М.Цацрал: Бүжгийн урлагаар дамжуулан бие махбод, сэтгэл санааг анагаах боломжтой

2024 оны 01 сарын 19

Сүүлийн үед дэлхий дахинаа урлагийн сэтгэл засал буюу “Арт терапи”-ийн тухай их ярьдаг болсон.  Энэ талаар “Цацрал” төвийг үүсгэн байгуулагч, бүжгийн багш М.Цацралтай ярилцлаа.


-Орчин үеийн анагаах ухаанд "Арт терапи" буюу урлагаар дамжуулан сэтгэл засал хийх тухай чухалчлан ярьдаг болсон. Энэ үйлчилгээг танай төвийнхөн бүх насныханд үзүүлж байна гэх юм. Энэ сэдвээр ярилцлагаа эхэлье?

-Урлагийн аль ч төрлийг таашааж ойлгох нь хүний сэтгэл санаа, бие махбодод эерэг нөлөө үзүүлдгийг олон судалгаагаар баталсан байдаг. Тэр утгаараа орчин үеийн анагаах ухаанд "Арт терапи" буюу урлагаар дамжуулан сэтгэл засал хийх аргыг өргөн ашигладаг болсон. Тухайлбал, урлагийн сэтгэл засал нь тухайн хүний бүтээлч үйл ажиллагааг идэвхжүүлэхээс гадна өөрт нь тохиолдож байгаа бэрхшээлтэй асуудлыг урлагийн төрлөөр дамжуулан илэрхийлж, тухайн асуудлынхаа мөн чанарыг ойлгох, түүнийг зөв шийдвэрлэхэд туслах сэтгэл заслын арга болдог.

Урлагийн сэтгэл засалд зураг зурах, яруу найраг, дуу хөгжим сонсох, бүжиглэх, дасгал хөдөлгөөн хийх гээд олон төрлийг хамруулан ойлгож болно. Бидний хувьд, бүжгийн урлагаар дамжуулан дан ганцхан охид бүсгүйчүүд гэлтгүй бүх насныханд буюу найман настай балчираас, наян настай ахмад буурлууддаа хүртэл “Цацрал” төвийнхөө төрөл бүрийн үйл ажиллагааг санал болгож, энэ их завгүй амьдралын хэмнэлд хамгийн амар тайван, хамгийн хялбар хэрнээ сонирхолтой аргаар стресс бухимдлаасаа салах, эрүүлжин галбиржах, сэтгэлзүйн дотоод асуудлаа шийдвэрлэх, сурч хөгжих, өөрийгөө нээн илэрхийлэх боломжуудыг олгож байгаа юм.

-Урлагийн сэтгэл засал гэхээр хүмүүст маш сонир­холтой санагдаж байгаа байх. Үр дүн хэр байна?

-Хэдийгээр бид үйл ажиллагаагаа эхлээд удаагүй ч бидний хийж буй ажлын үр дүн олон жишээн дээр харагдаж байгаад баяртай байна. Жишээ нь, үр хүүхдээ асраад гэртээ удаан хугацаагаар суусан бүсгүйчүүд, ахмад настнууд, эмчилгээнд удаан хугацаагаар хамрагдаж буй иргэдэд урлагийн сэтгэл засал хийснээр бидний мөнхий асуудал болсон жин нэмэх, таргалах асуудлыг хялбарханаар шийдвэрлэж байна. Мөн хүүхнүүдийн турах, гоё болох гэсэн хүсэл биелэж байна.

Бүр дээрээс нь сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүр, тулгамдсан асуудлууд багасч, эерэг зүйлсэд анхаарлаа хандуулж байна. Хүмүүс өмнөхөөсөө илүү эрч хүчтэй, өөдрөг, маш тайван болж байна. Энэ мэтчилэн олон сайхан үр дүн гарч байгаа. 

-Таны хувьд яагаад энэ төрлийн үйлчилгээг санаачлан хийх болов?

-Энэ тухай ярихын тулд сонирхолтой түүх өгүүлэх болно. Би хүүхэд байхын сургуулийнхаа бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог сурагчдын нэг байсан. Бүжигт хайртай, дуртай болсон минь миний бага настай салшгүй холбоотой. Дуртай хөгжмийн аяаа мэдэрч сонсох, бүжиглэх үед ядарсан, хэцүү мэдрэмж бүгд үгүй болдог байлаа. Энэ гоё мэдрэмжийг багаасаа мэдэрсэн болохоор хэдий өөр мэргэжил сонгож, эзэмшсэн ч бүжгийн урлагт хайртай учраас бас бүжиглэх дуртай учраас “Цацрал” төвөө байгуулж, энэ ажлыг санаачлан хийж эхэлсэн. Одоо манай төв Хан Уул дүүрэгт 19 рүү явах замд нэг салбар маань байршиж байна. Мөн Яармагт нэг салбараа нээсэн байна. Хотын төвд буюу  “Натур” дахь салбар маань түр завсарласан байгаа.

-Та яг ямар мэргэжилтэй юм бэ. Өөр мэргэжил сонгосон ч гэсэн бүжигт дуртай учраас энэ ажлыг эхлүүлсэн гэх юм?

-Би бараг нэгдүгээр ангиасаа бүжигчин аль эсвэл сэтгүүлч болно гэж мөрөөддөг байсан. Тэгээд энэ сонголтоо орхилгүй явсаар дунд сургуулиа төгсөөд, мэргэжил сонгох үед хүсэл сонирхлынхоо дагуу СУИС-ийн бүжгийн ангид орохыг хүссэн. Гэсэн ч гэр бүлийнхэн маань эсэргүүцээд, орж чадаагүй. Тухайн үед гэрийнхэн маань сэтгүүлч, бүжигчин мэргэжлийн аль алиныг нь дэмжээгүй юм. Тэгээд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн Нягтлангийн ангид бүртгүүлж орхисон. Тэр үед би гэдэг хүн 10 жил бодож хүсэж байсан мэргэжлээ сонгож чадаагүйдээ харамсаад, маш их хямарсан, уйлсан. Үүнийг харсан аав ээж минь охиноо өрөвдөөд, “Миний охин дуртай мэргэжлээ сонго доо” гэсэн юм. Маргааш нь бөөн баяр, сонгосон сургууль дээрээ очсон ч өндөр шалгууртай урлагийн сургуулиуд намайг юу гэж хүлээх билээ. Аль хэдийнэ бүртгэл, элсэлт нь дууссан байсан. Гэсэн ч бүжигчин болж чадахгүй бол сэтгүүлч болно гээд сэтгүүлзүйн салбарт нэр хүндтэй хувийн сургуульд элсэн суралцаж, сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэн.

-Тэгвэл мэргэжил нэгтэй улс байна. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ? 

-Их сургуулийн II курст байхдаа ажлын гараагаа “Эрүүл мэнд инээмсэглэл” гэсэн эрүүл мэндийн сэтгүүлээс анхны ажлаа эхэлж байсан. Үүнийхээ дараа одоогийн “Масс агентлаг”-ийн “Инфо ТВ” сэтгүүлд сэтгүүлч редактороор ажилласан. Хамгийн сүүлд 2018-2020 оны хооронд АШУҮИС-ийн Олон нийттэй харилцах, хэвлэлийн алба хариуцан ажиллаж байсан. Мэргэжлээрээ ажиллах энэ бүх хугацаанд их зүйлд суралцсан. Мөн бүжгийн урлагт ойр хэвээрээ явсан. Сэтгүүлч мэргэжлийнхээ хажуугаар бүжгийн төвд цагийн багш хийж, бүжгийн урлагт өмнөхөөсөө ч илүү хайртай болсон. Мөрөөдлөө биелүүлэх сэдэл эндээс эхэлсэн. 

-“Цацрал” төв хэзээ нээгдсэн бэ. Одоо хэр олон үйлчлүүлэгчтэй вэ?

-Хүүхэд насны минь хүсэл мөрөөдөл сэтгэлийн мухарт бөхөлзсөөр нэг л өдөр мөрөөдлөө биелүүлж, энэ төвийнхөө үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ хүртэлх цаг хугацаанд бас бишгүй олон зүйлийг даван туулсан. Багын мөрөөдөл байсан ч сэтгүүлч мэргэжлийг сонгосон учраас бүжгийн төвтэй болох нь биелэшгүй мөрөөдөл болоод хувирчихсан байсан. Орой унтахдаа л боддог мөрөөдөл минь байв. Сэтгүүлч мэргэжилдээ дуртай байлаа. Хоёрт, санхүүгийн асуудал тулгарч байсан. Гуравт, “Би чадах болов уу” гэсэн эргэлзээ байсан учраас олон жил юуг ч өөрчлөөгүй явсан. Тэгээд цар тахал, КОВИД-ын үед энэ мөрөөдлөө дахиад хоёр жилээр хойшлуулсан.

Харин энэ үед нөхөртэйгөө танилцаж, гэр бүлийн амьдрал зохиож, хамгийн сайн ээж болохыг хүссэн. Гэвч хүний амьдралд хүсэл, хясал хоёр ээлжилдэг гэдэг шиг хүсэн хүлээж байсан бяцхан үр минь нэг л өдөр ирж бас нэг л өдөр буцчихсан. Энэ өдрүүд минь надад баяр гуниг хоёрыг хослуулж, маш их зүйлийг ойлгож ухааруулсан. Гэсэн ч КОВИД-ын вакцинаас болсон уу, миний биеийн дархлаанаас болсон уу, нэг л өдөр өсөлтгүй болчихсон. Үүнээс болж маш их хямарсан. Олон бүсгүйчүүдийн нэгэн адил олон хоног уйлж хямарч сэтгэл гутралд орсон. Тэгээд  хэдхэн сарын дотор 10 кг жин нэмж, ямар ч амьдралын идэвхгүй болсон. Нэг өдөр өөрийгөө толинд харахдаа урьдын эрч хүчтэй, мөрөөдөмтгий Цацрал байхгүй болсныг анзаарсан. Би өмнө нь үргэлж өндөр өсгийт, бариу даашинз өмсдөг бүсгүй байсан. Тэгээд өөртэйгөө тэмцэх нэг аргыг бодож олсон. Тэгээд олон жил хойш тавьсан мөрөөдлөө биелүүлж, өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэж бодсон. Энэ бодол минь надад төсөөлшгүй их эрч хүчийг өгч хоёрхон сарын дотор “Цацрал” төвийнхөө үйл ажиллагааг эхлүүлж байсан. Одоо бүх үйл ажиллагаа жигдрээд тогтмол үйл ажиллагаатай байнгын үйлчлүүлэгчтэй болсон байна.  

-Одоо та үнэхээр үзэсгэ­лэнтэй харагдаж байна. Огцом жин нэмсэн гэж хэлэхээр­гүй байна. Богино хуга­цаанд өөрийгөө яаж ингэж өөрчилж чадсан юм бэ?

-Хичээл эхэлсэн эхний сард өөрөө тарган байдаг, хичээлээ орох хэрэгтэй болоод байдаг. Тэгээд өөрийгөө богино хугацаанд нэлээд шахаж хичээллэж, бүжгийн дасгал хөдөлгөөн идэвхтэй хийсэн. Одоо бүх зүйл цэгцэрсэн байна. Тийм болохоор биднийг зориод ирсэн охид бүсгүйчүүд, хүүхэд залуус, ахмад настнууд хэн бүхнийг бүжгийн урлагаар дамжуулан галбиржуулан тураахаас гадна сэтгэлзүйн хувьд бүх талаар нь дэмжиж ажиллаад, өөдрөг гоё сайхан нэгэн болгохын төлөө хичээн ажиллаж байна.

-Танай төв бүх насныханд бүжгийн хичээл заадаг юм уу. Учир нь ахмад настнуудад үйлчилдэг төв бараг байхгүй шүү дээ?

-Манай төв олон төрлийн үйлчилгээтэй. Жишээ нь, галбиржин тураах зумба бүжиг, хүүхдийн бүжгийн анги, гоо сайхан, маникюр, сормуус артист, эмчилгээний бариа засал гэсэн цогц үйлчилгээг санал болгодог. Бидний гол зорилго бол завгүй хэн бүхэнд олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг олгодог. Цацрал төвд манайд хандсан хэн бүхэнд уян хатан нөхцлийг санал болгодог. Ахмад настнуудад ч гэсэн нээлттэй үйлчилж байгаа.

-Биднийг сая орж ирэхэд маш олон охид бүсгүйчүүд, ахмад настнууд бүжиглэж байхтай таарсан. Хамгийн гол нь биелэгээ хийж байгаа хүн олон байх юм?

-Хүн бүрийн хүсэл сонирхол өөр. Залуу охид бүсгүйчүүд зумба бүжиглэх сонирхолтой байхад ардын урлаг сонирхох хүүхэд залуус, бие биелэгээ хийж, үе мөчний өвдөлт зовиураа арилгах хүсэлтэй өвөө эмээ нар ч байдаг. “Цацрал” төв маань зумба бүжгийн хувьд латин суурьтай буюу салса самба, чача, самба бүжгээр хослуулан ордог учраас илүү их эрч хүчийг бүсгүйчүүдэд өгч чаддаг. Мөн монгол бүжиг бий биелгээг ордог учраас манайхаар ирсэн бүсгүйчүүд сэтгэл ханамж их өндөр байдаг. Бидний баримт­ладаг гол зарчим бол тухайн үйлчлүүлэгчдээ амьдралын зөв хэвшил суулгах, бүжигтээ явахаа больсон үед ч эргээд жин нэмэхгүй байх тал дээр нь анхаарч ажилладаг. Ер нь бол бид богино хугацаанд хэт их жин хасахыг дэмждэггүй аль болох эрүүл нормал хэмжээ буюу сард 3-5 кг хасах зорилго дор тухайн хүнд тохирсон тусгай хөтөлбөрийг боловсруулан хамтарч ажилладаг. Биеийн хөдөл­гөөн, бүжгийн урлаг, хоол­лолт гээд олон зүйл дээр анхаар­даг. Үр дүн ч сайн гардаг.

-Хүмүүс таныг бага насны хүүхдүүдэд маш сайн сэтгэл заслын үйлчилгээг үзүүлдэг. Хүүхдийн сэтгэлзүй, бие галбирын хөгжил, өөрийгөө нээх ур чадвар зэрэгт сайн анхаардаг гэж ярьдаг юм байна лээ? 

-Хүүхдийн бүжгийн анги маань эвсэл сайжруулах болон мэргэжлийн бүжгийн анги гэж хоёр ангиллаар хүүхдүүдээ сонгож авдаг. Эвсэл сайжруулах ангийн хувьд бүрэг ичимхий, өөрийгөө илэрхийлэх чадамж сул хүүхдүүдийг авдаг. Учир нь манай бүжигт явснаар хүүхдийн авьяас чадварыг нээхээс гадна хувь хүний төлөвшил, өөрийгөө илэрхийлэх чадвар тал дээр нь багш нар нь давхар ажиллаж өгдөг.

Нэг ёсондоо урлагаар дамжуулж хүүхдэд гоо зүйн мэдрэмж, авьяас чадвар аль алиныг нь олгож байна гэсэн үг.

Харин мэргэжлийн бүжгийн ангид авьяас, хүүхдийн хүсэл тэмүүлэл, биеийн цогц байдал гэх мэт чадварыг харж сонгож авдаг. Биднийг зорьж ирсэн хүүхэд бүрт бие бялдрын хөгжил, сэтгэлзүйн боловсролыг хамт олгохыг хичээдэг.

-“Цацаа багш хүүхэдтэй их сайн тулж ажилладаг. Манай хүүхэд нүүрэмгий цовоо, урлагт хайртай болсон” гэж ярих ээжтэй таарсан. Та өөрөө айлын хэд дэх хүүхэд вэ. Дороо олон дүүтэй юу?

-Би эхээс дөрвүүлээ. Дээрээ нэг эгч, хоёр ахтай, айлын бага охин. Аав ээж эгч ах нар маань ганц охин дүүгээ бүгд л энхрийлж өсгөсөн. Одоо тусдаа гарсан болохоор нөхөртөө л эрхэлдэг болсон. Ер нь хүнд хэцүү бүх үеийг гэрийнхэн, ханийнхаа ачаар давж гарсан. Тэр бүр хайртай шүү гээд хэлээд байдаггүй ч та нарынхаа ачийг хариулах юмсан гэж үргэлж хичээдэг шүү гэдгийг танай сониноор дамжуулан хэлье. Би өөрөө сайхан аав ээж, ах эгчийн хайрыг мэдэрч өссөн. Айлын хамгийн бага учраас хүүхдийн сэтгэлзүйг тэр хэрээр сайн ойлгож, хамтарч ажилладаг.

Бүрэг ичимхий, даруу төлөв гэж өөрсдийгөө хязгаарласан олон хүүхдийг сэтгэлзүйн хувьд өөрчилж, авьяас чадварыг нь нээж, нүүрэнд нь баяр баясгалын тодруулж нүднийх нь галыг асааж чадсандаа баяртай байдаг. Цаашдаа ч бас олон хүүхэд залуустай хамтарч ажиллана гэж боддог. 

Б.САНДАГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top