ЗАСГИЙН ГАЗАР | Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 30

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2024.08.30) болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай” Санамж бичиг байгуулна


“Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай” Санамж бичгийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа  танилцууллаа.

Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх ажлууд нь Сэлэнгэ мөрний ай савтай шууд холбогдох тул санамж бичгийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээний төлөвлөгөөнд Сэлэнгэ мөрний ай савд цэнгэг усны хуримтлал бий болгож нөөц бүрдүүлэх, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлуудыг түлхүү тусгахаар эхний шатны саналуудыг хүргүүлээд байна. Санамж бичгийн төслийн дөрөвдэх хэсэгт “Эгийн гол УЦС” төслийг онцгой анхаарна гэж тусгажээ.
 
Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,  Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн хамгааллын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эдийн засгийн бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн болон засаглал гэсэн үндсэн дөрвөн бодлогыг хэрэгжүүлэхэд бүхэлд нь чиглүүлж, энэ хүрээнд эдийн засгийн бодлогод туссан газрын тос боловсруулах үйлдвэр, үндэсний хиймэл дагуул төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станцын төслүүдийн санхүүжилтийг тусгав. Харин үйл ажиллагааны хөтөлбөрийн бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд шинээр тусгасан бүтээн байгуулалт, дэд бүтцийн 38 төслийг бүрэн чиглүүлж төлөвлөжээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд нийт 12.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 640 төсөл, арга хэмжээ хэрэгжиж, 4.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэхээр төлөвлөсөн нь өмнөх онуудынхаас хамгийн өндөр төсвийн хөрөнгө оруулалт болж байгаа буюу ДНБ-ний 4.5 орчим хувьтай тэнцэхээр байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 57.1 хувь нь орон нутгийн бүсүүд буюу Хангай, Төв, Говь, Хойд, Баруун, Зүүн бүсэд, 25.0 хувь нь Улаанбаатар хот болон Хөшигийн хөндийд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтууд байна.

Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх мега төслүүд болох “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламж төслүүдийн санхүүжилтийг Засгийн газрын баталгаа гаргах зэргээр цаашид үе шаттайгаар шийдвэрлэж, хэрэгжүүлнэ.
 
Товч мэдээ

 

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн  төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

  • Бямбажавын Ганбат өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Баярсайханы Солонгоог ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томиллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top