ОХУ-ын Ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан дээр байр сууриа илэрхийлэв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 06

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 5-нд 2024 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож, уламжлалт ёсоор Алс Дорнодын хөгжлийн тухай илтгэл тавьж, ерөнхий хэлэлцүүлгийн явцад түүнд тавьсан асуултуудад хариулсан юм.

ОХУ-ын төрийн тэргүүний байр сууриа илэрхийлсэн гол мэдэгдлүүдийг ТАСС агентлаг тоймлон нийтэлжээ.

Оросын хил орчмын бүс нутгуудыг Украины цэргийн довтолгооноос хамгаалах нь Оросын зэвсэгт хүчний ариун үүрэг юм гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна.

Орос Улс байгалийн хийгээ Украины нутаг дэвсгэрээр дамжуулан нийлүүлэхээс татгалзаагүй хэдий ч Украины эрх баригчид зөвшөөрөхгүй тохиолдолд бид албадах аргагүй гэж тэрээр тэмдэглэв.

“Оросын төр, засаг америк доллараас татгалзах бодлого явуулаагүй боловч манай улсын доллараар төлбөр тооцоо хийх боломжийг хаасан шүү дээ” гэж Владимир Путин тэмдэглэжээ.

 

Курск мужийн нөхцөл байдлын тухай

“Украин Курск муж болон хил орчмын бусад бүс нутаг руу халдан довтлохдоо Донбассын чиглэлд өрнүүлж буй Оросын давшилтыг саармагжуулахыг хүссэн юм. Ингэснээрээ Украины эрх баригчид бусад чиглэлд байр сууриа сулруулсан бол Оросын арми давшилтаа хурдасгаж чадсан. Украинчууд хүн хүчний хийгээд зэвсэг техникийн асар их хохирол амсаж байгаа учраас удахгүй байлдах чадвараа алдаж магадгүй. Курск мужид халдан довтолсноос хойш Орост гэрээт цэргийн албанд зүтгэх хүсэлтэй иргэдийн тоо эрс нэмэгдсэн” гэж ОХУ-ын төрийн тэргүүн мэдэгдэв.

 

Атомын цахилгаан станцыг онилсон цохилтын тухай

Украины зэвсэгт хүчин Запорожь болон Курскийн АЦС-ыг онилсон халдлага үйлдэж байгаа нь маш аюултай террорист ажиллагаа юм. Бид адилхан хариу барих юм бол Европын энэ хэсэгт юу болохыг төсөөлөхийн аргагүй юм.

 

Украины мөргөлдөөнийг зохицуулах боломжийн тухай

“Украины нөхцөл байдлыг зохицуулахад чиглэсэн баталгаатай хэрэгжих арга хэлбэрүүдийг л Орос Улс эрэлхийлэх болно. Өрнөдийнхөн болон Украины эрх баригчид Орост стратегийн ялагдал хүлээгэхийн тулд Украины байдлыг зохицуулах Стамбулын тохиролцооноос татгалзсан ч бидэнд стратегийн ялагдал хүлээлгэж чадахгүй л байна. Орос болон Украины талууд мөргөлдөөнийг зохицуулах талаар 2022 оны гуравдугаар сард Стамбулд тохиролцоонд хүрч чадсан боловч Өрнөдийн заавраар уг тохиролцоог хэрэгжүүлээгүй билээ” гэж Путин хэлэв.

 

Оросын эдийн засгийн тухай

“Оросын эдийн засаг дэлхийд дөрөвт эрэмблэгдэх болсон бөгөөд тогтвортой хөгжиж байна. Гэхдээ л цаг ямагт шинэ түвшинд хүрэхийг эрмэлзэх хэрэгтэй. 2024 оны оны эхний хагас жилийн дүнгээр Оросын ДНБ-ий өсөлт 4,6%-д хүрсэн. Оны эцэст энэ өсөлт өнгөрсөн жилийнхээс давж гарахаар байгаа. Мөнгөний ханшийн уналт буурах хандлагатай байна” гэж Оросын төрийн тэргүүн ярьсан байна.

 

БРИКС-ын тухай

“БРИКС-ын гишүүн орнууд дэлхийн ДНБ-ний гуравны нэгийг үйлдвэрлэж байна. Тодорхой валютуудыг хэрэглэх хандлага зүй ёсоор өөрчлөгдөж байна”.

 

АНУ-ын сонгуулийн тухай

“АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дэмжих хүнээ Америкийн ард түмэн өөрсдөө л тодорхойлох ёстой” гэж Владимир Путин тэмдэглэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top