ШХАБ-ЫН ЭРГЭН ТОЙРОНД...

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 07 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өргөтгөсөн хуралдааны эхний өдөр   Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзсан. Үргэлжлүүлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон хэд хэдэн орны төрийн тэргүүнтэй уулзжээ. Түүнчлэн  2023-2024 онд ШХАБ-ыг даргалж байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа. Хоёр тал  харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцжээ.

Энэ удаагийн өргөтгөсөн хуралдаанд Хятад, Орос, Узбекистан, Киргиз, Азербайжан, Тажикистан, Беларусь, Турк зэрэг 16 орны төр, засгийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад өндөр албан тушаалтан оролцсон байна.

ШХАБ нь гишүүн 10 /Казахстан, Киргиз, Орос, Пакистан, Тажикистан, Узбекистан, Хятад, Энэтхэг, Иран, Беларусь/, ажиглагч хоёр  /Афганистан, Монгол/, яриа хэлэлцээний түнш 13 /Азербайжан, Армени, Египет, Балба, Шри-Ланка, Камбож, Мьянмар, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, Турк, Мальдив/, нийт 25 улсыг хамардаг юм. Мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

-МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, ДЭМЖИЖ БАЙГААГ ОНЦЛОВ-

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй Астана хотноо уулзлаа.Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа тэргүүлэх ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж буйг онцлон тэмдэглэлээ.

Мөн Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагааг дэмжих, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр хийж хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанаас танилцууллаа.

Монгол Улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон талт механизмд дэмжлэг үзүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, өргөн хүрээнд ажиллаж байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш цохон тэмдэглэлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш 2022 оны 08 дугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилсан.

Монгол-НҮБ-ын харилцааны онцлох үйл явдал болсон энэ айлчлал нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг НҮБ өндрөөр үнэлж байгаагийн тод илрэл болсон юм.

 

-БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ-

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзах үеэр  2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлснийг онцоллоо.

Мөн хоёр орны найрсаг харилцааг бататгах, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

Төрийн тэргүүнүүд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж буйг сайшааж, Монгол Улсын Их Хурлын дарга болон Киргиз Улсын Парламент Жогорку Кенешийн дарга нарын 2024 онд хийсэн харилцан айлчлал амжилттай, үр дүнтэй болсныг онцоллоо.

Цаашид уламжлалт найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн бататгах хүрээнд батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик зэрэг салбарт идэвхтэй, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргиз Улсын “Ногоон өв” санаачилгатай уялдуулан Киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монголд нутагшуулах, Эрдэнэт хотноо “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил идэвхтэй өрнөж буйг талууд сайшаалаа.

 

-МОНГОЛ УЛС БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ТҮНШЛЭЛЭЭ АХИУЛАХЫГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА-

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоантай уулзаж, хоёр талын болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцсан юм. Монгол Улс “Гуравдагч хөрш”, Иж бүрэн түншлэлийн харилцаатай Бүгд Найрамдах Турк Улстай өрнүүлж буй харилцаанд онцгой ач холбогдол өгч, хамтын ажиллагааг эдийн засаг, нийгмийн бүх салбарт гүнзгийрүүлэх, харилцааны түншлэлээ ахиулахыг эрмэлзэж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан ах дүүгийн харилцаатай Монгол Улстай бүх салбарт хамтран ажиллаж, харилцааг улам бүр бэхжүүлэхийг зорьж байгаагаа онцоллоо. Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ онцгой ач холбогдолтойг тэмдэглэж, энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх, энэ хүрээнд өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд гурав дахин өссөн бөгөөд шууд нислэг тогтмолжиж, нислэгийн тоо ч нэмэгдсэн нь иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг  өргөжүүлэхэд чухал түлхэц болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өчигдөр  ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд улсынхаа байр суурийг илэрхийлж, үг хэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top