Өдгөө хүртэл шивэрсээр байгаа “ЦАГААН БОРОО”

2023 оны 11 сарын 23

Зохиолч Б.Наминчимидийн “Цагаан бороо” түүхэн-тэмдэглэл үргэлжилсэн үгийн зохиол уншигчдын гар дээр очоод багагүй хугацаа өнгөрчээ. Зохиолч ХIХ зууны төгсгөл ХХ зууны эхэн үеийн баруун монголын ард түмэн тэр дундаа Засагт хан аймаг, торгууд, хасаг, уйгар, халх түмний гашуун бүр их гашуун амьдралыг Цоохор Ананд, Хөрзгий Жанчив, Занаг Базар, Гоо Лувсан, Хялуу Сүх, Гоорин Даш, Халзан Дамба нарын Засагт ханы долоон хөх чоно хэмээн алдаршсан сайн эрсийн амьдрал дээр дулдуйдан нэг талаас Чинис хааны үеэс эх улбаатай шашин шүтлэг, зөн, ёр билиг, зүүд тайлал, өш хонзон, жатга хорлол бүхий сэтгэлийн их тулаан нөгөө талаас үхэл хагацал, тамлал зовлон, хүний мах идэх, хүний арьсыг амьдаар хуулах, боолчлох, хорлож алах, өлсөж үхэх, элдвээр тамлан зовоох, хууран мэхлэх, худлаа хэлэх зэрэг  амьдралын гашуун үнэнийг босгож энэ хоёрын хооронд үнэн худал, хар цагаан, жаргал зовлонгийн сэтгэлийн “Цагаан бороо”-г оруулан зохиолоо амилуулжээ.

 Чингис хаанаас эх ундрагатай хэмээсний учир Баарин Дармадалаа “Хорчойнжиндоо” Чингис хаан гучин нэгэн насан дээр Зүүн Солонгосын Цагаан нэрт хааныг буулгаж авсан, дөчин нэгэн насан дээрээ Горлосын наран Сүмбэр хааныг барьж албат иргэдийг олзолсон,энэ тухай “Алтан дэвтэрт”... Хурмаст эцэг тэнгэрийн зарлигаар   олон улсын арван хоёр хаадуудыг хураав. Буруу замд орсон бага хаадуудыг ингэж дарах нь Бурхны шашны дайсан болох учир Бухар, Хүнхээр Барисгба лүгээ тэрсийн гурван орон хийгээд Европын орнуудыг ямагт хатуу үйлсээр эрхэндээ хураасан. Замбуутивийн зүүн хягаараас баруун хягаар хүртэл цусан замыг долоон жилийн турш татсан, гэвч зам түүний ормоор дээдсийн номын сүүн мөрний үргэлжлэл эдүгээ хүртэл урссаар байдаг тухай өгүүлсэн байдаг.

Чухам Чингис хааны үеэс өөрийн шашин шүтлэгт буруу үзэлтнийг цээрлэн гэсгээж, цусан мөр татуулсан  нь дээд тэнгэр, мөнх тэнгэргийн зарлиг хэмээн үзэж харин түүнийг арилгах номын цагаан мөрийг өнөөг хүртэл үйлдсээр байгаа тухай ухагдахуун юм. Чухам үүний учир ХIХ зууны сүүл орчмын Алтайн нурууны орчимд амьдрах ард олны төлөөлөл “Долоон хөх чоно”-ын амьдрал түүний үйлдсэн үйл хэргийг бурхан шашны номын ухаан, жатга хариулах ёс, бурханд сүсэглэн итгэх үйлээр нэг талаас цагаатган хашиж, нөгөө талаас амьдралын гашуун хар үнэн түүхийг сөргүүлэн тавьж тэнцвэрийг нь олсон хэрэг.

