ОЛОН ОНЦЛОГ БҮХИЙ УИХ-ЫН СОНГУУЛЬ
Дөрвөн жилд нэг удаа, УИХ-ын сонгууль болох жил эхлэх үеэс нэр дэвшихээр горилогчид “байлдааны бэлэн байдал”-д ордог. Тэр заншил ёсоор өнөө жил ч тэдний хувьд сонгууль гэсэн үгээр эхэлж байна. 2024 оны УИХ-ын сонгууль байнгын ажиллагаатай парламентын түүхэнд өмнө байгаагүй хэд хэдэн өвөрмөц онцлогтой. Нэгд, өмнөх шиг 76 бус, 126 гишүүнтэй парламент бүрдэнэ. Хоёрт, 2012 оны сонгуулиар ганц удаа хэрэглэсэн холимог хувилбараар сонгууль явж, санал хураалт болно. Гуравт, Холимог хувилбар ёсоор 126 гишүүний 78-ыг мажоритар буюу тухайн тойргийн сонгогчдын олонхын санал авсан байдлаар, 48-ыг пропорциональ буюу намуудын авсан саналд хувь тэнцүүлсэн байдлаар сонгон УИХ-д суулгана. Дөрөвт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн долоо, нийслэл Улаанбаатарт зургаа, нийт 13 байхаар баталсан. Үүнд, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэсэн нэгдүгээр тойрог; Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэсэн хоёрдугаар тойрог; Баян-Өлгий аймаг дангаараа гуравдугаар тойрог; Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэсэн дөрөвдүгээр тойрог; Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг хамарсан тавдугаар тойрог; Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг хамарсан зургаадугаар тойрог; Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн долоодугаар тойрог; Нийслэлд Баянзүрх дүүрэг наймдугаар тойрог; Баянгол дүүрэг есдүгээр тойрог; Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10 дугаар тойрог; Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр тойрог; Хан-Уул дүүрэг 12 дугаар тойрог; Багануур, Багахангай, Налайх дүүргүүд хамтдаа 13 дугаар тойрог байхаар УИХ-аас баталсан.
Тав дахь хамгийн содон онцлог нь урьд өмнө хэзээ ч хэрэглэж байгаагүй томсгосон тойргоор сонгууль явуулна. Өөрөөр хэлбэл, өмнө нь томсгосон тойрог гэж нэг аймаг, дүүргийг нэрлэж, нэр дэвшигчид хүн амын тоог харгалзуулан тогтоосон 2-4 мандат дээр өрсөлддөг байсан бол энэ удаа Баян-Өлгийгөөс бусад аймгийг 3-4-өөр нийлүүлэн нэг тойрог, нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Хан-Уул гэсэн хүн ам олонтой дүүргээс бусдыг хоёр, гурваар нэгтгэн нэг тойрог болгон сонгууль явуулахаар болов.
Ийнхүү 2024 оны УИХ-ын сонгууль урьд байгаагүй үлэмж томорсон тойргоор явж, нэр дэвшигчид “өргөн фронт”-оор давшиж, 3-4 аймаг, хуучин хоёр ч тойрогт хуваагддаг байсан нийслэлийн томоохон дүүргүүдийг бүхэлд нь “дайлаар мордох” болсон нь нэг хоёр жилийн өмнөөс нэр дэвшихээр битүүхэн бэлтгэж суусан бяд муутай, мөнгө хөрөнгө тааруу, танил талаар татуухан зарим нэгний зүрхэнд шар ус хуруулж төлөвлөснөөсөө ухрахад хүргэсэн талаар ч сураг дуулдаж эхлээд байна.
