Монголын Шүүгчдийн холбоо ээлжит бус Их хурлаа саяхан хийсэн. Мөн нийт шүүгчдийн чуулган боллоо. Шүүхийн нэр хүндийг нэмэгдүүлэх, иргэд төвтэй шүүх засаглал руу тэмүүлэх, хаалттай явж ирсэн энэ байгууллагыг олон нийтэд нээлттэй болгох, иргэдийн итгэлийг хүлээх тал дээр ямар асуудал яригдсан хийгээд өмнө хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан хэрхэн тавигдсан тухайд одоо ч иргэд сонирхож асууж байна. Бид энэ талаар олон талын байр суурийг хүргэх зорилгоор Монголын шүүгчдийн холбооны Гүйцэтгэх захирал М.Наранчимэг болон холбогдох байгууллагуудын төлөөллийн байр суурийг хүргэхийг зорилоо.
-Монголын Шүүгчдийн холбооны ээлжит бус Их хурал саяхан болсон. Хурдын дэг, ямар асуудал хэлэлцсэн талаар сонирхож болох уу?
-Монголын Шүүгчдийн холбооны Их хурал дөрвөн жилд нэг удаа болдог. Ээлжит бус Их хурлын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр зарлан хуралдуулах дүрэмтэй. Удирдах зөвлөлийн гишүүд Их хурлаас бусад үед холбооны үйл ажиллагааг удирдан явуулдаг. Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн бүх шатны шүүхийн шүүгчид өөрсдөө гурван жил тутам шинээр сонгуулийн зарчмаар нийт 500 гаруй шүүгчээс шүүгч өөрөө болон салбар хорооны шүүгчдээс нэрийг дэвшүүлэн нууцаар саналаа ирүүлж сонгодог зарчимтай. Шүүгчдийн холбоо өнөөдөр 37 Салбар хороогоор дамжуулан үйл ажиллагаагаа удирдан, Олон нийттэй харилцах дэд хороо, гадаад харилцааны дэд хороо, Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороо, шүүгчийн ахмадын хороо зэрэг хороодоор дамжуулан чиглэл бүрээр үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан гишүүн шүүгч нарын санал санаачилгад үндэслэн идэвхтэй ажиллаж ирлээ. Салбар хорооны тэргүүнийг 3 жилд нэг удаа сонгодог бөгөөд улируулан сонгож болдог. Шүүгчдийн холбооны Их хурлыг 2021 онд хийсэн учраас 2023 оны есдүгээр сарын 29-ны өдөр Ээлжит бус Их хурлыг Удирдах зөвлөлөөс зарлан хуралдуулсан.
-Монголын шүүгчдийн холбоо ТББ-ыг бид шүүхийг иргэдэд ойртуулах, харилцан ойлголцлыг бий болгох, шүүхийн мэдээллийг нээлттэй болгох чиглэлээр ажилладаг гэж ойлгодог. Энэ үүргээ биелүүлж чадаж байна уу?
-Монголын шүүгчдийн холбоо ТББ нь бүх шүүгчдийг нэгтгэсэн сайн дурын үндсэн дээр зохион байгуулагддаг, Олон улсын шүүгчдийн холбооны гишүүн байгууллага юм. Шүүгчдийн холбоо нийт шүүгчдийнхээ хараат бус бие даасан байдлыг хангуулах, иргэдэд шүүх байгууллага болон шүүгчдийн нэр хүндийг өсгөх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд нэлээд олон төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Жишээлбэл, Монголын шүүгчдийн холбоо 2021 онд “Ярьж буй хууль” гэсэн телевизийн ярилцлагын контентийг санаачилсан. Энэ контентоор юу илэрхийлж, ямар санааг хэлэх гээд байна гэвэл, 2021 онд Монголын шүүгчдийн холбоо хөндлөнгийн судалгааны байгууллагаар “Шүүгчид итгэх олон нийтийн хандлага” гэсэн томоохон хэмжээний судалгааг хийлгэсэн юм. Энэ судалгааны үр дүнд суурилан “Ярьж буй хууль” контентийн санааг гаргасан. Өнөөдрийн байдлаар энэ нэвтрүүлэгт маань 40 шүүгч, 40 зочин оролцогч иргэдийг төлөөлөн оролцож, үзэгч, олон нийтийн хүртээл болоод явж байна. Манай нэвтрүүлэг Yutube сувгаар болон ТV-9, TV-24, Өлзий телевиз, Соён гэгээрүүлэгч телевизээр гарахаас гадна УДШ, ШЕЗ, Монголын шүүгчдийн холбооны сайт, цахим хуудсуудаар олон нийтэд хүрч байгаа. Нэвтрүүлгийн гол зорилго, судалгаанд үндэслэсний гол учир бол шүүгч болон шүүх байгууллагад итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд ямар гарц, шийдэл байгааг харахад эрх зүйн мэдлэг олгох нь хамгийн чухал гэдгийг ойлгосон байна. Тэрхүү эрх зүйн мэдлэгийг олгохын тулд яах вэ гэхээр шүүгч өөрөө аливаа нэгэн хэрэг дээр дэнсэлдэг, тэр явцад иргэд юун дээр алдаж, юун дээр онож байна вэ, юуг анхаарах ёстой юм бэ гэдэгт суурилсан эрх зүйн мэдлэгийг түлхүү өгөх хэрэгтэй гэсэн чиглэлд ажиллахыг зорьсон. Үүнийгээ нийгмийн төлөөлөл, олны танил, салбар бүрийн хүмүүсийг оролцуулж, нөгөө талаас эрүү, иргэн, захиргааны шүүгч нар оролцож, харилцан ярилцах байдлаар эрх зүйн мэдлэг олгож байгаагаараа онцлог. Энэ нэвтрүүлэг маань өнөөдрийн байдлаар 25 мянга гаруй иргэдэд хүрсэн байна. Иргэдийг төлөөлж оролцож байгаа хүмүүс хэлэхдээ, “Ер нь бид хуулийн мэдлэг дутуу байснаасаа болоод сөрөг үр дагаварт өртөх тохиолдол их байдаг юм байна. Өнөөдөр ардчилсан нийгэмд иргэд өөрөө хуулийн мэдлэгтэй байж аливаа хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм байна” гэдгийг ухаарч, ойлгож энэхүү нэвтрүүлэгт орсноороо багагүй эрх зүйн мэдлэг, ойлголттой боллоо гэдгээ хэлдэг. Судалгааны үр дүнд суурилж, бодит байдалд ямар байгааг давхар нотолж байгаа учраас энэ контент маань чанартай сайн болсон. Хүмүүст ч сайн хүрч байгаа.
“US SPEAKER” ХӨТӨРБӨР ҮР ДҮНТЭЙ БОЛСОН
-Сая бол олон нийт рүү чиглэсэн хууль сурталчлах, соён гэгээрүүлэх нэвтрүүлэг, сурталчилгааны талаар ярилаа. Шүүгчид рүү хандсан ямар ажил зохион байгуулдаг бол?
-Сүүлийн үед шүүгчдийн холбоо олон нийт болон шүүгчид рүү хандсан, хувь хүний хөгжлийг дээшлүүлэх, шүүгчдийн зүгээс өөрдсийн ажлын онцлогийг иргэдэд таниулах чиглэлээр нэлээд ажил зохион байгуулж ирсэн. Үүний нэг хэсэг нь 2022 онд хэрэгжүүлсэн “US SPEAKER” хөтөлбөр юм. АНУ-ын ЭСЯ-ны олон нийттэй харилцах хэлтэстэй хамтарсан маш үр дүнтэй хөтөлбөр болсон. Хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас давж заалдах шатны шүүгч ирж, Монголын 400 гаруй шүүгч сургалтад нь хамрагдсан. Түүнээс гадна “Шүүгч ба олон нийт“ хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ хэлэлцүүлэгт шүүгч, хуульч, эрх зүйч, өмгөөлөгч, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, ирээдүйн хуульчдыг бэлтгэж, сурган хүмүүжүүлж, мэргэшүүлдэг их, дээд сургуулийн судлаач багш нар, оюутнууд гээд нийтдээ 60 гаруй төлөөлөл, үүн дээр Шүүхийн тамгын газрын олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд гээд нийтдээ 600 гаруй хүнийг тухайн нөхцөл байдалд нь тохируулан танхимаар болон цахимаар сургалтад хамруулсан. Өнөөдөр техник, технологийн дэвшил, хурд шинэ шатанд гарч байна. Үүнийг ашиглан сургалт, хурал зөвлөгөөнийг энэ мэт олон арга хэлбэрээр явуулж болдог болжээ. Нөгөөтэйгүүр, сөрөг тал ч бас байна. Мэдээллийн орчинд жишээлбэл, “цахим дайралт" гэж зүйл бий болсон. Тэр нь буруу байна уу, зөв байна уу гэдгийг иргэд тогтоох боломжгүй. Энэ үүднээс шүүх болон хууль зүйн салбарын бүхий л байгууллага, прокурор, өмгөөлөгч, хэвлэл, мэдээлэл гээд бүх байгууллагын төлөөллийг оролцуулан цахим дайралт буюу сошиалд цацагдаж байгаа мэдээлэлд хэрхэн хандах вэ, хуулийн байгууллагууд иргэдийн итгэлийг хэрхэн олж авах талаар санал солилцох уулзалтыг УДШ, ШЕЗ, Шүүгчдийн холбоо, Шүүхийн сахилгын хорооноос АНУ-ын зочин шүүгчтэй хамтран зохион байгуулсан. Энэ мэтчилэн шүүх байгууллага болон шүүгчдэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр бид цөөнгүй ажил санаачлан зохион байгуулж ирсэн.
-2023 онд нийт шүүгчдийн чуулган болсон. Монголын 500 гаруй шүүгч биеэр ирж оролцдог энэ чуулганы үеэр Шүүгчдийн холбоо Их хурлаа зохион байгуулсан. Энэ үеэр шийдсэн хамгийн чухал асуудал нь юу байсан бол?
-Ээлжит бус их хурлаар Монголын Шүүгчдийн холбоо хэд хэдэн асуудал хэлэлцүүлсний дотор Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороог дэргэдээ байгуулахаар болсон. Шүүгчдийн ёс зүйн хорооны талаар ШЕЗ анх 2022 онд судалгаа явуулж, Канадын шүүгч нарын туршлагад үндэслэн жилийн турш төсөл дээр ажиллаж, Шүүгчийн ёс зүйн хөтөчийг боловсруулсан. Түүндээ үндэслэн 2023 онд төслөө үргэлжүүлж, Шүүгчдийн холбооны дэргэд Шүүгчийн ёс зүйн зөвлөлийг байгуулъя гэсэн саналд нэгдсэн учир Их хурлын үеэр нийт шүүгчдээр хэлэлцүүлэхэд 100 хувь хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр шүүгч нар шүүгчдэдээ зөвлөх, ялангуяа сошиал медиа орчинд шүүгчдийн ёс зүйн асуудал ярьж бичигдэх болсон өнөө үед энэ маш чухал юм гэдэгт санал нэгдсэн. Энэ дагуу аравдугаар сарын 13-ны өдөр Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороог байгуулах Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн шийдвэр гарч, тус хорооны гишүүнд нэрээ дэвшүүлсэн 30-аад шүүгчээс есөн шүүгчийг сонгон батламжилсан.
-Шүүгчдийн ёс зүйн хорооны Удирдах зөвлөлийг ямар шалгуураар сонгодог вэ. Тэд цаашид хэрхэн ажиллах бол, ямар асуудалд анхаарал хандуулах бол?
-Тодорхой шалгууртай. Түүнийхээ үндсэнд Монголын Шүүгчдийн холбоо журам боловсруулсан. Журмынхаа дагуу шүүгч нараа сонгож авсан. Цаашид шүүгчдийн ёс зүйн зөвлөх хороог хэрхэн боловсронгуй болгох, ажлаа хэрхэн явуулах тухайд есөн гишүүн маань ажиллаад явна. Канад улстай хамтарсан энэ төсөл маань 2023 оны Монголын Шүүгчдийн холбооны онцлох чухал ажлын нэг гэж болно. Мөн Монголын шүүгчдийн холбоо ээлжит бус их хурлаараа дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулсан. Аливаа ажил явуулахад Монголын шүүгчийн холбооны баримтлах гол зүйл бол дүрэм байдаг. ТББ-ын дүрмээс гадна Монголын шүүгчийн холбооны өөрсдийн дүрэм гэж бий. Ажиллах явцад юуг сайжруулах вэ, цаашид яах вэ гэдгийг Монголын шүүгчдийн холбооны гишүүн шүүгч нараас өөрсдөөс нь саналыг нь авч тэр үндсэн дээр Удирдах Зөвлөлийн гишүүд саналыг боловсруулж, тэр саналаа шүүгчдээрээ хэлэлцүүлж, Ээлжит бус их хурлаар батлуулсан.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛСЭН
-Монголын шүүгчдийн холбоо ТББ ч гэсэн хөндлөнгийн юм уу, дотоод хяналтыг хэн хийх вэ?
-Монголын шүүгчдийн холбоонд гурван гишүүн бүхий хяналтын зөвлөл байдаг. 2020-2023 оны Шүүгчдийн холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд хяналт шалгалт хийж, тайлангаа нийт шүүгчдэд танилцуулж харилцан санал солилцсон. Шүүгчдийн холбооны их хурлыг Шүүгчдийн холбооны тэргүүн Ж.Оюунтунгалаг нээж үг хэлсэн бол УДШ-ийн Иргэний танхимын шүүгч, шүүгчдийн холбооны УЗ-ийн гишүүн Н.Баярмаа хурлын даргалагчаар, ээлжит бус их хурлын нарийн бичгийн даргаар миний бие ажиллаж, хөтөлбөрийн дагуу дэгийг баталж хурлаа зохион байгуулсан.
-Шүүх авлигаар хэрэг шийдээд байна гэх шүүмжлэл сошиал орчинд ч, иргэдийн дунд ч их байдаг. Танай холбоо шүүгчдийг авлигаас ангид байхыг хэрхэн уриалж, шаардаж, ухамсарлуулж байна вэ?
-Монголын шүүгчдийн холбоо 2022 онд Авлигатай тамцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран төсөл хэрэгжүүлсэн. Тэр төслийн хүрээнд нийт шүүгчдээс саналыг нь авч долоон төрлийн постерийг иргэд болон шүүгчид, Шүүхийн тамгын газрын ажилтнууд, шүүгчдийн туслахуудад зориулж гаргасан. Постероор ямар мессэжийг иргэд олон нийт хийгээд шүүгчдэд өгөх гэсэн бэ гэвэл хэн нэгэн шүүгчид өгнө гэж төлбөр авсан бол шууд мэдээл гэсэн утгатай. Хэрэг маргааны талаар аль нэг шүүгчид хэлсэн гэх юмуу, ийм зүйл байвал шууд мэдээл. Энэ нь авлигыг таслан зогсооно гэсэн утгатай. Мөн иргэд рүү чиглэсэн гурван постер гаргасан. Энэ нь шүүгчийнхээ тангараг, Шүүхийн тамгын газрын ажилтны ажил үүргийн хуваарьт юуг онцолсон байдгийг сануулсан утгатай. Шүүгчдийн дээр хууль бий, хуулийн дагуу аливаа шийдвэр гардаг гэсэн товч бөгөөд тодорхой мэдээллийг онцолсноос иргэд нэлээн олон зүйл мэдэж авах боломжтой. Товч атал тодорхой бөгөөд чухал мэдээллийг олгох долоон төрлийн постерийг АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран гаргасан. Өдгөө Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 117 шүүхийн Тамгын газарт эдгээр мэдээллээ түгээж, байршуулсан. Өнөөдөр иргэд аль ч шүүх рүү яваад ороход шүүх танхим, хүлээлгийн өрөө, бүх газарт хамгийн сайн харагдах цэгт постеруудыг байршуулсан байгаа. Тамгын газрууд ч энэ ажлыг маань сайнаар хүлээж авсан.
-Шүүчид авлигаас ангид байх, олон нийтийн дунд шүүхийн нэр хүндийг өсгөх нөлөөллийн сайн сурталчилгааг хэрхэн хийж байна вэ?
-"Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжүүлсэн Шүүгчдийн холбоо, АТГ-тай хамтын ажиллагаа: Шүүгчдийн холбоо шүүхийн нэр хүнд болон шүүгчийн хараат бусаар бие дааж шүүн таслах үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, иргэд олон нийтэд шүүгчийн ажлын онцлог, бусад хуулийн байгууллагуудын ажлаас ямар ялгаатай байдаг талаар үнэн зөв, бодит мэдээ, мэдээлэл, мэдлэгийг өгөх олон талын үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд Шүүгчдийн холбооны үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж ирлээ. 2022 онд Шүүгчдийн салбар хороогоор дамжуулж, нийт шүүгч нараасаа авлигаас ангид байх, нийгэмд бугшсан буруу зөрүү ойлголтуудыг нэг мөр залруулах, /бүх шүүгчид авлигач/ мэтээр нийгэмд түгээж буй сөрөг мэдээ мэдээллийг таслан зогсоох зорилго бүхий ажлуудыг санаачлан хийсэн юм. Үүний нэг бол Салбар хороогоор дамжуулан нийт шүүгч нараас ирүүлсэн "шүүгч", "шүүхийн ажилтан"-ууд, иргэд, олон нийтэд" хандсан АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтарсан "Постер хийх" ажил байсан юм. Постерын ерөнхий текстийн агуулга, утга санааг шүүгчид ирүүлсэн бөгөөд УЗ-ийн гишүүд, зарим шүүгч нарын төлөөлөл оролцож боловсруулсан. Шүүгчдийн холбоо "Шүүх болон шүүгчид иргэдийн хандах хандлага" сэдэвт судалгааг 2021 онд хийлгэж, тус судалгаанд тулгуурласан ажлуудыг шүүгч нарынхаа дэмжлэг оролцоотой ажил хэрэг болгож, тодорхой үр дүн, үр нөлөөг гаргаж ирсэн. ШҮҮГЧДИЙН ХОЛБОО 1998 ОНД БАЙГУУЛАГДСАН ТҮҮХТЭЙ БОЛОВЧ ШҮҮГЧ НАРЫНХАА НЭР ХҮНД, ХАРААТ БУС БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ГАДАГШАА