“Сүбээдэй баатар” хөлгөн туульс нь Сүбээдэй баатрын талаарх судлагдахуун болно

2023 оны 11 сарын 29

МЗЭ-ийн болон Чадраабалын Лодойдамбын нэрэмжит шагналт яруу найрагч Рэнцэндоржийн Лхамрагчаагийн “Сүбээдэй баатар” хөлгөн туульсийн хоёрдугаар дэвтрийн нээлт өчигдөр Үндэсний төв номын санд боллоо. Тэрбээр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат бөгөөд өдгөө Дархан-Уул аймгийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгчээр ажиллаж байгаа юм. Түүний “Сүбээдэй баатар-I” дэвтэр нь Монголын зохиолчдын эвлэлийн Оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2020” наадмын яруу найргийн төрөлд шилдэг бүтээлээр шалгарч байсан юм.

“Сүбээдэй баатар-II” хөлгөн туульсын баярыг Монгол Улсын төрийн туульч, Соёлын гавьяат зүтгэлтэн, соёл судлалын доктор Э.Баатаржав цуур эгшиглүүлж, тууль хайлж нээсэн юм. Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” наадмын хошой тэргүүн, Үндэсний төв номын сангийн захирал Б.Ичинхорлоо нээж хэлсэн үгэндээ, Уран бүтээлчид бид Монгол түмнийхээ оюун санааны өв санг зузаалж, хийсэн бүтээл, хэлсэн үг бүхэндээ хариуцлагатай хандаж энэ цаг үеийг туулах ёстой. Энэ бүтээлийг Р.Лхамрагчаа маань бүтээсэн учраас бид түүнд гүн хүндэтгэлтэй хандах учиртай хэмээн тодотгосон.

Харин тус номын редактороор ажилласан Ардын багш, Хэл бичгийн ухааны доктор С.Дулам “Сүбээдэй жанжин бол нийтдээ 65 удаагийн тулаанд орж, ганц ч удаа ялагдаж байгаагүй ялгуусан их баатар билээ. Р.Лхамрагчаагийн “Сүбээдэй баатар” туульсын туурвилыг уншлаа. Эхний дэвтрээс нь тунгаавал үргэлжлэлийн хамт их туульс гэсэн төрөл зүйлд хамаарахаар ажээ. Сүбээдэй баатрыг энэ төрөл зүйлээс өөрөөр илэрхийлэх боломжгүй. Их тууль нь шүлгэн хэлбэрээр оршдог бөгөөд түүхийн үнэнээс гаждаггүй. Яруу найрагч Р.Лхамрагчаа энэ хоёр шаардлагыг бүрэн биелүүлжээ” хэмээн номын өмнөтгөлд бичсэн байна. Мөн “Яруу найргийн эрчимт цэцээр дундад зууны монгол цэргийн ялгуусан их баатарлалт замнал болоод тулааны арга ухаан, дайтах ур чадвар, аугаа гавьяат үнэн бодит түүхийг баатарлаг туульс болгон хайлж, мөнхжүүлэн товойлгож чадсан нь эх орны эр цэргийн хувьд ч тэр, Зэвсэгт хүчин, улсыг батлан хамгаалах үйлсэд ч тэр оюун санааны онцгой үүргийг гүйцэтгэсэн туурвил яалтгүй мөн гэдгийг дурдах нь зүйтэй” хэмээн Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор Хайнзангийн Шагдар үнэлжээ.

Харин “Сүбээдэй баатар” хөлгөн туульсын зохиогч, яруу найрагч Р.Лхамрагчаа “Жанчидын жанчин, Урианхайн их баатар Сүбээдэй баатарын хөлгөн туульс номын маань нээлтэд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Үеийн, үед яруусан халгиж, цалгилах амьд түрлэг, аугаа дуулал болсон цэцэн билэгт ард түмний минь баатарлаг туульсын залгамж халаа болсон энэхүү бүтээлийг өргөсөн юм аа” хэмээн хэлэв. Тэгвэл яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин “Сүбээдэй баатар” гэдэг энэ хөлгөн туульс бол монголын утга зохиолд олон жилээр тасраад байсан тууль гэдэг төрөл зүйлд хөг эгшиг залгуулж орж ирлээ. Дэлхий нийтээрээ хөлгөн туульсын төрөл рүүгээ эргэж байна. Хоёрдугаарт, Сүбээдэй баатрын судлагдахууныг 1000 жилийн дараа дахин босгож ирснээрээ түүхийн шинжлэх ухаанд маш том гавьяатай хэмээн өгүүлсэн юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top