Я.Санжмятав: Малчдын сэтгэл санаа, эрүүл мэндийг анхаарах нь чухал

Б.Төрбат | Zindaa.mn
2024 оны 02 сарын 26

 

УИХ-ын гишүүн асан, Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Я.Санжмятавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Тантай уулзалгүй их удсан байна. Та ч улс төрөөс хол, чимээгүй байх болсон. Энэ ч утгаараа манай уншигчдын хувьд та их ховор, сонин зочин байх нь гарцаагүй. Одоо хаана, юу хийж байна вэ, та?

-Юуны өмнө Монгол түмний маань сар шинэ өргөн дэлгэр, сайхан болж өнгөрлөө. Нийт ард түмэндээ, ялангуяа хүнд цаг үеийг туулж яваа малчин олондоо сар шинийн мэнд дэвшүүлье. Би төрийн байгууллага, улс төрийн байгууллагад ажиллаж байгаад сүүлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажилласан. Одоо бол Завхан аймгийнхаа Нутгийн зөвлөлийн дарга, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байна. Дээр нь, намдаа болон намынхаа  зарим улстөрчдөд санаа оноогоо хэлж, тэдэнд зөвлөх ажил хийж байна. Зарим хүн намайг нам гүм байна гэж хэлдэг. Гэхдээ энэ болохоо байлаа, тэр ингэлээ гээд явах нь зохимжгүй. Тийм зан араншин ч надад байхгүй.

-Энэ жил өвөлжилт хүнд байлаа. Үргэлжлүүлээд хаваржилт ч хүндэрлээ. Малчид хэдэн малаа авч үлдэхийн тулд байдаг бүх л аргаа хэрэглэсэн ч сөхөрч байгаа нь харагдаж байна. Та Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Малчдын зовлон, жаргалын мэдэх хүн шүү дээ?

-Дэлхийн цаг уурын байгууллагаас өвөлжилт хүндэрч, зудын байдалтай хавартай золгох нь гэдэг дохио их эрт өгч байсан. Монгол Улсын Засгийн газар болон бусад холбогдох байгууллага бэлтгэлээ базаасан л байж таарна. Гэхдээ сэтгэлд хүртэл базаасан гэвэл үгүй. Нөгөө талд малчид ч гэсэн малаа эргэлтэд оруулах гэж хичээсэн ч бүгдийг нь нядлаад хотоо харлуулна гэж бодохгүй шүү дээ. Өөрсдийнхөө хэмжээнд л өвс, тэжээлээ бэлтгэсэн байх. Тэрийгээ ч дуусаж байх шиг байна. Малыг хорогдол их байна.

-Цаг агаар эрт хүйтэрч, цас ч их эрт уналаа. Энэ бүх хүчин зүйл нөлөөлөх шиг боллоо?

-Тэглээ. Цас эрт унасан. Олон жилийн дунджаас илүү хүйтэрч, салхи шуургатай байлаа. Олон удаа онцгой нөхцөл байдал тохиолдсон жил болсон. Мэдээж малчид маань малаа, хөрөнгөө алдсан. Одоо ч алдсаар байна. Монгол Улсын эдийн засгийн гол тулгуурын нэг нь мал сүрэг. Тэдгээрийг авч явдаг малчин түмний эдийн засаг, амьдрал хүндрэх нь улс оронд сөрөг үр дагавартай. Тэр хэмжээгээрээ л ядуурна гэсэн үг. Хэдэн малаа алдаж, амь зуулгаасаа сална гэдэг хэцүү. Гэхдээ тэрнээс хэцүү зүйл бол хүний асуудал юм. Өнөөдөр хотоо харлуулсан малчин түмний сэтгэл санааг өөдрөг байлгах, засахаас эхлээд эрүүл мэндэд нь анхаарах асуудал төдийлэн яригдахгүй байна. Энэ бол хамгийн чухал зүйл юм.

