Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зээлийн төсөл үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 09

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах Хоёр- үе шаттай зээлийн төслийн удирдах хорооны хурал боллоо.

Хурлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг болон төслийн багийнхан манай улсад 2007-2010 он болон 2011-2015 онуудад хоёр үе шаттай хэрэгжсэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зээлийн төслийн дараагийн үе шатыг 1000 дахь зээлийн төслөөр эхлүүлж, 2024 онд хэрэгжүүлэх эхний 11 төслийг олгох эсэх талаар хэлэлцэв. Төслийн гол онцлог бол төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шалгуур, шаардлага хангасан ААН-үүдийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны ач холбогдол бүхий бизнесийн төслүүдийг хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр, банкаар дамжуулж санхүүжүүлдэгт оршино. ХҮШЗТ-ийн зээлийн үндсэн эх үүсвэр 2015 онд бүрэн олгогдож дууссанаас хойш төслийн хэрэгжилт эргэн төлөлтийн сангийн эх үүсвэрээр тогтвортой, хэвийн явагдаж, төслийн зээлийн эргэн төлөлт гэрээт банкуудаас 100% төлөгдөж байна. Зээлийн төслийг арилжааны 6 банкаар дамжуулан 10 жилийн хугацаанд 7 хувийн хүүтэйгээр олгох юм.

 

 

2024 оны 4-р сарын 1-ний байдлаар төслийн үр дүнд хот, хөдөөгийн Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 990 бизнесийн төслийг 365 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж, нийт 26,270 гаруй ажлын байр (шинээр бий болсон ажлын байрны тоо 14,850, хадгалагдсан нь 11,420) бий болсон байна. 

ЖДБ-ийг хөгжүүлэх зорилтын хүрээнд хөдөө аж ахуй, боловсруулах салбарын төслүүд, тэр дундаа хүнсний үйлдвэр, барилгын материалын үйлдвэр, тавилгын үйлдвэр, оёдлын үйлдвэр, гутлынүйлдвэр зэрэг төслүүдийг илүүтэйгээр санхүүжүүлсэн байна.

Байгаль орчныг хамгаалах зорилтын хүрээнд хөрс, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор үйлчилгээний газруудын бохир ус цэвэрлэх байгууламжийг сайжруулах, сумдуудын уурын зуухыг шинэчлэх, шинээр байгуулах төслүүдийг санхүүжүүлсэн байна.

Төсөлд 21 аймаг бүрэн хамрагдсан бөгөөд 2024 оны 4-р сарын 01-ний байдлаар олгосон нийт зээлийн 60 хувь нь Улаанбаатар хотод, 40 хувь хөдөө орон нутагт ноогдож байна. Орон нутагт дахь арилжааны банкуудын салбар нэгжүүдээр дамжуулж төслийн зээлийг олгож байгаа нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд олгох төслийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. 

Уг төсөл нь ядуурлыг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд урт хугацааны санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хувийн хэвшлийг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд болон төсөлд оролцогч банкнуудыг чадавхжуулах, байгаль орчныг хамгаалах зорилготой юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top