Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах хороо Гаалийн газарт ажиллалаа

Автор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 11

Улсын Их Хурлын гишүүн, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн болон тус хянан шалгах түр хорооны хянан шалгагч нар 2024 оны 03 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллалаа. 

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах ажлын хүрээнд Монгол Улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэрхэн нэвтрүүлж байгаа, эм зүйч мэргэжлийн гаалийн байцаагчийн хүрэлцээ, ажлын нөхцөл болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан юм.

 

 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн тайлбар мэдээлэл өгөв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг 2021 онд баталснаас хойш нийгэмд маргаан, шүүмжлэл дагуулсан асуудлуудаар олон нийтийн мэдэх эрхийг хангаж Улсын Их Хурлаас байгуулагдсан хянан шалгах түр хороод удаа дараагийн нээлттэй сонсголыг амжилттай зохион байгуулсан.

Эмийн асуудлаарх хянан шалгах түр хороо 2022 онд байгуулагдаж, “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байна гээд “Монголын эрүүл мэндийн салбарын чанарт нөлөө үзүүлж буй гол зүйлийн нэг нь бол эм.

Тиймээс хил гаалиар орж ирж буй эм, эмнэлгийн хэрэгслийг хянаж чадаж байгаа эсэх нь чухал учраас хил, гаалийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хянан шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” хэмээн хүрэлцэн ирсэн шалтгаанаа тодотголоо.

 

 

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн танилцуулга мэдээлэл өгөв. Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын алба 99 орон тоотойгоор Замын-Үүд дэх Гаалийн газарт шилжин ажиллажээ. Эм, био бэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагчийн 2 орон тоотойгоор үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сараас эхлэн эм, био бэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагч хоёроор нэмэгдэж, одоогоор нийт 4 гаалийн улсын байцаагч ажиллаж байгаа юм байна.

Эм, био бэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагч нь улсын хилээр нэвтрэх эм, эмнэлэгийн хэрэгсэлд холбогдох хяналт шалгалтыг хийж, ажилладаг. 

Замын-Үүд боомтоор 2017-2022 онд импортолсон эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчлийн судалгаагаар 2017 онд 1, 2018 онд 3, 2019 онд 3, 2020 онд 1, 2021 онд 8, 2022 онд 4 зөрчил илэрсэн байна.

Цаашид эм, био бэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагчийг чадавхижуулахад анхаарч мэргэшүүлэх сургалт болон мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаанд хамруулах шаардлагатай бөгөөд хилийн боомтод ажиллах албан тушаалын тодорхойлолтод мэргэжлийн индекс таарч байгаа мэргэжилтнүүдээр хангах асуудалд анхаарч ажиллах нэн тэргүүнд шаардлагатай байгаа талаар Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн онцолж байв. 

Замын-Үүд дэх Гаалийн газарт 60 гаруй байцаагч дутагдалтай байгаа аж. Үргэлжлүүлэн, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн Улаанбаатар төмөр замын Замын-Үүд шилжүүлэн ачих анги болон Замын-Үүд дэх Гаалийн газрын салбар лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

 

Эрүүл мэндийн сайдын А215 тоот тушаалаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.5 буюу “Гамшгийн болон онцгой байдлын нөхцөл үүссэн үед эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм болон яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг зайлшгүй шаардлагаар гадаадаас авах тохиолдолд энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан эмийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр импортын бүртгэл олгоно” гэсэн заалтыг үндэслэн зарим нэг аж ахуйн нэгж холбогдох эмийн бодис тухайлбал натри хлорид буюу дуслын шингэн импортлож байгаа дүр зураг харагдаж байв.

Түүнчлэн Замын-Үүдэд эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой эцсийн бүрдүүлэлт хийж буй 7 аж ахуйн нэгж байгаа бөгөөд ихэвчлэн эмнэлгийн хэрэглэгдэхүүн импортоор оруулж ирдэг гэв. Мөн зорчигчийн хувийн хэрэглээний эмийг Гаалийн тухай хуулийг үндэслэн зохих эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн хилээр нэвтрүүлдэг аж.