Би Завхан аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан. Миний ажилласан дөрвөн жил амар байгаагүй. Зундаа гантай, өвөлдөө зудтай он жил байсан. Тэр хүндхэн цаг үед малчдынхаа дунд л орж ажилласан. Зуднаар малаа алдсан айл хотоор орох амаргүй, хэцүү шүү дээ. Гэрийн эзэд нь уйлаад суучихдаг, дуугардаггүй. Хатуухан хэлэхэд хэдэн малаа алдаж хотоо харлуулсан малчид амиа хорлоход бэлэн, ойрхон байдаг.

-Цагаа тулахаар хүний сэтгэл зүй гэдэг чинь их өчүүхэн зүйл байдаг. Ялангуяа насаараа малаа дагаж түүгээрээ амьдарч ирсэн хүмүүс амьдралынхаа эх үүсвэрээс сална гэдэг амаргүй. Хэн ч тийм нөхцөл байдалд орох л байх?

-Тийм ээ, үнэн. Сэтгэл зүй нь маш тогтворгүй болдог. Нэг настай хөгшин байсан. “Хэдэн хүүхэд маань намайг зулгааж амьдрах биш. Энэ хэдэн малаа л зулгааж амьдарна. Ингэж байхаар хойд уул руугаа явдаг юм бил үү” гэж ярьж байсан. Тухайн үед тэр хөгшнийг эмнэлэгт хэвтүүлж, сэтгэл санааг нь засаад явуулж л байлаа. Энэ мэт зүйл битгий болоосой л гэж бодож байна, хэцүү шүү дээ. Тиймээс зудтай тэмцэх, хохирлыг багасгах, барагдуулахаас дутуугүй зүйл бол малчдын сэтгэл санаа. Энэ бол эхний ээлжид анхаарах ёстой асуудал зайлшгүй мөн юм. Үүнийг алхам тутамдаа, байгаа газарт болгондоо бодож байх хэрэгтэй. Цаг хүндэрдэг ч зун болно. Намар болно. Өөрөөр хэлбэл, амьдрал үргэлжилнэ. Эрүүл саруул, эсэн мэнд л байвал мал нь өснө гэдэг өөдрөг үзлийг өөртөө болон хажуу хавиргандаа байгаа хүмүүст хэлж байх хэрэгтэй. Бараг л бүх хүний үүрэг болчихоод байна. Малчид хариу нэхдэггүй. Хариу нэхдэггүй тус гэж бий. Хэцүү цагт нь малчдаа хайрлах хэрэгтэй. Энэ цаг үед бүх хүн тэдэндээ эрвийх дэрвийхээрээ туслах л хэрэгтэй байна.

-Засгийн газраас малчдын зээлийн эргэн төлөлтийг ирэх зургаадугаар сар хүртэл хойшлуулахаар болж байх шиг байна. Шадар сайд тэргүүтэй албаныхан Монголбанк болон арилжааны банкуудын удирдлага, дарга нартай уулзаж шийдэлд хүрэх шиг боллоо. Харин танай АН-ын зарим гишүүнээс малчдын зээлийг тэглэх асуудлыг хөндсөн. Ингэхдээ УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, малчдын зээлийг тэглэх асуудлыг шийдвэрлэхийг шаардлаа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ бол маш чухал зүйл. Үүнийг АН, эсвэл сонгууль гэж харж огт болохгүй. Улс төр хийхгүйгээр хэн, юу санаачлав тэрийг дэмжих ёстой. Монголын парламент Ажлын хэсэг гаргаж, тодорхой шийдвэрийг гаргах хэрэгтэй. Яах вэ, зээлтэй малчдын зээлийг нэг удаадаа тэглэх нь нэг л асуудал нь. Харин жижиг, том гэлтгүй мал дээр байгаа малчин түмэндээ эрх тэгш, адилхан хандах нь өөр асуудал юм. Тиймээс малчдын зээлийг тэглэх асуудлыг шийдвэрлэж, дорвитойхон шиг цогц арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Тухайлбал, цагаан сарын өмнөхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ноогдол ашиг тараалаа шүү дээ. Мэдээж амь тулсан хүмүүст хэрэгтэй л байсан байх. Одоо хувьцааны хоёр дахь ноогдол ашгийг тараана гэж ярьж байна. Тэгвэл энэ мөнгийг төр тодорхой хугацааны дараа нь өгч болно шүү дээ. Тэр мөнгөөрөө малчин түмэндээ дорвитойхон шиг дэмжлэг үзүүлж болно. Хэдэн мал нь хорогдсон ч зунтайгаа золгоно. Цаашид яах вэ гэдэг нь л их чухал. Хотоо харлуулж, малаа алдсан малчдад хүнд шүү дээ. Нөгөө хэдэн оюутныхаа сургалтын төлбөрийг яах билээ. Зээлээ яах вэ гэх зэрэг асуудал бий. Энэ бүхнийг хохирол багатай л туулах ёстой. Өөрөөр хэлбэл, системтэй шат дараалсан арга хэмжээ авах хэрэгтэй л гэж хэлэх байна. Түүнээс шилний цаа­наас мөсөн чихэр долоолгож бай­гаа юм шиг зүйл яриад орхиж болохгүй.

-Нэгэнт тантай уулзсаных хэд, хэдэн зүйлийг асуулгүй өнгөрч болохгүй. Эрх барьж байгаа МАН-ынхан Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа. Сон­гуулийн тогтолцоогоо өөрчил_лөө. Парламентын гишүүдийн тоог 126 болголоо. Үр дүнд нь энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгууль бүсчилсэн тойргоор явагдахаар болж байна. Та гурван ч удаа парла­ментад сон­гогдсон улстөрч. Дээр нь, УИХ-ын дэд дарга, Засгийн газрын сайдаар хүртэл ажиллаж байсан хүний хувьд дээрх асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Парламентын гишүүдийн тоо нэмэгдэж байгаа. Үүнд ард түмэн нэг их таатай хандахгүй байгаа нь харагдаж л байна. Харин томсгосон тойрог, бүсчилсэн хөгжлийг бол дэмжиж байна.

-Завхан аймгийг Увс, Ховд, Говь-Алтайтай нэгтгэн бүсчилж, сонгуулийн хоёрдугаар тойрог болгосон. Энэ нь Монгол Улсын эдийн засагт хэр өгөөжтэй гэж харж байна вэ?

-Увс, Говь-Алтай, Ховд, Завхан гэсэн дөрвөн аймгийг нэгтгэж, нэг бүс болгоно гэдэг маш чухал, хэрэгтэй. Би парламентад гурван удаа сонгогдож ажилласан хүн. Жижиг тойрог, аймаг нэг тойрог байхад ч сонгогдож, парламентад ажиллаж л байсан. Ер нь, УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо төсөв тавиулахын тулд эдийн засаг, улсын төсвийг самарчихдаг тал бий. Магадгүй Монгол Улсын төсвийг 12 жилийн турш Сангийн яам багцлаад парламентад оруулж ирэхэд  тэрийг нь задлах гэж оролдож л байсан хүний нэг байх. Тиймээс тэр зовлонг маш сайн мэднэ. Яах аргагүй, тухайн тойргоос сонгогдсон гишүүн өөрийнхөө тойрогт нэг ч болтугай сургууль, цэцэрлэг бариулахын төлөө өөр хоорондоо уралддаг. Хэн лобби сайтай нь, хэн овсгоотой байж чадна тэр нь тойрогтоо ахиухан төсөв тавиулдаг. Түүнчлэн батлагдсан хууль, юу хийсэн зэргээ тойргийнхоо сонгогчдод л тайлагнаад явчихдаг байсан. Нэг үеэ бодоход барилга байшин харьцангуй гайгүй баригдчихсан байна. Зарим аймгийн суманд 200-хан хүүхэдтэй байж 800 хүүхдийн багтаамжтай сургууль бариулчихсан тохиолдолд ч бий. Энэ мэт зүйлийг байхгүй болгоход бүсчилсэн тойрог, бүсчилсэн хөгжил маш чухал юм. Өөрөөр хэлбэл, бүсчилсэн хөгжлийн хүрээнд улс, орны эдийн засгийг сайжруулахад дөхөм болно. Бүсийнхээ хэмжээнд томоохон үйлдвэрүүдийг барих зэргээс эхлүүлээд иргэдийн ая тух, ажлын байрыг нэмэгдүүлэхэд маш их хэрэгтэй. Нөгөө талаараа энэ нь малчид дээр ч адилхан шүү дээ.

