МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: ӨРГӨСӨН ТАНГАРГАА ЗӨРЧСӨН ХЭН БОЛОВЧ ЭНЭ ЭРХЭМ ХҮНДТЭЙ ТАНХИМД СУУХ УЧИРГҮЙ
Бүсчилж томсгосон тойрог, намын жагсаалт хослуулсан холимог тогтолцоогоор, анх удаа 126 гишүүнтэй бүрдсэн УИХ-ын гишүүд 2024 оны долоодугаар сарын 2-ны өдөр тангараг өргөж, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг 90 гаруй хувийн саналаар сонгосноор УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан шинэхэн парламентын цаг тоолол эхэллээ. УИХ-ын чуулганы танхимыг “Их Хуралдай” хэмээн нэрийдэх болжээ. Чуулганы танхимыг өргөтгөж, таван эгнээ суудал засаж, УИХ-ын даргын хууль батлахдаа тогшдог хар хүрэн өнгийн модон алх “зүсээ” өөрчилж алтан бүслүүртэй хүрэн шаргал өнгөтэй, овор хэмжээ багавтар болсон харагдана.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 эрхэм өмнөх өдөр нь Сонгуулийн ерөнхий хорооноос гишүүний үнэмлэхээ гардаад байсан юм. Энэ удаагийн УИХ нь МАН, АН, ХҮН, “Үндэсний эвсэл”, ИЗНН гэсэн таван субъектаас бүрдсэн бөгөөд 42 бие даагчаас нэг нь ч сонгогдоогүй юм.
Парламентын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч нээж үг хэлэв. Тэрбээр УИХ-ын гишүүдээс өндөр ёс зүй нэхнэ. Алдаа гаргавал төрийн түшээгийн сэнтийгээс буух ёстой гэдгийг хатуу анхааруулж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үгэндээ “Монгол төрийн өндөр босгыг давж ард түмнийхээ итгэл, найдварыг хүлээн, өргөн дэмжлэг авч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг дээдэлж, эх орон, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэхээр төрийн түшээгээр сонгогдсон гишүүдэд амжилт хүсье. Ардчилсан шинэ Үндсэн хуулиа 1992 онд батлан тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмыг бататган бэхжүүлж, парламентын ес дэх удаагийн сонгуулиа амжилттай зохион байгуулж, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баталгаажсан 126 гишүүнтэй анхны Улсын Их Хурал байгуулагдлаа.
Ард, иргэдийнхээ халуун итгэл, их хүлээлт дунд парламентын гишүүнээр сонгогдож буй Та бүхэн хүний ёсыг огоорон, ёс зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаасаа няцвал ард иргэдээсээ уучлалт гуйн, нэн даруй өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх ёстой. “Төр төмбөгөр, ёс ёмбогор” гэж манай ард түмэн ярьдаг. Төрийн сүлд, ард түмэндээ өргөсөн тангаргаа зөрчсөн хэн боловч ард түмний төлөөлөл болж энэхүү эрхэм хүндтэй танхимд суух учиргүй. Энэ удаагийн УИХ ёс зүй, сахилга хариуцлагыг дээдлэн сахиж, ард түмний сонголтыг хүндэтгэн, парламентын нэр хүндийг өндөрт өргөж, аливаа ашиг сонирхол, гэмт хэрэг, зөрчлөөс ангид байж, сонгогч олныхоо итгэл найдварыг дааж, нэр төртэй ажиллах ёстой” хэмээн онцолсон юм.
ХАМГИЙН ОЛОН ЭМЭГТЭЙ ГИШҮҮН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ПАРЛАМЕНТ БҮРДЛЭЭ
Үүний дараа СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн дүнгийн талаарх илтгэлийг сонсгов. Түүний илтгэлд дурдсанаар УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор 19 нам, хоёр эвсэл, нийт 1341 нэр дэвшигч бүртгүүлсэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн түүхэнд хамгийн олон нам, эвсэл, нэр дэвшигч оролцсон сонгууль болжээ. Тухайлбал, 19 нам, хоёр эвслээс сонгуулийн тойрогт 927, жагсаалтаар 372, бие дааж 42 нэр дэвшигч бүртгүүлсэн бөгөөд нийт нэр дэвшигчдийн 61.3 хувь буюу 821 нь эрэгтэй, 520 буюу 38.7 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байжээ. Монгол Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг дэлхий дахин анхааралтай ажиглаж, гадаадын болон олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн 15 байгууллагын 36 сэтгүүлч, сурвалжлагч ажилласан байна. Мөн сонгогчдыг мэдээллээр хангах, сонгуулийн үйл явцын талаар мэдээлэхээр дотоодын 434 хэвлэл мэдээллийн байгууллагын 4600 гаруй сэтгүүлч, зураглаач, инженер техникийн ажилтнууд ажиллажээ.
