Булган хангайн сод хүү, бусдын нүдэнд тод хүү, нэр яруу найрагч, нийтлэгч Дамдинсүрэнгийн Баянтунгалагаа буйраа сэлгэсэн харуусалт мэдээг сонсоод сэтгэл эзгүйрч, дотор бачуурсан 2024 оны есдүгээр сарын 10-ны тэр өдөр миний сэтгэлийн мөнгөн бүрдийг эмзэглүүлэн үлдлээ. Хөөрхий дээ, ямар тавилангаар юм бэ, бид хоёр дотоод сэтгэл болоод гадаад төрхөөрөө ижилссэн, хэн хэнийгээ үгүйлэн санасан, тийм нэг зүүн, барууны хоёр хязгаар явжээ.
Ү.Хүрэлбаатар эрхлэгчтэй “Улаанбаатар” сонинд бүр ч дотносон нөхөрлөж, Улаанбаатарын утаатай агаарыг цээж дүүрэн амьсгалан, шавар намагтай гэр хорооллын давчуу гудамжаар хөндлөн гулд мөн ч олон жил туучиж, хотын эрээнтэй бараантай амьдралын талаар мөн ч олон сурвалжилга, тэмдэглэл бичсэн нь сонины шарласан хуудаснаа тод мөрөөр үлдлээ дээ. Дараа нь Ж.Саруулбуян эрхлэгчтэй “Улаанбаатар таймс” сонинд үргэлжлүүлэн ажиллахдаа албаны дарга хэмээх багахан сэтэрээ Баянаадаа үлдээгээд цэргийн сонинд шилжихэд, тэрбээр ихэд дурамжхан байсан сан. Харин Булганаас багын анд, яруу найрагч Б.Цэрэнжамц ирж хань болсноор түүний сэтгэл бага сага тайвширсан юм даг. Бичээд байвал дурсамж яахан барагдах, энэ тухайд доор хагас хугас өгүүлсэн байх. Ганц жишээ авахад, “Улаанбаатар” сонин 1990-ээд оноос эхэлж жил бүрийн тавдугаар сард Арслангуудын нэрэмжит барилдааныг зохион байгуулдаг байв.
Тийм нэг жилийн барилдаанаар бид хоёр “Залуучууд” зочид буудалд алдарт арслан Г.Дэмүүлийг тэрэгтэй нь өргөн өрөөнд нь оруулалцаж, “Тэмээ өргөдөг” хэмээн алдаршсан, нэрт арслан Ж.Жамьяндорж нартай хундага харшуулж суусан зэрэг гэгээн дурсамжуудаа эргэн санахад таатай байна.
Д.Баянтунгалаг маань танихгүй нэгэнд бол ихэмсэг ч юм шиг дүр төрхтэй, тэр бүр хүнтэй дуугараад байдаггүй, ер нь хэр баргийн хүн халдаад байхааргүй тийм нэг бүхэл бүтэн ертөнц байсан ч, дотоод сэтгэл нь маш уян, нулимс нь бол ботгоо санасан ингэ шиг л бөмбөрч байдаг сан. Түүний нь хараад би ч бас дагаад л бөмбөрүүлдэг сэн... Тэрбээр, сонинд ажилласан жилүүддээ цөөнгүй сэтгүүлчийн дадлагын ажлыг удирдаж, мөн цөөнгүй сэтгүүлчийн цаашдын зам мөрийг чиглүүлж ирсний нэг нь эдүгээ цэргийн “Соёмбо” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, хошууч Д.Мэндбаяр юм. Бяцхаан тодруулга хийхэд, 2010-аад оны үед юм даа. “Соёмбо” сонины эрхлэгч, хурандаа Г.Нямдорж надад хандаж “Та төвийн сонинд танил ихтэй хүн. Нэг шижигнэсэн эрэгтэй сэтгүүлч олж ирээч” гэв ээ. Би Баянаадаа хандалгүй яахав. Гэтэл мань хүн нэг эмэгтэй сэтгүүлч явуулчихдаг юм байна. Нэгэнт зориод ирсэн хүнийг яалтай билээ, халгаж, халгаж байгаад эрхлэгчдээ танилцууллаа даа. Манай эрхлэгч бас зөөлөн сэтгэлтэй хүн учраас, мөнөөх эмэгтэйг яаж буцаахав гэж бодсон байлгүй, хэдэн сар дагалдангаар ажиллуулаад асуудлыг шийдье гэснээр мань хүн ёстой муухан эрээс дутахааргүй гялалзуулж өгсөн л дөө. Тэр ч байтугай Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн анхны эмэгтэй сэтгүүлч нарын нэг болсон билээ. Энэ нь Д.Баянтунгалагийн хүнд тусархаг чанарын нь нэг илэрхийлэл төдийгүй, бас хүний зан чанар, цаашдын зам мөрийг нь олж хардаг байгалиас заяасан ухааны нь давхар мөн чанар буюу. Юм гэж хяслантай шүү. Өнгөрсөн хаврын номын баяраар яруу найрагч Б.Цэрэнжамц бид, ирэх намар Баянаагаа эргэж хэдүүлээ очьё гэж ярьж байсан сан. Дөнгөж хэдхэн хоногийн өмнө найруулагч С.Болд бас энэ аянд нэгдэх тухайгаа ярьж байв. Харамсалтай нь, Баянаа маань биднийгээ хүлээж амжсангүй, бид ч Баянаадаа очиж чадсангүй. Хорвоо гэж ийм дээ...
Эрхэм найрагч анд маань олоон жилийн өмнө:
“Төрсөн нутаг хоёр хязгаар
Төөрч уулзсан учрал энэ “Улаанбаатар” сонин
Арай ч дэндүү дотно явж дээ
Амь нэгтэй дотоод сэтгэл байж дээ
Бид нэг л өдөр салж одно
Бие саллаа ч Монгол бүтэн үлдэнэ”
Яруу найрагч Д.БАЯНТУНГАЛАГ гэж надад зориулсан анхны мөртөө 1996 оны наймдугаар сарын 19-ний өдрөөр огноолон бичиж байжээ. Эл өдөр чухам ямар үйл явдал давхцсаныг санахгүй байна. Бодвол нэг ширээний ард л сууцгааж байсан болов уу. Сайн нөхөр, сайхан анд маань сансар огторгуйн уудамд од болон гялалзахаар одсон эл өдрүүдэд, халуун цогцос нь хөрч, хатан дэлхийдээ өлгийдүүлэхээс нь өмнө амжиж ийнхүү сэтгэлийн эмзэглэлээ бага ч болов нимгэллээ.
МЗЭ-ийн шагналт, зохиолч, сэтгүүлч, бэлтгэл дэд хурандаа Гомбын БААТАРНУМ
Сэтгэгдэл ( 0 )