Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Габит Койшибаевтай уулзлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 05

 

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Габит Койшибаевийг өнөөдөр (2024.09.05) хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс, БНКУ хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд идэвхтэй хөгжиж, дээд, өндөр түвшинд яриа хэлэлцээ тогтмолжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

 

 

Тэрээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа томоохон үүрэг гүйцэтгэж буйг онцлов.

 

 

БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Габит Койшибаев УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын дарга болсонд баяр хүргэж, хоёр улсын хооронд бүх талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарал хандуулан ажиллана гэв.  Мөн хоёр улсын хууль тогтоох байгууллага хооронд туршлага судлах, найрамдалт харилцаагаа бэхжүүлэхэд Элчин сайдын зүгээс идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Талууд хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллаж, уламжлалт найрсаг харилцаагаа улам бүр өргөжүүлэх хүрээнд харилцан санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top