Ц.Төмөрбаатар: Миний аав оддын дундах нар

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 03 сарын 20

БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын жүжигчин, ард олондоо “Алтан” хэмээн өргөмжлөгдсөн Цагааны Цэгмидийн ууган хүү, Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатартай аавынх нь тухай ярилцсанаа хүргэе.


-Таны аав бол Монголын нэгэн үеийнхний аав, үр ач нар нь ч  “Цагаан Цэгмидийн үргэлжлэл шүү” гэсэн даруулган дор өсөж өндийж байна.Тэнгэрт одсон хэрнээ одоо ч дурсагдаж, үлгэр дуурайл нь үргэлжилж байгаа ийм аав ховорхон байх. Аавынхаа тухай хойч үеийнхэн, манай уншигчдад ярьж өгөөч?

-Миний аав 1905 онд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. Эцэг эхээс тавуулаа. Дээрээ ах, эгчтэй, хоёр дүүтэй, айлын дундах  нь байсан гэдэг. Ах эгч нь цагийн эрхээр аавын гар дээр өөд болцгоосон. Хоёр дүү нь ч бас урт наслаагүй.

Аав гурван нас хүртлээ Булган аймгийн Сайхан суманд байж байгаад гэрийнхэн нь өртөө харуулын албанд тохоогдон Сэлэнгэ аймаг руу шилжсэн юм гэнэ лээ. Тэнд Харуул гэдэг газарт өсөж торнисон гэж ярьдаг. Аавын анхны нэрийг Батсүх гэдэг байсан гэсэн. Аав минь дөрвөн настайдаа нэг их өвдөж, бараг үхэж ч магадгүй болж л дээ. Тэгээд “Сэрэлт” кинонд охиныг нь лам үзээд “Та хоёрт үр болохоо өнгөрч, илүү гэрт оруул...” гэдэг шиг тийм үе тохиосон гэнэ лээ. Сүүлд тэр киног хийж байхад аав өөрийнхөө түүхийг ярьж өгч, киноны тэр хэсэг бүтсэн гэдэг юм.

Тэгж өвдөхөд нь лам нэрийг нь соль гэж лүндэн буулгаад, тэр дагуу Цэвэгмид гэж нэр өгсөн нь яваандаа Цэгмид болчихсон гэж ярьдаг байлаа. Аавын минь ах Содов гэж хүн байсан юм. Бидэнтэй хамт амьдарч байсан л даа. Бид “Өндөр Өвөө” гэж дууддагсан. Аавын минь аав ээж “Өндөр Өвөөг” минь айлд өргүүлчихсэн байж л дээ. Тэгээд “Өндөр Өвөө” минь ээжийгээ өөд болж, аавыгаа өөр хүнтэй гэр бүл болохоор нь дүүгээ /аавын/ хүний гар харуулахгүй гэж өөр дээрээ авч өргөмөл эцэг болох Харуулын Цагаан бандийнд авчран өсгөсөн гэдэг. Сүүлд аав тэндээс цэрэгт явахдаа овог хэрэгтэй болоод Цагаан гэдэг овогтой цэрэгт мордсон байгаа юм. Тэр үеэс Цагааны Цэгмид болсон түүхтэй.

-Малчин залуу цэрэгт мордсон юм байна. Хэзээ театрын жүжигчин болсон юм бол, бас л сонирхолтой түүх бий  байх даа?