-Тухайлбал?

-Малчид зуд, ган гачиг болж хүндрэхээр өөр аймаг руу отор нүүдэл хийдэг. Гэтэл сумынхан нь сум руугаа оруулдаггүй тал бий. Зэргэлдээх аймгийнхаа хилийг давж отор, нүүдэл хийнэ гэдэг асуудал маш хүнд байдаг. Харин аймгуудыг бүсчилсэн тохиолдолд нүүдлийн мал аж ахуйтай манайхны хувьд байгаль, цаг уурын хүнд бэрхшээлтэй асуудлыг давж, туулахад өвс тэжээлийг аятайхан газраасаа бэлтгээд авах, мал хуй нь хүнд байх юм бол отор нүүдлээ хийгээд явах, нэгдсэн бодлогоор ажиллахад их  үр дүнтэй. Хамгийн гол нь, эдийн засгаа хөгжүүлэхэд томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийг байгуулж ажлын байр бий болгож байж л сэргэнэ. Түүнээс зээл тэглэдэг, халамж өгдөг зүйл бол манайхныг ерөөсөө л боомилж, залхуу болгодог. Хөдөлдөггүй, бэлэнчилдэг болгодог. Халамж нь хавтгайрчихсан. Тиймээс бүсчилсэн бодлогоор сонгуулийн тойргоо хийж байгаа нь, бүсчилсэн хөгжилтэйгээ уялдуулаад явахад тун боломжтой, боломжийн зүйл л гэж харж байна даа.

-Тэгвэл баруун бүсийн хөгжлийн гол тулгуур нь юу байх вэ. Жишээ нь, говийн бүс уул уурхайгаа түшиглэнэ. Хан­­­гайн бүс мал аж ахуй, газар тариалангаа хөгжүүлж, түүнээсээ эдийн засгийн үр өгөөжөө авах нь тодорхой байх. Харин Увс, Завхан, Ховд, Говь-Алтай гэсэн дөрвөн аймгийн хөгж­­лийн гол түлхүүр нь юу байх бол. Та хэрхэн хариулах вэ?

-Баруун бүсээс УИХ-ын 10 гишүүн сонгогдоно. Энэ 10 гишүүн бодлогоо нэгтгэнэ. Тэр нь төрийн бодлого болно. Тэд баруун бүсийн хөгжлийн асуудалд нэгдсэн санаатай явах нь тодорхой. Мэдээж сонгуулийн өмнө нам, эвсэл Мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж таарна. Тогтовортой байнгын ажлын байр бүхий үйлдвэржилтийн бодлого чухал. Тухайлбал, малын гаралтай түүхий эдээ боловсруулан эцсийн бүтээгдэхүүн гаргаж, эх орондоо төдийгүй экспортод гаргах аж үйлдвэрийн парк үгүйлэгдэж байна. Намайг оюутан байхад мэргэжлийн багш нар маань малын амьсгалаас бусдыг нь ашиглах бүрэн боломжтой гэж ярьдаг байсан. Тийм учраас мал аж ахуйг ухдаг биш, үржиж арвиждаг уурхай гэж хэлж болно. Аялал жуулчлалын тойрог бий болгох, баруунд аялах додоод гадаадын жуулчдын гол бааз нь болох ёстой. Учир нь, байгаль баг уурын хувьд тааламжтэй, үзэсгэлэнтэй газар нутагтай. Хүн ардын хувьд олон ястны өлгий нутаг. Монголын нүүдэлчдийн соёлын өвийг хадгалан, хамгаалж ирсэн ард түмэн. Улсын төсөв харж суудаггүй, бие даасан эдийн засгийг хурдтай, эрчимтэй өсгөх цогц бодлого чухал байна. Ховд аймагт гэхэд “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” байна. Тэрийг хөдөлгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, баруун бүсийнхээ эрчим хүчний асуудлыг шийдчихнэ, илүүдэл эрчим хүчээ төв рүүгээ өгнө. ОХУ-аас эрчим хүчээ авдаг байдал багасна, эсвэл бүр байхгүй болох үр дүнтэй. Түүнчлэн аймаг хооронд дэд бүтцийн асуудлыг хөгжүүлэх нь нэн чухал. Усан тээвэр, агаараар явахгүйгээс хойш эхний ээлжид аймаг хоорондыг, сум хоорондыг холбосон авто замыг тавих хэрэгтэй. Зам дагаж хөгжил гэдэг шүү дээ. Энэ мэтээр эдийн бүсийнхээ давуу байдлыг ашиглаж, эдийн засгаа хөдөлгөх хэрэгтэй юм.

