Сайнскор хуулийг уландаа гишгэж, хуулийн байгууллагыг сугандаа хавчуулав уу!

Автор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 15

Зээлийн мэдээллийн тусгай зөвшөөрлөө сунгуулахын тулд Монголбанкийг хуурамч баримт бичгээр мэхэлсэн хэрэг гарчээ.

Хуулийг жишим ч үгүй уландаа гишгэлж, хуулийн байгууллагыг сугандаа хавчуулан дураараа сагаж буй, бизнесийн ёс зүй огтхон ч байхгүй хуулийн этгээд нь "Титан Си Ар Эй" ХХК ажээ. Тэдний Сайнскор гэх үйлчилгээ нь хуулийг завхруулсан хуудуутай явдал гаргасныг дэлгэж, шүгэл үлээж байна.

Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээг аж ахуйн нэгжүүд Монголбанкнаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээрх эрхлэх болсон. Гэтэл төрөөс үзүүлсэн итгэлийг хөсөрдүүлж, тусгай зөвшөөрөл сунгах бичиг баримтаа хуурамчаар бүрдүүлсэн Титан Си Ар Эй ХХК санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа огт эрхэлж байгаагүй аж. Санхүүгийн салбарын шинэ тоглогч болох гээд гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байгаа нь бусдын “зээлтэй эсэх” лавлагааг гаргахдаа ашиг хонжоо харах, хуурамчаар үйлдэхгүй гэх ямар ч баталгаа байхгүйг нь харууллаа.

Титан Си Ар Эй компанийг Монголбанкны өмнөх удирдлага илэрхий өөгшүүлдэг байсан явдлыг одоогийн удирдлагад буй зарим нэг албан хаагч үргэлжлүүлсээр байгаа гэх мэдээллийг шүгэл үлээгчид өглөө. Зөвхөн энэ компанийн Сайнскор үйлчилгээнд зориулж “тусгай зөвшөөрөл хүсэгч нь дүрмийн сангаа мөнгөн хөрөнгөөр биш бусад үл хөдлөх хөрөнгөөр бүрдүүлж болно” гэсэн шийдвэрийг Монголбанк гаргасан нь бусдад давуу эрх олгосон гэж үзэж болохоор үйлдэл юм.

Тусгай зөвшөөрөл авахын тулд хуурамч бичиг баримт үйлдэх нь Эрүүгийн хууль, Зээлийн мэдээллийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар гэмт хэрэг бөгөөд ийм үйлдэл гаргасан бол ямар ч маргаангүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалж, гэм буруутай этгээдүүдийг эрүүгийн журмаар шалгах заалттай билээ. Гэтэл гэмт үйлдлийг нь хуулийн дагуу таслан зогсоосон Монголбанкны шийдвэрийг  гацаахын тулд Титан Си Ар Эй ХХК-ийн удирдлагууд хууль хяналтын байгууллагад нөлөөлж, улмаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрыг “гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгахгүй” гэсэн шийдвэр гаргуулахад хүргэжээ. Энэ бол эс үйлдэл мөн. Эрүүгийн хууль, Авлигын тухай хуульд(3.1.3) эс үйлдлийг авлигын гэмт хэрэг хэмээн тодорхойлсон. Сүхбаатар дүүргийн прокурорын газар Монголбанкнаас ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан ямар ч шалгалт, хяналт явуулахгүй, хэн нэгний хүсэлтээр эс үйлдэл гаргаж байгаа нь шалгах ёстой, нягтлах хэрэгтэй үйлдэл мөн байх. Үүний цаад учир, шалтгааныг Авлигатай тэмцэх газар үүргийнхээ дагуу  шалгах биз. Хэвлэл мэдээлэл “шүгэл үлээх” үүргийнхээ дагуу илчилж байна.

Титан Си Ар Эй ХХК нь прокурорын байгууллагад нөлөөлөх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргахын зэрэгцээ харилцагчдаа ч хууран мэхэлжээ. Тэд Монголбанкнаас тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлж, системээс хассаныг үйлчлүүлэгчиддээ “системийн алдаа, программ гацсан” гэх мэтээр худал тайлбарлаж байгаа аж.

Бизнесийн наад захын ёс зүйгүй, хуурамч бичиг баримтыг хэнэггүй үйлддэг, хууль хяналтын байгууллагад нөлөөлөх замаар хариуцлагаас мултарч сурсан, харилцагчдаа мэхэлдэг үйлчилгээний байгууллага цаашид хэчнээн зээлдэгчийн мэдээллийг хуурамчаар үйлдэж, хэчнээн хэмжээний муу зээлийн эхлэлийг тавьж, бусдыг хохироохыг хэлэхэд бэрх. Монголбанк хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхээс цааргалж, түр хугацаагаар зөвшөөрлийг түдгэлзүүлэх арга хэмжээ авч байгаа нь ч хууль бус юм. Хуульд “түр түдгэлзүүлэх заалт” огт байхгүй.

Шударга өрсөлдөөнийг боомилж, харилцагчдаа мэхэлж, гэмт үйлдлээ хаацайлахын тулд хууль хяналтын байгууллагыг гэмт хэрэгт уруу татаж байгаа Титан Си Ар Эй ХХК-ийн хэргийг хуулийнхан шударгаар шийдэж, Монголбанк хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх эсэхийг харцгаая?!

М.ЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top