Чимээгүй "хулгайч" гэгддэг глауком өвчний улмаас хараагүй болох тохиолдол ихэсжээ

2024 оны 03 сарын 12

 

ЭМЯ-ны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс Дэлхийн Глауком өвчнөөс сэргийлэх 7 хоногийн хүрээнд хараа алдалтын эмгэг, өвчний талаар мэдээлэл хийлээ. 

Дэлхийн Глаукомын олон улсын холбоо хэмээх байгууллагаас жил бүр Дэлхийн Глаукомын өдөрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдөр өнөөдөр тохиож байна. 2020 оноос хойш 7 хоногийг энэхүү өдөрт зориулан өнгөрүүлдэг болсон. Энэ жилийн хувьд 3 дугаар сарын 10-аас 16-ий хооронд энэхүү өдрүүд тохиож байна. 

Глауком бол харааны мэдрэл дээр үүсдэг өвөрмөц эмгэг юм. Нүдний даралт ихсэж болно. Ихсэхгүйгээр харааны мэдрэлд өөрчлөлт гарснаар хүнийг эргэшгүй сохор болгодог өвчин юм. Дэлхий дээр 80 сая хүн энэ өвчний улмаас хараагүй болсон гэх тооцоолол бий. 

Монгол улсад хийгдсэн судалгаагаар манай улс БНХАУ-тай адил хэмжээнд буюу 1.4 хувийн тархалттай байна гэх үзүүлэлт гарсан байдаг. Эргэшгүй хараа алдалтад хүргэдэг өвчин учраас ард түмнийхээ анхаарлыг хандуулах, 40-өөс дээш насны хүн жилд нэг удаа заавал урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг. 

Энэхүү глауком өвчин нь хүүхэд өсвөр үеийнхэн гээд аль ч насныханд тохиолдох боломжтой өвчин учир шинэ төрсөн нярай хүүхдүүд болон өсвөр насны хүүхдүүдээ хамруулах, гэмтэл бэртэл авсны дараа зайлшгүй үзүүлэх, 40-өөс дээш насны иргэд жилд нэгээс хоёр удаа заавал нүдний даралтаа үзүүлэх зэрэг зэрэгт анхаарлаа хандуулж энэхүү өдрүүдийг өнгөрүүлдэг. 

Глауком өвчнийг чимээгүй хулгайч гэж нэрлэдэг. Учир нь ямар ч зовиур, шинж тэмдэг илрэхгүйгээр нэг мэдэхэд хүн харах үйл ажиллагаагаа алдсан байдаг. 

ДЭМБ-ын судалгаанд эргэшгүй хараа алдалтад хүргэдэг буюу сохролд хүргэдэг тэргүүлэх шалтгааны нэг нь глауком өвчин гэжээ. Монголчуудын нэрлэж заншсанаар нүдний даралт ихсэх өвчин юм. Дэлхий даяар 2.2 тэрбум хүн хараа алдалтын өвчтэй байна гэх тооцоо бий. Үүнээс 1 тэрбум орчим нь эргэшгүй хараа алдалтаас урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Энэхүү өвчин нь харааны мэдрэл дээр гарч буй өөрчлөлт боловч төвийн хараа буюу чиглэж харж буй зүйлийн хараа алдагдах, захын хараа алдагдах гэх мэтчилэн нүдний дотоод даралт ихсэх гэх мэтчилэн эмгэгүүдээр илэрдэг өвчин юм. Энэхүү өвчнийг эрт илрүүлж чадах юм бол эмийн, мэс заслын, лазер аргаар эмчлэх боломжтой. Орчин үеийн техник тоног төхөөрөмжийн тусламж сайжирсантай холбоотой харааны мэдрэлийн эсүүдийн алдагдлыг тоолж гаргах боломжтой болсон. Ингэснээр тухайн хүнийг сайн хянаж чадах юм бол сохрохоос урьдчилан сэргийлэх боломжтой болсон. 

Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэг, улсын болон хувийн хэвшлийн томоохон эмнэлгүүд дээр энэ 7 хоногт та бүхнийг ирж үзүүлээрэй гэж уриалж байна. Урьдчилан сэргийлэх үзлэг хамгийн чухал.

 

 

ЭМЯ-ны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч нар дараах асуултад хариулт өглөө. 

-Монгол улсын хэмжээнд нүдний ямар өвчлөлүүд тэргүүлэх шинжтэй байна вэ. Нүдний даралт ихсэх өвчнөөр хэчнээн хүн хараагаа алдсан байгаа вэ? 

-2013 онд хийгдсэн судалгаагаар 50-аас дээш насны хүн амын дунд сохролт төвтэй өвчний нэгдүгээрт болор цайх өвчин орсон бол хоёрдугаарт энэхүү глауком өвчин орсон. Хүүхдүүдийн хувьд энэхүү өвчин арай өөрөөр явагддаг. Дэлгэцийн хамааралтай хүүхдүүд ихсэж байгаа учраас дагаад хараа муудах өвчин ихсэж байна. Хүүхдийн тохиолдлыг ЭХЭМҮТ-д харьяалан үзэж байгаа. Сургуулийн насны хүүхдийн харааг жилд доод тал нь хоёр удаа шалгуулж байх ёстой. Ялангуяа сургуулийн насны буюу 10-15 насны хүүхдүүдийн дунд гэрлийн хугарлын гажигтай хүүхдүүд их байгаа учир шил зүүх шаардлагатай байна. 

-Бага насны хүүхдүүд шил зүүх нь ихсэж байна. Төрөлхийн хараа муутай хүүхэд төрөх тохиолдол хэр ихэссэн бэ?

-Ази хүүхдүүд, тэр дундаа Монгол хүүхдүүдийн өвөрмөц онцлог гэж байдаг. Жишээлбэл Япон, Хятад хүүхдүүдийн дунд хасах шил зүүх магадлал өндөр байдаг бол Монгол хүүхдүүдийн нүд нэмэх шил зүүх тохиолдол нэлээдгүй байдаг. Нийт төрсөн хүүхдүүдийн 90-ээс дээш хувь нь нэмэх шил таарах хэмжээний байдаг. Тиймээс дөнгөж төрсний дараа нүдний эмчид үзүүлэх, үүнээс гадна 6 сартайд, 2-3 настайд, нэг удаа үзүүлэх шаардлагатай байдаг. Үнэхээр хэрэгцээ шаардлагатай тохиолдолд шил зүүлгэдэг. 

Хүүхдийн харах үйл ажиллагаа 3 нас хүртэл хөгждөг. 3 наснаас өмнө шил зүүх шаардлагатай хүүхэд төрөлхийн нүдний өвчтэй, хялар зэрэг нэмэх шил зүүх шаардлагатай хүүхдүүд байдаг. Шил зүүлгэхгүй яваад байвал хялар нь тогтох магадлал өндөр. 6-аас дээш насанд дэлгэцийн хамаарлаас үүдэн хараа муудах эмгэг үүсэж байна. Эдгээрийг эцэг, эхчүүд харгалзан үзэж, тохирох арга хэмжээ авч байхыг анхааруулж байна. 

 

 

-Энэхүү өвчин ямар шалтгаан, зан үйлийн нөлөөгөөр үүсдэг вэ?

-Хүнд ойрын харааны хэрэгцээ шаардлага их байдаг. Ойр зайнаас унших, бичих, компьютер дээр хэт удаан ажиллах зэрэг ойрын зайн хэт ачааллаас үүдэн хүний холын хараа муудаж байдаг. Уг өвчний гол шалтгаан ердөө л энэ. Хэрэв тохирсон шилээ зүүхгүй бол залхуу хараа үүсдэг. Нүд нь зүгээр ч гэсэн харах үйл ажиллагаагүй болохыг залхуу нүд гэж нэрлэдэг. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж тохирох шилээ зүүхийг зөвлөж байна. 

-Хараа тэглүүлсэн тохиолдолд дахин хараа муудах эрсдэл бий юу?

-Хараа тэглэх ажилбар буюу лазер хагалгаа нь хүний хараа нэг шилээ нэг жил тогтвортой зүүгээд муудахгүй байгаа тохиолдолд хийгддэг ажилбар. Хараа нь тогтохгүй байгаа хүмүүст энэхүү хагалагааг зөвлөдөггүй. Хүний бие физиологийн байдлаас шалтгаалан хараа эргэн муудах тохиолдол цөөнгүй тохиолдох нь бий.

Lasik хагалагаа 2005 оноос эхлэн Монголд хийгдэж эхэлсэн. насны заалт ойролцоогоор 20-40 гэж заасан байдаг. 40-өөс дээш насанд ойрын хараа мууддагтай холбоотойгоор уг мэс заслыг тэр бүр зөвлөдөггүй. Гэхдээ тухайн хүний ажил, мэргэжлийн онцлогтой холбоотой уг мэс заслыг зөвлөдөг. Тиймээс эмчээсээ нарийн зөвлөгөө авах хэрэгтэй. 

 

 

-Урьдчилан сэргийлэх үзлэгт хэрхэн хамрагдах вэ? 

-Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймагт бүгдэд нь нүдний эмч, тасаг нэгжтэй байгаа. Тиймээс аль ч газар эдгээр үзлэг шинжилгээг хийлгэх боломжтой. Глауком өвчин эргэшгүй хараа алдалтад хүргэдэг учраас үүнийг эрт илрүүлэн, эмчлэх, хянахын тулд үүнийг зохион байгуулж байгаа. Өвчтөн эмээ дусаасан ч гэсэн нүдний даралт буурахгүй байвал заавал мэс заслын аргаар эмчлэх шаардлагатай болдог. Уг төрлийн мэс заслыг улсын болон хувийн хэвшлийн томоохон эмнэлгүүдэд хийж байгаа. 

-Энгийн хүний нүдний даралт хэд байвал тохиромжтой гэж үздэг вэ?

-Хүний нүдний даралт 9-21 байхыг хэвийн гэж үздэг. Гэвч судалгаануудаас харахад Монгол хүний нүдний дотоод даралтын хэмжээ 17-с дээш гарсан тохиолдолд эрсдэлтэй гэж үздэг. Тиймээс жилд хамгийн багадаа 1-2 удаа нүдний дотоод даралтыг үзүүлж байх шаардлагатай. Глауком өвчний гол шинж тэмдэг нь хоёр нүдний хэмжээ өөрчлөгдөх, өөрөөр хэлбэр нэг нүд томрох, хүүхдийн нүдний дотоод шингэн урсаж гарахаа болих, эвэрлэг бүрхүүл томрох, бүдэгших, хүүхэд шөнөөр уйламтгай болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Нүдний дотоод даралт анхдагч хэлбэрээр тохиолдохоос гадна гэмтлийн улмаас, болор цайх өвчний улмаас, нүдний олон төрлийн үрэвсэлт өвчний улмаас, удаан хугацаагаар гармон, стеройд уух, дусаах, тарих зэрэг үед нүдний дотоод даралт ихэсдэг. Тэгэхээр бид бусад төрлийн эмч нартай хамтран баг болж энэхүү өвчнийг эмчилдэг.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.185) 2024 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Top