-Өөрөөр хэлбэл, ганц той­рог ганц аймгийн төлөө л ажилладаг байсан УИХ-ын гишүүд бүсийнхээ төлөө, тэдгээр аймгийн төлөө ажиллах нь эдийн засагт том хөшүүрэг болох нь ээ?

-Тийм. Нэг аймаг дангаараа хөгжих гээд ганцаараа цовхчоод явахгүй байсан бол харилцан бие биедээ шүтэлцээтэй, давуу талуудаа нийлүүлээд сул талаа арилгах нь бүсчилсэн тойргоос сонгогдсон 10 гишүүний ажил юм. Иргэд ч сонгохдоо энэ манай аймгийн хүн, энэ гишүүн болох ёстой гэж зүтгэхгүй. Эсрэгээрээ улс, орны хөгжилд хэн хэрэгцээтэй юм, бүсийг хөгжүүлэхэд хэрэг болох хүнээ л сонгоно. Хоёрт, мөнгө тарааж, санал худалдаж авдаг байдал эрх биш хязгаарлагдана. Тэгэхээр баруун бүсийг төлөөлөх 10 хүнээ одооноос л яриад эхэлчихсэн байна. Хэнийг сонговол улс оронд хэрэгтэй вэ. Хэнийг сонговол хулгай хийхгүй байх юм гэдэг дээр иргэд хэрсүү хандах байх. Иргэдийн хувьд ч хариуцлагатай, том даалгавар авч байна гэхэд болно. Хэн нэгэн танил, мөнгөтэй хүнд саналаа өгөөд байх биш хөгжлийн төлөө анхаарах, бүсээ хөгжүүлэхийн төлөө бие сэтгэлээ зориулж парламентад суух 10 хүнээ л сонгоно. Нөгөө 10 нь ч гэсэн нэлээн шүүлтүүрээр гарч ирэх байх гэж бодож байна. Харин шинээр улс төрд орж ирж байгаа залуусын хувьд хүндэвтэр. Гэхдээ ард түмэн чинь хэрсүү, ухаантай шүү дээ. Тэд хэнийгээ сонгох вэ гэдгийг өөр хоорондоо ярьж нэлээн бодитой сонголт гарч ирэх байх л гэж ажиглагдаж байна. Энэ удаа­гийн парламентад нэлээн "ариун цэвэр" сайтай хүмүүс орж ирэхээр байна л гэж харж байна даа.

-АН-ыг эрх барьж байхад, ялангуяа танай Засгийн газрын үед санагдана. Бүх аймгийг холбосон хатуу хучилттай зам тавьсан, “Гудамж” төслийн хүрээнд хотын бүх авто замын уулзваруудыг янзалсан байдаг байх аа?

