АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрис, Доналд Трамп нар анхны халз мэтгэлцээнээ хийлээ. Сонгуулийн санал хураалтаас хоёр сарын өмнө болсон тэдний халз мэтгэлцээнийг цорын ганц байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Мэтгэлцээний эхний хэсгийн нэгдэх асуулт эдийн засгийн сэдэвтэй холбоотой байв. “Америкчууд дөрвөн жилийн өмнөхөөс илүү сайхан амьдарч байгаа гэдэгт итгэдэг үү” гэсэн асуултад эхлээд Харрис хариулав. Тэрбээр боломжуудыг нээсэн эдийн засгийг бий болгохоор төлөвлөж байна гээд орон сууцны үнэтэй холбоотой асуудлыг шийдэж, залуу гэр бүл, жижиг бизнесийг дэмжих амлалт өгөв.
Трампын ярьснаар, ардчилсан намынхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улсын эдийн засгийг сүйрүүлж, Жо Байдены эдийн засгийн хөтөлбөрийг хуулсан хэмээн Харрисыг шүүмжлэв. Үүний хариуд Харрис “Доналд Трамп бидэнд Их хямралаас хойш байгаагүй өндөр ажилгүйдлийг үлдээсэн. Бидний хийсэн бүхэн бол Доналд Трампын бий болгосон эмх замбараагүй байдлыг цэгцэлсэн” хэмээв.
Төсөл 2025 ба марксист Харрис
АНУ-ын дэд ерөнхийлөгч Төсөл 2025 гэх нэртэй Доналд Трампын шинэ бүрэн эрхийн хугацаа ямар байх төсөөллийн талаар тусад нь хөндөв. Нэг мянга шахам хуудас бүхий төслийг “Heritage” сан боловсруулжээ. Хэдийгээр төсөл боловсруулахад түүний холбоотнууд оролцсон ч Доналд Трамп үүнээс зайлсхийхийг хичээж байлаа. Тэрбээр төслийг уншаагүй, уншихгүй хэмээв. Нэр дэвшигчид хэд хэдэн удаа бие биеийгээ худал ярьсан хэмээн буруутгалаа. Харрис сонгогчид Трампаас асар их худал үг, гомдол, доромжлолыг сонсдог гэсэн бол Трамп өрсөлдөгчөө марксист гэж цоллов. Харрисын эцэг Стэнфордын их сургуульд эдийн засгийн багшаар ажиллаж байсан ба Трамп өрсөлдөгчийнхөө үйл ажиллагааг үүнтэй холбохыг хичээв. Тэрбээр “Хэрэв Харрисыг хэзээ нэгэн цагт сонговол тэр бүхнийг өөрчилнө. Энэ бол манай улсын хувьд төгсгөл болно. Тэр бол марксист, марксист гэдгийг нь бүгд мэднэ. Түүний эцэг марксист үзэлтэй профессор ба түүнийг сайн сургасан” гэв. Харрис мөчөөгөө өгөлгүй “Дэлхийн удирдагчид Доналд Трампыг шоолон инээдэг. Тантай хамт ажиллаж байсан зарим цэргийн дарга нар таныг “гутамшиг” гэдэг” гэсэн хариу барьжээ.
Путин танаар үдийн зоог барина
Украин дахь дайны талаар Доналд Трамп дайн зогсох учиртай гээд тэр дайныг зогсоож чадна гэв. Тэрбээр сонгуульд ялж, албан тушаалдаа орохоос өмнө дайныг зогсооно гэж амлав. Трамп Владимир Путин, Володимир Зеленьский нарыг сайн мэддэг бөгөөд тэд түүнийг хүндэлдэг хэмээн онцолжээ.
