж мэдэж, тэр мөнгө хаачив гэж бодсон. Тэгэхээр энд иргэдийн оролцоо чухал. Хүүхэдгүй хүн гэж байхгүй. Хүн болгон хүүхдээ хамгаалах талаарх бүх зүйлд оролцож байж сая хүүхдээ хамгаалж чадна. Тэгэхгүй бол бид охин ч, хүү ч төрсөн адил, хүний эхнэр, нөхөр болтол нь гараасаа хөтлөөд явна гэж байхгүй шүү дээ. Эсрэгээрээ бие даах чадваргүй болж өсөх эрсдэл бас бий.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлууд хэр үр дүнтэй явагддаг бол оо?

-Энэ талаар Тээврийн цагдаа нарыг гайгүй ажилладаг юм уу гэж хардаг. Бусад  нь бол хангалттай ажиллаж чадахгүй байна. Сая манай охин сургууль дээрээ гар утсаа алдаж, би хорооны цагдаа дээр очиж  хохирогчоор мэдүүлэг, тайлбар өгсөн. Гэтэл “шалгана аа” гээд орхичихсон. Тэнд манай охинтой цуг нийтдээ дөрвөн охины гар утас алга болсон байгаа юм. Цагийг нь асуухад 13.5-13.10 цагийн хооронд алдсан гэж хариулсан. Тавхан минутын дотор дөрвөн хүүхдийн гар утсыг хулгайлчихсан байгаа биз. Ийм хэрэг гарсан байхад цагдаа нь явж шалгаж өгдөггүй. Би өөрөө яваад шалгахад сургуулийнх нь эргэн тойрон 20 метрт байгаа камерт ямар ч дүрс нь ордоггүй байсан. Хулгайч нар ийм ухаалаг болчихсон байна шүү дээ. Бид хүүхдээ хайрлах, хамгаалах ухаан нь орж ирээгүй байхад  хулгайч нар хүүхдийг хэрхэн хохироож, золиос болгох вэ гэдгээ тооцоолчихсон сургуулийнх нь эргэн тойронд хөлхөж байна. Бид хүүхдүүдийнхээ сургуулийн орчныг ямар ч аюулгүй гэдэгт итгэчихсэн яваад байдаг. Гэтэл тэнд явж байгаа хулгайч нар камерт ороогүй 20 метрийг аль хэдийн судлаад тавхан минутын дотор дөрвөн хүүхдийн гар утсыг хулгайлчихаж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол  хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ямар ч ажил хийгдэхгүй байгаагийн шинж. Тэр  20 метрт зөвхөн утас хулгайлж, таван метрт ороогүй зам нь харанхуй гарцан дээр таарсан бол тэндээс хүүхэд хулгайлагдах магадлал маш өндөр. Хэн авсан, ямар хүн байсныг харах ямар ч баримжаа байхгүй болохоор ийм аюултай байдалд байна. Тэгээд цагдаа нар тэр гар утаснуудыг олоогүй, олох ч үгүй юм байна лээ. Төр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаа хийж чадахгүй байна, бид  хүүхдүүдээ  хамгаалж чадахгүй байна. Бид хүүхдүүдээ гэмт хэргээс хэрхэн хамгаалах тухай зааварчилгаа өгч, сургаж дадлагажуулж  чадахгүй байна.

-Бусад улс оронд энэ чиглэлээр хэрхэн ажилладаг бол?

-АНУ-д бол биед нь хэн нэгэн хүрч,аюул тулгарахад яаж  хашгирах вэ гэсэн хичээл зааж байна. Хашируулж сургаж байна. Гар хурууны хөдөлгөөнөөр аюулд орсноо илэрхийлэх аргуудыг зааж өгч байна. Гэтэл монгол хүүхдүүд хашгирч сураагүй. Том болсон хойноо ч нөхөр нь алгадаад авахад хашгираад тусламж дуудах биш бүр биеэ хураагаад булан руу очиж суудаг. Цохиур зодуур ихсэн тусам бүр чимээгүй болчихдог. Юу ч дуугарахгүй, нүднээс нь нулимс бөмбөрч шүдээ зууж суусаар алуурчны гарт амиа алддаг. Гэтэл гадаад улс орнуудад энэ талын хичээл ордог. Бас нэг сөрөг зүйл бол сошиал орчинд явж байгаа мэдээллийг хүүхдүүд ээж аавтайгаа зэрэгцээд хараад сууж байдаг. Ямар ч шүүлтүүр байдаггүй. Эцэг эх нь ч эмзэглэхгүйгээр хүчирхийлэл, гэмт хэрэгтэй холбоотой контент үзээд байгаа нь хүүхдээ бас л далд байдлаар дасгаад, буруу юм өгөөд байна гэсэн үг шүү дээ. Тэгээд хяналт тавь гэхээр хүүхдийнхээ хувийн эрх чөлөө рүү шууд халддаг. “Чи хэнтэй чатласан юм бэ, юу гэж бичсэн бэ” гээд... Тэгэхээр хүүхэд тэрийгээ нууна, үзүүлэхээ болиод устгаж эхэлнэ. Бид хүүхдийнхээ хувийн орон зайг хүндлэх ёстой. 13 настай охин ангийнхаа нэг хүүд “Чи надад таалагддаг” тухай эсвэл хоёулаа үерхэх үү гээд бичиж болно. Тэрийг ээж аав нь онгичиж, чи ингэлээ, тэглээ гэж халдах нь буруу. Ингэснээр охид ээж аавдаа өгдөг мэдээллээ тас нуудаг болно. Дараагийн удаад нэг залилан мэхлэгч цахимаар орж ирж танилцаад нүцгэн зургийг нь авчихад хэлмээр байсан ч аав ээждээ хэлэхгүй. Яагаад гэвэл ээж аав дахиад загнана, төвөг гээд нууна. Тэрийг хүүхэд өөрөө устгачихаар баримт үлдэхгүй болно. Хүүхэд золиос болно. Ээж аав нь тийш нь хүүхдээ түлхчихэж байна шүү дээ. Тэгэхээр ээж аав хүүхдийнхээ ямар орон зайд халдахгүй байх вэ, ямар орон зайг нь хамгаалах вэ, юунаас айх, юунаас айх ёсгүй вэ гэдгийг нь сайн тайлбарлаж өгөх ёстой.

