Н.Алтанхуяг: Цар тахлын төсвийг нийтэд дэлгэвэл нүүрсчдээс ч илүү дуулиан болно

2024 оны 01 сарын 11

УИХ- ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж ямар нэгэн сэдэвт баригдалгүйгээр сонирхсон асуултад нь чөлөөтэй хариулсан юм. Тэрбээр ингэх шалтгаанаа ярилцлага авах хүсэлт илэрхийлсэн сэтгүүлч олон байгаа учир нэгтгэж нэг дор уулзаж байна хэмээн тайлбарлав. Ингээд сэтгүүлчдийн асуултад доорх хариултыг өгөв.


-Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийг баталснаар ямар үр дүн гарах бол. Та энэ хуулийн ажлын хэсэгт багтсан шүү дээ?

-Иргэдийг шүүхийн шийдвэргүйгээр саатуулж байгааг Олон улсын шинжээчид шүүмжилж, энэ асуудлаа залруулах зөвлөмж өгсөн юм. Энэ дагуу Засгийн газраас Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ-д оруулж ирсэн.

Энэ хуулийг баталснаар шүүхийн шийдвэргүйгээр хүнийг баривчлах, саатуулах явдал зогсоно. Цөөн тохиолдолд хойшлуулшгүйгээр баривчлах арга хэмжээ авах шаардлага гарвал шүүхийн шийдвэрийг тэр даруй гаргах гэх мэт арга хэмжээ авна. Хэргийн зүйлчлэлээс хамаараад баривчилсан хугацааг 1-18 сар хүртэл сунгадаг асуудлыг цэгцлэх шаардлагатай.

Учир нь хэрэг хийсэн эсэх нь тодорхойгүй байхад хүнийг 18 сараар хорих нь буруу. Одоогийн яригдаж байгаа хуулийн төсөлд баривчлах хугацааг дээд тал нь зургаан сараар сунгах, үүнээс цааш шүүхийн шийдвэр гарах хүртэл хорихгүй байхаар тусгаж байгаа. Одоо мөрдөгдөж буй хуулиар бүх төрлийн гэмт хэрэг үйлдсэн сэжигтнийг шаардлагатай тохиолдолд баривчлах, саатуулах арга хэмжээ авч байна. Үүнийг өөрчилж зөвхөн хоригдох ялын зүйлчлэлтэй хүнийг л шүүхийн шийдвэрийн дагуу баривчлах ажиллагаа явуулна.

-Ирэх сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулах тогтоол батлагдсан. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгууль дөхсөн энэ үед эрх баригчид маш том өөрчлөлт хийлээ. Сонгуулийн тойргийг томсгох санаа нь буруу биш. Харин сонгууль болохоос зургаан сарын өмнө яарч, сандарч батлах шаардлага байгаагүй. Үүнийг МАН-ын удирдлагууд ирэх сонгуульд яаж оролцохоо тооцож хийсэн өөрчлөлт гэж харж байна. Томсгосон тойргийн нэг ач холбогдол нь намуудын өрсөлдөөн байдаг. Тэгэхээр олон намын өрсөлдөөн биш, хоёр намын хооронд өрсөлдөөн илүү өрнөх байх. Мөнгөтэй, олонд илүү танигдсан хүмүүс сонгогдох магадлал өндөр болно.

Монгол Улсын асуудлыг шийдвэрлэе гэвэл Улаанбаатар хотын асуудлыг түрүүлж ярих ёстой. Гэтэл нийслэлээс сонгогдох гишүүдийн тоо цөөн байгаа нь буруу.

-Түрүүчийн сонгуульд та Орхон аймгаас бие дааж нэр дэвшсэн. Ирэх сонгуульд яаж оролцох вэ?

-Дөрвөн жилийн өмнө намайг Ардчилсан намаас хассан тул бие дааж нэр дэвшсэн. Харин энэ удаа намаасаа өрсөлдөхөөр төлөвлөж байна. Намын удирдлагын асуудлыг бол мэдэхгүй. Гэхдээ манай нам сөрөг хүчний ажлаа хийхгүй байгаа. Уг нь эрх баригчдын хулгайн асуудлаар манай нам илүү шаардлага тавьж ажиллах ёстой юм. Харамсалтай нь энэ үүргээ гүйцэтгэж чадаагүй.

-Өнгөрсөн хугацаанд та тойрогтоо ажилласан уу. "Эрдэнэт” үйлдвэрийн цагаан тоосны асуудал иргэдэд хүндрэл учруулсаар байгаа. Үүнийг шийдэх талаар ажил хийсэн үү?

-Намайг Орхоныхон сайн дэмжиж гишүүн болгосон. Гэхдээ би зөвхөн сонгогдсон тойрогтоо гэлтгүй нийт иргэдийн төлөө ажиллаж байгаа. Манай улсад ямар ч асуудал шийдэгдэхгүй байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсны хувьд эрх баригч намтай хэдэн зүйл дээр хамтарч ажиллах талаар ярьсан.

Нэн түрүүнд байгалийн баялагтаа эзэн болох. Эрдэнэтийн хүдрийн баяжмал буюу овоолгын ашгийг гурав хуваах санаачилга гаргасан. Харамсалтай нь УИХ-аар дэмжээгүй. Эрдэнэт үйлдвэрээс 100 сая ам.долларын ашиг гардаг. Үүнийг хэдхэн хүн хувааж байна.

-Сонгуулиар иргэдэд мөнгө тараах талын амлалт өгөх нь хор уршигтай юу?

-Ер нь иргэдэд бэлэн мөнгө тараана гэдэг хортой. 2008 оны сонгуулиар сонгогчдод нэг сая, нэг сая таван зуун мянган төгрөгийг намууд амласан. Асар их хэмжээний бэлэн мөнгийг ард иргэдэд тараасан. Тэр үед эдийн засаг 14 хувиар өсөж байна гэсэн мөртлөө гадаадаас баахан зээл аваад тэр мөнгийг тараачихсан. Чалкогийн 350 сая ам.долларын хүүтэй мөнгөний оронд нүүрсээ гаргах ажлыг 10 жил хийсэн шүү дээ. Мөнгө тараана гэдэг хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж өр зээл үүсгэж байгаа, эдийн засагтаа асар их хохиролтой, санал худалдаж авах арга хэрэгсэл болгож байгаа нэг л нэг хэлбэр. Эдийн засгийн агуулгаараа улсаа хорлож, өрөнд оруулж байгаа зүйл.

-Монгол Улс гадаад өргүй боллоо гэдэгтэй та санал нийлэх үү. “Самурай”, “Чингис” бондын өр зэрэг нь таныг Ерөнхий сайд байх үеийнх гэдэг шүү дээ?

-Нэгдүгээрт, өр гэдэг дээр би хоёр тоо хэлье. Намайг 2014 онд Ерөнхий сайдаас огцруулсан. 2014 онд Монгол Улсын Засгийн газрын өр 3,5 тэрбум ам.доллар байсан. Өнөөдөр энэ өр 8,5 тэрбум ам.доллар байгаа. 10 жил дотор Засгийн газрын өр таван ам.доллараар нэмэгдсэн. “Чингис” бондыг гурав дахин үржүүлсэн мөнгийг нэмж зээлсэн байна. Эдгээрийг холбогдох газруудын веб сайтаас харж болно. Өр дарсан биш, харин ч өр нэмэгдсэн.

Хоёрт, тэр үед Монгол Улсын нийт өр 20 тэрбум ам.доллар байсан нь өнөөдөр 35 тэрбум ам.доллар болсон, 15 тэрбум ам.доллараар өссөн. Нийт өр гэдэг нь Монголбанк, аж ахуйн нэгжүүд, арилжааны банкуудын өрийг нийлүүлж хэлдэг. Гэтэл эдгээрээс Монголбанк, Оюутолгой зэргийн өрийг засаг төлнө. Салгаж ярихад хэцүүхэн болчихсон. Өр тодорхой хэмжээгээр төлөгдөж байгаа мөртлөө түүнээсээ илүү зээл аваад байгаа болохоороо тэр веб сайтууд дээр байгаа тоо хөдөлгөөнгүй. Тэгэхээр өр дарсан гэдэг нь хоосон суртал нэвтрүүлэг.

Монгол Улс 14 төрлийн бонд гаргасан. 2011 оноос шүү. Сү.Батболдын Засгийн газрын үед анх 600 сая ам.долларын Евро бонд гаргасан. Дараагийн Засгийн газрууд Чингис бонд, Самурай бонд, Мазаалай, Хуралдай, Гэрэгэ, Номад, Сенчури нэг, хоёр гэсэн дугаартай бондууд гаргасан. Бонд төлөх гэхээр мөнгө байхгүй. Нэгээс нь зээл аваад нөгөөгөө хаадаг. Зээлсэн тал нь өртэй үлддэг. Нэг тэрбумын зээл хаах гэж явсан нөхөр нэг тэрбум 500 саяын зээл авахаар 500 саяын зээл нэмэгдэнэ. Ийм л юм яваад байгаа. Би Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн болдлогод харьцуулсан дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулъя гэсэн. Г.Занданшатар дарга ажлын хэсэг байгуулсан. Баримтууд гаргасан. Тийм баримт байгаа болохоор одоо тоо худал хэлж болохгүй, баримт нь тэнд байгаа. Бүх юм тоотой, нотолгоотой байх ёстой.

Дээр нь нэг зүйл хэлье. Монгол Улсад тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан гэж хоёр сан байсан. Байгалийн баялгаас үр хойчдоо үлдээе гэвэл 2030 он хүртэл ганц ч төгрөг гаргаж болохгүй гэсэн хуультай. Гэтэл Ирээдүйн өв сангаасаа баахан мөнгө гаргаад зарцуулчихсан. Хэлэхээр “Үгүй, байгаа шүү дээ” гээд байдаг.

-Цар тахлын үеийн төсвийн зарцуулалтын сонсголыг хэзээ хийхээр төлөвлөсөн бол. Энэ асуудлаар танай намын зүгээс ямар нэг алхам хийж байгаа юу?

-КОВИД-19-ийн үеийн төсвийн зарцуулалтын талаар Ардчилсан намын бүлгийн зүгээс шаардлага тавьсан. Гэхдээ шийдвэр гаргагчид энэ талаар хэлэлцэхгүй байна. Эрх баригчдад юуг хэзээ гаргах вэ гэдэг нь тэдний үзэмжийн асуудал болоод байх шиг. Цар тахлын төсвийг нийтэд ил болговол нүүрсчдээс ч илүү дуулиан болно. Тиймээс сонгууль дөхсөн энэ үед тэдэнд уг асуудлыг сөхөх сонирхол бага байна л даа.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шилээ(222.249.139.119) 2024 оны 01 сарын 11

Цар тахалын сонсгол болвол эгч чинь баларна даа.

0  |  0
иргэн(66.181.191.77) 2024 оны 01 сарын 11

Сү Батболд байгаа цагт монгол улсад хулгай луйвар тасрахгүй\n

1  |  0
Үзмээ(66.181.181.249) 2024 оны 01 сарын 13

Чи тэгээд дэлгээч. Ингэж худалаа ярьж байхаар дэлгэх ажил хийгээч. Чи чадахгүй пиздаа шүүдээ?! Хүн рийшээд эхнлвэл яаж давхиж очиж зааж зааварлаж байх бол. 1990 онд АНамыг байшуулж байсан гэж нүгэлтэй худал хуцдаг юмдаа.энэ тэнд байгаачгүй.

1  |  2
Иргэн(78.240.98.179) 2024 оны 01 сарын 13

Адилхан луйварчин

1  |  1
Top