Төрийн өмчийн ашиггүй компаниудыг нэгтгэж, заримыг нь татан буулгана

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 08 сарын 28

Парламент дахь бүдүүн бүлгийн завсарлага дуусаж, УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын төсвийн 2023 оны гүйцэтгэлийг хэлэлцлээ. УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүд ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.


УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ: Эзэнгүй хүмүүсээс асуулт асуугаад жүжиг тоглоод байх хэрэггүй. Сайд нар хуралдаа суух хэрэгтэй. Он дуусахад нэг улирал үлдэж байна. Төсвийн тодотголоор гурван их наяд төгрөгийн төсөв нэмж авлаа. Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусаад, гурав дахь хэлэлцүүлэгтээ орж байна. Өөрөөр хэлбэл, гурван их наядын төсөв батлах гэж байна. Тэгэхээр худалдан авах ажиллагааны гүйцэтгэл, төсвийн зарцуулалт ямар шатандаа явагдаж байна. Авлигын бэлгэ тэмдэг болсон "Авлигал хороолол"-д хаанаас тог өгөөд байна. Нураана гэсэн хэдий ч өдий болтол нураагаагүй гаднах фасадаа хийж байна, удахгүй ашиглалтад орно. Та нар авилга хорооллыг буулгаж дийлэхгүй байгаа хэрэг үү.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: Улсын төсвийн хөрөнгө оруу­лалтаар 2024 онд 691 шинэ төсөл хэрэгжиж байна. Худалдан авах ажиллагаа одоогоор 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Тендер огт зарлаагүй 103 төсөл байна.

Хотын дарга Х.НЯМБААТАР: Бараа худалдан авах ажил 61 хувьтай явж байна. Худалдан авах ажиллагаатай холбоотой 11 ажлыг шийднэ. Төсөв, өртөг нэмэгдүүлэх, газрын байршил зэргийг нь өөрчлөх шаардлагатай. Эдгээр ажил хийгдчихвэл нийслэлийн төсвийн хөрөнгөөр төлөвлөсөн ажил 100 хувь хийгдэнэ. Дөрвөн замын зургийн ажил зөвшилцөх шатандаа явна.

УИХ-ын гишүүн М.НАРАНТУЯА Нара: Гэр хорооллын газрыг байр орон сууц болгох гэхэд маш олон иргэн байргүй, мөнгөгүй байгаа асуудлыг хаана хариуцах вэ. Жил бүр бордюрын асуудал яригддаг. Энэ үед ч гэсэн нийгэмд бордюрын мафи гээд яригдаж байна. Энэ бол нийслэлийн худалдан авахтай холбоотой ажил байх. Өнгөрсөн хугацаанд бордюрын ажилд хэдэн төгрөг төсөвлөгдсөн бэ.

Хотын дарга Х.НЯМБААТАР: Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө батлагдтал шинээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалтыг зогсоосон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүрэгт хохирсон хэд хэдэн иргэний асуудлыг судалсан. Нийслэлийн орон сууцны корпорациас хохирсон иргэдэд орон сууц олгож, уг газрыг Нийслэлийн өмчлөлд бүртгэж авахаар шийдсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагаар энэ жил 35 тэрбум төгрөгийн бордюр солихоор төлөвлөсөн гэж байна. Ийм мөнгийг нийслэлийн төсөв дээр тавьсан зүйл огт байхгүй.

 УИХ-ын гишүүн Д.БАТЛУТ: Төрийн өмчийн компанийг олон нийтийн оролцоотой болгох ёстой асуудлыг өнгөрсөн парламентын үед ярьж байсан. Энэ асуудалд ЗГХЭГ ямар байр суурьтай байна вэ.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.УЧРАЛ: Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн хуулийг намрын чуулганаар өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Төрийн өмчит бодлого зохицуулалтын газраас ирж байгаа тайлангаар бол хөрөнгө нь 64 их наяд төгрөг болчихсон байна. Энэ бол маш өндөр тоо. Зайлшгүй эргэж харах шаардлагатай болсон. Ашиггүй байгааг нь нэгтгэх үү, татан буулгах уу гэдгийг шийднэ. Ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын 34 хувийг гаргаад олон нийтийн хяналтад авч ирэхийг зорино. Ашиггүй байгааг нь нэгтгэнэ, татан буулгах арга хэмжээ авах болно.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: Сангийн сайдын мэдэгдэж байгаагаар ирэх жилээс жил тутам 400 мянган ам.долларыг гадаад улсаас авч байгаа зээлийн төлбөрт төлнө. Энэ бол 1.3 их наяд орчим төгрөгийн зарцуулалт, тайлан УИХ-д танилцагдахгүй явна. Тиймээс ард түмний төлөөллийн байгууллагаас гадаад зээлийн зарцуулалттай холбоотой тайланг дэлгэрэнгүй танилцуулдаг байх ёстой.

УИХ-ын гишүүн П.САЙНЗОРИГ: Архидан согтуурахтай тэмцэх сан бай­гуул­сан, энэ гүйцэтгэл ямар шатандаа байна вэ. Хэдий архидан согтуурах нь хувь хүний асуудал ч нийг­мийн эмгэг болсон. Энэ санг зөв төлөвлөж, ашиглалтыг нь сайж­руулж анхаараач ээ, хүсэж байна.

УИХ-ын гишүүн С.ЭРДЭНЭБАТ: Хүн амын эрүүл орчин, аюулгүй байдалд нийт зардлынхаа 0.5 хувийг гаргадаг байх ёстой. Улс, орныг хамарсан томоохон гамшиг осол гарахад бидэнд ийм төсөв байхгүй байсаар ирсэн. Тиймээс үүнийг суутгаж өгөөч ээ. Дутуу орхисон бүтээн байгуулалтын ажлаа дуусгаач аа. Дутуу хаясан олон төсөл байна аа" гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.18.71) 2024 оны 08 сарын 28

aimag oron nutagt zunduu bna sh de ymar ch heregui tsalin avaad suuj bdag humuustei baiguullaga ch bna sh de

0  |  0
Top