Харрис өрсөлдөгчдөө хандан “НАТО-ийн холбоотнууд Трампыг ерөнхийлөгч биш гэдэгт нь баярлаж байгаа. Хэрэв Доналд Трамп ерөнхийлөгч байсан бол В.Путин одоо Киевт хэдийн тухалж, Польшоос эхлээд Европын бусад орнууд руу өнгийх байсан” гэж хариулав. Түүний хэлснээр, “Путин бол Трампаар үдийн зоог барих дарангуйлагч”. Трамп үүний хариуд дайныг сэргийлж чадаагүй түүхэн дэх хамгийн муу дэд ерөнхийлөгч хэмээн буруутгажээ.
Нэр дэвшигчдийн хөндсөн асуудлууд
Үр хөндөлт: Үр хөндөлтийг хориглох тухай хуульд хориг тавих эсэх асуултад Трамп Конгресс ийм хуулийг дэмжихгүй тул энэ асуудлыг хэлэлцэх утгагүй гэв. Харин түүний өрсөлдөгч үр хөндүүлэх эрхийг сэргээх ёстой гээд үр хөндөлтийг хориглосон мужуудад эмэгтэйчүүд ямар бэрхшээлтэй нүүр туулж байгааг жишээ татан ярив. Түүний хэлснээр, Трампын бодлого америк эмэгтэйчүүдийг доромжилсон хэмээн онцолжээ.
Цагаачлал: Трамп энэ талаар сүүлийн өдрүүдэд бүгд найрамдахчуудын тарааж буй хуйвалдааны онолыг давтав. АНУ-д байгаа цагаачид гэрийн тэжээвэр амьтдыг иддэг гэсэн цуурхал тараад байгаа билээ. Үүний хариуд хөтлөгчид энэхүү цуурхлыг холбогдох муж няцаасан тухай сануулав. Трамп цагаачдын гэмт хэргийн талаарх асуудлыг хөндөж тавихад Калифорнийн ерөнхий прокуророор ажиллаж байсан Харрис түүнийг гэмт хэрэгт холбогдож байсныг сөхөв. Үндэсний аюулгүй байдлын салбарт үйлдсэн гэмт хэрэг, эдийн засгийн гэмт хэрэг, сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн хэрэгт буруутгагдаж байсан хүний амнаас ийм үг гарч байна хэмээн Харрисыг ёжлоход Трамп түүний худал хэрэгт буруутгасан хэмээн өөрийгөө өмөөрөв.
Капитолийг эзэлсэн хэрэг: Трамп өнгөрсөн сонгуулиар ялагдсанаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, 2021 оны нэгдүгээр сарын 6-ны Капитолийд дайран орсон хэрэгт холбогдсондоо харамсдаггүй гэж мэдэгдсэн байна. Тэрбээр аль ч ерөнхийлөгчийн авч байгаагүй 75 сая санал авсан гээд Капитолийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудал гарсан бурууг Төлөөлөгчдийн танхимын спикер асан Нэнси Пелосид тохов.
Израил, Хамасын дайн: Энэ талаарх асуудлаар өмнө нь хэлж байсан зүйлээ Харрис давтан ярив. Тухайлбал, Израил нь өөрийгөө батлан хамгаалах эрхтэй гээд энэ дайн даруй дуусах ёстой хэмээн онцолжээ. Харин Трамп ерөнхийлөгч байсан бол энэ дайн хэзээ ч эхлэхгүй байсан гээд Харрис ерөнхийлөгч болбол хоёр жилийн дараа Израил гэдэг улс үгүй болно гэж хариулав.
Төгсгөлийн үгэндээ Харрис Ардчилсан намын их хурал дээр хэлж байсан үгээ давтжээ. Тэрбээр “Бид хэзээ ч өнгөрсөн рүү буцахгүй. Би бүх америкчуудын ерөнхийлөгч нь байх болно. Трамп бид хоёр Америкийг өөрөөр харж байна” хэмээн мэдэгджээ.
Трамп төгсгөлийн үгэндээ Харрис руу дахин дайрч, түүний улс төрийн хөтөлбөр ямар ч ач холбогдолгүй, өнгөрсөн дөрвөн жил дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа юу ч хийгээгүй хэмээн буруутгаад Харрист хандан “Америкчуудын итгэдэггүй зүйлд та итгэж байна. Манай улс ноцтой уналтад ороод байна. Дэлхий даяар биднийг шоолон инээж байна” гэв.
78 настай Доналд Трампыг Бүгд найрамдах нам өнгөрсөн зургаадугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшүүлсэн.
59 настай Камала Харрис сонгуулийн сунгаанаас Жо Байден гарсны дараа Ардчилсан намаас нэр дэвшсэн билээ.
CNN агентлагийн эх сурвалжуудын мэдээллээр, халз мэтгэлцээн болохоос өмнө Камала Харрис мэтгэлцээний үеэр хөндөгдөх асуудал, сэдэв болон халз мэтгэлцээн хэрхэн болох талаар багтайгаа ярьж байжээ. Харин Трампын штабаас мэдээлснээр, хуучин ерөнхийлөгч халз мэтгэлцээний өмнө өөрийнхөө Мар-а-Лаго эдлэнд өнгөрүүлсэн ба сэтгэл санаа нь өөдрөг байсан гэнэ.
Халз мэтгэлцээний өмнө явуулсан санал асуулгын дүнгээр хоёр нэр дэвшигчийн дэмжлэг ойролцоо байжээ. Трампын хувьд 2016 онд анх ерөнхийлөгчид нэр дэвшсэнээс хойш хийж буй долоо дахь удаагийн халз мэтгэлцээн бол Харрисын хувьд анхных нь. Үүнээс өмнө нэр дэвшигчид биечлэн уулзаж, ярилцаж байгаагүй аж.
Энэ удаагийн халз мэтгэлцээн ирэх сонгуульд чухал ач холбогдол бүхий Пенсилван мужийн Филаделфиа хотын Үндсэн хууль судлалын үндэсний төвд болж, нийт 90 минут үргэлжлэв. Халз мэтгэлцээн явуулах хэлбэр өнгөрсөн зургаадугаар сард Жо Байден, Доналд Трампын хооронд болж байсантай ижил хэлбэрээр зохион байгуулагдлаа. Тухайлбал, үзэгчдийг оруулаагүйгээс гадна асуултуудыг АВС сувгийн хөтлөгч Дэвид Мюир, Линси Дэвис нар тавьж байсан ба нэр дэвшигчдийн микрофоныг өрсөлдөгч нь ярих үеэр унтрааж байлаа. Түүнчлэн, нэр дэвшигчдэд урьдчилан бэлдсэн текст ашиглах, сурталчилгааны үеэр штабынхаа төлөөлөгчидтэй ярилцах, бие биедээ асуулт тавихыг хориглосон юм. Нэр дэвшигчид сонгуулиас өмнө дахин халз мэтгэлцэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Тэр хоёр хоёулаа энэ боломжийг үгүйсгээгүй юм.
CNN сувгийн явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, Камала Харрис халз мэтгэлцээнд өрсөлдөгч Доналд Трампыг ялаад байна. Үзэгчдийн 44 хувь Харрисыг тэдний асуудал, бэрхшээлийг илүү сайн ойлгож байна гэж үзсэн бол Трамп 40 хувийн дэмжлэг авчээ. Энэхүү дүн нь сонгогчдын хандлага Харрисын талд хэлбийснийг илтгэж байна гэж тус суваг онцолжээ. Халз мэтгэлцээний өмнө явуулж байсан судалгаагаар, Трампыг сонгогчдын 43 хувь, Харрисыг 39 хувь дэмжиж байв. Харин эдийн засгийн асуудлаар, Трамп үзэгчдийн 55 хувийн дэмжлэг авсан бол Харрисыг 35 хувь нь дэмжжээ. Ингэхдээ санал асуулгад оролцогчдын 82 хувь халз мэтгэлцээний дараа сонголтоо өөрчлөхгүй гэсэн бол дөнгөж дөрвөн хувь нь сонголтоо өөрчилнө гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )