Жараад оныхон “ЖАРГА”, далаад оныхон “ДАЛД ОР”

Автор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 03

Эрх баригчдын удирдах түвшний бодлогод “Жараад оныхон жарга, далаад оныхон далд ор” гэх шахуу агуулга цухалзах болов. Энэ тухай эмзэглэж бодох хэрэггүй. Чухам тэнд ямар төлөвлөгөө өрнөж, хэрхэн ажиллаж байгааг л анзаарахыг хичээсэн. Нөгөө талаар дэмжсэн хэрэг. Өнөөгийн нийгэм, улс төрийн нөхцөлд маш зөв зам ч байж болох. Монгол Улсын хувь заяаг өнөөдөр наяад оныхон атгаж байна гэхэд хэтийдэхгүй. Түмэн олон ч тэдэнд хувь заяагаа даатгаад орхих хандлагатай байна. Өөр ч арга алга. Гэхдээ тэд өнөөдөр давуу талтай байгаа ч зөвхөн сэнжигний барьцтай, сайндаа л элэг бүсэнд хүрсэн төдий байгаагаа мартаж болохгүй. Барьцаа ахиулахгүй бол алдаж ч мэдэх эгзэгтэй цаг үе айсуй.

Энэ бол наяад оныхон эрийнхээ сайндаа Төр, нийгэмд тодорч, бодлого тодорхойлоод байгаа хэрэг биш. Ерөөсөө нийгмийн захиалга нь залуу улстөрчдийн хүсэл тэмүүлэлтэй яв цав мөргөсөн явдал юм. Яах аргагүй, цаг үеийн шаардлага, нийгмийн зохицол гэж энэ байх.

Үнэн хэрэгтээ өнөөдөр далаад оны төлөөлөл наяад оныхны оронд зогсож байх учиртай. Даанч боломж олдсонгүй. Яагаад гэхээр тэд ах нарынхаа хар хороос дэндүү их хүртсэн учраас “хувьсгал” хийх алтан боломжоо алдсан. Тиймээс наяад оны дүү нар Төрийн нэрээр далайлгаж байгаад ах нарынхаа зэвсгийг хураан, өөрсдөө аян дайнд мордсон хэрэг. Зөв ч байх.

Өчигдөрхөн улс төрд ид тодорч байсан далаад оны төлөөлөл болох УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ш.Раднаасэд нар ямар нөхцөлд байдалд байгаа нь ч санамсаргүй хэрэг биш. Үүнээс гадна Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын далаад оны зарим нөхөд ямар нэгэн ял төлөвлүүлээгүй ч хүндхэн байдалтай байгааг бид харж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр нөхөд өнөөдөр Монгол Улсын хувь заяаг атгаж, Төрийн бодлогыг өндөр хэмжээнд өргөж явах учиртай ч ах нарынхаа халаасанд гүнзгий орсон шийтгэлээ амсаж байгаа хэрэг. Наяад оныхон тэдний халаасанд гүнзгий орж амжаагүй учраас өнөөдөр “хувьсгал” хийх завшаан тохиов. Уг нь наяад оныхонд ах нарынхаа халаасанд орох хүсэл ихээхэн байсан ч далаад оны ах нар оруулаагүй хэрэг шүү дээ. Оруулаагүй нь ч өнөөдөр зол болж байна. Хэрвээ хамт чихэлдээд орчихсон бол ёстой дамуурна гэгч болж байгаа биз. Одоо наяад оныхны стратеги зөв байгаа бол ах нарыг дороосоо хэзээ ч босгохгүй гэж үзэж тарна. Тиймдээ ч тэд олж авсан барьцаа улам ахиулах алтан боломж 2024 оны сонгуулийн төлөвлөгөөг сайтар боловсруулсан болов уу гэмээр харагдана.

Хэдийгээр хардаж бодож байгаа ч өчигдөрхөн МАН дотор далаад оны дээрх нөхөд л сэлэм эргүүлэх төлөвтэй байсан. Өөрөөр хэлбэл, “Хувьсгал” хийх байв. Гэхдээ тэд наяад оныхон шиг бултаар нь хяргах биш өвөртөө өргөж явсан ах нартаа найр тавина. Саяхан халаасанд нь бойжиж явсан нөхөд тэднийхээ өөдөөс асна гэж байхгүй. Арай түрүү үе болохоор эрийн жудаг гаргах гэж оролдоно. Харин наяад оныхонд тийм зүйл алга. Зарим нэгэнд нь байлаа ч нэн шинэ цагийн монгол эрийн жудгаар л хандаж байх шиг байна. Үүнээс ч өөр сонголтгүй зам дээр зосгож байгааг ойлгоно, буруутгах аргагүй.

Ажиж байгаагаар бол айсуй 2024 оны сонгуульд наяад онынхон манлайлж буюу илүү олноор оролцох магадлал байна. Өөрөөр хэлбэл, эрх барих, удирдах түвшинд наяад оныхон багаараа очих төлөвлөгөөг нэгэнт зурсан нь ажиглагдах болов. Чингэж ч байж сая “хувьсгал”-ын тохироо бүрдэж таарна.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Намын нэрсийн жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон иргэний төлөөлөл орно. Намд олон жил зүтгэсэн, ажилласан гэх хамаагүй” гэж байгаа бол МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Засгийн газарт ажиллаж байгаа сайдууд бол манлайлагч гэж ойлгодог. Тиймээс манлайлагчид намын нэрсийн жагсаалтад орохгүй. Намд олон жил ажилласан гэх түрэмгийлэл ч байхгүй” хэмээн тус тусын байр суурийг илэрхийлж байгаа нь юу хэлнэ вэ. Тэдний сонгуулийн төлөвлөгөө цухалзаж байгааг харуулж байна. Тэгэхээр төлөөллөө атгаж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө тойрогт өрсөлдөх төдийгүй бусад нам хүчнүүдэд хандан уриалга ч гаргах байх. Тэр поп хүн үүнийгээ чадна. “Сайд нар намын нэрсийн жагсаалтад орохгүй” хэмээн мэдэгдэж байгаа МАН-ын генсек ч өөрөө тойрогт өрсөлдөнө. Тэд нийгмийн уур амьсгалыг сайтар мэдэрсэн нь эндээс харагдана. Гол өрсөлдөгч АН, АН-ын дарга Л.Гантөмөрийн байж байгаа царайг ч дүгнээ биз. Хэрэг алга.

Үүний зэрэгцээ өдгөө Засгийн газарт байгаа хэдэн шантааж­лагчдаас салах цаг болсон гэдгийг эвтэйхэн төлөвлөж. Тухайлбал, жараад оны төлөөлөл болох Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нараас залхаж байгаа. Зөвхөн Засгийн газар ч биш, МАН бүхэлдээ залхаж байгаа. Тэр тусмаа наяад оны төлөөлөл залхаж байгаа. Арга ч үгүй. Өөрсдийнхөөрөө ажил явуулах гэхээр “Би сайд болно” гээд дайраад байхаар хэцүү. Сайд болгохгүй бол Засгийн газар руу дайраад байх нь бүр ч хэцүү. Тиймээс карьер нь дууссан эдгээр нөхдийг “Сайд нар намын нэрсийн жагсаалтад орохгүй” гэх нэрээр тойрогт явуулна. Болж өгвөл унагаах төлөвлөгөө байгаа. Үүнээс гадна  жараад он, далаад оны эхний үеийн төлөөлөл болох Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр гээд бултаараа тойрог руу явна. Тэд ялбал МАН-д нэг суудал гэх сайн тал бий. Ялагдвал бас нэг буруу зөрүү нөхөр алга болох сайн тал бий. Ерөөсөө хоёр сайн тал байгаа гэсэн үг.      

Шуудхан хэлэхэд хэрвээ энэ эрчээрээ зөв яваад байвал наяад оны төлөөллийг бултаараа дэмжинэ. Гэхдээ тэд гэнэтхэн өнөөдөр бүхний дээр залраад байгаа юм биш. Чухам 10, 20 жилийн өмнөх стратеги байсан гэж хэлэхэд бол хэцүү. Гагцхүү 2016 оноос хойш зарим ах нарынхаа нэрийг өндөрт гаргаж тавихаар тэмцсэн гэдгийг бол мэднэ. Харин сүүлдээ ах нарын дэмжлэгийг өөр тийш эргүүлж, өөрс­дийнхөө эрхийг хэрэгжүүлэх хэм­жээнд авчирсан нь сайн хэрэг.

Хувь улстөрчийнхөө карьерыг арчуулж мэдэх замаар явж ирснийг нь бодохоор чин шударга үйл гэж болохоор харагддаг. Хамтдаа тэмцэж явсан гэх Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг хөндөж, шүүхийн үүдэнд суулгаж байгааг нь харахад итгэл төрж байна. Одоо ч тэд улстөрчийнхөө хувьд маш эрсдэлтэй замаар явна. Уналаа л бол дээрээс нь дараад авна. Дахин босохгүй болтол дэвсэнэ. Үүнийг ч өөрсдөө мэдэж байгаа учраас чамгүй сайн стратеги боловсруулсан биз гэж найдна. Ямартай ч Монголын Төр, нийгмийн сүүлийн 30 гаруй жилийн өнгөнд нэгэн шинэ түүх бичигдэж эхэлсэн. Чухам хаа хүрч, ямар үр дүнтэй төгсөхийг хэлэх аргагүй.   

Бүр том агуулгаар нь харвал хэдийгээр хэрүүл шуугиан тарьж байгаа ч Монголын төр хувьчлалаар гарсан үйлдвэр, объект, орд газар гэх мэт олон зүйлийг “хууль бус” хэмээн шалгаж, өөртөө авч эхэлсэн. Энэ нь янз бүрийн маргаан дагуулсан. Үнэхээр хувьчлалд оролцсон өмчлөгчид хууль бус замаар авсан бол төр өөртөө авахаас эхлээд ямар нэгэн арга хэмжээ авах ёстой. Харин төр ямар нэг аргаар өөрийн болгож байгаа бол буруу. Шил шилээ дарсан энэ ажиллагааг “Дээрэм тонуул” хэмээн үздэг ч албаныхан баримт бүхий шүүхийн шийдвэр танилцуулж байна. Ард түмэн ч алгаа ташин хүлээн авч байгаагаас харахад буруу гэх аргагүй. Энэ бүх зүйлээс ажиглаж байхад Монгол Улсын хэмжээнд улс төр, баялагийн хуваарилалт цоо шинээр өрнөж эхлэв үү гэмээр харагдана. Хойд хөршид задрал бий болж, улмаар Монгол Улсад халдварласан цагаас хойш 30 гаруй жил болсон. Одоо нэг сэлгэж агаар оруулах цаг нь болсон. Ерөөсөө “Нийгмийн системыг задалж байж, эргэж байгуулдаг” гэсэн онолчид, судлаачдын үг байдаг даа.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улсын төр, нийгэмд аалзны тор шиг хэрсэн авлига, албан тушаалын асуудлыг бултаар нь цэвэрлэхгүй бол болохгүй. Ингэхийн тулд энэ торноос хэзээ ч гарч чадахгүй болсон жар, далаад оны төлөөллийг “Жарга, далд ор” гээд байгаа болохоос бус ад шоо үзсэн зүйл байхгүй. Учир нь жараад оныхныг эвтэйхэн тэтгэвэр рүү нь “гилж”, далаад оныхныг аятайхнаар ах нарын халаасанд нь үлдээх стратеги цухалзаад байгаа юм биш үү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top