ТОЙМЧИЙН ӨНЦӨГ I Бордюр тойрсон элдэв явдал

2024 оны 09 сарын 16

“БОРДЮР” АЖИЛЛАГАА

 

Энэ зун, намрын хамгийн дуулиантай, бас хамгийн болж бүтэж, өрнөж байгаа ажил бол яах аргагүй “Бордюр” ажиллагаа. Энэ жил ч гэж, ерөөсөө л сүүлийн хэдэн онд замын бордюр солих нь хамгийн өгөөжтэй, “үр дүн” сайтай, “унац, ургац” арвинтай ажил болоод байгаа юм. Хотын төв, зах ялгаагүй замын дагуу хаа сайгүй ногоон тасмаар боож багласан “гантиг” бордюр эгнүүлж, нэгэнт ээлжээ “өнгөрөөсөн” хуучныг нь өө сэвгүй байлаа ч хайр найргүй онги татаж үзэгдэнэ.

Ингэж бордюр солих болсон шалтгааныг сүүлийн хоёр жил Улаанбаатарт их хэмжээний хур орж үер бууснаас борооны ус зам дээр тогтож эвдэрч гэмтэхэд ихээр нөлөөлсөн. Өвөл орох хур тунадас ихсэж, тэр хэрээр авто зам руу цацах давс, бодисын хэмжээ нэмэгдсэн. Энэ бүхэн авто зам, бордюр түргэн гэмтэж, элэгдэх шалтгаан болсон.

Тиймээс энэ жил авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийхдээ бетон бордюрыг чулуун бордюроор сольж сайжруулж байгаа хэмээн тайлбарлаж буй. Гэм нь “Бордюр” ажиллагаа Х.Нямбаатарын эмзэг сэдэв, шүүмжлэлийн бай болоод байна.

 

БОРДЮРЫН ҮНЭ МАРГААН ДАГУУЛАВ

 

Шүүмжлэх болсон эхний шалтгаан нь бордюрын үнэ. Хятадад үйлдвэрлэсэн хиймэл гантиг бордюрын нэг ширхгийн үнэ газар дээрээ 21 юань буюу 10 мянга орчим төгрөг, дээр нь  гаалийн хураамж, тээврийн зардлаа нэмээд 27 мянга 880 төгрөг. Гэтэл яагаад 127 мянган төгрөг болов гэсэн шүүмж сошиалаар түгсэн. Тэгвэл алхаар бордюр цохиж хагалан “хорлон сүйтгэх” ажиллагаа явуулсан гэх З.Энхболд болохоор 23 мянган төгрөгийн бордюрыг 132 мянгаар авсан нь ямар учиртайг асуужээ. Ингээд нэг ширхэг бордюрын үнэ гааль, тээвэртэйгээ нийлээд 23-27 мянган төгрөг атал энд яагаад 127-132 мянган төгрөгөөр үнэлэгдэв гэсэн эргэлзээ олны дунд үүсээд байгаа юм.

Үүнийг орон нутгийн сонгуулийн мөнгө босгох нэг арга хэмээн нийгмийн сүлжээгээр “хардаж” буй. “Энэ боржурка чинь авто зам, явган замаа эвдсэн, бөөн хог новш, овоолсон шороо. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон мөнгө угаалт” хэмээн бичсэн зүйл ч тааралдана. “Энэ хятадуудын зуурч хийдэг хиймэл чулуу байна шүү дээ. Ер нь яаж ч бодсон хятадаас чулуу зөөнө гэдэг бол гуниг юм аа. Цоо шинээрээ байгааг нь үлдээгээд хуучрахаар нь сольж болно шүү дээ. Энэ бол нэг төрлийн төсвийн хулгай юм” хэмээн хардах нэгэн ч гарав. Зарим дэмжигч нь “Дээлийнхээ эмжээрийг сольдог шигээ бордюраа солъё” л гэнэ. Гэхдээ бодоход дээлийнхээ эмжээрийг байс хийгээд ханз татаж солиод байвал энгэр заам нь жорвойгоод унжчихна биз дээ. Түүн шиг хашлагыг нь аваад онгойлгочихсон зам энд тэндгүй харагдах болов.

Дараагийн шалтгаан нь солиод ганц хоёрхон жил болсон, шинээрээ байгаа замын хашлагыг яагаад солих болов гэсэн асуулт. Сугалж авсан. Хуучин хашлагыг ямар нэг зүйлд хэрэглэх юм болов уу гэтэл Сонсголон орчмын авто замын бордюрыг шинээр сольж, хуучныг нь Тахилтад аваачин овоолж хаясан зураг дэлгэгдээтхэв.