Сурталчилгааны 18-хан хоногт багтаан 3-4 аймагт ажиллах бүү хэл, олон сумтай, хүн ам олонтой ганц аймгийг ч бүтэн тойрч амжихгүйд хүрэх учир нисдэг тэрэг олж хөлслөх эрэлд мордоцгоож эхэлжээ. Гэтэл вертолёт бүхий наймхан компани байдаг гэх ба захиалга нэгэнт дууссан гэсэн хариуг өгцгөөсөн сурагтай. Тиймээс хүн ам ихээхэн төвлөрсөн газруудаа тулгуур болгон гол анхаарлаа төвлөрүүлж, бусад хэсэгтээ сошиал “тулаан “өрнүүлэх тактик боловсруулж эхэлсэн сураг дуулдана. Нэгэнт бүх сум, сууринд хүрч, сонгогчидтой нүүр тулж уулзах хүчин мөхөсдөх учир сошиалчдын сайн багийг алс хол, бартаа ихтэй, хүн ам арай сийрэг газруудад тараан байршуулж, лайв, рийлээр алсын зайн тулаанд орохоор дийлэнх нь шийджээ. Тэгэхээс ч өөр аргагүй.
Шинээр нэр дэвших гэж буй олны танил бус хүмүүс, залуучууд, эмэгтэйчүүдэд энэ томын том тойрог үнэхээр ахадна. Тиймээс сайн муу нэрээ дуурсгаж явсан олны танил эрхмүүд, тэднээр овоглодог үр хүүхдүүд нь л мандат өвөрлөх горьдлого илүү өндөр хэмээн судлаачид хэлж байна.
ХОЙНООС УРД ХИЛИЙГ ТУЛТАЛ, АЛТАЙГААС ХАНГАЙН НУРУУГ ДАМНАН “ДАВШИНА”
Зарим жишээг дурдая. Хоёрдугаар тойрог буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай. Энэ дөрвөн аймгаас 10 гишүүн тодорно. Монгол Улсын хойд хилээс өмнөд хил хүртэл, хангай, говь, хээр тал, Хангай, Алтайн их уулсыг дамнасан энэ том тойргийг нэр дэвшигчид 18 хоногт яаж хичээгээд туулж барахгүй. Аймаг аймгийн онцлог гэж бас бий. Увс, Ховд бол олон ястны өлгий. Завханы урд сумд, Говь-Алтайнхан бол ижил төстэй зүйл олонтой. Хамгийн өргөн уудам нутгийг хамарч, нэр дэвшигчдийн чөмгийг барж тамирыг таслах тойрог бол энэхүү хоёрдугаар тойрог. Увс 19, Ховд 17, Завхан 24, Говь-Алтай аймаг 18 сумтай гээд бод. Ганцхан Говь-Алтайн бүх сумаар орно гэхэд сурталчилгааны 18 хоногт нэг өдөр нэг сумын хүн амтай л уулзана. Тэгэхээр нисдэг тэрэггүй л бол сошиалаар сурталчилгаа хийхээс өөр аргагүй. Богино хугацаанд аймгийн төвүүд, тэгээд арай хүн ам илүү Завханы Тосонцэнгэл зэрэг суурингаар бууж уулзалт хийх юм биз дээ.
Дөрөвдүгээр тойрог Хөвсгөл, Булган, Орхон аймаг, найман мандаттай. Орхон аймаг харьцангуй төвлөрсөн, хоёрхон сумтай, Эрдэнэт хотоо тойроод хүн ам нь бөөндөө. Булганы төв хавиар, хэдэн сумаар орчиход гайгүй. Хөвсгөлийн Мөрөн 50 мянган хүн амтай. Монголдоо суурьшлаараа дөрөвт орох төвлөрсөн том газар. Гэхдээ 140 шахам мянган хүн амтай энэ аймаг 24 сумтай. Дундговь аймгийн хүн амыг гурав нугална гэсэн үг. Хөвсгөлийн баруун хойд талын тайгын сумдад жирийн сонгуулийн үед ч нисдэг тэргээр явж, буух нөхцөл тааруу үед сурталчилгааны материалаа дээрээс цацаж байсан үе бий. Түүнээс биш машинаар бүү хэл мориор хүрэхэд бэрх. Гэхдээ тайгын амьдралыг бөглүү, цаатан олныг мэдээлэлгүй гэж хэлж болохгүй. Харин ч хамгийн соргог, юм бүхнийг мэдэж дуулсан хүмүүс байдаг тул басаж огт болохгүй. Хэний хэн хэмээгч эрхэм нэр дэвшээд явж буйг тэд хэнээр ч заалгахгүй мэднэ. Энэ өвөл цас их орсноор тооцоолоход Хөвсгөл нуурын зүүн талын сумдад ирэх зун шавар намаг ихтэй, ямар сайн машин байлаа ч зүдэрч хүрэх төлөвтэй. Угаасаа нуурын зүүн эргээр явж Чандмань-Өндөр орох бүү хэл, Хатгалын зүүн талын иргэдтэй ч уулзахад төвөгтэй их шавар намаг үүсдэг газар. Тиймээс тус тойрогт нэр дэвшигчид Хөвсгөлөөр тойрох унаагаа эртнээс сайн базаагууштай.
