Б.Дамдинсүрэн: Хүний гэрлэн бүрхүүлийг био энерги буюу нил улаан туяагаар нөхнө

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 01 сарын 20

Био энергийн судалгаа, эмчилгээний үндэсний хүрээлэнгийн харьяа “Альтернатив” нэгдсэн эмнэлгийн захирал Б.Дамдинсүрэнг “Өглөөний зочин”-оор урилаа.


-Био энерги, энергийн эмчилгээтэй монголчууд танилцаад 10 гаруй жил өнгөрчээ. Хорт хавдар өвчнийг эдгээдэг гэж хүмүүс хошуурах болсон энэ эмчилгээний тухай ярилцлагынхаа эхэнд тодруулъя?

-Био энерги гэдэг үг нэлээн олон жилийн өмнөөс монголчуудын үгийн сан дотор байсан. Монголчууд инээсэн хүн сайн энергитэй, уурласан нь муу энергитэй гэх мэтээр хэлэлцдэг байсан даа. Тэгэхээр энергийн талаар нэг ийм хэмжээний үнэмлэмжтэй байсан. Үүнийг өөрчилсөн хүн бол манай ээж юм. Био энергийн судалгаа, эмчилгээний хүрээлэнгийн Б.Пүрэвсүрэн гэхээр хүмүүс андахгүй. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, альтернатив анагаах ухааны анхны доктор, шинжлэх ухааны доктор хүн байдаг. Био энергийн эмчилгээг 2001 онд Монголд анх үндэслэн гаргаж ирж, түгээн дэлгэрүүлсэн ийм хүн. Түүнээс хойш өнөө хүртэл 23 жил болж байна. Энэ хугацаанд бид маш олон хүнийг эмчилж эдгээсэн. Энэ зам гэхдээ дардан байгаагүй.

-Яагаад?

-Тухайн үед Монголын эрүүл мэндийн салбарын бодлого, бичиг баримтад био энергиэр хүн эмчилнэ гэдэг үг өгүүлбэр байгаагүй. Тэгэхээр нэлээн хаалттай буюу хүмүүс ойлгоход хэцүү сэдэв байсан. Тэр цагаас өнөөдрийг хүртэл 23 жил өнгөрчээ. Дээр нь бид итгээд ирсэн, ирээд эмчлүүлсэн хүмүүсийг бүгдийг нь сайн эмчилсэн гэж бодож байна. Энэ 23 жилийн дотор бид маш олон хүнд хэцүү зүйлүүдийг даван туулсан. Ингээд “Альтернатив” нэгдсэн эмнэлгийг үүсгэн байгуулаад өнөөдөр гурван жил болж байна.

-Альтернатив анагаах ухаан гэдэг үг, энэ ойлголт шинэлэг сонсогдож байна. Гэтэл та бүхэн энэ эмчилгээний аргыг нэвтрүүлж, эмнэлэг хүртэл байгуулсан байна шүү дээ?

-Альтернатив анагаах ухаан гадаадын улс орнуудад аль эрт хөгжөөд ирсэн зүйл. Тэгэхээр Монголд үүнийг дэлгэрүүлэхэд буюу анхдагч нь яагаад болов гэж асууж болох юм. Өнөөдөр Европын анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан хоёр дэлхийд зонхилж байна. Тэгвэл гуравдагч нь юу вэ гэвэл альтернатив анагаах ухаан юм.

-Альтернатив Отгоо гэж дуучин Монголд бий. Альтер­натив эмнэлэг, эмнэлзүй, анагаах ухаан гэхээр монголчууд сайн ойлгохгүй байна шүү дээ. Альтернатив анагаах ухаан гэдгийг та энгийн үгээр тайлбарлаж өгнө үү?

-Альтернатив гэдэг нь эм тарианаас жаахан хол, ерөн­хийдөө био энерги тал руу байх нь, бусад зүйлүүдээр гэвэл бясал­гал, иог, энергиэр эмчлэхүй, хөгж­мөөр эмчлэхүй гэх мэт ер нь эм тарианаас бусад зүйлүүдээр эмчилж байгааг альтернатив ана­гаах ухаан гэж нэрлээд байгаа юм.

-Альтернатив анагаах ухааныг хөгжүүлэхийн тулд та бүхэн ямар аргуудыг хэрэглэж байна вэ?