Бас хиймэл гантиг хашлага бетонон хашлагаасаа ч хэврэг гэх үг дуулдав. “Чулуун бордюрыг машин мөргөхөд үйрнэ. Одоогийн суурилуулж буй хэт өндөр бордюр машин мөргөхөд урд тэнхлэг эвдэрч дугуйгаа иддэг. Хашлага солиод эргэн тойрон эвдэрсэн замын хэсэг рүү хар шороо, хайрга хийж байх юм. Бороо, цасны ус тэр шороогоор шургаж ороод замын насжилтыг 00 болгож байна. Ажлын уялдаа алга” гэсэн сэтгэгдэл ч байна.

 

“ЖЕНКОГИЙН ЛАЙВЧИД” БА БОРДЮР

 

Бордюр тойрсон элдэв явдал үүгээр дууссангүй. Орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшигчдийг хотын дарга Х.Нямбаатар “Женкогийн лайвчид” хэмээн нэрлээд “Женкогийн лайвчид ажил хийлгэхгүй байна. Хүүхэд байхаасаа ажил хийж үзээгүй, хүн сүрдүүлж амьдардаг лайвчдаа орон нутгийн сонгуульд нэр дэвшүүллээ” гээд өдөр тутам Женкогийн хэргээс сануулж байх болно хэмээн  мэдэгдсэн. Хариуд нь нэр дэвшигчдээ төлөөлж сэтгүүлч, эрх зүйч О.Батханд “Өндөр албан тушаалын хүн хэдэн залууг багаасаа хулгай хийж ирсэн бацаанууд гэж хэлнэ гэдэг улс төрийн маш том алдаа. Үүнийхээ төлөө уучлалт гуйх ёстой” гэж хэлнэ билээ. Женкогийн балгийг илчлэх ажлын эхлэл бололтой, З.Энхболд үүр шөнийн заагаар шинээр суурилуулсан бордюруудыг алхаар хага цохиж, эмтэлж хагалаад зургийг нь авч “Ийм хэврэг юм хийж байна” хэмээн сурталчилсан тухай хотын дарга өчигдөр өглөө өөрийн биеэр лайв хийн мэдэгдэв.

Ингэхдээ "Женко" Х.Баттулга бордюрын сэдвээр том баг ажиллуулж байгаа мэдээллийг би авсан. Зандаахүүгийн Энхболд үүр шөнийн заагаар чулуун бордюрыг цохиж хагалаад зураг авчихаад явсан гэдэг мэдээлэл ч бий. Энэ хоёрын үг, үйлдлийг аудитын болон АТГ-аар шалгуулъя. Энэ хүмүүс гадны тавиул туршуул маягаар Монголд ажилладгийг Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүний хувьд хариуцлагатайгаар хэлье" гэв.

Заргачаараа алдартай З.Энхболд яаж дуугүй суух вэ, Өвөрхангай аймгаас хариу лайв хийж "Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар гэдэг нөхөр намайг гүтгэжээ. Би Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд мод тарьж, буяны ажил хийгээд долоо хоног болоод Нарийнтээл, Уянга сумаар ороод харих гэж байна. Одоо би Уянга сумын Эрх чөлөөний хөшөөний хажууд байна. Өвөрхангайд долоо хонож байгаа хүн яаж алх бариад Улаанбаатарын бордюрыг хагалаад явж байх вэ. Тийм мангар бодол Нямбаатарын толгойд л орохоос өөр хүний толгойд орохгүй байх. 23 мянган төгрөгийн бордюрыг 132 мянгаар авсан тухай асуултад хариулахын оронд алх бариад хагалсан тухай ярьж буй нь ойлгомжгүй. УИХ-ын гишүүн байсан, Хотын дарга хүн ингэж доошоо орж, гүтгэлэг хийхээ боль. Залруулга гарга.

Харин ч энэ бордюрын учрыг олъё гэж бодлоо. Чулуу юм бол яагаад алхаар цохихоор хагарчихдаг юм. Чулуу хагардаггүй. Замаа засахын оронд яагаад бордюр солиод байдаг юм. З.Энхболд бордюр хагалсан учраас замын ажлыг зогсооё гэж дараагийн сери явах юм байна” гэчихлээ. Түүний хэлсэн ёсоор удаах цуврал ч гараад ирлээ.

 

ЗАМЫН АЖЛАА ЗОГСООЛОО ШҮҮ

 

Хотын дарга үүнд “тунирхаж” зам засварын ажлаа зогсоолоо шүү хэмээн “айлгав”. “Нийслэл хотын хэмжээнд энэ жил 87 байршилд 162.3 км авто замд шинэчлэлт, засварын ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 27 байршилд засварын ажил бүрэн дууссан. Үлдсэн 60 байршилд засварын ажлыг үргэлжлүүлэх үү, эсвэл хууль хяналтын байгууллагаар замын ажил хийж байгаа төсөв хөрөнгө, бордюр зэрэгтэй холбоотой асуудлыг шалгуулаад ирэх жилээс замаа засах уу гэдгийг нийслэлчүүдээсээ асуумаар байна” гэнгүүт санал авах цахим холбоос нээчихэв.