-Тийм. Н.Алтанхуягийн Засгийн газар бол цурам хийлгүй ажилласан. Тэр үед бид бүтэн сайнд л нэг өдөр амардаг нэртэй. Хагас сайнд ч Засгийн газрын хуралдаан хийдэг. Бүтэн сайнд амрахдаа үйлдвэр аж ахуйн газар, иргэдтэй уулзаж явдаг байсан. Нэлээн хүндхэн цаг хугацаанд Засгийн газрыг удирдсан хүн шүү дээ, Н.Алтанхуяг. Их ч бодлого хэрэгжүүлсэн, их ч зүйл хийсэн. Ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд дорвитой алхам хийгдчихсэн. Бүх аймгийн авто замын холболтуудыг хийгээд авсан. Одоо бүсчилсэн хөгжлийн хүрээнд аймаг хоорондоо, цаашлаад сумд хоорондоо авто замаар холбогдох асуудал хөндөгдөж, хийгдэх байлгүй дээ.

-Ингэхэд та ярилцлагынхаа эхэнд улс төрийг гаднаас нь ажиглаж байгаагаа хэлсэн. Танай АН-ынхан эв түнжингүй олон жил болсон. Өнгөрсөн жилээс намын даргаараа Л.Гантөмөрийг сонгож, нэг толгойтой болсон. Намын эв нэгдэл хэр байна вэ?

-Намын эв нэгдлийн асуудал чухлаар тавигдсан. Миний хувьд алхам алхмаар урагшилж, ахиж байгаад нь талархалтай хандаж явдаг. Ахмадууд болон туршлагатай улстөрчдийнхөө дуу хоолойг залуус сонсох хэрэгтэй. Ямар ч улс орон, нам эвсэл, айл өрх ахмад, дунд, залуу үеийн гинжин хэлхээгээр явдаг. Сүүлийн найман жил бид хоорондоо барилдаж, дээлээ урж, бяраа хаялаа. Манай ардчилалынхан ч шударга юм. Сайн, муугаа хэлэлцээд л яваад байдаг. Энэ гэхдээ таатай зүйл биш. Харин өнгөрсөн жилээс хойш их аятайхан, зөв урсгал руугаа орж байна. Үүнийгээ хадгалаад явах юм бол Монголын ард түмэн, Ардчилсан намд, ардчиллын төлөө зүрх сэтгэл нь цохилж байгаа хүн бүрт итгэл өгнө. Тэр итгэлийг хүлээж авах, тэр итгэлийг ажил болгож хүн ардаа сайн сайхан амьдруулах, эрх чөлөөтэй байлгах, эдийн засгаа тэлэх, ядуурал туйлдлаас гаргахын төлөө энэ цаг үедээ л зүтгэх хэрэгтэй. Гуч гаруй настай Ардчилсан нам, түүний залгамж болж ажиллаж, амьдарч байгаа хүмүүс ард түмэнтэйгээ хамт урагшлах ёстой.

-Өнгөрсөн хугацаанд улсыг хэдэн тэрбум, хэдэн их наядаар нь хохироосон гэх “Хөгжлийн банк”, “Нүүрсний хулгай”, “Ногоон автобус”-ны хэрэг сөхөгдлөө. Энд танай, манай нам гэлтгүй олон улстөрч холбогдсон байна. Зарим нь эхнээсээ шүүхээс ял аваад эхэллээ. Заримынх нь хэрэг мөрдөн байцаалтын шатанд, шүүхийн шатанд хянагдаж байна шүү дээ?

-Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигатай тэмцэх чиглэлээр дорвитойхон алхам хийхийг зорьж байгаа эрмэлзэл харагдаж байна. Нэлээдгүй бугширмал бугласан буглааг ил гаргалаа. Хамгийн гол нь тэгээд л зогсож болохгүй биз дээ. Зүгээр буглааны шүүсийг дөнгөж гаргачихаад хаяж болохгүй шүү дээ. Энэ бол үндэс арвинтай, буруу харсан хатиг шиг л зүйл харагдаад байгаа юм. Тэрийг ухаж гаргаж тавих асуудал нь удаан байна, удаашралттай байна. Тэр барьж, хорьсон хүмүүс нь зүгээр л жараахайнууд шүү дээ.

