Дархан хилийн дайчин цэргүүд тангарагаа өргөлөө

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 06 сарын 10

Өчигдөр /2024.06.09/ нарлаг сайхан өдөр байв. Хилийн тэнгэр цэлмэг, хилчдийн сэтгэл тайван билэгт сайн өдрийн тэмдэгт газруудад 2024 онд хугацаат цэргийн албанд татагдсан  I ээлжийн байлдагчид эр цэргийн тангарагаа өргөх ёслол боллоо.

Яг л “Далай орон минь дархан хилтэй, дархан хил дээр дайчин харуултай...” хэмээх дууны яруухан бадаг шиг ээ тунгалаг сайхан өдөр тохиов. Дархан хилийн дайчин цэргүүд морин цагт нэгэн зэрэг энэхүү ёслолыг төгөлдөр сайхан гүйцэтгэсэн юм. Харин бид Хилийн цэргийн Хангалт эврийн 0164 дүгээр ангийг зорьж очин, тангараг өргөх ёслол дээр буулаа. Цэргүүд аав ээж, ар гэрийнхэнтэйгээ уулзаж байна.

 

 

Энэ анги 1938 оны гуравдугаар сарын 31-нд байгуулагджээ. Өдгөө 85 дахь жилийнхээ түүхтэй золгож байна. Хил хамгаалах байгууллагын ар тал, хангалтыг хариуцан чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаа зохион байгуулан улсын нийслэл Улаанбаатараас эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист байгаа Хилийн цэргийн анги, харуулын хангалт, тээврийг хариуцдаг юм байна.

1939 оны Халхын голын дайн, Баруун хилийн тулгаралтад тус ангийн бие бүрэлдэхүүнээс цэргийн алба хааж байсан хүмүүс оролцсон түүхтэй. Энэхүү дайчин уламжлалыг үнэлж 2019 онд Цэргийн гавьяаны одонгоор шагнажээ. Өдгөө Бригадын генерал Ч.Сайнтөр, Д.Ганбаатар нарыг төрүүлсэн анги юм. Мөн Монгол Улсын даян аварга Ц.Чимид-Очир, Монгол Улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид, Монгол Улсын начин Д.Тамир, Г.Бадрах нар энэ ангид ажиллаж, амьдарч байжээ.

 

 

Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн Захирагчийн I орлогч, штабын дарга, дэд хурандаа Г.Даваадорж “Манай анги Хилийн цэргийн 85 жилийн түүхтэй ууган отрядуудын нэг. Тээвэр, хангалтаар овоглосон Цэргийн гавьяаны одонтой Хилийн цэргийн 0164 дүгээр анги 2024 оны I ээлжээр цэргийн албанд татагдсан залуучуудынхаа сургалтын төвийг тавдугаар сарын 9-өөс өнөөдрийг хүртэл зохион байгууллаа. Шинэ цэргүүд маань Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэний цэргийн үүргээ биелүүлээд цэргийн тангараг өргөснөөр хугацаат цэргийн албан хаагч буюу цэргийн жинхэнэ албан хаагч болж байгаа юм. Цаашид ангийн хоногийн харуул, манаа, улсын хил хамгаалалтад хүч нэмэгдүүлж үүрэг гүйцэтгэх, хилийн инженерийн бүх төрлийн ажилд оролцох, улс орны бүтээн байгуулалтын ажил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” аяны хүрээнд мод тарих зэрэг олон төрлийн чиг үүрэгтэйгээр алба хаах хугацаандаа ажиллана” гэв.

Хил хамгаалах байгууллагын удирдлагаас сүүлийн 2-3 жилийн хугацаанд хилчдийн нийгмийн асуудлыг сайжруулах, хил хамгаалалтын шинэчлэлтийн хүрээнд улсын хил хамгаалалтад дэвшилтэд техник технологи, тоон релейн, олон төрлийн орчин үеийн техник хэрэгслийг ашиглаж ирсэн. Үүний нэг жишээ нь тус ангид өнгөрсөн жилээс тээвэр хангалттай холбоотойгоор нэлээн олон төрлийн авто машины парк шинэчлэлтийг хийжээ.

 

 