Амьдралын гашуун хар үнэн хэмээсний учир “Цагаан алчууртны бослого” нэрээр анх гарч ирээд сүүлдээ дээрмийн бүлэг болон хувирсан хятад, уйгур, киргиз, чантуу гээд олон үндэстнээс бүрдсэн дээрэмчдийн Алтайн нуруунаас нааш цааш агуу уудам газар нутгаар олон ард иргэдийг хайр найргүй хядан дээрэмдэж цөлмөн сүйтгэж, хар дарсан зүүд мэт байсан аймшигт он жилүүд,тэрхүү цаг хугацааг өөрийн биеэр амсан туулж гарч ирсэн Цоохор Ананд мэтийн сайн эрсийн гашуун түүх, манжийн эзлэн түрэмгийлэгчдийн хүний санаанд багтамгүй харгис дээрэнгүй хар бодлого, хятад наймаачдын үл энэрэх шулан мөлжих ажиллагаа,гадаадын эзэрхийлэгч болон дотоодын ноёд түшмэдүүдэд хоёр нүүр гарган бялдуучлан зусардах дунд шатны зусар зуйгарнууд, түүнийг эсэргүүцсэн ард түмэн, тэдгээрийн төлөөлөл долоон сайн эрсийн эрэлхэг бөгөөд эмгэнэлт түүхийг хэлж байгаа хэрэг. Тодруулан өгүүлбээс хуйхуй нарын амьд хүүхдийг тогоонд хийн биеийг нь хатган цусыг нь олгойдуулан хоолондоо  амт оруулан ногоотой хольж идэж байгаа, амьд хүн хүүхдийг эд бараа мэт зарж борлуулах, гахайнаас доор дарлан үзэж боолчлох, манж нар тэдний гар болсон монгол тайж язгууртны ичгүүргүй үйл явдлыг амьд түүхийн гэрч, хууч ярианаас тэмлэглэн авсан ба “гэрчүүд нь бүр гуч, дөч, тавь, жараад он хүртэл амьдран сууж байсныг бармттай дурдсан байдаг. Уран зохиол бол түүхийг бичиж үлдээдэг, түүхчид харин нотолдог гэсэн “онол” байдаг. Зохиолч Б.Наминчимид өөрийн үүргээ онцгой сайн биелүүлж манай ямар ч түүхийн ном, сурах бичиг, судалгаанд байхгүй баримт, ард олны амьдралыг уран сайхнаар тэмдэглэн үлдээлээ. “Цагаан бороо” өдгөөг хүртэл шивэрсээр байгаагийн учир

Нэгэн зүйл: Өнөөдөр монголчууд хятадуудыг их л зүхэж байна даа. Дайчин тамсаг л гэнэ, Эмээлтийн махны үйлдвэр л гэнэ, ноос ноолуур л гэнэ гэх мэт. Гэвч тэд өөрсдөө хилээр чөлөөтэй алхаж орж ирээд дураараа дургисан уу. Зохиолч Б.Наминчимид үүнд дараах хариуг өгчээ. Явган Бадгаа, Нүцгэн Ядмаа хоёр замын худаг сахиж амь зогоодог байжээ. Гэтэл хэдэн хятад ирж худгийг нь лайдаж өгье. Гоё болгоё гээд лайдаад сайхан устай болгоод өгчээ. Хариуд нь тэд хөлсөө нэхэхэд мань хоёр гайхаж, эцэст нь худгаасаа хөөгдөж байна. ...Аргаа барсан мань хоёр жинчдэд очижЭнэ худаг чинь уг нь бидний л юмсан, одоо яая даа байз, ингэмээргүй л байлтай гэх мэтчилэн учир байдлаа уйлагнан гомдолоход тэдний зовлонт дууг хүний урманд сонсох нь ховор зарим нь  Заяагүй залхуу хоёр муу гуйлгачин, хохь нь ээ хохь нь та хоёрыг худгаа лайдахыг хүлээсэр бид хичнээн жилийг жингийн цуваанд өнгөрөөв. Зайлцгаа Зайлцгаа гэжээ. Ойлгомжтой биз дээ. Бид өөрсдөө л тэднийг дуудаж, өөрсдөө л оруулж ирж өөрсдөө л хамтарч ажил хийгээ биз дээ.