Авто зам засварын төсөв болон бордюрын төсөв зах зээлийн үнэ ханшид нийцэж буй эсэх, худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд хийсэн эсэх асуудлыг Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газарт шалгуулж, нэгдсэн дүгнэлт гарах хүртэл одоо хийж байгаа болон цаашид хийх авто зам засвар, шинэчлэлийн ажлуудыг зогсоох эсэх асуудлаар иргэдийн дунд санал асуулга явуулна гэдгийг үүгээр мэдэгдсэн.

Иргэд ч дуугүй суусангүй. Тэр даруй нийгмийн сүлжээгээр “Хүүе ээ, нээрээ санал асуулга эхлүүлчихлээ. Тэгээд дэмжигдчих юм бол ухаж сэндийчсэн нүхнүүдээ шууд орхичих юм уу. Улаанбаатарын 1.6 сая хүний эрх ашгаас илүү нэр төр гэж юу байна аа. Эсвэл түгжрэлтэй чинь түгжээд хаяж чадна шүү гэж айлгаж сүрдүүлж байгаа юм уу”, “Улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатарыг тохижуулж болно. Гэхдээ бордюр шиг мөнгө идэж болохгүй” гэсэн сэтгэгдлүүд хөврөх нь тэр.

Хэрэг дээрээ нэгэнт зориглоод эхлүүлсэн ажлаа Х.Нямбаатар дарга тунирхалгүй үргэлжлүүлэхээс аргагүй болсон л доо. Хотоор дүүрэн хөндлөн гулд овоолсон чулуун бордюр, суга татуулсан хуучин хашлага, эмтэрхий шүд шиг хөвөөгүй сэтэрхий зам болчихоод байхад. Уг нь УИХ-ын гишүүн, сайд байсан улстөрч иргэдийн шүүмжлэл, сошиалын шуугианыг тоолгүй өнгөрч сурсан л баймаар. Байсхийгээд л эрх хүүхэд тунирхаж байгаа юм шиг “Тэгвэл болилоо” гэх. Тэр тоолонд нөгөө хиймэл ухаанаар бүтээсэн малгайтай подгор хүүгийн дүр харагдах. Угаасаа тэгэх гэж ч тэр дүрийг бүтээлгэсэн байх гэмээр.

Сүүлийн үед нийслэлийнхний амнаас хамгийн их унасан үг “бордюр” л байх. Байтлаа мөнөөх үгээ зөв бичиж ч чадахаа болив. Бордюр маань хэвлэл, сайтууд дээр бродюр, броюдр, бродюур, брожур болчихсон яваа  харагдана. Ядахдаа “Замын хашлага” гээд монголоор нэрлэчихэж болдоггүй хэрэг үү. Гэснээс өнөөдөр бордюр тойрсон бас нэг шуугиан дэгдэх л байх даа.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (66.181.185.64) 2024 оны 10 сарын 02

Хотын бордюр ба плитанууд зүгээр байхад байнга сольж байдаг гэмт хэргийн бүлэглэлийг баривчлаач ээ! Бас шинэ зам барина гээд хуучин замыг нь хуулж хаядаг явдлыг зогсоогооч ээ!

0  |  0
S(66.181.178.168) 2024 оны 09 сарын 16

BOOBN XXN80955877ANUSN

0  |  0
Зочин(59.153.112.55) 2024 оны 09 сарын 16

Бордюраар мөнгөө олж болсон бол урдахь ажлаа хий нямбаа даргаа хов жив чинь хэрээс хэтэрлээ

0  |  0
Эрдэнэ(202.179.15.130) 2024 оны 09 сарын 16

Ер нь бол бродюроо болиод замаа зас нүхээ бөглө гэсэн шаардлага тавьсан чинь ттунирхаад хахахахахахахахахахахахаха

0  |  0
boldoo(178.174.229.45) 2024 оны 09 сарын 14

HENTIIN 3 TENEG MONGOL ULSIIG BALLAJ BNA . 1 HURELSUH TENEG 2 OUYNERDENE TENEG 3 NYAMBAATAR TENEG

0  |  0
Зочин(59.153.112.55) 2024 оны 09 сарын 15

Хотын дарга нар сонгуулийн сургаар цавчаа хийдэг нь илт бнаа

2  |  0
БОЛЧИХ(103.212.119.217) 2024 оны 09 сарын 14

Энхтайваны гүүрээс хойноосоо урагшаа яваад баруун гар талын зам дээр байгаа ус зайлуулх хоолой хийснийг нь хардаа. Ус зайлуулах сетка нь замаасаа маш өндөр шаацан ёстой л Нямба стандарт мөн дөө. Бродюр нь гантиг ч биш хулхи шавар, бродюр с мөнгө шаах хоцрогдсон муйхар аргаасаа салаагүй мунгинаж явна уу чаавас гэж. Хийж байгаа бродюр нь зүгээр л өрөөд тавьчихсан маш өндөр шаацан.

0  |  0
Top