ИРГЭД, ОЛОН НИЙТ РҮҮ ЧИГЛҮҮЛСЭН ДОРВИТОЙ АЖЛЫГ БАРАГ 2020 ОНЫГ ХҮРТЭЛ ХИЙЖ БАЙГААГҮЙ ЮМ БАЙНА ЛЭЭ. Сүүлийн жилүүдэд "ШҮҮХ БАЙГУУЛЛАГА, ШҮҮГЧ НАРЫН НЭР ТӨР, ХАРААТ БУС, БИЕ ДААСАН БАЙДАЛ"-ыг хангах зорилгоор, мөн ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ үйл ажиллагааг бэхжүүлэх, нийгэмд таниулах, холбоогоороо дамжуулж, Дээд шатны шүүх, ШЕЗ, ШСХ болон бусад ижил төстэй дотоод, гадаад байгууллагатай харьцаж, хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа тэлж, нийгэмд танигдах ажлуудыг дэс дараатай өргөн хүрээтэй хийхийг зорьж ажилласан байна. Бүх шатны шүүгчдээ нэгтгэсэн "Шүүгчдийн холбоо"-г бэхжүүлэх, тус холбооны үйл ажиллагаагаар уламжлан шүүх байгууллага, шүүгчдийн нэр хүндийг өсгөх олон талын бодит ажлуудыг ШЕЗ, бүх шатны шүүхийн Тамгын газар, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлснээр өөрсдийгөө таниулах, ойлгуулах, хараат бус байдлаа хадгалах, хамгаалахад олон талын ач холбогдолтой гэдэг нь сүүлийн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн холбооны ажлуудын үр дүнгээр харагдаж байгааг хэлье. БҮХ ШҮҮГЧ /авлигач гэх/ АВИЛГАЛД АВТСАН МЭТ ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТООС АНГИЖИРЦГААЯ.
-Монголын Шүүгчдийн холбоо сүүлийн жилүүдэд Шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангуулах, иргэд шүүхийн байгууллага, шүүгчийн ажлын өвөрмөц онцлогийг таниулах зорилго бүхий үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж байна гэж та хэлсэн.Үүнийгээ жаахан дэлгэрэнгүй ярьж өгнө үү?
-Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Монголын хэвлэлийн хүрээлэнтэй хамтран шүүхийн олон нийттэй харилцах ажилтнуудыг иргэдтэй хэрхэн зөв хандлагаар харилцах вэ? Шүүхийн шийдвэрийн тоймыг иргэдэд хэрхэн энгийн үг хэллэгээр ойлгомжтой тайлбарлах вэ, иргэдэд шүүхийн шийдвэрийн хэрхэн хүргэх талаар тодорхой зорилтот ажлуудыг хамтран сургалтаар хүргэж, мэргэжилтнүүдийг чадавхижуулах чиглэлд хамтран ажиллаж байна. Мөн Шүүхийн сэтгүүлч мэргэшүүлэх зорилгоор ОНМХ-ийн сэтгүүлчид, судлаачдыг хамруулсан сургалтыг анх удаа энэ сард зохион байгуулсан нь тус сургалтад хамрагдсан сэтгүүлч, хэвлэлийн ажилтнуудын сургалтын өмнөх болон дараах судалгаанаас үр дүнтэй сургалт болсон нь харагдсан. Цаашид ийм төрлийн сургалтыг тогтмолжуулан хэвлэл мэдээллийн байгууллага редакцын сэтгүүлчдийг өргөнөөр хамруулан шүүхийн үйл ажиллагаа, шүүгчдийн мэргэжлийн онцлог, ажлын ялгаатай байдлыг иргэдэд таниулан, мэдлэг мэдээллийг тогтмолжуулах нь иргэдийн итгэлийг олох шүүхийн нэр хүндийг өсгөх үр нөлөөтэй хамтын ажиллагаа гэж харж байна. Шүүгчдийн холбооны үйл ажиллагааг бэхжүүлэх, шүүгч, шүүх засаглал хүчтэй байж, нэр хүндтэй байж иргэдийн шүүхэд хандах хандлага эерэг зөв болох учиртай. Үүний төлөө Шүүгчдийн холбооны үйл ажиллагаа чиглэж, ШЕЗ болон ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг зорилго нэгтэй байгууллагатай хамтран шүүх засаглалыг бэхжүүлэх ажилд Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, шүүгчдийн холбооны гишүүн шүүгч бүхэн хувь нэмрээ оруулахаар зорьж байгааг хэлэхэд таатай байна.
ШИС-ТАЙ БАЙГУУЛСАН МШХ-НЫ МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛНЭ
-"Менторшип" хөтөлбөр хэрэгжүүллээ, амжилттай боллоо гэсэн мэдээлэл гарч байсан. Тэр ажил үргэлжлэх үү?
-Шүүгчдийн холбооны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан чухал ажлын нэг бол Шихихутуг Их Сургуультай "Менторшип" хөтөлбөр хэрэгжүүлэхээр Санамж бичиг байгуулсан ажил юм. 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр энэхүү ажлын үр дүнгийн тайлан мэдээлэл сонсох уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтад Шүүгчдийн холбооны УЗ-ийн гишүүн Ц Мөнхтулга, Ц.Эрдэнэчимэг, гүйцэтгэх захирал М.Наранчимэг нар Шихихутуг хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Д.Оюунцэцэг болон Захиргаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Л.Мөнхдэмбэрэл, Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор Г.Амаржаргалан, Ахисан түвшний захирал С.Оюунбилэг, Ерөнхий эрдмийн тэнхмийн эрхлэгч, англи хэлний багш, доктор Л.Нарангэрэл, Бакалаврын албаны дарга Г.Отгонсүрэн нартай Менторшип хөтөлбөрийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцох уулзалтад оролцсон. ШИС-ийн Бакалаврын албаны дарга Г.Отгонсүрэн “Менторшип” хөтөлбөрийн хүрээнд явагдсан шүүгч багш нарын хичээлийн кредит болон хичээл заасан 3,4-р курсийн оюутнуудаас авсан сэтгэл ханамжийн болон суралцахуйн үр дүнгийн судалгааг бидэнд танилцуулсан. Судалгаанд 146 оюутан оролцсон нь нийт суралцагчдын 71,2 хувийг хамруулсан байсан. Суралцахуйн үр дүнгээр авсан судалгаанд оюутнууд 57-62 хувийн үнэлгээ өгсөн байна лээ. Суралцахуйн үр дүнг 3-5 шалгуур үзүүлэлтээр оюутнуудаас авсан бөгөөд сургалтын албаны зүгээс тодорхой зорилгодоо хүрсэн сургалт явуулсан гэж дүгнэж байгаа. ШИС-ийн Захирал, доктор Д.Оюунцэцэг шүүгч багш нараар хичээл заалгах нь оюутан сурагчдад онол, практикийн сайн туршлага болж байгаа тул Санамж бичгийн хүрээнд тусгагдсан сургалтын үйл ажиллагаанд Шүүгчдийн холбооны гишүүн шүүгч нар оролцох хүсэлтийг дахин тавьж, хөтөлбөрийг ирэх хичээлийн жилд үргэлжлүүлэх болсон. Тэргүүн Ж.Оюунтунгалаг Менторшип хөтөлбөрийн хэтийн зорилго бол одоо багшилж буй 40 гаруй шүүгчид цаашлаад бусад Их, Дээд Сургуулийн хууль зүйн чиглэлээр сурч мэргэжил эзэмших оюутан залууст багшлах, судалгааны ажил хийх, практик туршлагаа хуваалцах боломж суурь тавигдаж байгааг, эрхзүйч мэргэжлээр сурч байгаа оюутан суралцагсад шүүгчийн талаарх мэргэжлийн онцлогийг таниулах, шүүх байгууллагыг ойлгох, таниулахад бас дэм болж байгааг тэмдэглэсэн.
Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ: ЁС ЗҮЙН ШИНЭ СОЁЛЫГ НЭВТРҮҮЛНЭ
(Монгол Улсын гавьяат хуульч)
-ШЕЗ, Шүүгчийн сахилгын хороо, Монголын шүүгчдийн холбоо хамтран Канадын холбооны шүүхийн хэрэг эрхлэх газартай хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаа. Ямар үр дүн гарах бол?