-Соён гэгээрүүлэх, гэр бүлийн боловсролыг дээшлүүлэхэд юу хийх ёстой вэ?

-Гэр бүлийн шүүх гэж олон жил ярьсан ч шийдээгүй. Сая яриад  эхэлж байна. Ядахнаа гэр бүлийн сэтгэлзүйч манайд байхгүй. Монголчуудын амьдрал их дорой, муу байна. Ийм байснаар, муухайгаар хэлбэл хоногийн хоолны араас, арай гайгүй утгаар хэлбэл амьжиргаандаа байдаг юмаа зарцуулаад хүүхдээ анхаарахаа больчихоод байна. Амьжиргааны араас хөөцөлдсөн хүмүүс хүмүүнлэг байх тал нь багасдаг юм байна. Сэтгэлийн таашаал, аз жаргал, жижигхэн зүйлээс ч баярлах, ийм зүйл байхаа больж. Материаллаг зүйлд, хоногийн хоолонд баярладаг. Нэг сайхан жийп авч унасандаа баярладаг болчихдог юм байна. Ахуйн талаар их хөөцөлдөхөөр ийм болдог. Уг нь үүнийг бид өнгөрсөн 30 жилд амсчихсан шүү дээ, алдаандаа дүгнэлт хийхгүй ахиад л ингээд явж байна. Шилжилтийн ороо бусгаа цаг үед  хүнсний бараа картанд орж, эцэг эхчүүд хоногийн хоолны араас хөөцөлдөж, үр хүүхдээ орхисон. Тэгэхэд хүүхдүүд траншей руу гарсан шүү дээ. Ахуйн араас хөөцөлдөхөд хүүхэд ингэж орхигддог. Өмнө нь тийм байгаагүй, социализмын үед хүн бүр ажилтай, тогтсон цалинтай, Хүүхдийн төлөө фонд гэж байдаг. Ажлаас хоцорсон хүний тэр өдрийн цалинг фонд руу шилжүүлдэг. Баазын аварга жолооч болж шагналд нэр дэвшүүлэхдээ хүүхдийнх нь дүн, хүмүүжлийн талаар сургуулиас нь тодорхойлолт авдаг. Гэр бүл салсан, эхнэр хүүхдээ зодсон бол тэр хүн ямар ч шагнал урамшууллаас мултардаг ийм  тогтолцоотой байсан.

-Одоо хүний эрх гэдгээр бүгдийг сул тавьсан шүү дээ?

-Бид хүний эрхтэй хамт хүний хариуцлага гэдэг зүйлийг хамтад нь яриагүйн хор хөнөөлийг одоо амсаад явж байна. Энэ бүхний золиосонд одоо бидний хүүхдүүд маш их өртөж байна. Өнөөдөр бидний хамгийн нандин зүйл гэр бүл, гэр бүлийн харилцаа, үр хүүхэд гэдгийг ойлгуулах ёстой. Харамсалтай нь зарим хүн үүнийг тавлаг сайхан орчин гэж ойлгоод, тийм орчны араас хөөцөлдөж, ахуйн төлөө үзэлцэж байна. Энэ бүхнийг өөрчлөх ёстой.

Өнөөдөр хүүхэд хамгааллын хуулийн төсөлд УИХ иргэдээс цахимаар санал авч байна. Энэ сайн хэрэг. 100 мянган иргэнээс санал орж ирвэл төсөл болгон хэрэгжүүлэх түвшинд аваачина гэж байна. Энэ бол төр иргэдээ сонсож байгаа хамгийн зөв алхам. Хүүхэд хамгааллын хуулийг гаргаж ирэхэд хүүхэдтэй холбоо, хамааралгүй нэг ч салбар, нэг ч газар байхгүй гэдэг уялдаа холбоо маш зөв гаргаж ирэх ёстой. Зөвхөн хуулийг чангатгах гэдэг бол нэг талыг барьж байна гэж харж байгаа. Хуулийн төслийг нухацтай судалсны дараа энэ талаар юм хэлж болох байх. Одоогоор иймэрхүү байна. Гол нь хүүхэд хамгаална гэдэг “шүхэр дэлгэх” гэж байгаа бол тэрнийх нь гадна юм үлдчих вий.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bii(202.21.108.7) 2024 оны 12 сарын 11

Кэйс гэхээ болиочээ солиотой юм бэ

1  |  1
Top