-Аав минь 1932 онд театрт орсон гэдэг. Театрт их сонин тохиолдлоор орсон юм гэнэ лээ. Тэр үед театрын жүжигчин байсан “Дэлдэн боохой” Дамдин  гэдэг хүн ажлаасаа гарах өргөдөл өгч л дээ. Гэтэл “Орныхоо хүнийг авчирч өгөөд гар. Тэрнээс нааш чиний өргөдлийг шийдэхгүй” гээд удирдлагууд нь хүлээж авсангүй. “Дэлдэн боохой” Дамдин өмнө нь Баруун Хараагийн сангийн аж ахуйд тоглолтоор явж байхдаа манай аавтай танилцсан байж. Тэр үед аав жаахан банди хуучир дараад, Дамин гуай морин хуур сайн тоглодог болохоор хамтраад ерөөл, тууль хэлж хүмүүсийг баясгаж байж л дээ. Тэгж анх тааралдсанаас хойш, 1932 онд Дамдин гуай өөрөө Баруун Хараад очиж, аавыг авчраад “За энэ бол миний оронд байх хүн” гэж хэлж театрт оруулсан гэдэг. Монголчууд морио хүртэл шинждэг шиг алтан үеийн хууччуул авьяастай хүнийг харж, таньж, олж авахдаа гаргууд байсан нь энэ байх. Аав минь бидний ээжтэй Өвөрхангай аймгийн Хужиртын амралт дээр анх танилцаж, гэр бүл болсон гэж хожим ижий минь дурсахыг сонсож байлаа. Миний ээж Сүхбаатар аймгийн Дарьгангын уугуул, жинчид дагаж нийслэлд ирсэн гэж ярьдаг байсан юм.

-Алтан Цэгмид, Цагаан  Цэгмид гэж ард түмний зүрх сэтгэлд үлдсэн агуу жүжигчин тайз, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн. Энэ дотроос “Цогт тайж” киноы Цогт хун тайжийн дүрээрээ хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн гэж бодогддог?

-Миний аав үнэхээр энэ л дүрээрээ хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшиж үлдсэн хүн юм билээ. Булган аймгийн Сайхан, Дашинчилэн сумыхан Цогтын цагаан балгасныхаа дэргэд Цогт хун тайжийн хөшөөг босгохдоо “Кинонд мөнхөрсөн яг тэр дүрээр нь бүтээнэ. Яагаад гэвэл Цагааны Цэгмид гуай бол Монголын ард түмний сэтгэлд Цогт хун тайжийн дүрийг мөнхөлсөн хүн. Түүнээс өөр Цогт хун тайжийг бид мэдэхгүй” гэж ярьцгааснаар тэгж шийдвэрлэсэн гэдэг. Тэр тухай сонсоод сэтгэл ямар их уярч, аавыгаа биширч, ааваараа бахархсан гэж санана.

Тэгэхээр миний аав алтан үеийнхнийхээ дунд яахын аргагүй од шиг гялалзаж явсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнбулган найруулагч нэг удаа “Од гэж бид зөндөө ярьж байгаа. Олон ч од байна. Энэ олон одуудын дундаас Цагааны Цэгмид гуайг од гэж хэлэх юм бол би хүлээн зөвшөөрөхгүй. Тэр хүн бол оддын дундах нар байсан юм” гэж хэлж билээ. Тиймээс миний аав оддын дунд чиг зүгийг заагч Алтан гадас байжээ. Бид түүнийг нь үргэлжлүүлж явна, үүнд итгэлтэй байдаг даа.

-Таны аав хүүхдүүдээ хэрхэн сургаж байв?

-Миний аав биднийг загнаж зоддоггүй, дандаа ухааруулж ярьдаг байсан. Аав “Хош” гэдэг үгийг их хэлдэг. “Аав аа, хоёулаа гаръя л даа” гэхээр “Хош” гэдэгсэн. Завтай үедээ гэрээ сайхан цэвэрлэж, шалаа угаачихаад бидэнд хоол хийж өгнө. Ямар ч хоолыг сайхан хийдэг байлаа. Аав их цэвэрч. Хувцсаа их цэвэрхэн өмсөнө. Ямар сайндаа л өмд нь индүүдлэгээрээ урагдсан байх вэ дээ. Тэгэхээр хувцсандаа ямар их анхаарал тавьдаг байсан нь ойлгомжтой байгаа биз. Гэртээ хоол хийх ч юм уу, шал угаагаад байж байхдаа хоёр гартаа алчуур тохчихоод бүжиглэнэ, шал угаадаг модоо бариад бүжиглэнэ, дуулна. Хожим мэдэх нь ээ, өөрийнхөө дүрүүдийг тэгж давтдаг байсан юм билээ.

-Аав чинь таны зүүдэнд хэр ойрхон ирдэг бол?

-Нас ахиад ирэхээр аав, ээжийгээ зүүдлэх нь их болдог шиг ээ. Нэг удаа миний зүүдэнд аав минь хуучин костьюмтайгаа ирээд:

Ээжийнхээ ачийг хариулаарай

Энэ орчлонд ямар ч явсан

Ээжийгээ битгий гомдоогоорой

Аав нь хажууд чинь байгааг санаарай гэсэн шүлэг хэлснийг одоо хэрнээ би мартдаггүй. Дараа нь аав сарампай муу дээлтэй зүүдэнд ирээд “Аав нь чамд самар өгөх гэж ирлээ” гээд атга дүүрэн самар өгсөн. Аавыгаа муу хувцастай, царай зүс тааруухан зүүдэнд ирэхээр нь би шарил дээр нь очиж зул өргөх ч юм уу, эсвэл шарилыг нь тойрч эргэчихээд буцдаг. Аавынхаа тухай их зүйл мэддэг юм шиг хэрнээ бид юу ч мэддэггүй юм билээ. Тоглосон кино, найз нөхдийнх нь ярианаас ийм хүн байж гэж боддог.

-Ингэхэд аавын чинь бүтээлүүдээс  таны сэтгэлд хамгийн  тод үлдсэн нь ямар дүр вэ?

-Аавын минь тоглосон дүрүүдээс амьдралд хамгийн ойр, яг өөрийнхөө зангаар тоглосон нь “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны манаач өвгөний дүр юм даа. Тэр өвгөн “...За миний хүү яасан, цайгаа уучих, за тэгээд хичээлээ хийгээрэй” гэдэг шүү дээ. Миний аав бидэнтэй яг л тэгж харилцдаг байлаа. Аав минь 1946 онд Төрийн соёрхол хүртсэн юм билээ. Миний аав “Алтан өргөө”, “Сүхбаатар”, “Сэрэлт”, “Улаанбаатарт байгаа миний аавд”, “Гологдсон хүүхэн”, “Цогт тайж” зэрэг кинонд гол дүрүүдийг бүтээж, тайз дэлгэцийн бүтээлүүдэд ч дүрээ мөнхөлсөн. “Хил дээр болсон явдал”, “Анхдугаар хичээл” зэрэг дуугүй кинонуудад Японы дарга эсвэл цэрэг болчихсон гүйж яваа харагддаг. Яг дүр нь тогтож үлдсэн долоон кино байдгаас гол дүрийн таван кино бий. Бусад нь туслах дүрүүд байдаг. Миний аав цөөхөн кинонд тоглосон мөртлөө жүжигчний уран чадварыг бүрэн дүүрэн гаргасан байдаг.

-Бас Монголын анхны Юндэнд тоглосон, Лениний дүрийг анх бүтээсэн...

-Ер нь аав минь урлагт олон анхдагчийг хийж байсан. Анхны Юндэн, анхны Ленин, анхны Сүхбаатар жанжин гээд л...Аавынхаа тоглосон киног үзээд би үнэхээр биширдэг. Агуу авьяастай, жүжигчний мэргэжлийг ямар их мэдэрч, мэргэшиж явсан хүн юм бэ дээ гэж боддог. Аавынхаа тоглосон дүрүүдийг би харж байгаад ч юм уу, дуурайгаад хийе гэхээр үнэхээр хэцүү. Зарим хүн “Чи аавынхаа чинээнд хүрэхгүй шүү дээ” гэж хэлдэг юм. Мэдээж би аавынхаа чинээнд хүрэхгүй. Яагаад ч хүрэхгүй, нэг  хуруунд нь ч хүрэхгүй.

-Аавыгаа амьсгал хурааж байхад таныг үеийнхээ хүүхдүүдтэй хамт Цогт тайж болж, суманд оногдон үхэж байгаагаар тоглож явсан гэж сонссон юм байна?