-Энэ төсөл нь шүүхийн олон нийттэй харилцах харилцааг өргөжүүлж, олон нийтэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, шүүгчийн ёс зүйн талаар олон улсын жишиг болсон сайн туршлагыг нэвтрүүлэх зорилготой. Олон улсын хэмжээний сайн туршлагаар бид Канадын туршлагыг сонгож авсан. Манай улсад өмнө нь шүүгчийн ёс зүйн дүрэм мөрдөж байсан ч сүүлд байхгүй болж, Шүүхийн тухай хуульд шүүгчид хориглох 40 зүйлийг оруулснаар түүнийг зөрчсөн тохиолдолд шүүгчийн сахилгын хороогоор орж сахилгын шийтгэл хүлээдэг тогтолцоотой болсон. Тэгэхээр сахилга, ёс зүй хоёр бол нэг зүйл биш. Сахилгын асуудал нь ерөнхийдөө ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой, алдаа эндэл гаргавал сахилгын шийтгэл хүлээх агуулгатай. Ёс зүйн асуудал нь шүүгчийн биеэ авч яваа байдал, зүй зохист нийцэж байна уу, үгүй юу гэсэн утгатай. Энэ тохиолдолд Канадын шүүхийнхэн ямар арга туршлага нэвтрүүлсэн бэ гэхээр шүүгчийн ёс зүйн зарчмууд гэсэн албан бус баримт бичиг гаргаж, түүндээ шүүхийн ёс зүйн дүрэмтэй адил бүгд хүлээн зөвшөөрсөн ёс зүйн хэм хэмжээнүүдийг дүрэм журам гэлгүй тусгасан байдаг. Мөн тэнд Шүүгчдийн ёс зүйн зөвлөл гэж байна. Тэндээсээ Ёс зүйн хороо байгуулж, бие биедээ ёс зүйн зөрчлийн талаар зөвлөж, сайн дурын үндсэнд буюу албан бусаар зөвлөж ёс зүйгээ дээшлүүлдэг шинэ соёл юм. Монголчууд хууль батлаад дүрэм журам гаргаж түүнийгээ мөрдөх соёлд гаршсан хүмүүс. Тэгэхээр бие биедээ зөвлөж, албан бусаар ёс зүйгээ дээшлүүлдэг энэ жишиг бидний соёлд орж ирж байгаа шнэ арга хэлбэр юм. Үүнийг Канадын шүүгчид маш үр дүнтэй болж байна гэж үздэг. Канад бол засаглалын индексээр дэлхийд дээгүүр бичигддэг, шударга ёс, шүүгчид итгэх итгэлийн талаар дээгүүр үзүүлэлттэй байдаг. Энэ туршлагыг бид нэвтрүүлэхээр Ёс зүйн хөтөч гарын авлага боловсруулж хэвлүүлсэн. Нийт шүүгчдэд тарааж таниулсан. Бүх шүүгч Ёс зүйн зөвлөл байгуулахыг дэмжсэн. Энэ зөвлөлийг шүүхийн захиргааны байгууллагад хариуцуулалгүйгээр сайн дурын байгууллага болох Монголын шүүгчдийн холбооны харьяанд явуулах нь зүйтэй гэдэгт нэгдсэн.Удахгүй ажиллах журам нь батлагдаж, Ёс зүйн зөвлөх хорооны ажил явагдаж эхэлнэ. Ямар арга хэлбэрээр цааш ажиллах талаар Канадын тал туслахаа илэрхийлсэн. Энэ ажил Монголын шүүгчдийн холбооны явуулж ирсэн ажилд нэлээн жин дарах байх гэж бодож байна. Монголын шүүгчдийн холбоо шүүгчдийнхээ ёс зүйг дээшлүүлэхийн төлөө шүүгчидтэйгээ ийм ойр ажиллана гэдэг ажилд нь шинэ уур амьсгал нэмсэн, цаашид үр дүн гарч болох ажил гэж би өөдрөг төсөөлж байгаа.
Ж.ОЮУНТУНГАЛАГ: ЯПОН БОЛОН БУСАД ОРНЫ ТУРШЛАГЫГ СУДАЛНА
(Монголын шүүгчдийн холбооны тэргүүн)
-Танай холбоо гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа ямар чиглэлийг гол зорилгоо болгож байгаа вэ?
-Шүүгчдийн холбоо шүүгч, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаална гэдэг агуулга нь өөрөө тодорхой нэг шүүгч юм уу, хэн нэгний эрх ашиг гэхээс илүү шүүх гэдэг үйл ажиллагааг тогтвортой, зөвөөр олон нийтэд ойлгуулахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэсэн үг юм. Шүүх өөрөө бусад засаглалаасаа ч хараат бус байх ёстой. Түүний зэрэгцээ дэмжлэг байх ёстой. Гэтэл энэ тэнцвэр алдагдсан сүүлийн жилүүдэд.Үүний нэг нь олон нийтэд шүүхийн тухай зөв ойлголтыг өгөхөд чиглэсэн ажил юм.Нөгөө талаас шүүгчдийн нээлттэй байдлыг дэмжих чиглэлээр ажиллаж байна. Шүүгчдийн олон нийттэй харилцах чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Түүнчлэн гадаад улс орнуудын туршлагыг судлах суралцах, нэвтрүүлэх чиглэлээр ажилласан.Өнгөрсөн жил АНУ-ын “US SPEAKER” хөтөлбөртэй хамтарсан бол одоо Япон болон бусад улс орнуудын туршлагаас суралцах, хамтрах чиглэлээр судалж байна. Шүүгчдийн хувьд сүүлийн 20-иод жил мэргэжлийн сургалтууд түлхүү явсан. Сүүлийн жилүүдэд хувь хүний хөгжлийг дэмжих /зөөлөн ур чадвар/ чиглэлүүдээр сургалтад хамруулахад ихээхэн анхаарч байна.
