Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт 2024-2032 онд Эгийн голын УЦС-ыг барих төслийг хэрэгжүүлнэ гэжээ. Гэвч 33 жилийн турш гацаад буй төслийг ажил болгоход багагүй саад бий. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэдхэн хоногийн өмнө Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр урт настай Эгийн голын УЦС-ын асуудал дахин хөндөгдөв. Хойд хөршөөс өндөр дээд түвшний төлөөлөгч айлчлах болгонд л ёс юм шиг энэ асуудал сөхөгдсөөр олон жилийн нүүр үзэв. Энэ удаа алхам урагшилсан байж болох ч төсөл хөдлөх болоогүйг сануулаад өнгөрөв. Уг нь монголчууд хойд хөршөөс эрчим хүчний хамааралтай байгаагаа аль болох хумиж, ядахдаа дулааны улиралд дотооддоо эрчим хүч үйлдвэрлэх нэг эх сурвалж нэмэх санаатай энэ төслийг 30 гаруй жил ярьж байгаа юм.
Асуудал урагшилсан мэт санагдахын учир гэвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр “Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг” байгуулж, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нар гарын үсэг зурсан. Санамж бичгийн агуулга гэвэл Эгийн голын УЦС байгуулахтай холбогдуулан байгаль орчны хамтарсан үнэлгээ хийх, хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлыг эрчимжүүлэх талаар нэгдсэн шийдэлд хүрлээ гэжээ. Хоёр тал дэлхийн дулаарлын улмаас давтамж нь нэмэгдэж буй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарна. Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь даян дэлхийн байгаль орчны төлөв байдалд чухал хувь нэмэртэйг ухамсарлан усны нөөцийг зохистой ашиглах, урсац тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох тухай олон жилийн яриа, хэлэлцээ бодит ажил хэрэг болно.
Энэ чиглэлээр хамтын ажиллагааны замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиролцлоо хэмээн албан мэдээнд дурджээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын үеэр ярилцсан Эгийн голын УЦС-ын төсөл бодитой урагшилж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Гэхдээ л байгаль орчны үнэлгээ хийх, уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл байдлыг ажиглах, урсац тохируулах, замын зураг гаргах талаар ажиглалт, судалгаа хийх гээд нэлээд цаг хугацаа авах нь тодорхой.
Уг нь Эгийн гол дээр УЦС барих талаар ХХ зууны сүүлээс буюу 1991 оноос ярьж эхэлсэн. Барихаар төлөвлөсөн цэг нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчир. Энэ зуур дэлхий нийтээрээ шинэ мянган, шинэ зуунд хөл тавьж, механик үйл ажиллагаа зонхилж байсан өмнөх үеэс цахим ертөнц рүү шилжээд буй.
Бүр 1991 оны тавдугаар сард Азийн хөгжлийн банкны экспертүүд Монголд УЦС барих талаар судалгаа хийж, Эгийн голын УЦС-ын төслийг эхлүүлэх нь зүйтэй гэжээ. Тухайн үед Монгол Улс БНМАУ гэсэн нэртэй байж, ардчилал, зах зээлд дөнгөж хөл тавиад, цаашаа хэрхэх ирээдүй бүрхэг, цахилгаан гэрэл байнга тасалдаж, нэгэн зууны өмнөх үе рүүгээ ухран нийслэл хотдоо хүртэл орой үдшийн цагаар лаа, өөхөн дэнгийн гэрэл сүүмэлзүүлж, эрчим хүчний хангамжаар гаднаас хараат байхын зовлонг үзэж, шинэ эх үүсвэр олохоор эрж хайж байсан цаг. Ийм үед гарч ирсэн Эгийн голын УЦС-ын төсөл гэдэг үнэхээр “шар тос” байсан нь лавтай. Гэвч тэр даруйгаас л элдэв саад тотгортой учирч эхэлсэн.
1995 он гэхэд тус УЦС-ыг барих тендэр зарлаж Малайзын Засгийн газрын хувь оролцоо бүхий компани ялжээ. Энэ асуудал 1997 оны намар УИХ-ын байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар яригдаж эхэлсэн юм. Парламентад ардчилагчид олонх болж, Засгийн газрыг М.Энхсайхан тэргүүлж байлаа. Малайзын Ерөнхий сайд Махатир Бин Мохамад Монголд албан ёсны айлчлал хийхээр товлогдоод байв. Мэдээж хэлэлцэх асуудлын тэргүүнд Эгийн голын УЦС байсан байж таарна. Тус айлчлал хэрэгжсэн. Малайзын Ерөнхий сайд Монголд ирсэн. Махатир Бин Мохамад бол 1981-2003 оны хооронд 22 жил, түүний дараа 2018-2020 онд дахин Малайзын Засгийн газрыг тэргүүлж байсан, өдгөө 98 настай эрхэм. Малайзын тал гурван жилийн дотор 450 МВт-ын усан цахилгаан станц барьж, өөрсдөө 18 жил ажиллуулаад өртгөө нөхсөний дараа Монголд бүрэн хүлээлгэж өгнө хэмээж байв.
Гэтэл Малайзын Ерөнхий сайдын айлчлалтай уралдан уг тендрийг Ерөнхий сайд М.Энхсайханы тэргүүлсэн Засгийн газрын танхим цуцалж, Чехийн “Техно арт” хэмээх компаниар бариулах болсноо мэдэгдэв. Тэр бүү хэл хэдхэн хоногийн өмнөх УИХ-ын чуулганы хуралдаанаар Малайзын тал тендэрт ялсан талаар хэлэлцсэнийг сурвалжилсан сэтгүүлчийг хүртэл “Төрийн төв хэвлэлээр түргэн түүхий мэдээлэл тараалаа” хэмээн Ерөнхий сайд М.Энхсайхан байнгын хорооны хуралдаан дээр зэмлэж байв. Ийнхүү Монголын тал толгой даан хэрэгжүүлэх боломж бүрэн байсан байж мэдэх төслийг М.Энхсайханы Засгийн газар унагасан юм. Учир нь тухайн үед ЗХУ задраад удаагүй, хойд хөрш манай асуудлыг анзаарахтай мантай байсан үе шүү дээ. Ингэж үүлэн чөлөөний нар мэт байсан боломжийг алдсан гэж хэлж болохоор. Будилсаар явтал ОХУ ч сэргэж, хаяа залгаа Монголоо эргэж харах сэхээтэй болсон.
Хэргийн эзэн захиалагч нь өнөө хэр олдоогүй атлаа сонгууль болгонд эрх баригчдын амны уншлага болж ирсэн С.Зориг агсны амиа алдсан байж болох хэд хэдэн шалтгааны нэг нь С.Зориг Эгийн голын УЦС-ын тендрийг Малайзын компаниас авч Чехийн “Техно арт” компанид шилжүүлэхийг эсэргүүцэж, Чехэд тийм компани байдаггүй хэмээн хэлдэг байснаас улбаатай байж мэднэ хэмээн нэр бүхий улстөрчид, түүний дотор С.Зоригийг хөнөөгдөх үед УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд байсан, өдгөө Ардчилсан ахмадын холбооны тэргүүн Шаабар хэмээх Шаравжамцын Батбаяр ярьсан байдаг.
Сүүлдээ Эгийн голын УЦС-ыг барихдаа Хятадын талтай түншлэхээр болж, тэр үеийн Ерөнхий сайд М.Энхболд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн урилгаар 2006 оны намар Хятадад албан ёсны айлчлал хийх үеэр Хятадын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгохоор болсон 50 сая юанийн буцалтгүй тусламж болон 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Эгийн голын УЦС-ыг барьж байгуулахад ашиглах тухай гэрээнд гарын үсэг зурсан албан ёсны баримт бий. Гэвч тэр ажил Монголын талаас шалтгаалж зогссон.