-Энэ бүхнийг Монголд хөгжүүлэхийн тулд юу хийж байна гэхээр жишээ нь би бол уламжлалтын эмч хүн. Тэгэхээр уламжлалт анагаах ухаанд үздэг хий шар бадгана гэдэг зүйл дээр энерги гэдэг зүйл маань нэлээн ойрхон орж ирдэг. Энэ бүхэнд үндэслэн альтернатив анагаах ухааныг хөгжүүлээд явж байна. Манай эмнэлэг уламжлалт анагаах ухаан, европ анагаах ухаан, энерги, физик эмчилгээ гэсэн эмчилгээний дөрвөн аргыг хослуулан хүмүүсийг эмчилдэг. Дээр нь зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, лекц гээд эмнэлэгтээ шинэ соёлыг нэвтрүүлж байна.

-Тэгэхээр гол онцлог нь цогц эмчилгээ, өөрөөр хэлбэл хүн тус бүрийн онцлогт тохирсон чиглэсэн эмчилгээ байх нь ээ. Ингэж ойлгож болох уу?

-Тэгэхээр, ийм байгаа юм, Европын анагаах ухаан болохоор эрхтэн системийн тогтолцоонуудыг нэг нэгээр нь салгаж аваад эмчлээд байдаг. Бөөрний эмч гэхэд таны бөөрийг тэр эмч эмчлэх нь байна. Нүд гэхээр нүдний эм эмчлэх нь. Элэг гэхээр мөн элэгний эмч л эмчилнэ. Уламжлалт анагаах ухаан бол ингэж салгах нь бага. Гэсэн атал дутмаг тал ч бас бий.

Альтернатив анагаах ухаанаар яаж эмчилж байна гэхээр нэг хүнд суурилсан анагаах ухааныг гаргаж ирэх гээд байгаа юм. Тухайлбал, таны ходоод өвдлөө гэхэд дотрын тасагт ганцхан эмч үзээд эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх биш, альтернатив анагаах ухаан дотор бүх эмч нар байна. Уламжлалт нь, европ нь, энергийнх нь, физик эмчилгээнийх нь бүгд байгаад оношийг нь тодруулж эмчилж байгаа юм. Тэгэхээр бид маш олуулаа сууж байж тухайн хүнд оновчтой зөв эмчилгээг, таны асуусанчлан чиглэсэн эмчилгээг нь гаргаж ирж эмчилж байгаа юм. Энэ анагаах ухааныг альтернатив анагаах ухаан буюу Монголд цоо шинэ анагаах ухаан гэж нэрлээд байгаа юм.

-Танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд дотроо сувиллын хоолтой, хоол нь хүртэл эмчилгээнийх байдаг гэж үйлчлүүлэгчид ярилаа?

-Хоол зүй, зөв хооллолт эмчилгээ хоёр салшгүй холбоотой юм. Бүх газар ийм байна. Уламжлалт анагаах ухаан дотор ч идээ ундаа, явдал мөр гэж байгаа. Европ анагаах ухаанд ч гэсэн хоолзүй, зөв хооллолт гэж байгаа. Тэгэхээр хоолзүй бол туслан дэмжих эмнэлгийн үйл ажиллагаанд заавал байх ёстой зүйл. Жишээ нь, тухайн хүний биеийн жингийн индексээс шалтгаалж, эсвэл өвчлөлийн байдлаас болж ямар хоол өгөх вэ, өдөрт идэх хоолны уургийн бүтэц ямар байх вэ, витамины агууламж нь ямар хоол идүүлэх вэ. Энэ нь илүүдэх юм уу, дутах юм уу гэдгийг нарийн гаргаж ирж байгаа.

-Танай эмнэлэг үйлчлүү­лэгчдийнхээ хэвтэж буй тасагт Био энергийн судалгаа, эмчилгээний үндэсний хүрээ­лэнгийн “Номын сан”-гийн цувралаар гаргасан ном, сурах бичиг, гарын авлагуудыг байршуулж, эрүүл мэндийн боловсрол олгоход анхаардаг юм байна. Хүмүүс аура буюу гэрлэн бүрхүүл гэж их ярьдаг. Энэ гэмтвэл өвчин ороодог гэлцдэг үг ортой болохыг эдгээр номоос олж уншлаа. Гэрлэн бүрхүүл гэмтвэл хүний физик бие өвддөг гэдгийг товч тайлбарлаж өгөөч?