Хэнтий, Дорнод, Сүхбаатарыг хамарсан зургаадугаар тойрог, долоон мандаттай. Газар нутгийн хэмжээ том, мөн л улсын хойд хилээс өмнөд, зүүн хилийг тултал явна. Гэхдээ газар нутгийн бартаа гайгүй, зам цагаан. Тал хээр дунд төөрчихгүй бол хичээгээд 18 хоногтоо баргийг нь тойрчих боломжтой. Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэрийг хамарсан долоодугаар тойрог, долоон мандаттай. Нутаг томоос бус зам харгуй гайгүй. Бусад тойргууд харьцангуй бартаа багатай замаар явж сурталчилгаагаа хийх боломжтой. Зам харгуйн хувьд авч үзэхэд ийм.
УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 28-ны баасан гарагт явуулж, энэ өдөр бүх нийтээрээ амрах хуулийн заалтыг мөрдөхөөр 2023 оны сүүлийн нэгдсэн хуралдаанаараа УИХ-аас баталсан юм. Мөн гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдээс дөрөв хоногт багтаан санал авч, саналын хуудсыг шуудангаар илгээхээр болжээ.
Тэгэхээр зургаадугаар сарын 8-наас нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлэхээр мордох нь.
НЭР ДЭВШИХЭЭР ГОРИЛОГЧИД АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨВ
Үндсэндээ ирэх сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тавдугаар сарын 20-ноос хойш, тухайн улс төрийн намуудын эрх бүхий байгууллагуудын шийдвээрээр ил болно. Улс төрийн намууд тавдугаар сарын 14-20-ны хооронд хэний нэрийг дэвшүүлэхээ шийдвэрлэх юм. Мөн тэр үеэр бие даагчид ч нэрээ тодруулна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч; төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан; төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлын албан тушаал эрхэлдэг хүмүүс сонгуульд нэр дэвшихээр горилох бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх ёстой. Энэ ёсоор шинэ оны өмнөхөн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Тэд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн тул хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна хэмээн УИХ-д мэдэгджээ. Г.Дөлгөөн нь УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү юм.
Мөн “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат, Цемент, Шохой ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Дашпүрэв, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал нар ч ажлаа өгөв. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Уул уурхай, хүнд үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Эрчим хүчний дэд сайд Н.Тавинбэх, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга А.Энхзул, Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч, УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол нар ч ажлаа өгөхөөр болсон байна. Тэднээс А.Энхзул нь УИХ-ын гишүүн асан З.Алтайн охин гэдгийг олон хүн мэднэ.
Ийнхүү том тойрогт өргөн фронтоор өрсөлдөх сонгуулийн чимээ дуулиантайхан эхэлж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Ах дүүс үр хүүхдүүдээрээ төр барихыг эсэргүүцэж байна .
Монголчуудаа хохь чинь гэж хэлж суух эрхэм охиноо их хуралд суулгана гэнэ үе дамжин төр эзэгнэхгүй ээ хүмүүс минь сонор сэрэмжтэй соргог байцгаа үе дамжин төр барих хүмүүсийг мэдэх хэрэгтэй дээ.Анандбазар гуай үеэлтэйгээ дэвших магадлал өндөр шүү.Ноднин үеэл нь ГовьАлтайд нэр дэвшиж байсан .
oyunxorol emgen zuudelsen baixaa