-Тухайлбал, УИХ-аас зохион байгуулсан “Нүүрсний сонсгол”-д гэрчээр дуудагдсан хүмүүсийн ихэнх нь АН-ынхан байлаа шүү дээ?

-МАН-ын талаас Засаг барьж байгаа хүмүүс ч харагдана билээ. Эрх барьж байгаагийн давуу тал байдаг л байх. Өөрийн нам харьяалалын хүмүүсийг дуудахаар сонгуульд нөлөөлчихнө ч гэж хардаг юм уу мэдэхгүй. Лав л гарч ирсэнгүй. Уг нь, тэднийг л дорвитойхон шиг гаргаж ирэх хэрэгтэй байгаа юм. Засгийн газрын тэргүүний хэлж байгаа зүйл бол “Ухрахгүй, буцахгүй, алхам алхмаар урагшилж байгаад дуусна. Ард түмэн сонгуулиараа мэднэ биз дээ” гэх утгатай зүйлийг хэлчихэж байгаа юм. Тэр бол зүгээр л “Би алаад өгнө” гэхээсээ илүү намын дарга хүний хувьд сонгуульд ялахын бол улам цааш нь гүнзгийрүүлнэ л гэсэн утга. Уг нь, бүрэн гүнзгийрүүлж байж, ил болгож байж л учрыг нь олно гэж харж байна. Ярьсан шигээ л хийх хэрэгтэй байх. Хэцүү зовлонтой зүйл байдал л байх. Нэг хүний асуудал биш нэлээн том бүлэглэл, эдийн засгийн мафижсан асуудал болохоор тэр. Энэ яригдаад байгаа их том тоо, мөнгөн дүнгүүд хулгайлагдаагүй байсан бол өнөөдрийн малчдын асуудал, өнөөдрийн улс эх орны эдийн засаг хүндрэхгүй байх байлаа. Гэхдээ авлигатай тэмцэх нь зөвхөн Засгийн газрын асуудал биш. АН ч тэмцэж байна. Одоо урагшаагаа явах хэрэгтэй. Хоорондоо хэрэлдээд суух биш. Хөгжлийн төлөө шударга ажиллаж, Засгийн газар нь ч тэр ажилласан шиг ажиллаад явах хэрэгтэй. Ард түмэн чинь авлигатай, хулгайтай тэмцэнэ гэдэг зүйл сонсож л байгаа болохоос биш хувь хүнд наалдсан, эдийн засаг нь урагшилчихсан зүйл алга байна. “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Тавантолгой”-оос олсон жаахан мөнгөөр л урд хормойгоо нөхөж байна шүү дээ. Тиймээс улс орон урагшлах дорвитой бодлого гаргаж, зоригтой алхам хийх хэрэгтэй. Яах вэ, сонгууль болно. Дараа нь ч бай, өмнө нь ч бай улс эх орны хөгжлийн асуудалдаа л анхаарах хэрэгтэй.

-Жишээлбэл, улс орноо урагшлуулах ямар бодлого, ажлыг хийх шаардлагатай гэж та харж байна вэ?

-Миний хувьд хийн хоолойгоо л урагшлуулмаар байна. Урд, хойд хоёр орныхоо эв данг нь олоод ажиллахаас өөр арга байхгүй. Мөнхийн хоёр хөрштэй шүү дээ. Энэ хоёр нь өөрсдийнхөө хөрөнгийг гаргаад манай хил хүртэл хийн хоолойгоо тавьчихна гэж байгаа юм. Манайх ч гэсэн эдийн засгийн бололцоогоо гаргаж, хөрөнгөө оруулах хэрэгтэй. Болохгүй бол гуравдагч орны тодорхой санхүүжилтийг авч, хурдан явуулах нэг ажил бол хийн хоолой юм. Энэ бол улс, орны эдийн засагт унтаад босоход л мөнгө орно. Нүүрс түлж, утаа униартаа дарагдсан манай улсад бол үүл ярагдаж, гэгээ нар гарч байгаа юм шиг ажил хийгдэнэ. Энэ бүгдийг явуулах хэрэгтэй. Дээр нь, баруун бүсдээ “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” байна. Гацаа байсан тэр нь гарах шиг боллоо. Энэ дээр нь үүлэн чөлөөний нар гэдэг шиг хүндхэн байгаа үед нь явуулчих юм бол баруун бүсэд найдвартай эрчим хүчтэй болно. Тэрийгээ дагаад ая тухтай амьдрал, ажлын байр л хамгийн чухал. Нэг төрийн байгууллагын сонгууль болдог сумын 15, 20 хүн дээр аймгийн 30, 40 хүний ажлын байрны төлөө л намууд алалцаад байгаа болохоос биш яг танай хороололд, танай үр хүүхдийг ажилтай орлоготой болгох тал дээр онцгой анхаарч хийсэн зүйл байхгүй л байна. Хамгийн гол зүйл бол хүний хөгжил юм. Маш чухал. Ялангуяа улс орныг авч явах залуус нь боловсролтой, ажилч хичээнгүй, халамж хүлээдэггүй хүн болгохын тулд хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлэх цогц бодлогыг орхигдуулж болохгүй. Тэгэхээр бүсчилсэн хөгжлийг түшиглээд боловсрол, эрүүл мэндийн асуудлыг шийдэх ёстой. Хажуугаар нь эдийн засгийг түргэт­гэх, хөгжүүлэх асуудал орж ирнэ.

Манай Увс, манай Завхан, тэрний Говь-Алтай, Ховд гэхгүйгээр баруун бүсийн хөгжлийн тулгуур асуудалд онцгой анхаарах ёстой. Мэдээж бүсчилсэн байж байхад яаж эдийн засгаа бүс дээр түргэтгэх вэ, яаж томоохон эдийн засгийн эх үүсвэрийг бий болгох вэ гэдэг асуудлыг гаргаж ирэх хэрэгтэй. Манай баруун бүсийг онцгойлон анхаарч хөгжүүлэх нь чухал. Төвөөсөө хязгаар нутгийн хувьд ч, өндөр уулын бүс нутаг. Тиймээс эдийн засгийн томоохон эх үүсвэрийг дорвитойхон шиг бодлогоор дэмжиж оруулах юм бол нэг урагшаагаа алхаж, аятайхан болох боломж бий. Энэ чиглэлд манай нам мөрийн хөтөлбөрөө боловсруулж, оруулаад явж байна даа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зайл(66.181.188.44) 2024 оны 02 сарын 26

Олон нүүртэй хүн чанаргүй худалч лалар

0  |  0
“”””(66.181.188.97) 2024 оны 02 сарын 26

уг нь зөв л юм хэлсэн байна даа санаа оноо нь

0  |  0
мгл- ч(66.181.169.91) 2024 оны 02 сарын 26

Чөтгөр Бурхадыг чөтгөр гэж олныг хуурах гэж оролддог нь Бурханаас айдаг чөтгөрийн араншин юмдаа

0  |  0
мгл- ч (66.181.169.91) 2024 оны 02 сарын 26

Чөтгөрүүд олширохоор Бурхад буцаж ирдэг юмдаа мгл минь!

0  |  0
Энэ бол худлаа гар(66.181.179.56) 2024 оны 02 сарын 26

Энэ бол худлаа гар. АНын нэрээр их л явсан даа. Ямар ч улс төрч биш бодлого байхгүй хүн. Иймэрхүү хүмүүс АНын нэр хүндийг их унагасан даа

1  |  1
мгл(103.9.90.130) 2024 оны 02 сарын 26

энэ мал бас гараад ирж новшнууд сонгууль дөхүүт энд тэндээс чөтгөр шиг гараад ирэхийн

0  |  2
Би(64.119.30.210) 2024 оны 02 сарын 26

АН даргаар энэ Санжмятавыг л тавьчихвал овоо эв нэгдэлтэй байх болов уу гэж бодож байна. Юмны эвийг мөн ч олно шүү дээ.

1  |  0
Top