О.Цогтгэрэл: Ковидын үеийн санхүүгийн зардлын сонсгол болохгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 20

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг хэлэлцэх Ерөнхий хяналтын сонсголын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Эдийн засгийн байнгын хороогоор Ерөнхий хяналтын сонсголын товыг өөрчлүүлэх тухай хүсэлт оруулсан ч зөвшөөрсөнгүй. Зургаадугаар сарын 27-нд Эдийн засгийн байнгын хорооноос тогтоол гарч, сонсгол явуулж цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл, төсөв мөнгө, хүний эрхийн асуудал, төрийн алба зэрэг олон чиглэлд хуулийн өөрчлөлт гарсан. Маш том мөнгөн дүн бүхий гэрээ хэлцлүүд хийсэн. Цар тахлын нөхцөл байдлаар УИХ-д нээлттэй сонсгол явуулъя гэсэн. УИХ-д суудалтай намын бүлэг эсвэл УИХ-ын есөөс дээш гишүүн санаачлага гаргах боломжтой байдаг. Түр хорооны сонсголыг 19-өөс дээш УИХ-ын гишүүн санаачилдаг. Ардчилсан намын бүлгээс таван гишүүнтэй ажлын хэсэг байгуулж, 18 байгууллага, албан тушаалтан руу 23 албан бичиг явуулсан. Цар тахлын үеийн материалуудаа хүлээн авч, дэд ажлын хэсэг байгуулж, шинжээчээ томилуулж, сонсголоо хийх ёстой. Гэтэл маш хангалтгүй материалыг бидэнд ирүүлж байна. Зарим сайд руу гурван удаа хүсэлт явуулсан. Зохион байгуулалттай юм шиг хүссэн мэдээллийг бидэнд өгөхгүй байна. Сонсголд ажиллуулах шинжээч томилуулах гэсэн ч Байнгын хорооны ирц хүрээгүй гэх шалтгаанаар хэлэлцээгүй. Энэ сонсголыг чанаргүй хийлгэх, 10, 20 их наяд төгрөгийн мөнгөн дүн бүхий асуудлыг хэдэн гишүүдээр яриулаад дуусгах нөхцөл байдал үүсэж байна. Бидний зүгээс матераил хангалтгүй байна, шинжээч томилж өг гэдэг хүсэлтээ хэлж, сая маргаан болоод дууслаа. Ажлын хэсэг дээр эрх баригч намын төлөөлөл олонх байгаа. Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Ж.Батсуурь бид хоёр байгаа. Ажлын хэсэг хуралдаж, шинжээч томилъё гэхэд байнгын хороогоор шийдүүлэх ёстой гэсэн. Энэ бол зохион байгуулалттай ажил юм байна. Гэхдээ сонсгол хийлгэсэн нэр зүүх гэж байна. Засгийн газар, УИХ сайн ажилласан юм шиг олон нийтэд харагдуулах гэж байна" хэмээн мэдэгдэв.

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгснийг тоймлон хүргэж байна.

-Байнгын хорооны дарга нь шинжээчийг Ажлын хэсгийн ахлагч томилох ёстой гэж хэлсэн?

-Ажлын хэсгээс гурван шинжээч тодорхойлоод томилъё гэсэн. Гэсэн ч УИХ-ын Хяналт, шалгалтын хэлтсээс Ажлын хэсэгт шинжээч томилох эрх байхгүй. Заавал Байнгын хороогоор томилуулах ёстой. Та өөрөө шинжээч томилбол албан ёсны зүйл биш шүү гэсэн. Гэвч Байнгын хорооны ирц хүрээгүй учраас энэ асуудлыг хэлэлцээгүй. Гэвч ирц бүрдүүлэхгүй байх зохион байгуулалттай ажил явж байгаа юм байна. Ковидын үеийн мөнгө санхүүтэй холбоотой олон зүйлийг нуун дарагдуулах, гэхдээ мэдээлэлгүй, шинжээчгүй сонсгол явуулсан нэр зүүж, бүх зүйл хуулийн дагуу явсан юм шиг харагдуулах зорилготой юм байна. Өмнө нь ковидын үеийн төсөв, санхүүгийн асуудлаар Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан Түр хороо байгуулагдаж байсан. Байнгын хорооны хурал дээр С.Чинзориг сайд “Бүх зүйл ном журмын дагуу байгаа. Мэдээллүүдийг хангалттай өгсөн. Гэтэл яагаад хойшлуулъя гэж байгаа юм. Шинжээчгүй ч гэсэн хийе” гэж хэлсэн. Бид Эрүүл мэндийн сайд руу гурван бичиг хүртэл өгсөн. Нэг өвчтөнг найман сая төгрөгөөр эмчилж байсан бол сүүлдээ 100 мянган төгрөг болж хувирсан. Энэ мэт олон асуудлыг албан бичгээр асуусан ч ямар ч хариу өгөөгүй.

-Нийт 12 их наяд төгрөгийн задаргааг мэдээлэхээс эрх баригчид татгалзаж байна гэж ойлгох уу?

-Ковидын хууль гэж гаргаад, нууцад авангуутаа бүгдийг нь шууд худалдан авалтаар хийчихсэн. Тендер огт зарлагдаагүй. Яг л ногоон автобусны худалдан авалт шиг явагдсан. Үүний ард иргэдийн мэдэх эрхтэй маш олон асуудал байгаа. Жишээлбэл, 20 мянган төгрөний үнэтэй даавуун маск авч гэнэ гээд л яриад байсан. Үүнийхээ материалыг өгөөч гэхээр тэдэн төгрөгөөр авсан л гэсэн зүйл ирдэг.

-Шинжээч томилж чадахгүй юм байна. Цаашдаа яах юм бэ?

-Шинжээчгүй гэдэг чинь хоёр талтай. Уг нь шинжээч албан ёсны шинжилгээ хийгээд дүгнэлт танилцуулах ёстой. Гэтэл шинжээчгүй сонсгол болно гэдэг чинь тэнд орж байгаа хүмүүс өөрсдийн байр сууриа л илэрхийлээд өнгөрөх нөхцөл үүсэж байна. Ингэж л ард түмнээс ковидын үеийн будлиан булхайг нуун дарагдуулах вэ, хэрхэн чанаргүй сонсгол явуулах уу гэсэн зохион байгуулалттай ажлыг хийж байна. Тэгэхээр энэ сарын 23, 24-нд энэ сонсгол болохгүй. Сонсголын товыг дахин зарлаж, ингэхдээ хангалттай хэмжээний мэдээ, материал авч, шинжээч ажилласан байх гэсэн шаардлагыг хангах ёстой. Гуравхан шинжээч 14 хоногийн хугацаатай ажиллуулъя л гэж байгаа. Хөгжлийн банкны сонсгол дээр хэдэн шинжээч, хэд хоног, ямар үнэ хөлсөөр ажиллуулсан бэ гэвэл том мөнгөн дүн гарна. Эрх баригчид хийе гэснийгээ л хийж, улс төрийн зорилгоор ашигладаг, хийхгүй гэснээ хэрхэн саатуулж болдог вэ гэдгийг эндээс харж болно.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гишүүн(66.181.186.133) 2023 оны 10 сарын 22

Энэний яоьж байгааг. Яслийн хүүхэд шиг. Хийххийлгэх хэрэгтэй. Ард түмнийг босох хэрэгтэй. АН-н байж бгааг хар. Гэхдээ хийлгэхгүй гээд байгаа шалтгаан эзнийг олох ёстой. Энэ амархан шүүдээ!!! Хүрэлсүх сарөнгэрэл улны энэ 2. Ард түмнээс дэмжлэг ав.

0  |  0
Top