Нэгэн зүйл: 1878-1898 Засагт Ханы тамга барьсан Доржпалам дээдсийн зараалаар гутгаар хүү Содномравданд тамгаа шилжүүлээд тун удалгүй, ”Цагаан бороо” бүтээлд дурдсанаар Доржпаламын их хатан Цэсрэнгийн хорлолоор нас эцэслэж, Цэсрэнгийн хүү Цэрэнгомбожав хан ширээнд сууж байна. Тайж түшмэлээс эхлээд түмэн олноо Сайн ноён хэмээн алдаршсан, сайн хан сайн хүнээ алдсанд гашуудан харин эрээгүй догшин, балмад зан авиртай Цэрэнгомбожавыг таашаахгүй байсан хэдий ч  түүнийг тамга барьсаны дараа.Цэрэнгомбожавын өмнө сөхрөн суугаад Өлмий тань бат оршиг хэмээн ерөөж байгаа олон дотроос өмнөх хан Содномравдангийн улыг нь долоох холгүй явсан ламбугай нар, түшмэл, хиа нар, зайсан мээрэнгүүд олон буйг тэр бас харав. Тэдний царай нялуун, нүд нь бүдүүн нохой харсан гөлөг шиг байв... Засагт хан Цэрэнгомбожав хэн бэ гэдгээ хан суудалд суусны дараа ч харуулжээ. Угаас овлигогүй, балмал түрэмгий, төрийн хэрэгт үл тохирох нэгэн байсан ч ураг удам залгах ёсны хатуу хашлаганд өндөр суудлын нэр сүрээр хамт нэг зинданд шавилан сууж байсан өөрийнх зан авир зэрлэг зан чанарыг эсэргүүцэж байсан хоёрын зэрэг ламыг авчирч зассанаас нэг нь засаагаа даахгүй нас барсан байдаг. Энэ бол наад захын нэг жишээ. Ураг удмын хатуу хашлага өнөөдөр намын гишүүний хатуу хашлага болж түмэн олны дунд “цүнх баригч”, “ул долоогч” нэртэйгээр төр самарч байгааг, төрийн байгууллагын дээд дунд шатанд дахь бэртэгчин сэхээтнүүд, эрдэмтэн доктор хэмээх нэрээр эрдэм ном сургуулийн газраас үхэн хатан чаргуулдан шимэгч, хүн чанаргүй хувалзнууд улам л олон болоод буйг, байсаар  оршсоор буйг шивэрч буй “Цагаан бороо” сануулсаар байна шүү дээ.

Нэгэн зүйл: Хуйхуй нарын дээрэм тонуул ба Буурал бүсгүйн түүхийг их өр өвдөм өгүүлжээ. Хуйхуй нар таарсан эр сүвтэй бүхнээ, тэр бүү хэл эрүү өвдөг нь нийлээд хэнд ч нэмэр гай болохоосоо өнгөрсөн өвгөд эмгэд, нүгнээ сахисан чавганцыг ч үлдээлгүй мохоо хянгараар хянгардан тасчиж, толгой түрүүг нь цусан шалбаагт өнхрүүлэн өшигчиж, хар тавхай гялалзуулан зугтах хүүхэд багачуудын араас гүйцэж очоод хурга ишгэн дунд орсон соёлон чоно мэт ийш тийш дэвхцэн цамнаж цавчилж, мөөжгийгөө унжуулаад мөлхөж яваа балчирын бор гүзээгээр нь жадаараа пүдхийтэд сүлбэн өлгөөд шатаж буй гэр бараа руу нь өчүүхэн ч халирахгүйгээр орилуулан сарвагнуулсаар шидэлж явжээ. Энэ аймшигт аллагаас бор эсгий доор нуугдан амь гарсан Буурал бүсгүй, олзолсон мал сүрэгтэй нь хамт, боолчлон зарж борлуулахаар тууж одсон охид хөвгүүдийн дунд өөрийнх нь охин байгаа гэдэгт итгэн олон жил сараар хойноос нь хөөцөлдөж, ёстой л халуун там, хахир зовлон туулж өөрийн охиноо 17 хүүхдийн хамт эргүүлэн авчир байгаа бодит баатарлаг түүхэн үйлийг тэмдэглэн үлдээсэн байна. Буурал гуай 1950-иад оныг хүртэл эрүүл энх сайхан амьдарч, үр хүүхдүүд нь элэг халуун, эд дүүрэн болж үр удмаас нь БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар О.Ядамхүү төрөн гарсан байдаг байна. Чухам энэ мэт ардын түүхийг бид мартаж үл болох, туршлага сургамж болохын учир утгаар зохиолч Б.Наминчимэд сэтгэлийн “Цагаан бороо” оруулан дурдан үлдээсэн гэлтэй.

