Ж.Отгонцагаан, ОТО - Парис хот (МССХ)
● Мөнгөн медаль хүртсэн жүдогийн баг мөнгөн онгоц хөлөглөн, энэ өглөө эх орон руугаа нислээ. Уг нь 3-4 медаль, түүний дотор алт хүртэх зорилго нь хараахан бүтээгүй ч эх орноо олимпийн Парист дурсган, "Шам-де-Мар" ордонд шар медалийн төлөө өрсөлдсөн Б.Баасанхүү жүдоч нь Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, Х.Баянмөнх, З.Ойдов, Д.Оюунболд, Д.Мөнхбаяр, Б.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр,Э.Бадар-Ууган, О.Гүндэгмаа, П.Сэрдамба, С.Батцэцэг, У.Мөнх~Эрдэнэ,С.Ням-Очир, Н.Төгсцогт, Д.Сумъяа, Д.Отгондалай, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарын олимп & дэлхийн хошой медальтнуудын эгнээнд багтсан 21 дэх сод жүдоч, од тамирчнаар тодорлоо.
●Өмнө нь манай жүдочид анхны мөнгө, хүрэл медалиа "Москва-1980" Зуны XXII олимпоос хүртсэнээс хойш нийт 1алт, 5 мөнгө, 5 хүрэл , нийт 11 медалиар эх орноо алдаршуулаад байна. Одоогийн байдлаар эх орныхоо төлөө тулалдахаар марафон (3), хүндийг өргөлт (1), чөлөөт бөхийн (9) тамирчид жүдочдынхоо медалийн буухиаг үргэлжлүүлэхээр зориг эрмэлзэл дүүрэн байна.
●Олимпийн наадмын үеэр од тамирчдын хойноос "ангуучилдаг" нь бичигдээгүй хууль. "Шам-де-Мар" ордонд манай олон монголчууд "Тедди баавгай" Тедди Риньетэй патиардуулсан бол олимпийн тосгонд олон оддыг "олзолсон" сурагтай. Хамгийн сайхан нь олимпийн "будаг нь хатаагүй" мөнгөн медальт Б.Баасанхүүтэй цөөнгүй гадаадынхан гэрэл зургаа авхуулсан гэнэ шүү.
● Монголын эмэгтэй тамирчид ба буудлагын спортоор хамгийн анхны олимпийн медалийг "Барселона-1992"-т хүртэж байсан, өдгөө Герман улсын иргэншилтэй Доржсүрэнгийн Мөнхбаяр гавъяат нь Энэтхэгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2022 оноос хоёрхон жил ажиллаад тус том гүрний спортын түүхэн дэх эмэгтэй буудагчдын анхны олимпийн хүрэл медалийг өөрийн шавь Ману Бакерийн хүзүүнд зүүлгэсэнд шагшин магтаж байна. Түүгээр ч зогсохгүй 22 настай энэ бүсгүй нь холимог хос төрөлд мөн III байрт шалгарч, Энэтхэг улсын түүхэнд нэг олимпоос 2 медаль шүүрсэн анхны тамирчнаар тодорвой.
● Монголын шигшээ багийн захирлаар ная ерээд оны үед ажиллан, өсвөр , залуучууд, насанд хүрэгчдийн 350 хүний орон тоотой армийг командалж байсан Хавлахатын Болат нь өчигдөр Астана хотоос нисэн ирэнгүүт түүний хөнгөн атлетикийн хоёр шавь Берлинд суурьшсан "Мөнгөн" Болд, саяхан төрийн одонгоор шагнуулсан Батболд нар нь тосон авчээ. Х.Болат нь Казахстаны Спортын Яам, БТСУХ, Олимпийн Хороонд өндөр албыг хашиж, Монголоос ирсэн өндөр зэрэглэлийн аналист-мэргэжилтэн гэж үнэлэгдсэн хүмүүн бөлгөө. Энэ удаагийн наадамд Казахстан улс 20 спортын 79 тамирчныг илгээж, 1 алт , 1 мөнгө, 2 хүрэл медалийн олз омогтой явна.
● Өчигдөр өндөрлөсөн бөөн гараатай 273 км-ийн уралдаанд хурд сорьсон манай тамирчин С.Жамбалжамцын амжилтыг гадаадын зарим хэвлэлд сайшааж, харин замын хүндрэл ба уртыг арай дэндүү байсан гэж мэр сэр шүүмжилсэн байна. Нийт 78 дугуйчин гараанд гарч, 13 нь замаасаа гарсан бөгөөд Испанийн "Бургос" мэргэжлийн клубын төмөр хүлэгтэн монгол залуу маань 57 дугаар байр эзэлсэн ч Ази дотроо ганцхан Японыг урдаа алджээ. Энэ уралдаанд торгон жолоо өргүүлсэн Бельгийн Ремко Эвенпуль нь мөн цуваа гараатай уралдаанд түрүүлсэн бөгөөд энэ нь олимпийн дугуйн спортын цорын ганц, ховор дээд амжилт юм.Дугуйчин Ж.Өлзий-Орших, З.Наран, Ж.Төмөр-Очир нар анх 1999 онд Францын "Нанси" клубт уралдахаар уригдаж байжээ.
●Филиппиний Карлос Юло, Ирландын Рис Маккленаган нар улсынхаа түүхэнд хамгийн анх удаа спортын гимнастикийн төрлөөр олимпийн аварга цол хүртлээ. Ази залуу нь чөлөөт дасгалд түрүүлсэн бол европ эр бариулт морин дээр базаагаа хийжээ. Монголын гимнастикчид "Токио-1964" , "Москва-1980" олимпод оролцсон намтрын хуудастай.
● Туялзуур сэлэмний тамирчин охин маань олимпийн эрхээ авахад ганцхан алхам дутсан ч уг Холбооны анхны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр Парист иржээ. Өнөөдөр "Гран Палау" ордонд өндөрлөх сэлэмний тэмцээнд 212 тамирчин оролцож байна. Монгол сэлэмчин дараагийн олимпод заавал оролцоно доо.
●Аль ч олимпод дэлхийд тархсан монгол үндэстнүүд уулзан учирдаг. Энэ удаагийн олимпод Өвөр Монголоос 2 боксчин эмэгтэй өрсөлджээ. Харин ОХУ-ын тува бөх шигшээд багтсан ч Ерөнхийлөгч М.Мамиашвили хориг тавьснаар олимпийн найдлага талаар өнгөрөв. Ер нь бөхийн хүчирхэг гүрний нэг ОХУ-д хориг тавьсны дараа эндхийн бөхчүүдийн гадаад руу дүрвэх урсгал нь эрс ихэсч, 2023 оны ДАШТ-д л гэхэд 47 орос бөх өөр орныг дэвжээн дээр төлөөлжээ. "Парис-2024" олимпод л гэхэд ОХУ-ын данстай байсан 17 бөх харийн орны төлөө барилдана.
● Монгол Улсын Гавъяат тамирчин, дэлхийн хошой мөнгөтэй "Оска" О.Пүрэвбаатар, олон шавь түрүүлсэн Паламын Чука, Гантөгс гээд л нэлээд хэдэн дасгалжуулагчид Холбооныхоо шугамаар Парист бууж, бөхчүүдийнхөө захыг мушгина. Түүнээс гадна АНУ, Канад улсаас Азийн аварга Л.Сэргэлэнбаатар, Залуучуудын ДАШТ-ий медальт , "Ганган" Н.Лхамсүрэн, "Хүч" нийгэмлэгийн хүчтэн "Цагаан" Г.Баяраа гээд л десантчингууд "Шамп-де-Марс"-ийг дарах нь. Ер нь Чингисийн удмын хөх толботнууд Парисийн дарь эхийн сүм биш, спортын ордонд олон харагдан, олимп үзэх нь нэн таатай. Бүр Лилль хотноо болсон Америкийн сагсны оддын тоглолтыг ч бөөндсөн байна.
● Монголын түүхэнд олимпийн наадмын үеэр анх удаа байгуулагдсан "Mongolian House" гадаад, дотоодынхны хөлд дарагдсаар байна. Зөвхөн ОУОХ-ны гишүүдээс л гэхэд 20 гаруй босс зочилсон байна. Мөн "Тамирчдын тосгон"-д захиалгаар залрагчдын дараалал ч огт багасахгүй буй бололтой.
Монголынхоо спортын төлөө зүтгэж буй олон хүмүүс дэлхийн 206 орны 10,000 тамирчин нижигнэж буй хамгийн дээд, эерэг энергитэй газар очих нь соёолон морины тоосонд даруулахаас хавьгүй илүү шүү.
Сэтгэгдэл ( 2 )
Буядаа гэж агуу жудоч, дасгалжуулагч, олимпын медалтан байсхыг Ото чи мэдэхийн дээдээр мэдэх хүн дээ
бид Чингисийн монгол гээд цээжээ дэлдэж байгаад нэг мэдэхэд энэ дэлхийн хамгийн сул дорой үндэстэн болчихож