-Ер нь бол та нэлээн зөв ойлголтыг авсан байна. Ном, гарын авлагын тухайд био энергийн эмчилгээ Монголд бий болоод 23 жил болж байгаа учраас бид өөрсдийн хийж байгаа судалгаа, үр дүнгүүдийг цаасан дээр буулгаж, ном, бүтээл болгох, түгээн дэлгэрүүлэх ажлуудыг хийж байдаг. Био энергийн судалгаа, эмчилгээний үндэсний хүрээлэн маань өөрөө Хүн судлалын үндэсний төвтэй нягт холбоотой ажиллаж ирсэн. Олон жилийн судалгааны үндсэнд хүнээс төрмөл нил улаан туяа, өдөөгдсөн электроны шарлагаар хорт хавдрыг анагааж буй эмчилгээ, шинжлэх ухааны нотолгоог бидэнд гаргаж өгсөн. Бидний гараас юу гараад байна вэ гэвэл нил улаан туяа. Тэгэхээр энэ нил улаан туяагаар тэр гадна талын гэрлэн бүрхүүл буюу аура гээд яриад байгаа зүйлийг нөхөж өгч байгаа юм. Энэ нь  алдагдсан эд эрхтний энергийг нөхөж өгч байгаа юм. Тэгэхээр энергийн эмчилгээ гэдэг зүйл бусдаас ялгарч байгаа тэр нил улаан туяаны хүчээр хийгдэж байна гэсэн үг.

-Энергийн эмчилгээ гээд ярихаар Монголд олон байна лээ. Лаагаар эмчилнэ, усаар эмчилнэ, өөр яана яана гэчихэв дээ, зөндөө олон юм байна лээ?

-Тэр болгоныг үгүйсгэх аргагүй. Би тэр хүмүүсийг үгүйсгэхгүй. Харин бид бол нэг том уулын орой руу хоёр талаас нь авирч байгаа тийм л хэлбэр юм гэж хардаг. Гэхдээ тэр хэлбэрүүд их зөв байж, нэг нэгнээ дэмжээд явбал зорьж яваа тэр том оргилдоо хүрнэ. Энергийн үүднээс тайлбарлавал хүн бол 6-7 давхар гэрлэн бүрхүүл дотор байна гэж үздэг. Үүнийг шинжлэх ухаан ч тэгж үзэж байгаа, аура буюу гэрлэн бүрхүүл судалж байгаа хүмүүс ч тэгж үздэг. ОХУ-ын Коротков гэж эрдэмтний зохиосон 10 хурууны өндөгний хээгээр, тухайн эрдэмтний зохиосон аппаратаар бид үзэж байгаа. Түүгээр дамжуулан тухайн хүний эрхтэн системийн тогтолцоон дээр ийм зүйлүүд гарч ирж байна гэдгийг гаргаж ирж, үзэж оношилдог. Тэр үндсэнд эмчилгээ хийдэг.

-Энерги гэдэг зүйл байгаа, байхгүйг яаж мэдэх вэ?

-Энерги гэдэг зүйл гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй, тиймээс хүмүүст ойлгуулахад маш хэцүү зүйл. Тэгэхээр хүмүүс худал яриад байна уу, хүн хулхидаад байгаа юм уу гээд эргэлздэг. Та ч гэсэн гараад үүнийг хүнд ярихаар ойлгуулж чадах уу?

-Чадахгүй юм байна аа?

-Тийм байгаа биз. Хүмүүс ойлгохгүй, ойлгуулахад маш  хэцүү. Энерги гэж юу вэ гээд гайхна, асууна. Тэгэхээр тасагт Био энергийн судалгаа, эмчилгээний үндэсний хүрээлэн гэж 200 гаруй хүнийг эмчилж байгаа том төв бий, та бүхэн тэнд очиж  үзвэл бас ч гэж ерөнхий ойлголт авах байх.

-Танай эмнэлэг монгол­чуудын Био энергийн “хатан хаан”, Ногоон дарь-Эх гэж хүндлэгдсэн, хорт хавдартай хүмүүсийг эмчилж эдгээдэг гэж алдаршсан Пүрэвсүрэн докторын үүсгэн  байгуулсан эмнэлэг юм байна. Хорт хавдраар өвдөж насгүй болсон гэж танай ээжид анх хандсан хүмүүсээс одоо амьд мэнд яваа хүн хэр олон бол?

-Байна аа, одоо жишээлбэл, хамгийн удаан эмчлүүлж байгаа хүмүүс гэхэд л жил болгон оны эхэнд уулзаж, багшдаа золгоно гээд ирцгээдэг. Хүмүүсийг харж байхад хорт хавдрын нэгдүгээр шатанд байгаа үедээ мэдээд  ирж үзүүлсэн тохиолдол бараг л байхгүй. Тэр хүмүүс яадаг вэ гэхээр европын анагаах ухаан, ХСҮТ-д хандаж, эсвэл Сонгдо, Интермед гээд том эмнэлгүүдээр үзүүлж, эмчлүүлж явж байгаад тэндээс “За уучлаарай, бид хийх юмаа хийчихлээ. Хар бор арга, уламжлалт анагаах ухаан юу байна, тэрүүгээр яв даа” гэхээр л биднийг сонгоод ирдэг. Яг ингээд ирсэн, ХСҮТ-өөс хөнгөвчлөх эмчилгээний заалттай 500 гаруй хүн манайд хандсан байдаг. Тэр хүмүүсээс одоогийн байдлаар 200 гаруй нь амьд мэнд, дээд тал нь 22 жил болсон хүн  байна. Саяхан шинэ оны эхээр тэр хүмүүсийн төлөөлөл амьд мэнд үлдсэн баяраа тэмдэглэнэ, багштайгаа уулзана гээд ирсэн. Хөдөө аймаг, сумдаас зарим нь ирж амжаагүй. Саяын уулзалтад 11 хүн ирсэн. Тэдний хамгийн дээд тал нь 18 жил болсон, тэгээд 14, 13 жил болсон гэсэн хүмүүс байна. Бүгдээрээ  хамтдаа  дурсгалын зураг авахуулж, баяраа тэмдэглээд явсан. Био энергийн судалгаа, эмчилгээний үндэсний хүрээлэн бол нэг удаа 240 хүн суух том заалтай. Аливаа зүйл баримттай байвал үнэнд ойрхон шүү дээ. Сэтгүүлч та бүхэн  өөрсдөө тэнд очвол нүдээр харж, биеэр мэдэрвэл зүгээр байх. Дараа тийшээ очоод үзээрэй, хүмүүстэй уулзаж ярилцаарай гэж хэлэх байна.

-Пүрэвсүрэн докторын хувьд аав, ээж нь гүртэн удамтай хүн гэж сонссон. Мөн удам дамжсан энергитэй хүн юм байна гэж ойлгосон. Тэр генийг хүүхдүүд нь бүгд өвлөсөн үү. Жишээ нь, та бол био энергийн чиглэлээр ээжтэйгээ хамт олон жил ажиллаж ирсэн юм байна лээ?

-ОХУ-ын Петербург хотод жил бүр “Цагаан шөнө” гэж том хурал чуулган зохиогддог байсан юм. Дэлхийн эрдэмтэд нэг жилийн дотор юу хийв, цаашид юу хийх гэж байна. Хүн төрөлхтний түүхэнд гоц гойд юу хийв гэдгийг тайлагнадаг хурал юм. Бид Хүн судлалын төвтэй хамтран тэр хуралд 3-4 удаа очиж илтгэл тавьж байсан. Тэнд дэлхийн олон орны эрдэмтэд биднийг маш их сонирхож байсан. Нил улаан туяа буюу энэ зүйлээр дэлхий нийтэд эмчлэгдэхгүй байгаа хорт хавдар гэдэг өвчнийг анагааж чадаж байна гэхээр гайхаж байсан.

-Танай ээжийг ид шидтэй хүний удам, тэр ген нь  өвлөгдсөн үү гэж би асуугаад байгаа юм. Шавь нар нь хэлсэн байсан “Манай багш хүний бодол санааг уншчих­даг, зүүдээрээ мэддэг” гэж?

-Энэ хүн зүүд зөнгөөрөө маш их юм мэддэг юм байна, тэгэхээр зүүд зөнг нь сайн судлаарай гэж судлаачид хэлж байсан. Манай ээжийн аав Завхан аймгийн Отгон сумын уугуул Мөнх тайжийн хүү Бэгзжав гэж хүн байсан. Харин эмээ Баянхонгор аймгийн Баянбулаг, Хүрээмарал сумын заагт төрсөн, аав нь Лхасүрэн тайж гэж хүн байсан. Лхасүрэн тайжийн аав нь Балжин гүртэн гэж хүн байсан гэдэг. Тэгэхээр манай удам бол  нэлээн холоос хаясан чулуу гэж ойлгож болно. Ардчилсан нийгэмд хүнийг чөлөөтэй судалдаг, ээж аав нь ямар хүн бэ, хүн эмчлэх чадвартай юу, ямар хүн бэ гээд... Тэгэхээр манай эмээ, өвөөгийн гарал үүслийг аваад үзэхэд тийм хүмүүс байж гэдгийг би сая хэллээ. Таван хошууг хариуцсан оточ маарамбууд байсан гэж эмээ минь ярьдаг байсан. Тэгэхээр одоогийн бидний ойлгодгоор эмч гаралтай хүмүүс байсан юм болов уу гэж эмээ минь хэлж байсан.

-Та аав, ээжээс хэдүүлээ вэ, танаас бусад нь ямар мэргэжил эзэмшив?

-Бид ээж, ааваас гурвуул. Би бага нь. Био энергийн судалгаа, эмчилгээний үндэсний хүрээлэнд ажиллаад 20 жил болж байна. Бидэнтэй хамт эгч маань бас энерги өгдөг. Миний хувьд нэлээн хожуу сургууль төгссөн, одоо бол уламжлалтын их эмч. Үргэлжлүүлээд сурч байгаа. Хүн байнга л суралцаж байдаг болохоор цаашдаа ч сурах байх.

-Танай эмнэлэг хатуу шаардлага тавьдаг, өөрийн гэсэн дэгтэй юм байна. “Гар утас ухаж болохгүй” гэж  өвчтөнүүдэд гурван удаа сануулаад хураагаад авчихаж байна?

-Ямар ч байгууллагад дотоод дүрэм журам гэж байдаг шүү дээ. Бид эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэдээ зориулсан дүрэм журам гаргаж ирнэ шүү дээ. Та бүхэн ажигласан байх, “Альтернатив” эмнэлгийн үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөр гэж бий. Энэ хөтөлбөр дээр бид өвдөж байгаа хүмүүс, өвдөхөөс урьдчилан сэргийлэх тухай ярьж, тайлбарлаж, зөвлөгөө өгч байгаа. Ийм эмнэлэг өнөөдөр Монголд байхгүй. Өнөөдөр хүний хамгийн их энергийг сорж байдаг зүйл бол сошиал ертөнц буюу долгион дамжуулагч  гар утас. Тэгээд телевиз, компьютерээр дамжин түрүүн миний ярьсан хүний гэрлэн бүрхүүл, аураг сороод байдаг. Тэгэхээр би асуудаг үйлчлүүлэгчдээсээ “Та яах гэж эмнэлэгт ирсэн бэ” гэж. Жишээ нь, та гэхэд л эмнэлэгт яах гэж ирэх вэ?

-Мэдээж эрүүл болох, өвчнөө эмчлүүлж эрүүлжих гэж л эмнэлгийг зорьж ирнэ, хэвтэж эмчлүүлнэ л дээ...

-Хариулт нь энэ шүү дээ. Эрүүлжихийн тулд хүн яах ёстой вэ гэхээр дотоод журмаа баримтлах ёстой. Гар утсыг хэзээ ч ухна шүү дээ. Гэртээ ухаад байж болно. Тэгвэл эмнэлэгт байх хугацаандаа гар утаснаас бага боловч хөндийрөөд, ном зохиол уншиж, дасгал хөдөлгөөн хийж, энэ дотор нэг харилцаа үүсэх ёстой, тийм биз. Бүгд тал тал тийш харж суугаад утсаа ухаад байх юм бол хүний харилцаа үүсэхгүй. Манай зарим эмч хүмүүсийг хөзөр тоглуулж болохгүй, даалуу тоглуулж болохгүй, халдвар хамгааллын дэглэм алдагдана гээд байдаг. Би бол тэгдэггүй. Хэрэв бактер дамжина гэвэл, ном сэтгүүлээр ч гэсэн дамжаад халдана шүү дээ. Орчин цагт хүмүүс механик зүйлүүдээ хийж чадахаа байсан. шатар нүүхээ байгаад, даалуу, хөзөр тоглохоо байчихаад утсаа ухаад байвал төв мэдрэлийн систем гэмтэх, нөгөө энергийн зүйлүүд гэрлэн бүрхүүл нь гэмтэх, гар утас, сошиалд донтох гэгч зүйл болоод байна. Үүнийг хязгаарлах буюу нөгөө үйлчлүүлэгчдээ зориулж хийж байгаа зүйл нь гар утас ухвал сануулах, хураах. Түүнээс хэн нэгний эрхэд халдаж, утсыг нь хурааж аваад зарж борлуулж идчих гээд байгаа юм биш шүү дээ.

-Манай сониноор дамжуулан хүмүүст хэлэх нэн чухал зөвлөгөө гэвэл та юуг онцолж хэлэх бол?

-Өвдөхөөсөө өмнө эмнэлэг рүү хандаач ээ. Монгол Улсын ирээдүй болсон залуус минь гар утасныхаа хэрэглээг багасгахгүй бол эс мэдээллээр дамжих өвчин гэж байдаг юм шүү. Нэг мэдэхэд бүх зүйл хожимдсон байх вий. Өнөөдөр эд хөрөнгө, гар утас, хувцсанд байгаа бүхнээ зарцуулаад байна. Хүмүүсээ би асуудаг юм, машиндаа жилд хэдийг зарцуулж байна гэхээр том тоо хэлдэг, тэгээд эрүүл мэнддээ хэдийг зарцуулав гэхээр хариулах юм алга гэдэг.

Тиймээс өөрөө өөрийгөө хайрлаач гэдгийг хэлэх байна. Мөн хэзээ ч хамаагүй, хаана ч хамаагүй, юу ч хамаагүй идэхээ болиоч гэж зөвлөе.

Бас хүмүүст хэлэхэд, эд эрхтнээ битгий муулж байгаарай. Өөрийнхөө 70 жил юм уу, 50 жил яваад ирсэн эд эрхтэнг “Энэ муу нүд юм харахаа байлаа” гэх юм уу, “Энэ муу хөл алхаж чадахаа байлаа” гэж муулахаа болиорой. Өөрөө эрүүл мэнддээ анхаарахгүй явж явчихаад эмч, эмнэлгийг муулдгаа бас болих хэрэгтэй. Цэвэр өөрийн чинь хариуцлагагүйнх шүү дээ. Хэн нэгэн тэр өвчнийг өөрийн чинь бие дээр суулгачихаагүй. Эсвэл өөрөө хэн нэгний биед ороод яваад биш. Энэ мэт харилцаа, хандлагаа  өөрчил­чихвөл монголчууд урагшаа явна.

-Танай эмнэлгийн тухай мэдээллийг хаанаас авах вэ?

-Манай эмнэлгийн цахим хуудас фээсбүүкт байгаа: www.facebook.com/alternative.hospital

Холбоо барих утас: 70185566, 90175566, 88085566

Манай эмнэлэг эрүүл мэндийн даатгалын системд холбогдсон, магадлан итгэмжлэгдсэн, даатгалаар үйлчилдэг эмнэлэг. Манай хамт олон эрүүл мэндийн салбарынхаа ачааллаас бага ч гэсэн хуваалцахсан гэсэн хүсэл тэмүүллээр ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.140.10.204) 2024 оны 01 сарын 23

Маш сайн эмлэг шүү. Энергийн талаар ядаж нэг ном уншиж одоо цаг үеийнхээ хормойноос зүүгдсэн хойноо хүн муулаарай.

0  |  0
Tuul(202.126.91.34) 2024 оны 01 сарын 23

Uneheer sain emneleg, uursduu biyer uzeegui davj tuulaagui bj utsaar hun basaj suuhaa bolimoor yum. Energy gedeg zuil uneheer bdg, em tarianaas iluu uildeltei . Hunii tuluu gsn saihan humuustee bayarlalaa

1  |  0
hh(202.126.91.116) 2024 оны 01 сарын 22

hud sdaanuudiih bolio ii yum gej haanchbhgui

0  |  2
Илчлэгч(139.5.218.227) 2024 оны 01 сарын 23

Жинхэнэ эмнэлэгт эрт очвол эмчлэгдэх боломжтой байсан хүмүүсийг ийм л шуналууд баллаж байгаа

0  |  2
zochin(49.97.25.246) 2024 оны 01 сарын 23

yaj zahral bolson banhar be kkkk zugeer l muurdug thag nuhthuudguudii neg

0  |  2
Top