-Аавтайгаа хамт байсан бага насны минь жаргалант өдрүүд 50 мянгатын 18 дугаар байрны 39 тоотод өнгөрчээ. Аав минь 1963 онд өөд болсон юм шүү дээ. Аавын бие муудах үеэр нэг сонин тохиолдол болсон. Аавыг яг нас барах үед манайх Зуунмодны лагерьт зусланд гарчихсан байсан юм. Тэнд урлагийнхан голдуу байсан даа. “Улаан малгайт” Лувсан гуайн хүү Нямсүрэн бид хэд модон сэлэм зүүж, бургасны мөчир уяагаар оосорлож морь болгож уначихаад яг Цогт тайжийн үхлийн хэсгийг тоглож байж билээ. Би харвуулчихаад “Цогт үхэвч Монгол Улс мөнх” гээд арагшаа унасан чинь Лувсан гуайн охин Төөгөө гүйж ирээд “Төмөрбаатар ах аа, таныг ээж чинь дуудаад байна. Аав чинь бурхан болчихлоо” гэсэн. Би “Цогт болоод үхчихээд байхад, яах гэж дуудаад байгаа юм бэ, тоглож дуусаагүй байна” гэж хэлээд хэвтээд байснаа мартдаггүй. Жаахан  хүүхэд байж дээ. Тоглоомоо дуусгачихаад гэр рүүгээ гүйгээд очтол хүмүүс уйлалдаад нэг л сонин. Яагаад хүмүүс уйлаад байгаа юм бол гэж гайхаж байж билээ. Аавыгаа тийм хурдан өнгөрчихнө чинээ бодож байсангүй. Гэрт ороход миний дараагийн дүү Төмөрхуяг аавын цээжин дээр гарчихсан нүүрийг нь бүтээсэн цагаан хадгийг сөхөөд л “Аав аа, аав аа” гээд дуудаад байсан. Хүмүүс бүгд уйлалдаад байхаар хүүхдийн сэтгэл тавгүй болсон ч байж магадгүй юм даа, би тэгэхэд гэрийн хөшиг, хана хоёрын завсраар аав руугаа дөхсөөр байгаад, таван ханатай гэрийн хойморт очоод хөшигний завсраар аав руугаа харж байж билээ. Ээжийг ухаан алдан унаж байхад тэнгэр бүрхчихсэн юм шиг санагдаж, дотор хачин оргиод явчихаж байсан...

-Баатрын өмсгөлтэй нь Алтан Өлгийд оршуулсан гэж бичсэн байдаг санагдана...

-Аавыг минь “Шарай голын гурван хаан” жүжгийн Цасчихэр баатрынх нь өмсгөлтэй оршуулсан. Тэрийг хараад, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Бат-Очир гуай намайг тэврээд зогсож байхад, би нүдээ дүрлийлгэн том хараад л, Цэгмидийн хүү ийм зоригтой, ганц ч нулимс унагахгүй байна шүү, мундаг хүү байна гэж харуулна гэсэн шүү юм бодож байж билээ. Дараа нь буяны ажил дээр нь хүүхдүүдэд хувь тараахад “манайх гоё юм өгч байгаа шүү, ороорой, ороорой” гэж зарлаад хавийн хүүхдүүдийг цуглуулаад гүйж явлаа. Хэрэв одоогийн энэ насан дээр аавыгаа  өнгөрчихснийг харах юм бол тэр хүүхэд нас шиг байж лав чадахгүй. Хожим дурсаж суухад гунигтай санагддаг юм, даанч гэнэн томоогүй хүүхэд нас минь байж дээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аюуш(71.168.169.112) 2024 оны 05 сарын 02

Тагааны Цэгмид гуйнх 50 мянгатын 18- р байр биш 22- р байранд байсан шүүдээ. Бид нэг байр байсан болохоороо байнга харж их хүндэтгэдэг байлаа.

1  |  0
Top