Сүүлийн жилүүдэд залуучууд өөрсдөө сайн дураараа цэргийн алба хаах сонирхол ихэсчээ. Монгол Улсынхаа торгон хил дээр очиж, улс эх орноо хамгаалан, дархан хилээ маная гэсэн чин сэтгэл, хүсэл зорилго нь өмнөх онуудтай харьцуулахад харьцангуй өсөж байгаа аж. Цэргийн албанд ирсэн хойно нь тусгай хөтөлбөр төлөвлөгөөний дагуу албан хаагчдыг цэргийн албанд дадлагажуулах, анхан шатны цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтуудтай уялдуулан цэрэг, эх оронч үзэл, хүмүүжил олгох төрөл бүрийн ажил хийгдэж байна. Цэргийн албан хаагчдын дотор тусгай дунд, дээд боловсролтой олон залуу байна. Англи, орос, солонгос хэлний ахисан шатны мэдлэгтэй залуус ч байх юм. Тэд анги дотроо гадаад хэлний дугуйлан хичээллүүлдэг гэдэг чихэнд чимэгтэй мэдээг сонсов. Сүүлийн үеийн залуус сурч, хөгжих чиглэлд илүү мэриймтгий байдаг болжээ. Энэ ангид гэхэд шүдний эмч, инженер, сэтгүүлч, дизайнер мэргэжилтэй, дээд боловсролтой залуус байна. Тэдний зарим нь цэргийн зарлан ирэхэд, ажил дээрээсээ шууд “Би цэрэгт явъя” гээд хүрээд ирчихсэн гэх. Ерөнхийдөө цэрэгт татагдаж байгаа залуусын боловсролын түвшин эрс дээшилж байгаа нь анзаарагдаж байгаа гэдгийг дарга нар хэлж байна. Цэргүүд хугацаат цэргийн албаа хуулийн хүрээнд нэг жилиийн хугацаанд хаана. Дараа нь өөрийн сайн дурын хүсэл сонирхлоор гэрээт цэргийн албанд улираад офицер, ахлагчийн нэгэн адил хангалт, цалин хөлс аваад хоёр жилийн хугацаатай гэрээгээр ажиллах боломжтой. Ажиллаж байх хугацаандаа албандаа амжилт гаргасан онцгой сайн залуучууд, мөн гэрээний хугацаандаа суралцах сонирхолтой залуучууд байгаа бол их, дээд сургуульд элсэхдээ ерөнхий шалгалт өгөөд, цэргийн болон гадаад, дотоодын сургуульд орох бүрэн боломжтой юм. Ийнхүү хугацаат цэргийн алба хааж байгаа залуучууд гэрээт хилчнээр улираад, тэндээсээ гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцаад офицер, ахлагчийн бүрэлдэхүүнд орох нь ч байна. Тус анги нь дотроо жолооны сургуультай. Өөрөөр хэлбэл, эндээс жолооч болоод ирнэ. Хэрэв В ангилалтай бол С ангиллын курст сууж болно гэх зэргээр цэргийн албан хаагч нарт өөрийгөө хөгжүүлэх маш их боломж байгаа нь анзаарагдав. Хүмүүс цэргийн алба хаахаар хугацаа алдана, хайран жил гэх хандлагатай байдаг нь энд эсрэгээрээ ч юм шиг санагдана.

Харин одоо байлдагчид болоод тэдний эцэг эхийн сэтгэгдэлийг хүргэе. Байлдагч Ж.Загиржав “Би нийслэлийн 133 дугаар сургууль төгсөөд ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны сургуульд суралцаж байсан. Хилийн цэргийн 0164 дүгээр ангид хуваарилагдаж ирээд нэг сарын хугацаанд цэргийн анхан шатны мэдлэгийг авсан. Өнөөдөр тангарагаа өргөөд их баяртай байна. Эр хүнийхээ хувьд их бахархал төрдөг юм байна. Тангарагаа өргөчихөөд нэг сарын хугацаанд уулзаагүй байсан гэрийнхэнтэйгээ уулзлаа. Сайхан байна. Манай хоёр эмээ, ээж аав, дүү нар, эгч маань ирсэн. Хугацаат цэргийн алба хаагч болсноосоо хойш бүхий л зүйлийг сурч, хувийн зохион байгуулалт сайтай болж байна” гэж ярилаа. Харин түүний аав Хан-Уул дүүргийн XIX хорооны иргэн С.Жаргалсайхан “Би өөрөө цэргийн алба хааж чадаагүй болохоор өнөөдөр хүүгээрээ их бахархлаа. Залуудаа “Цэрэгт явъя” гэтэл ганцхан нүдээр тэнцээгүй хасагдаж байсан юм. Эх орныхоо төлөө эр цэргийн тангараг өргөх чинь их сайхан сэтгэл огшоосон ёслол болдог юм байна. Аавынхаа биелүүлж чадаагүй хүслийг гүйцээсэн хүүгээрээ их бахархлаа. Ах нь өнөөдөр маш их баяртай байна” хэмээн энэ өдрийн сэтгэгдлээ хуваалцав.

Байлдагч Д.Мөнх-Эрдэнэ “Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас цэргийн албанд татагдсан. Цэрэгт ирээд өөрийнхөө их олон зүйлийг өөрчилж чадсан. Хувь хүнийг их хөгжүүлдэг юм билээ. Их л эрх чөлөөтэй, дур зоргоороо явдаг байсан бол одоо эмх цэгцтэй байж, хувийн зохион байгуулалт сайжирсан” гэв. Тэрбээр мөн “Онц буудагч” болжээ. Хүний удам угсааны өгөгдөл гэдэг гайхалтай сайхан зүйл юм. Түүний аав нь мэргэн буудагч аж. “Онц буудагч”-ийн аав Б.Долгорсүрэн “Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэн. Мал маллаж байгаа. Миний хүү эх орноо хамгаалахаар эр цэргийн тангарагаа өргөлөө. Сарын хугацаанд маш сайн бэлтгэл хийлгэжээ. Үүнийг сонсоход маш сайхан байна. Хүүг маань өдий зэрэгтэй болгосон энэ ангийн хамт олонд маш их талархаж байна. Манайх дөрвөн хүүхэдтэй. Гурван охин, ганц хүүтэй айл. Миний аав Х.Балжин яг энд Зэвсгийн хангамжийн ангид цэргийн алба хааж байсан гэдэг. Харин өнөөдөр ач хүү нь энэ ангид алба хааж байна” хэмээн сэтгэгдэлээ цөөн хором хуваалцсан юм. Харин байлдагч Д.Мөнх-Эрдэнийн ээж С.Наранчимэг “Би Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 2009 оноос хойш манайх гэдэг айл амьдарч байна даа. Цэргийн зарлан ирээд эрүүл мэндийн үзлэгээр тэнцчихээд “Би цэрэгт явна” гэж хүүгээ хэлэхэд би саналыг нь сонсож дэмжсэн. Өнөөдөр хүүтэйгээ уулзаад сайхан байна” гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top