Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс өнөөдрөөс эхлээд мөнхийн Засгийн газартай болно

2024 оны 07 сарын 08

Монголын эдийн засгийн 11 дэх удаагийн форум  “Go Mongolia уриан дор өнөөдөр Төрийн ордны Их танхимд эхэллээ. Төр, хувийн хэвшил олон улсын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн хамгийн чуулга болсон энэ удаагийн форумд нийтдээ 2 мянга гаруй хүн оролцож байгаа бөгөөд тэдний 500 гаруй нь гадаадын зочид байна.   

Форумыг нээж “Монголын эдийн засгийн форум”-ын Ерөнхий нарийн бичгийн Дарга  Ч.Ганхуяг хэлэхдээ “Энэ удаагийн форум нь УИХ-ын сонгуулийн дараа болж байгаа, шинэ парламент дөнгөж, бүрэлдэж, шинэ Засгийн газар байгуулагдаж амжаагүй байгаа үед болж байгаагаараа онцлог бөгөөд шинэ сонголтын дараах шинэ гарц шийдлыг хайх боломж олгосон маш чухал ач холбогдолтой чуулган болж байна гээд монголын эдийн засгийн засаг уналтаас гарч, тогтвортой өсч байгаа бөгөөд цаашид үүнийг тогтвортой хөгжил болгох ёстой” гэв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд, “Монголын эдийн засгийн форум”-ын Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ “Энэ удаагийн “Монголын эдийн засгийн форум” нь “Go Mongolia гэсэн уриатай байгаа нь ихээхэн утга учиртай. Улсынхаа нэрэнд Go гэсэн үг орсон орон дэлхийд хоёрхон байдгийн нэг нь MonGolia юм. Go- энэ бол өөдлөн тэмүүлэх, үргэлж хөдөлгөөнд байх агуулгыг илэрхийлсэн үг юм. Энэ бол монголчуудын хувьд аугаа их түүхтэй ард түмний нүүдэлчин соёлоо өнөө хэр авч үлдсэн авч зам мөрийг хэлж байгаа үг юм. Go - энэ бол Шинэ боломж,  Go- энэ бол Шинэ 30 жилийн сэргэлтийн эхлэлийг хэлж байгаа юм.

Энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь хийх ажлын босоо жагсаалт биш, хэвтээ хүснэгтээр хэзээ яаж, хэн хэрэгжүүлэх нь тодорхой хөтөлбөр байх болно. Сонгогчдын санал гээгдэхгүй байх ардчиллын суурь зарчимд үндэслэж, мөрийн хөтөлбөрт тусгасан заалтуудыг нэгтгэн Засгийн газрын 4 жилийн эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр парламентад хамгийн өндөр суудал авсан МАН, АН, ХҮН намууд нэгдэн Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх  болно. Энэ тухай санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурна.

Энэхүү баримт бичигт эдийн засгийн өсөлтийг жил бүр 6-7 хувьд хадгалах, эдийн засгийн хүртээмжийг дээшлүүлэхийн тулд төрийн бүтээмжийг дээшлүүлж, цомхон чадварлаг, хүнд сурталгүй болгох, хөрөнгө оруулалт болон бизнесийн орчныг сайжруулж, эдийн засгийг багадаа 2 дахин тэлэх, эрчим хүчний либералчлалын хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, Нийслэл хотын төвөөс нисэх буудал хүрсэн тойрог дэд бүтцийг чиглүүлэх, мэдээллийн технологи, инновац, дэвшилтэд ногоон шилжилтийг салбар бүхэнд цаг алдалгүй хийх, орон сууцжуулалтын томоохон бодлогыг бүсчилсэн хөгжлийн төслүүдтэй уялдуулан зохион байгуулах зэрэг олон чухал асуудлууд тусгагдсан болно.

Шинээр байгуулагдаж буй Засгийн Газар хөрөнгө оруулагчидтайгаа идэвхтэй хамтран ажиллах болно гэдгийг мөн хэлье” гэв.

Монголын эдийн засгийн форум”-ын анхны Нэгдсэн хуралдаан “Хөгжлийн бодлого” сэдвийн дор боллоо. Нэгдсэн хуралдааны модериатороор CNN телевизийн Ричард Куест, панелистаар  Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн АН-ын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд нар оролцлоо.

 

УИХ дахь улс төрийн намууд хамтарсан Засгийн газар байгуулахаар болсон тухай Нэгдсэн хуралдааны модериатор CNN телевизийн Ричард Куест ихэд сонирхож, панелистуудаас  “Ардчилал байна гэдэг сөрөг хүчинтэй байх ёстой. Та бүгдийн ярианаас сонсоход цаашдаа өөр байддлаар урагшлья гэсэн бодлыг ойлголоо. Урьдын можаритор систем шаардлага хангахгүй байсан гэдэгтэй санал нэг байна?” гэж тодрууллаа.   

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Монгол Улс өнөөдрөөс эхлээд мөнхийн Засгийн газартай болно. Цаашид можаритор тогтолцоо байхгүй болно. Хамгийн их шүүмжилж байгаа асуудлаа тэр улс төрийн хүчин өөрөө хариуцаж аваад шийдвэрлэдэг болно. Ингэснээр парламентийн сөрөг хүчний үүрэг хариуцлага нэмэгдэж, хяналт сайжирна” гэв.   

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.188.216) 2024 оны 07 сарын 09

ooroo haan bolood haant zasagtai bolno gesen ug uu, , teneg huniig darga bolgovol ulam ih erh medel ruu shunana shuu, hed hongiin daraa shuuhiig oortoo avahiig yarina harj bgaaraa ta nar

0  |  0
Top