Энэ удаагийн сонгуулийг ажиглахаар 29 орны тусгай багийн нийт 249 ажиглагч оролцсон байна. Сонгуулийн дүнгээр МАН-аас сонгуулийн тойрогт 50, намын жагсаалтаар 18 нийт 68, АН-аас сонгуулийн тойрогт 26, намын жагсаалтаар 16 нийт 42, ХҮН намаас сонгуулийн тойрогт хоёр, намын жагсаалтаар зургаа нийт найм, Үндэсний эвслийн жагсаалтаар дөрөв, ИЗНН-аас жагсаалтаар дөрвөн нэр дэвшигч тус тус УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Сонгогдсон гишүүдийн 32 буюу 25.4 хувь нь эмэгтэй байгаа нь Монгол Улсын парламентын түүхэн дээд үзүүлэлт төдийгүй Ази тивийн дунджаас өндөр үзүүлэлт бөгөөд дэлхийн 187 орны парламентад эзлэх эмэгтэйчүүдийн дундаж үзүүлэлтийг хангасан. Шинээр сонгогдсон гишүүдийн хамгийн залуу нь 27 настай, хамгийн ахмад нь 73 настай. Мэргэжил боловсролын байдлаар инженер 17, хуульч, эрх зүйч 29, бизнес, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн 40, хэл судлал, гадаад харилцааны чиглэлийн найм, багш найм, эмч тав, сэтгүүлч тав, улс төр судлаач дөрөв, геологич, дизайнер, жүжигчин, зураач, социологич, физикч зэрэг мэргэжилтнүүд сонгогдсон гэдгийг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран онцлов. Мөн МАН, АН аль алинаас нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл жагсаалтаар орж ирсэн юм. МАН-ын О.Саранчулуун, АН-ын Ж.Баясгалан нар одооноос хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт иргэдийн дуу хоолой болж УИХ-д ажиллана.
ҮНДЭСНИЙ ЦӨӨНХИЙН ТӨЛӨӨЛӨЛ ТАВУУЛАА БОЛОВ
Бас нэг онцлог байсан нь ИЗНН-ын жагсаалтаар сонгогдсон С.Замира байнгын ажиллагаатай парламентын түүхэнд анх удаа казах эмэгтэйчүүдийн төлөөлөл болон орж ирлээ. Мөн үүнээс өмнөх сонгуулиудаар Баян-Өлгий аймгийг төлөөлж үндэсний цөөнхөөс ямагт гурван гишүүн сонгогдож байсан бол энэ удаа тус аймгаас сонгогдсон гурван гишүүн дээр МАН-ын жагсаалтаар С.Зулпхар, ИЗНН-ын жагсаалтаар дээр дурдсан С.Замира нар сонгогдож, таван төлөөлөлтэй болов.
ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ ГУРВАН ЦАГ ГАРУЙ ҮРГЭЛЖЛЭВ
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар Чуулганы анхдугаар хуралдааныг УИХ-ын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална” гэж заасны дагуу МАН-аас жагсаалтаар эрдэмтэд болон ахмадуудыг төлөөлөн сонгогдсон, өдгөө 73 настай Дүгэрийн Рэгдэл даргалж, хамгийн эхэнд тангараг өргөөд гишүүдийн нэрсийг цагаан толгойн дэс дараагаар дуудан тангараг өргүүлэв. УИХ-ын индрийн эсрэг талын тагтан дээр гишүүдийн хэлэх тангаргийн үгийг хөх өнгийн дэвсгэр дээр цагаанаар бичиж байрлуулжээ.
Гишүүд тангаргийн үгээ хэлж, төрийн сүлд, Чингис хааны хөрөгт мэхийн ёслоод, төрийн далбаандаа сөхрөн адислаж, тангаргийн бичигт гарын үсэг зурж, энгэрийн тэмдгээ гардсанаар бүрэн эрхт гишүүн болцгоолоо. Цагаан толгойн дарааллаар Ж.Алдаржавхлангаар эхэлж, Р.Эрдэнэбүрэнгээр өндөрлөсөн 126 гишүүний тангаргийн ёслол гурван цаг гаруй үргэлжиллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар тангаргийн үгээ хэлсний дараа өөрөө нэмж “Монгол Улс мандан бадарч мөнх хөх тэнгэр ивээх болтугай” хэмээн хэлснээсээ болж хуралдаан даргалагч Д.Рэгдэлээс “Гишүүд зөвхөн тангаргийн үгийг хэлнэ. Нэмж өөр үг хэлж болохгүй” гэсэн сануулга авав. Хуралдаан даргалагч Д.Рэгдэл ганц нэг хүний нэр сольж хэлснийг эс тооцвол тангаргийн ёслол хэвийн үргэлжлэн өндөрлөв. Дараа нь “Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолыг батлуулав.
УИХ-ЫН ШИНЭ ДАРГА БА Д.АМАРБАЯСГАЛАНГААС ТАТГАЛЗСАН ТАВАН ГИШҮҮН
Тангаргийн ёслолын дараа УИХ-ын даргыг сонголоо. УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнгээр олонх болсон МАН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар УИХ-ын даргад Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлэх тухай МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоол, нэр дэвшигчийн намтрыг танилцууллаа. УИХ-ын гишүүн Дашзэгвийн Амарбаясгалан нь 1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. 1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 2003 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Холбоо, мэдээллийн технологийн сургууль, 2011 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг тус тус төгссөн. Цахилгааны инженер, мэдээлэл хэмжлийн электроникийн инженер, улс төр судлаач мэргэжилтэй. 2000-2007 онд “Соёмбо Принтинг” компанийн ерөнхий менежер, захирал, 2007-2009 онд “Монгол шуудан” ТӨК-ийн Маркетинг, төлөвлөлтийн газрын дарга, 2009-2012 онд МАН-ын Хэрэг эрхлэх газрын ХМОНХХ-ийн дарга, 2008-2020 онд НИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч бүлгийн дарга, 2015-2016 онд МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга, 2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2022 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан.
УИХ-ын шинэхэн гишүүдийн хурууны хээг таниулж, техникийн шинэчлэлт хийж байгаа учир УИХ-ын даргын сонгуулийг гар өргөн явууллаа. Ингэхэд УИХ-д АН-ыг төлөөлөн сонгогдсон Х.Баттулга, Н.Алтанхуяг, Г.Очирбат, Б.Жаргалан, Д.Жаргалсайхан нарын таван гишүүн “УИХ-ын дарга өрсөлдөгчгүй сонгогдлоо” хэмээн татгалзаж, бусад 121 гишүүн дэмжсэнээр Д.Амарбаясгалан УИХ-ын даргаар сонгогдлоо. УИХ-ын тамгыг алд цэнхэр хадаг дээр залж “Их Хуралдай” танхимд оруулан ирж хуралдаан даргалагч Д.Рэгдэлд гардуулав.
Шинээр бүрдсэн УИХ-д Говь-Алтайн гаралтай хэд хэдэн гишүүн байгаа бөгөөд хуралдаан даргалагч Говь-Алтайн уугуул Д.Рэгдэлийн гараас мөн л Говь-Алтайн уугуул Д.Амарбаясгалан УИХ-ын тамгыг гардан авч парламент удирдахаар суудлаа эзэлсэн юм.
Х.ТЭМҮҮЖИН ГИШҮҮНИЙ ТАВАН ЗҮЙЛ САНАЛ
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин шинээр сонгогдсон УИХ-ын даргад хандаж таван зүйл санал хэлэв. Тэрбээр “Парламент болгон өөрийнхөө зохион байгуулалтыг өөрөө бий болгож байх ёстой. Харамсалтай нь энэ удаагийн парламентыг дөрвөн жилд хэн удирдах вэ гэдгийг ямар ч хэлэлцүүлэггүйгээр гар өргөн сонгохоор хуульдаа оруулсан юм байна. УИХ-ын даргад хандаж таван зүйлийг хэлье.
УИХ бол парламентат ёсыг бэхжүүлэх Үндсэн хуулийн гол багана. Энэ удаагийн парламентад УИХ-ын даргыг 126 гишүүний нэг байлгах зарчим руу шилжих ёстой гэж бодож байна. Ингэхийн тулд УИХ-ын дарга ҮАБЗ-д орж, парламентаас гадуур эрх мэдэл эдэлдгийг зогсоох ёстой байх. ҮАБЗ-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр удирдуулж, Засгийн газрын гүйцэтгэх чиглэлийн байгууллагууд болон парламентаас Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос төлөөлөл оруулах хэрэгтэй. Энэ асуудлаар зоригтой шийдвэр гаргана гэж найдаж байна.
