Дэлхийн улс орнуудын манлайлагч эмэгтэйчүүд МОНГОЛД чуулж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 08 сарын 23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран анх удаа зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өнөөдөр /2024.08.2/ Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Чуулга уулзалтад дэлхийн 19 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, олон улсын 20 орчим байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон бизнес, спорт, урлаг зэрэг салбарын эмэгтэй манлайлагчид оролцож байна.

Тухайлбал, Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчид, Лаос Улсын дэд ерөнхийлөгч, Болгар Улсын парламентын орлогч дарга, Киргиз Улсын тэргүүн хатагтай, Швейцар, Беларусь, Узбекистан, БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Франц, Австрали, Турк, Куба, ИБУИНХУ болон   Олон улсын улаан загалмайн холбоо зэрэг байгууллагын өндөр албан тушаалтнууд хүрэлцэн иржээ.

Чуулга уулзалтаар:

  • Байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо,
  • Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг,
  • Цахим эдийн засаг дахь энтрепренер эмэгтэйчүүдийн оролцоо,
  • Жендерийн тэгш эдийн засаг,
  • Эмэгтэйчүүд охидыг чадавхжуулахад боловсролын ач холбогдол, нөлөө,
  • Спорт, урлаг, соёлын салбар дахь жендерийн тэгш байдал зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцэнэ.

Энэ удаагийн чуулга уулзалт 1995 онд Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлаас хойш Ази тивд болж байгаа хамгийн өргөн цар хүрээтэй  уулзалт юм. 

2022 онд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хуралд 30 гаруй орны энхийг сахиулагч эмэгтэйчүүд оролцсон.

Мөн өнгөрсөн онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг Ази тивдээ анх удаа зохион байгуулж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, түүн дотроо жендерийн эрх тэгш байдлыг хангах, дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэхэд  өөрийн хувь нэмрээ орууллаа.

Монгол Улс жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллын чиглэлээр бүс нутаг төдийгүй олон улсын түвшинд идэвх, санаачилгатай ажилладаг, дэлхийн орнуудын анхаарлыг татаж буй орны тоонд ордог юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top