Тухайн үеийн Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар 2008 онд Эгийн голын УЦС-ын төслөөс татгалзах болсон шалтгааныг тайлбарлахдаа “Эгийн голын УЦС-аас Улаанбаатарт шинэ цахилгаан станц барьсан нь эдийн засгийн хувьд илүү ашигтай. Байгаль орчин талаас үзэхэд Эгийн голын УЦС-ын далан загасны нүүдэлд сөргөөр нөлөөлнө. Бас Эгийн голын урсац улам бүр муудсаар байгаа судалгаа гарсан” хэмээжээ. Хүннүгийн үеийн археологийн ихээхэн өв ч усан дор орж устана гэсэн үндэслэл бас гарч байсан. Тэр үед Ерөнхий сайд нь С.Баяр байв. М.Энхболд Ерөнхий сайдын Хятадаас босгоод байсан зээлийг С.Баяр Ерөнхий сайд унагасан гэсэн үг.
Энэ талаар Хятадын тал байр сууриа илэрхийлэхдээ “300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Эгийн голд УЦС байгуулах төсөлд зарцуулахыг манай тал зөвшөөрсөн. 2008 оны эхээр буюу төсөл эхлүүлэх шатанд Монголын Засгийн газар зээлийн зориулалтыг өөрчилж, өөр таван төсөлд зарцуулах санал гаргаснаас шалтгаалж ажил зогсож, Эгийн голын төсөлд оролцох бэлтгэл хангаад байсан Хятадын аж ахуйн нэгжүүд ихээхэн хохирол амссан” гэжээ.
Нэг үе Эгийн голын УЦС төсөл урагшилмаар чигтэй болж уг төслийг 2013 оны сүүлээс УИХ-ын гишүүн асан Д.Одхүү удирдаж байв. Гэвч 2016 оны үед тэдний багийг тараасан.
Сүүлдээ Эгийн голын УЦС-ын төслийг түр орхиод Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт Шүрэнгийн УЦС барих төлөвлөгөө ярьж эхэлсэн. Хүчин чадал нь 244 орчим МВт. Шүрэнгийн усан цахилгаан станцын урьдчилсан судалгааг бүр социализмын үед буюу 1970-аад онд ЗХУ-ын “Гидроэнергопроект” хүрээлэн, БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яам хамтран боловсруулж байжээ. Гэвч сүүлд сөхөгдөн яригдсан энэ төсөл ч “унтсан”.
Хэрэв Шүрэнгийн УЦС-ыг баривал газар тариалангийн бүсийн эко систем алдагдахаас эхлээд байгаль орчинд учрулах сөрөг нөлөө их. Байгал нуурт цутгадаг усны эх үүсвэрийн тэн хагасыг Сэлэнгэ мөрний ус бүрдүүлдэг тул мөн л Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай сая байгуулсан Санамж бичгийн хүрээнд багтах асуудал гэдэг нь эргэлзээгүй. Сэлэнгэ мөрний бас нэг том цутгал нь Хөвсгөл нуураас эх авдаг мөнөөх Эгийн гол.
Ийнхүү “Алхам урагш, хоёр алхам хойш” гэгчээр нэг үе мартаж, нэг үе сэрсээр байтал Эгийн гол, Сэлэнгэ мөрөн дээр УЦС барьж эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох ажил, түүнийг хэрэгжүүлэх төсөл хөдлөх эсэхийг шийдэх хүртэл багагүй цаг хугацаа зарцуулах төлөвтэй харагдана.
Сэтгэгдэл ( 6 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Оросууд байгаа цагт усан цахилгаан станц, нефьт боловсруулах үйлвэр гэх мэт том бүтээн байгуулалт хийгдэхгүй гэдгийг дахин сануульяа
оросууд бариулах уу? Одонтуяа сайд аа таны бүрэн эрхийн хугацаанд л лав эхлүүлэхгүй
Социализмын үед ЗХУ-ын Ленинградын институт анх зураг ТЭЗҮ -г хийсэн гэж ярьж байсан шүү.
Дулааны цахилгаан станц баримаараа ирээдүйд нүүрс түлэхийг хориглож мэднэ шүү Бага нуурын д/станцыг АН-ын эрхмүүд зогсоосон одоо харицлага нэх