Тусгай хяналтын дэд хорооны чиг үүргийг сайжруулахгүй бол Монгол Улсын иргэн рүү халдаж байгаа тагнуул, цагдаа зэрэг байгууллагын гүйцэтгэх ажил гадаад бодлогын асуудал шиг гадуур өнгөрдөг болсон байна. Тиймээс энэ удаагийн УИХ үнэхээр хүний эрхийн талд зогсъё гэж байгаа бол иргэний үндсэн эрх рүү халддаг үйл ажиллагааг хянах хэмжээний чиг үүргийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэх ажлыг эхлүүлээрэй. Парламентын засаглал бүхий ардчилсан улс оронд парламент нь гүйцэтгэх эрх мэдэлтэйгээ холилдоод нэг байшинд байдаггүй. Тийм учраас энэ удаагийн парламент зориг гаргаад Засгийн газраа Төрийн ордноос гаргана гэдэгт итгэж байна. Эвслийн Засгийн газар байгуулагдах тухай яриа албан бусаар явж байх шиг байна. Ийм тохиолдолд парламент өөрөө суларна. Энэ сул байдлыг нөхөхийн тулд парламентын хяналтыг сайжруулах зорилгоор аудит, ХЭҮК, ТАЗ гэх зэрэг парламентын хяналтыг бие даасан байдлаар хэрэгжүүлдэг агентлагуудыг парламентын хяналтад зориулж зохион байгуулах хэрэгтэй байх. Ямар ч тохиолдолд аудит, ХЭҮК, ТАЗ гүйцэтгэх эрх мэдлээс ангид байх ёстой. Парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг байх ёстой.
Авлигатай тэмцэх үйл явцыг парламентаас тэргүүлэх ёстой. Ингэхийн тулд энэ удаагийн парламент илүү цэвэр манлайллыг үзүүлээсэй гэж хүсэж байна” гэлээ.
УИХ-ЫН ГИШҮҮДЭД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС АНГИД БАЙХЫГ САНУУЛАВ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлснээр анхдугаар чуулганы үдээс өмнөх чуулган өндөрлөсөн юм. Түүний хэлсэн үгээс анхаарал татсан зарим санааг тоймлож үзье. Тэрбээр юуны өмнө “Шинэ цагийн парламентат ёс, улс төрийн шинэ соёл өнөөдрөөс эхэлж байна” хэмээн хэлсэн нь анхаарал татсан юм. Мөн УИХ хэзээ ч Засгийн газрын аманд багтаж болохгүйг анхааруулав. Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “УИХ бол иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэгч, Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болохын хувьд гүйцэтгэх засаглалд шаардлага тавьж, хариуцлага асуух эрхтэй Үндсэн хуулийн байгууллага мөн” гэлээ. Гишүүдэд тавих шаардлага, нэхэх хариуцлагыг өндөржүүлэхээ ч илэрхийлэв. “УИХ-ын гишүүд Та бид өөрсдөө ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ёс зүйн манлайлал үзүүлэх ёстой. Энэ бол парламентын ардчилалд итгэх гол нөхцөл мөн. Нөгөө талаас төрийн аюулгүй байдлыг хангах шат дараалсан арга хэмжээг авч, иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй. Тиймээс УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм болон хөрөнгө орлогын мэдүүлгийг илүү боловсронгуй болгож, авлигын эсрэг хатуу тэмцэл өрнүүлж, хууль тогтоомжийг илүү сайжруулах, УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлага, ажлын үр дүнг олон нийтэд нээлттэй, илүү ойлгомжтой болгоход анхаарч ажиллах болно. Хувийн болон бүлгийн ашиг сонирхлоос ангид байж, төр улсынхаа эрх ашгийг дээдлэн, нийт монголчуудынхаа ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлсэн, шинэ үеийн парламентат ёсыг төлөвшүүлэх нэр төртэй үүрэг, зорилт Та бидний өмнө тавигдаж байна” гэсэн юм.
Чуулганы үдээс хойших хуралдааныг зарласан боловч сонины дугаар шилжих мөчид эхлээгүй байв.
Сэтгэгдэл ( 0 )