 

 

Харин Замын-Үүд дэх Гаалийн газрын салбар лабораторийн тухайд хүнс болон химийн бодисоор итгэмжлэгдсэн, импортолж буй эм эмнэлэгийн хэрэгсэл, эмийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийж боломжгүй юм байна. Эмийн бүтээгдэхүүн болон эмийн түүхэд лабораторийн шинжилгээ хийх, итгэмжлэл аваагүй гэж тайлбарлаж байв. Цаашид импортын эм, эмийн бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийх тоног төхөөрөмж боловсон хүчин бэлтгэх шаардлага гарч байгаа гэв.

Уулзалтын төгсгөлд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн Замын-Үүд боомтод шинэчлэл хийгдэж, иргэдийг ая тухтай зорчих боломжийг хангаж, өдөрт 10 мянган иргэн нэвтрүүлэх боломжтой болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээгээр импортоор орж ирж буй эм, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгоход анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.

Ташрамд дурдахад Улсын Их Хурлын Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр  хороо 2024 оны 03 дугаар сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдээс эмийн үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээллийг emiinturkhoroo@parlaiment.mn цахим шуудан, D.Parliament.mn emiinsonsgol.mn цахим хуудас болон 51-261440 дугаарын утсаар хүлээн авч байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dolgorsurem(51.195.233.10) 2024 оны 03 сарын 14

Эмийн үнэ өсөж байгаа нь бол мөнгө харсан ашиг харсан хүмүүсээр төр засаг төрийн албан хаагчид дүүрчихсэн болоод л ийм байгаад байгаа тийм учраас хүмүүсээ боддог энэ бүх асуудал дунд ажиллаад үзсэн туршлагатай эмч нар аа том албан тушаалд аваачих эсвэл шийдвэр гаргах хэмжээнд байлгамаар байна аа

0  |  0
Doljsuren(51.79.156.13) 2024 оны 03 сарын 14

Энэ төр засаг яагаад ийм асуудлуудыг зохицуулж болдоггүй юм болоо !!!! дан бизнесийн мөнгө боддог хүмүүс байгаа болоод ингээд байна уу эрүүл мэнд эм гэдэг чинь өөрөө үндэсний асуудалшдээ эсвэл энэ эрүүл мэндийн салбарын хүмүүсээр бодлого гаргуулаад түүнийг н хэрэгжүүлээд явмаар байна аа

0  |  0
Enkhtaiwan(77.73.69.67) 2024 оны 03 сарын 14

Эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн хүмүүс бодлого гаргаад энэ эмийн асуудал нийгмийн даатгалын асуудал өвчний асуудлуудыг үндсээр нь зохицуулах хэрэгтэй байна одоогийн засгийн газар бол чадахгүй дан бизнесийн хүмүүс байгаа

0  |  0
Boldbaatar(51.15.63.79) 2024 оны 03 сарын 14

Эмнэлгийн үйлчилгээ эмийн үнэ тэнгэрт хадчих юм аа зүгээр энэ бүхнийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байна түүний тулд эрүүл мэндийн салбарын хүмүүсийн төрд байх байр суурь болон оролцоо маш чухал байндаа

0  |  0
Ariunbat(212.47.236.69) 2024 оны 03 сарын 14

эмийн үнэ тэнгэрт хадсан мэт байдагшдээ энэ эрүүл мэндийн тал дээр бүх зүйл хямд байх ёстой байдагшдээ энэ бүхний яагаад зохицуулж болохгүй байна вэ?? Бизнесийн хүмүүсээр төр засаг бүрдчихсэн болох лээр ийм байгаад байна уу тийм бол эрүүл мэндийн салбарын хүмүүсийг төрд оруулах хэрэгтэй.

0  |  0
иргэн(202.9.46.73) 2024 оны 03 сарын 11

ЭМИЙН ҮНЭЭ 5-10 ДАХИН ӨСГӨЖ ЗАРЖ, ИРГЭДИЙГ ШУЛЖ МӨЛЖИЖ БАЙГАА ЭМИЙН МОНОФОЛЫГ УСТГАХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛЧУУД ЭМЭЭ ДИЙЛЖ АВЧ ЧАДАХГҮЙ ҮХЭЖ БАЙНА.....................

0  |  0
Top