Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.06.04) Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Элчин сайд Чой Жин Воныг үүрэгт ажилдаа орсонд баяр хүргээд, Монгол Улсад өмнө нь ажиллаж байсан туршлагатай дипломатч Элчин сайдаар ажиллахаар томилогдсонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.
Тэрбээр, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түүний дотор хоёр улсын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах асуудлыг эрчимжүүлэх, иргэд хоорондын харилцан зорчих таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлд ноён Элчин сайд Чой Жин Воныг онцгой анхаарал хандуулан ажиллахыг хүссэн юм.
Манай хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй бөгөөд БНСУ нь Монгол Улсын гуравдагч хөрш, ойр дотны түнш орон. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хууль тогтоох байгууллага, түүний Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжин өргөжиж байгааг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлоод БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-т халуун дотно мэндчилгээ дэвшүүлж буйг уламжилж өгөхийг хүсэв. Мөн Эрхэмсэг ноён Ү Вон Шиг-ийг БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргаар сонгогдсонд баяр хүргэж хүргүүлсэн захидалдаа дурдсан тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан урилгаа дахин нотлов.
Монгол Улсын Их Хурал, БНСУ-ын “Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах зорилгоор алтай язгуурын хэл, соёл, түүхийн хэлхээ холбоо бүхий улс орнууд харилцан оновчтой шийдэл, сайн туршлагаа солилцож буй энэхүү хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэхүү чуулга уулзалтаас Алтай судлалын төвийг Монгол Улсад байгуулах санал, санаачилга гарсныг Улсын Их Хурлын дарга дурдав.
Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон Монгол Улсад дахин томилогдож, энэ удаа Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжих, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр онцгой анхаарч ажиллана гэлээ.
Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, эдүгээ Стратегийн түншлэлд хүрсэн. Цаашид хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг тогтмолжуулах, хамтран хэрэгжүүлж буй олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр хамтын ажиллагаагаа шат ахиулах өргөн боломжтой. Тухайлбал, Солонгос, Монголын “Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг байгуулах төслийн үйл ажиллагааг эхлүүлж, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөөх бүхий л санал, санаачилгыг дэмжиж, идэвх, санаачилга гарган ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )