ТӨРИЙН ТЭРГҮҮН АСТАНАГААС ИРМЭГЦ АЖИЛ ШУУДАРНА
УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын гишүүдийн бүрэн эрхийг энэ долоодугаар сарын 2-ны өдөр баталгаажуулж тангараг өргүүлснээс хойш гурав хоног өнгөрөөд байна. Тангараг өргөх ёслолын дараа мөн өдрөө чуулганы анхдугаар хуралдааныг үргэлжлүүлэн УИХ-ын дэд дарга, намын бүлгийн дарга нарыг сонгох тухай асуудал хэлэлцэхээр зарласан ч өдий хүртэл хуралдсангүй. Шалтгаан нь эдгээр албан тушаалд дэвшүүлэх гишүүдээ дахин нягталж буйгаас гадна Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэх, АН, ХҮН намын төлөөллийг танхимдаа урьж хамтарсан Засгийн газар байгуулах талаар зөвшилцөх зэрэг олон ажил давхцаж буйтай холбоотой.
Энэ бүхнийг бэлэн болгоод Казахстаны Астана хотноо ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоод ирж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулахаар хүлээлтийн байдалд байгаа талаар эх сурвалжууд дурдаж байна. Тэгэхээр Засгийн газрыг шинээр эмхлэх нь намуудын хариуг судлахаас гадна Төрийн тэргүүнийг хүлээн ялимгүй саатсан хэмээн харж болох нь. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүнийг зөвшөөрвөл ирэх даваа гараг гэхэд танхим бүрдүүлэх ажил жигдэрнэ хэмээн харж буй ажээ. МАН-ын Бага хурлыг хуралдуулах ажил ч танхим бүрдүүлэхээс өмнө өрнөх юм.
АН ЗАСГИЙН ГАЗАРТ ХАМТРАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
МАН-ын зүгээс өчигдөр буюу пүрэв гарагт Засгийн газарт хамтран ажиллах “урилга”-аа АН-д албан ёсоор хүргүүлэв. АН-ын гол байгууллага Үндэсний бодлогын хорооны гишүүдээс Улс төрийн зөвлөлдөө хандан Засгийн газарт хамтрах нь зөв гэсэн санал илэрхийлсэн юм. АН ч Улс төрийн зөвлөлийн гишүүдээ нэн даруй цуглуулж тэр даруй Төрийн ордонд хуралдсан. АН-ын Улс төрийн зөвлөл МАН-аас ирсэн саналыг хүлээн авч хамтарсан Засгийн газарт орох эсэх шийдвэрээ гаргахаар төлөвлөсөн юм. АН-ын зүгээс хамтарсан Засгийн газарт орж ажиллах хүсэлтийг хүлээн авахаар тохирч өчигдөр орой 20:30 цагт АН-ын Улс төрийн зөвлөл МАН-тай хамтарч, эвслийн Засгийн газарт орж ажиллах шийдвэр гаргав. Харин ямар яамыг АН-д өгч, хэн хэнийг сайд болгох талаар МАН-тай ярилцаж, эцэслэнэ. АН-ын Улс төрийн зөвлөлийн 53 гишүүнээс хуралдаа 46 нь оролцож, 32 нь хамтарсан Засгийн газрыг дэмжжээ. Засгийн газарт найман суудал эзлэх “мандат” өвөрлөсөн дуулдана. Тэдний тоонд УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, О.Алтангэрэл, Х.Болормаа, А.Ганбаатар, Ж.Батсуурь, Р.Сэддорж, Р.Эрдэнбүрэн, Э.Одбаяр нарын нэрс яригджээ. Улс төрийн зөвлөлд УИХ-ын гишүүд багтдаг тул шийдвэр ерөнхийдөө тодорхой болсон гэж эх сурвалж хэллээ.
Х.БАТТУЛГА ГИШҮҮН ШАЗРУУН БАЙНА
МАН-ын Засгийн газарт АН хамтрахыг УИХ-ын дотроос ч, гаднаас ч зарим гишүүн эсэргүүцсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга тангараг өргөснийхөө дараа “Би улс төрд ороод 20 жил боллоо. Миний хийхийг зорьж байсан ажлын 80 хувь нь биелээгүй байна. Тиймээс аж үйлдвэржсэн улс орон болох, газрын доорх баялгаа үнэ цэнтэй болгох зорилготой ажиллана. Хамтарсан Засгийн газар байгуулах тухай асуудлыг АН хэлэлцэнэ. Цаашид улс орноо хөгжүүлье гэвэл хамтарсан Засгийн газар байгуулах нь зүйтэй. Гэхдээ би Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн учраас ямар нэгэн байдлаар Засгийн газарт орж сайд болохгүй" гэсэн юм. Түүнийг энэ байр суурь дээрээ нэлээд итгэл, үнэмшилтэй, шазруун байгаа гэж ойрын эх сурвалж нь хэлнэ лээ. Гэхдээ түүний Засгийн газарт орох эсэхийг, үйл явдал цаашаа хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулна.
УИХ дахь АН-ын бүлгийн даргаар улиран сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл бүлгийнхээ анхны хуралдаан дээр “АН-ын төлөөллийн төв байгууллага ҮБХ цаашдын улс төрийн үйл ажиллагаанд чиглэл өгнө. Би хувь улс төрчийнхөө хувьд АН айлын хатавчинд очиж суухгүй. Өөрөөр хэлбэл, Засагт оролгүй сөрөг хүчнээ хийх ёстой гэж үзэж байна" хэмээсэн. Б.Пүрэвдорж гишүүн ч ижил байр суурьтай байсан юм.
АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлын үеэр Улс төрийн зөвлөлийн гишүүн Д.Мөнх-эрдэнэ “ Би хувь хүнийхээ хувьд АН Засгийн газарт хамтрах хэрэггүй, МАН-д ялыг нь үүрүүлэх ёстой гэж бодож байна. Гэхдээ албан тушаал горилж байгаа хүмүүс эх орныхоо төлөө хамтарна л гэх байх. Ядуурал, авлига, хэлмэгдүүлэлтийг сүүлийн найман жил засаг барьсан МАН хийж байгаа. Өнгөрсөн 34 жилийн дөрөвхөн жилд буюу 1996-2000 онд АН дангаараа засаг барьсан. 2012-2016 онд АН хамтарч засаг барьсан бол үлдсэн хугацаанд МАН дангаараа засагласан. Зарим нь АН ард түмний сонголтын дагуу сөрөг хүчнээ хийх ёстой гэж байгаа. УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа МАН-ын Н.Энхбаяр УИХ-ын дарга, АН-ын Ц.Элбэгдорж Ерөнхий сайд хийсэн. Үүнийг хамтрал гэдэг юм. Түүнээс биш албан тушаалын төлөө амиа өгөхөөс буцахгүй зарим нөхрийг хатавчиндаа суулгаж, ганц нэг сайдын суудал өгөх гэж байгаа бол энэ бол хамтрал биш” гэж байв. Гэвч олонхийн саналаар АН Засгийн газарт хамтрахаар болов.
АН, ХҮН НАМ ХОЁР МАН-ЫН АЖЛЫН ХЭСЭГТЭЙ “ШАТАР НҮҮВ”
Үүний өмнөх өдөр юу болсныг товч тоймлоё. Засгийн газарт уригдаад байгаа АН, ХҮН намын төлөөлөл МАН-ын талтай буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар нартай Их тэнгэрт “Шатар нүүсэн” юм. Улс төрийн шатрын хөлөг дээр МАН-ын талтай өрөг нүүнэ гэдэг том улс төрөөс ерөнхий утгаараа сүүлийн жилүүдэд хөндий байсан АН, ХҮН намынханд амаргүй байсан байх учиртай. Ямар ч гэсэн тэд долоодугаар сарын 3-ны үдэш Их тэнгэрт “болзсон”, замын зургаа зурж үзэцгээсэн. УИХ-д 42 суудалтай АН, найман суудалтай ХҮН хоёрт гүйцэтгэх засаглалын бялуунаас хэр зэрэг хүртээхийг МАН-ын тал “зүсэж” үзүүлсэн.
Бүсчилсэн том тойрогт нэр дэвшээд унасан хуучин улстөрчдөдөө МАН-ынхан энд тэнд суудал, сэнтий бэлтгэж байгаа. Түрүүчээсээ УИХ-ын дарга асан Г.Занданшатар ЕТГ-ын дарга болчихоод байна. Засгийн газарт, агентлагуудад заримд нь “мест” гаргаж өгч таарна. Ингээд УИХ-ын 2024 оны сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт тусгасан ёсоор яамдын тоогоо нэмэхээр ярилцсан байна. Өнөөдөр Засгийн газар бүтэцдээ 16 яам, 21 сайдтай. Шинэ засагт яамдын тоог өсгөхийн тулд хэд хэдэн яамыг дундуур нь таллаж “Олзыг олуулаа” хуваахаар ярилцсан сурагтай. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг Хөдөлмөрийн яам, Нийгмийн хамгааллын яам болгох, Хууль зүй, дотоод хэргийн яамыг Хууль зүйн яам, Дотоод хэргийн яам болгон хуваах, Зам тээвэр, хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яамны дундаас Дэд бүтцийн яам “төрүүлэх” зэрэг бүтцийн асуудал яригдсан байна.
“ХӨЛӨГ” ДЭЭР ЯМАР НҮҮДЭЛ ХИЙВ?
Засгийн газрын танхимын гишүүдийг намуудад хуваарилах “шатрын хөлөг” дээр гурван намын төлөөлөл ямар нүүдэл хийсэн бол? Мэдээж бодлого зангидах яамдыг МАН-ын сайд нар толгойлно. Тухайлбал, Цахим хөгжлийн сайд Н.Учралыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилох, түүний оронд Э.Батшугар гишүүнд сайдын суудал оноож цахим бодлогыг хариуцуулах, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг үлдээх талаарх яриа мөн л долоодугаар сарын 3-ны өдрөөс нэлээд тод дуулдаж эхэлсэн. Б.Дэлгэрсайхан сайдын “Түгжрэлийн яам”-ыг нийслэлээс сонгогдсон, зовлон мэднэ гэдэг утгаар Э.Бат-Амгалан гишүүнээр толгойлуулахаар болсон сурагтай.
АН-д найм, ХҮН намд нэгээс хоёр сайдын сэнтийг “найр тавих” талаар Их тэнгэрт болсон яриа хөөрөөний үеэр санал солилцож, “шатрын хөлөг” дээр ганц нэг өрөг наадаж үзжээ. Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөрийг Шадар сайдад, ХҮН намын дарга Т.Доржхандыг Эдийн засгийн хөгжлийн сайдад санал болгохоор ярилцсан юм байна.
Эх сурвалжуудын дурдаж буйгаар Эрүүл мэндийн сайдад УИХ-ын дэд дарга байсан С.Одонтуяа гишүүнийг, Дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн хуульч О.Алтангэрэлийг, Нийгмийн хамгааллын сайдаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан УИХ-ын гишүүн Х.Болормааг, Олимп, спортын сайдаар Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн А.Ганбаатарыг, Барилга, хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Өмнөговь аймгийн Засаг дарга асан УИХ-ын гишүүн Р.Сэддоржийг нэр дэвшүүлэхээр МАН-ын ажлын хэсэгтэй АН, ХҮН намын төлөөлөл ярилцжээ. УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн, Э.Одбаяр хоёрт ч суудал оноохоор ярьсан байдаг.
Эдгээр нэрсийг МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын Бага хурлаар ярилцахад зарим өөрчлөлт гарахыг үгүйсгэж болохгүй. Нэгэнт АН-ын шийдвэр тодорхой болсон учир долоодугаар сарын 4-5-нд шилжих шөнө МАН Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ яриад 5-ны баасан гарагт амжихгүй бол сүүлийн нүүдлүүдээ цэгцлэн 8-ны даваа гарагт УИХ-ын чуулганаар шинэ Засгийн газраа бүрдүүлж магадгүй байдалтай байна.
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ, ИЗНН СӨРӨГ ХҮЧИН БОЛНО
Ингээд үзэхэд УИХ-д жагсаалтаар тус бүр дөрөв дөрвөн суудал авсан Үндэсний эвсэл, ИЗНН хоёр л сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг хянаж, болохгүй, бүтэхгүйг хэлж сануулж байх үүрэг хүлээж байх шив. Угаасаа ч УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр тангараг өргөмөгцөө “Манай эвсэл үхмэл сөрөг хүчин хийхгүй” хэмээн чангаар мэдэгдсэн. Тус эвслийнхэн хамтарсан Засгийн газарт орохгүй. УИХ-д хүчтэй сөрөг хүчин байна гэдгээ ч зарласан. ИЗНН Үндэсний эвсэлтэй ганзага нийлж энэ УИХ, Засгийн газрын буруу зөрүүг хэлж зааж байх үүрэг хүлээх нь гарцаагүй болов.
Сэтгэгдэл ( 5 )
Ард түмэн ардын нам ялсан \nОдоо олон жил ард түмнээс хулгай хийсэн нийгмийн хог шааруудийг цээрлүүлнээ.\nСайнбуян Амарсайхан дарга ерөнхий сайд болно. Ард түмнийг доромжлсон Хог шааруудийг ард түмний өмнө сөгдүүлнээ.\n
Баттулга ерөнхийлөгч Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, Алтанбулаг Замын Үүдийг холбосон Хурдны автозам, Хос төмөр зам Нийслэлийн түгжрэлийг арилгах Майдар дагуул хот, баруун аймгаас зүүн аймаг хүртэл бүх Уул уурхайг холбосон төмөр зам барих Шинэ сум төсөл гээд олон төсөл өөрийнхөө мөнгөөр хийж танилцуулж байсан тэд хэрэгжээгүй энд түүнийг муулж буй мулгуу боловсролгүй нөхдүүдийн тархины багтаамж хүрэхгүй учраас ойлгохгүй муулдаг. Баттулга ерөнхийлөгч маш гүйлгээ ухаантай ямар ч боловсролтой хшнээс илүү хүн. Чингис хаан Харвард төгсөөгүй гэхдээ чадвартай хүнийг ашиглан улсаа хүчирхэг
Gantumur ergvv nowsh hamtarch ajillaad yahiin ta nar 4 jiliin daraa ta nar 4 gishvvntei suuh bhda hohinee.hamtarch ajil yawulhad hurdtai ch hezeed ta nar hatawchind hudlaa l bhgvi yu ashig harj bga uhaantai.surug hvchnee sain hj MANaar ajlig hiilgvlj hariutslaga yarisan bol daraagiin songuulid yalah magadlal undur bh bla.
АН-тай хамтарч засгийн газар байгуулах нь 4 жилийн дараа буруутан олдохгүй нөгөө шүүмжлэх хүнгүй ,,,,
80% биелээгүй ч гэх шиг идээчм бж ичихгүй яаж