Нэгэн зүйл: YIII богд, хаан Жавзандамба хутагтын тухай зууны манлай Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”, өнөө цагийн агуу соён гэгээрүүлэгч Б.Ренчины “Үүрийн туяа” романуудад хэрхэн дүрслэгдэн үлдсэнийг уншигч түмэн сайн мэдэж байгаа. Тэгвэл Ө.Наминчимидийн  энэхүү түүхэн тэмдэглэлт зохиолд дээрх зохиолуудтай агаар нэгэн түүхэн дүрслэлийг бичиж үлдээжээ. Гахай жил буюу 1911 оны зуны эхэн сард Халхын хар шар ноёд дээдэс цуглан төрт улсаа тусгаарлан тунхаглах нь зүйтэй дээр санал нэгджээ. Харын ноёдууд уулын нэг аманд цуглан хаан төрийн тэргүүнээр Засагт хан Содномравданг залах нь зохистой хэмээсэн ба, нөгөө нэг аманд шарынханх хуралдаж Богд хааныгаа төрийн тэргүүн болгох нь зүйтэй хэмээн санал нэгджээ. Хэдийгээр ард түмний дунд ч, тайж ноёдын дунд ч Чингисийн алтан ургийн хүн хаан болох ёстой, харь үндэстэн хаан болох ёсгүй гэсэн үзэл их байсан ч тэдний  саналаар болсонгүй. Богд хааны талаар  түүхэн үнэнийг хөдөлшгүй баримтаар нэгэн талд гаргасан түүхий судалгааны бүтээлүүд зохиолч уран бүтээлчид, уншигч түмэнд илт дутагдаж байгааг эрхэм түүхчид маань эрхбиш анхаарна биз дээ. Уран зохиолоор түүх бичигчид ч, түүхийн судалгаа хийж буй эрдэмтэд ч өдгөө хүртэл нэгэн байр сууринд хүрээгүйн нэг жишээ бол энэхүү түүхэн тэмдэглэлд гарч буй үйл явдал мөнөөс мөн. Энэ түүхт хүн, түүхт үйл явдлыг нэг мөр болгон нотлон үзүүлэхийг нэхсэн  түмэн олны сэтгэлийн “Цагаан бороо”  шивэрсээр л байгаа шүү.

Нэгэн зүйл: Ард түмний дунд үлгэр ид шидийн юм шиг, эсвэл хэт хувьсгалжсан дүрээр хоногшин үлдсэн сайн эрс Ганган Төгс, Хангай Базар, Цахиур Төмөр мэт олон дүрээс эрс өөр жинхэнэ амьдралын дундаас гарцаагүй байдал, юунаас ч үл хамаарах бодит амьдралын шалтгаант нөхцөлөөс урган гарсан Цоохор Ананд, Хөрзгий Жанчив, Занаг Базар, Гоо Лувсан, Хялуу Сүх, Гоорин Даш, Халзан Дамба нарын долоон хөх чонын дүр бол уг зохиолын амин сүнс, чиг шугам, хэлэх гэсэн санаа, хойчсид үлдээх гэсэн түүх, түүнээс авах гээхийн ухаанаар хандах туршлага сургамж болж байна. Эдгээр эрсийн эрэлхэг зан чанар, бахархмаар, өрөвдмөөр, гайхмаар, амьдралын түүхийг уншигчид уг бүтээлээс уншин танилцсан буй заа. Малчин, ядуу гуйлгачин, дуу хуурчин, лам хуварга байсан эдгээр эрс  тухайн цаг үеийн хатуу ширүүн давалгаа нугачааг давж өнгөрүүлсэн ард түмний төлөөлөл болж, “Бурхны шашны дотоод дахь тарни судар хоёрыг, хөлгөний дээд доод хоёрыг, шашины номлол бүтээл хоёрыг эхээ танихгүй хүү, хүүгээ танихгүй эх болгон зөрчилдүүлж нэгий нь эрхийг нэмж, улс төрийн унаа болгон хэрэглээд, нөгөөгий нь эрхийг хорьж үзэл бясалгал, явдлыг нь хүртэл хориглож байсан цаг үеийг” /Л.Хүрэлбаатар/өөрийн махан бие, ясан бодоор төлөөлөл болгон харуулж чадсан нь “долоон хөх чоно”-ын дүр болон дүрслэгджээ. Өөр өөрийн тавилангаар тэнгэрийн оронд одогсодоос ганц үлдсэн Халзан Дамба нутагтаа очин хуван эрх эргүүлж эгэл боргил амьдралаар 1940-өөд оныг хүртэл амьдарсан нэгэн гэнэ.

Миний бие Б.Наминчимидийн  “Цагаан бороо” түүхэн тэмдэглэлийг ийнхүү сайшаан өгүүлж буй явдал бол баруун монголын ард түмний түүхийн үнэнийг эх бичиг сурвалж судлал, түүхийн шинжлэх ухааны ноттой судалгаа бүрэн гарахаас урьтаж зохиолчийн аль нэг хэтийдсэн үзэл бодлыг дэврээн хөөргөх, эс бөгөөс зарим нэгэнд тааруулан наах, ерөнхий ба онцгой үзэгдэлт мөн чанарыг цаг хугацаа орон зайн нөхцөлд тааруулан ая тал засахыг эс бодож эрт урьдын явал одоо ч бидний дунд оршсоор байна шүү хэмээсэн хувь хүний үүднээс саналаа илэрхийлж буй нь энэ юм. Тэнгэрийн Марал буга жилдээ ганц удаа буулгадаг сэтгэлийн ”Цагаан бороо”  хүмүний жам ёсоор баруун түмний туулж өнгөрүүлсэн амьдралыг нэхэн сануулан өдгөөг хүртэл шивэрсээр байгааг  зохиолч хатуу сануулжээ хэмээн мунхаглан бодож өчүүхэн бичлэгээ дуусгая.

 

С.БАЙГАЛСАЙХАН

/Шинжлэх ухааны доктор, Профессор, Шинжлэх ухааны гавьяат ажилтан/

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочтн (202.55.188.45) 2023 оны 11 сарын 25

Эдүгээ тэр цаг нь эргэн ирсэн мэт байна! Цаашид энэ янзаараа байвал ямарч жолоодлогогүйгээр үргэлжилсээр Монголчууд янзан бүрийн хорт зүйлсэд хордож зэрэг янз бүрийн байдлаар өвчилсөлсөөр ард иргэд нь дуусаж газар нутаг маань бусдын идэш болоод дуусах бололтой л болоод явчихлаа шүү!

0  |  0
Зочин(139.5.218.151) 2023 оны 11 сарын 23

Сүүлийн үеийн кинонцорууд дандаа Хужаагаар попорсон, хужаагаар занималдсан сэдэвтэй.. залхаж байна шүү.. Яг л Казакстанчууд түүхэн кино хийх болгондоо л манай муу Зүүнгарчуудаар попорч сэдэвлэдэг шиг л..

1  |  0
Номинчимэд(103.212.118.43) 2023 оны 11 сарын 23

Сайхан шүүмж болжээ. Олж уншъя даа. Зохиогч нь Номинчимэд юм байна шүү бичээч ээ.

0  |  0
Top