Иргэд саналын хуудсыг хэрхэн бөглөх талаар мэдээлэлгүй байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 06 сарын 22

УИХ-ын 9 дэх сонгуулийн санал хураалт болоход цөөн хоног үлдээд байна. Гэтэл иргэд, сонгогчид тойргийнхоо нэр дэвшигчдийн талаар тоймтой мэдээлэлгүй, сайн танихгүй байгаа нь сонголт хийхэд хүндрэл учруулж байгаа талаар ярьж байна. Түүнчлэн саналаа хуудсаа хэрхэн бөглөх, хэдэн нэр дэвшигч сонгож тэмдэглэх зэрэг анхан шатны мэдээллүүд ч сонгогчдод дутмаг байна.

Бид Баянзүрх, Чингэлтэй дүүргийн иргэдэд “Та өөрийн харьяа тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийг мэдэж байгаа юу. Саналын хуудасны талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ” гэсэн асуултыг тавихад дийлэнх нь “Нийт нэр дэвшигчдийн талаар мэдээлэл маш хангалтгүй байгаа, ялангуяа шинэ, залуу нэр дэвшигчдийн талаар ямар ч мэдээлэлгүй байна гэсэн” хариулт өгч байлаа. Мөн иргэд Сонгуулийн санал хураалтын өдөр шинэчлэгдсэн байдлаар сонголт хийхдээ саналын хуудсанд ямар тэмдэглэгээ хийх талаараа анхан шатны ойлголтгүй байна гэж ярьж байна.

Сонгогчид тойргийнхоо нэр дэвшигчдийг мэдэхгүй байгаа тул сонголт хийхэд хүндрэлтэй байна гэв 
 


Зургаадугаар сарын 28-ны өдөр УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт болно. УИХ-ын сонгуулиар иргэд мажоритар, пропорциональ холимог тогтолцоогоор анх удаа 126 гишүүн сонгох гэж байгаа нь хамгийн онцлог өөрчлөлт болж байгаа.

Сонгуулийн тойрог бүсчлэгдэж, олон мандаттай болсноос үүдэн УИХ-ын сонгуулийн саналын хуудасны урт хуудас 78.7 см болно гэдгийг СЕХ мэдэгдсэн. Сүүлд байгуулагдсан шинэ намын дэвшигч байх тусмаа төгсгөлд бичигдэнэ. Саналын хуудас хуульд зааснаар хоёр хэсэгтэй байна. Эхнийх нь 48 гишүүнийг пропорциональ системээр сонгох хэсэг, нөгөө нь 78 гишүүнийг сонгох мажоритар тогтолцооны гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

Саналын хуудсан дээр намуудын дараалал, нэр дэвшигчийн нэр ямар дарааллаар, яаж бичигдэх вэ гэдгийг хуульд тодорхой заасан байдаг. Нам, эвслүүдийн нэр Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа бичигдэнэ. Намаас тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн хувьд тухайн нам нь нэрсийн дарааллаа СЕХ-нд ирүүлдэг. Жишээ нь, 10 мандаттай тойрогт нэр дэвшигчдийн хэнийх нь нэр хамгийн эхэнд байх вэ гэдгийг тухайн нам шийднэ.

Хамгийн олон буюу 10 мандаттай тойргийн саналын хуудсыг төхөөрөмжид уншуулахад 27 секунд зарцуулж байгаа бол нам, эвслийн нэрийг дугуйлах хэсгийг төхөөрөмжид уншуулахад 11 секунд болж байгаа ажээ. Энэ хоёр саналын хуудсыг уншуулахад нийт 38 секунд шаардагдаж байгаа гэнэ. Хамгийн олон буюу 10 мандаттай тойргийн саналын хуудас 38 инч буюу 78.7 см урттай байх бөгөөд энэ удаагийн сонгуулийн саналын хуудасны хамгийн урт нь болох юм. Нэг сонгогч санал өгөх байранд ороод саналаа өгч гарах хүртэл ойролцоогоор гурван минут зарцуулна гэж тооцоолжээ.

Энэ удаагийн сонгуулиар сонгогчид холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонгоно. Ингэхдээ хоёр тусдаа саналын хуудас бөглөнө

1. Нэр дэвшигчдийг сонгох хэсэг

Эхний саналын хуудас дээр танай тойрогт нам, эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвшигч 78 хүний нэрс байрлана. Та эдгээр нэрсээс ӨӨРИЙН ТОЙРОГТ НОГДОХ МАНДАТЫН ТООТОЙ ТЭНЦҮҮ ТООНЫ НЭР ДЭВШИГЧДИЙГ СОНГОХ ёстой. Жишээлбэл, Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн мандатын тоо нь 6 тул 6 хүнийг л сонгоно. Илүү эсвэл дутуу санал тэмдэглэвэл тухайн саналын хуудас нь хүчингүй болохыг анхаараарай.

2. Нам, эвслийг сонгох хэсэг

Харин хоёр дахь саналын хуудас дээр улсын хэмжээнд дэвшиж буй нам, эвслийн 48 хүний нэрс байрлана. Эндээс сонгогч  ЗӨВХӨН НЭГ нам эсвэл эвслийг дэмжиж саналаа өгөх бөгөөд илүүг тэмдэглэвэл саналын хуудас хүчингүй болох юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.46.107) 2024 оны 06 сарын 22

Манай Багануурт 2 хүн сонгох эрхтэй МАН-аас 1 АН-аас 1 хольж бөглөж болно биздээ

0  |  0
Top