М.МӨНХМАНДАХ: ШҮҮХИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ИРГЭДЭД ҮНЭН БОДИТ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХЭЭС ГАДНА ШҮҮХ ТОГТОЛЦООНД ИТГЭХ ҮНЭМШЛИЙГ БИЙ БОЛГОНО
(Хэвлэлийн хүрээлэнгийн захирал, доктор /Ph.D)
-Шүүхийн сэтгүүл зүйг хөгжүүлэхэд хамгийн гол нь шүүх байгуулагын талаар сэтгүүлчид ойлголттой болохоос гадна тухайн үйлчилж байгаа хууль, дүрмийн хүрээнд сэтгүүлч хэрхэн бүтээлээ гаргах вэ гэдгийг сурч мэдэх нь маш чухад байдаг. Шүүхийн сэтгүүл зүйн практик, ур чадварыг хөгжүүлэх сургалтууд маш ховор. Сүүлийн жилүүдэд огт зохион байгуулагдаагүй гэж хэлж болно. Тэгэхээр харьцангуй хатуу дүрэм журмын хүрээнд сэтгүүлчид шүүх үйл явцын талаар, олон улсын хэмжээнд хэрхэн яаж мэдээлэгддэг хэмжээнд бүтээл бэлтгэж мэдээлж сурна гэдэг нь эргээд цаад утгаараа шүүх тогтолцооны талаар иргэдэд үнэн бодит мэдээлэл хүргэхээс гадна шүүх тогтолцоонд итгэх итгэл үнэмшлийг бий болгоход маш чухал хувь нэмэртэй байдаг. Энэ агуулгаараа шүүхийн сэтгүүл зүйг хөгжүүлэхэд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн сэтгүүлч, редакторуудад зориулан “Шүүхийн сэтгүүл зүйн мэргэшүүлэх сургалт”-ыг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын шүүгчдийн холбоо, Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулсан нь үр дүнтэй болсон гэж үзэж байна.
Д.БЯМБАЦЭЦЭГ: “ЯРЬЖ БУЙ ХУУЛЬ” НЭВТРҮҮЛЭГ БА ҮР ДҮН
(MNB-ийн сэтгүүлч)
-Шинэ хуулийн төсөл, аливаа хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн талаар нэвтрүүлэг хийх нь иргэдэд цогц мэдээлэл өгөх үр дүнтэй юм билээ. Цаашид хуулийн мэдээлэл нь ярилцлагаас илүү зохиомжилж, амьдрал дээр гардаг бодит кэйс дээр тулгуурлаж үзүүлбэл хүмүүст илүү хүртээмжтэй болох болов уу гэсэн бодол төрсөн. Хуулийг хүнд ойлгуулж хүргэнэ гэдэг хэцүү. Тэгэхээр ямар арга хэлбэрээр хүргэх вэ гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Миний хувьд 2-3 дугаарыг нь хөтөлсөн. Орж байгаа шүүх байгууллагын төлөөллүүд маш сайн хуульчид байсан. Тиймээс үр дүнтэй сайн нэвтрүүлэг болсон. Тэр ярилцлагаас хуулийн тухай мэдлэг нь хэр тэлсэн бэ гэдгийг үзэгчид л хэлэх байх.
Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АЖЛЫГ ТӨР БОДЛОГООР ХИЙГЭЭСЭЙ
(Соёлын тэргүүний ажилтан, дуучин)
-Хууль амьдралаас урган гардаг. Хэтэрхий хурдтайгаар хууль тогтоогчид хуулиа батлаад байдаг. Хуулиа танилцуулах, сурталчлах ажил хоцордог, орхигддог. Би өөрөө “Ярьж буй хууль” нэвтрүүлэгт орсноор тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох тухай хуулийн мэдлэгийг олж авсан.Тэгэхээр үзэгчид ч гэсэн яг над шиг хуулийн мэдлэг мэдээлэл авсан гэж бодож байна. Иймд төр хууль батлахаас илүүтэй танин мэдүүлэх, сурталчлах, жишээ нь “Авьяаслаг монголчууд”-тай төстэй “Иргэн та хуульч” гэх юм уу, ток шоу хэлбэрээр хүмүүст хүргэвэл илүү үр дүнтэй санагдсан. Тэгэхгүй бол хуулийн мэдлэггүйгээс, мэдээлэлгүйгээс иргэд маш их хохирч байна. Хууль тогтоогчид ч гэсэн сайн судлахгүйгээр хуулиа шууд баталчихдаг, тэр нь амьдрал дээр гараад асуудал үүсэж байна. Иймд төр бодлогоор хуулиа сурталчлах ёстой. Ачааллаа дийлэхгүй ажиллаж байгаа цагдаа, шүүх, прокурорынхон Засгийн газарт санал хүргүүлж, шаардаасай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )