Айбек Артыкбаев: Киргиз Улс тогтвортой хөгжлийн замаар тууштай урагшилж байна

Админ | Zindaa.mn
2024 оны 09 сарын 16

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд өнгөрөгч баасан гарагт /2024.09.13/ хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдөр бид Бүгд Найрамдах Киргиз Улсын сүүлийн гурван жилийн хугацаанд гаргасан томоохон амжилтуудаас танилцуулж байгаадаа нэн баяртай байна. Киргиз Улс тогтвортой өсөлт, хөгжил цэцэглэлтийн таатай орчинг бүрдүүлж, хөгжлийн шинэ үе шатанд хөл тавьсан гэж бид итгэлтэйгээр хэлж чадна.

Бид яагаад ийм итгэлтэй байна вэ? Манай улсын нийгэм, эдийн засаг, соёлын салбарууд амьд бие организм лугаа эв зохицол, тэнцвэртэй хөгжин дэвшиж, дүүлэн нисэх жигүүртний дэвэлтийн аясаар улс орны цогц хөгжил хурдаа нэмэж байна.

Эдгээр хөгжил дэвшил бол манай улсын үндсэн хууль, төсөв, эрчим хүчний шинэчлэл, босоо засаглалын нэгтгэл,  хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх чиглэлээр гаргасан ухаалаг шийдвэрүүдийн үр дүн юм. Ялангуяа түүхэн шударга ёсыг тогтоосноор Кумторын орд улсын мэдэлд шилжин, улмаар төсвийн бодлого шинэчлэгдэж, улсын төсвийн тулгуур болсон татвар, гаалийн тогтолцоог хууль эрх зүйн хүрээнд баттай цогцлоож чадсаныг онцлон тэмдэглэмээр байна.

Цаашлаад тусгаар тогтнолд хамгийн их заналхийлдэг авлигатай цуцалтгүй тэмцсэний үр дүнд ирээдүй хойч үеийг сурган хүмүүжүүлэх багш сурган хүмүүжүүлэгч болон нийгмийн эрүүл мэндийн манаанд буй эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсийг мэдэгдэхүйц хэмжээнд нэмэгдүүлэх замаар тэднийхээ нэр хүндийг өсгөж, нийгмийн байдлыг баталгаажуулж чадсан.

Сургууль, эмнэлэг  болон бусад байгууллага зэрэг нийгмийн дэд бүтцийг улсын хэмжээнд хөгжүүлж байна. Үүний зэрэгцээ бид цэргийн хүчний бэлэн байдлаа бэхжүүлсэнээр хэдэн арван жилийн турш хурсан олон тооны асуудлыг шийдэж чадсан билээ. Хэдийгээр энэ бүхэн засгийн газрын хийх ажил үүрэг боловч бодит байдал дээр удаан бугласан олон асуудлыг цэгцэлж чадсан хэрэг юм.

Киргиз Улсын эдийн засаг тогтвортой өссөөр байна. Өнгөрсөн онд манай улсын ДНБ 1.2 их наяд сом (13.981 тэрбум ам. доллар) давж, энэ оны эхний долоон сарын байдлаар 677 тэрбум сом (8 тэрбум ам. доллар) болж, 8.7 хувиар өссөн байна. 2020 онд нэгдсэн төсөв 248 тэрбум сом (2 тэрбум 945 сая доллар) байсан бол энэ оны төсөв 660 тэрбум сом буюу 7,838 тэрбум ам.долларт хүрч, эдийн засгийн бодит секторын тогтвортой байдалд хүрсэн билээ. Үүний үр дүнд Киргиз Улс тогтвортой хөгжлийн замаар тууштай урагшилж, дэлхийн тавцанд байр сууриа бэхжүүлэн, шинэ эрч хүчтэйгээр өрсөлдөх болсон.

Кумторын ордыг эс тооцвол, ДНБ-ий өсөлт 10.6 хувьд хүрсэн нь онцгой ач холбогдолтой. Энэ нь Киргизийн эдийн засгийн уян хатан байдал, бие даах чадвар нь өсөн нэмэгдэж буйг харуулахын зэрэгцээ тус манай улс үсрэлттэй амжилт гаргаж буйг илтгэж байна.

Гэсэн хэдий ч, хийх зүйл асар их байсаар байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид томоохон санаачлага, төслүүдийг эхлүүлсэн. Томоохон төслүүдийн нэг  болох  1860 мегаваттын хүчин чадал бүхий Камбар-Ата-1 усан цахилгаан станц болон Хятад-Киргизстан-Узбекистан төмөр замын бүтээн байгуулалтын ажил бол Киргизийн хөгжлийн алсын хараа, асар их нөөц боломж бүхий гэрэлтэй ирээдүйг илэрхийлж байна.

Манай улс эрчим хүчний салбарын үнэ тарифын тогтолцоогоо шинэчилж, хөрөнгө оруулагчдыг татах урамшуулалыг санал болгож байна. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 50 гаруй төсөл хэрэгжиж байгаа бөгөөд саяхан ашиглалтад орсон Бала-Сарын усан цахилгаан станц нь Талас бүсийг эрчим хүчээр хангах юм. Киргиз Улс нийт 142 тэрбум кВт.цаг гаруй усан цахилгаан эрчим хүчний нөөцтэйгөөс одоогоор ердөө 13 орчим хувийг л хөгжүүлж байна. 2050 он гэхэд бид юуны түрүүнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах замаар нүүрстөрөгчийн саармагжилтыг хангахыг зорьж байна.

Бид олон улсын байгууллага болон сонирхосон хөрөнгө оруулагчдад хандан сэргээгдэх эрчим хүчний төслүүд, тэр дундаа төр, хувийн хэвшлийн түншлэл, ялангуяа Камбар-Ата-1 усан цахилгаан станцын төсөлд хамтран ажиллахыг уриалж байна. Бид хамтран бүс нутагтаа хамгийн том усан цахилгаан станцыг байгуулснаар, Төв Ази дахь ногоон эрчим хүчний хил хязгаарыг шинээр тэлэх боломжтой.

Өнөөдөр бид бүрэн эрхт улсын хувьд хөгжингүй орнуудтай эрх тэгш, харилцан ашигтай харилцаатай байх түвшинд гарсан билээ. Бид энэ жил Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын зарлигийн дагуу бид орчин үеийн Киргиз улсын үндэс суурийг тавьсан Кара-Киргизийн өөртөө засах муж байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэж байна.

Энэхүү зуун жилийн ой нь түүхэн ач холбогдолтой юм. Бидний өвөг дээдэс “Тавин жилд хүн өөрчлөгдөнө, зуун жилд газар шинэчлэгдэнэ” гэж мэргэн хэлсэн байдаг. Үнэхээр ч өнгөрсөн зуун бол Киргиз түмний хувьд гүн гүнзгий өөрчлөлт, үндэсний хүсэл тэмүүллийн зуун байсан юм.

Энэхүү зуун жилийн ойд зориулан улсын хэмжээнд 100 гаруй аж үйлдвэрийн үйлдвэр, 100 гаруй нийгмийн байгууламж нээлтээ хийсэн юм. Тухайлбал, Кемин дэх Терек-Таш цементийн үйлдвэр, Кадамжай, Ноокат дахь Исфайрам-1, Курак-Тектир бага оврын усан цахилгаан станцууд болон бусад төрөл бүрийн аж үйлдвэрийн үйлдвэрүүдийг дурдаж болно.

Түүнчлэн хөлбөмбөгийн стадионы их засвараас гадна  шинэ сургууль, цэцэрлэг, спорт цогцолборуудыг албан ёсоор ашиглалтад оруулсан билээ. Удахгүй Бишкек хотод Төв Азид хамгийн том хэмжээний хөлбөмбөгийн стадион байгуулагдах бөгөөд шинэ нисэх онгоцны буудлууд баригдаж, хэдийнээ агаарын хөлгүүдийг шинээр  худалдаж авсан байна.

Агро аж үйлдвэрийн салбарт орчин үеийн газар тариалан, усны менежментийн технологийг нэвтрүүлж,  хөдөө аж ахуйн хамтарсан үйлдвэр байгуулах тал дээр нээлттэй санал хүлээн авч байна. Түүнчлэн дэлхийн стандарт,  олон улсын жишигт нийцсэн лабораториуд баригдаж байна.

Аялал жуулчлалын салбарт Киргиз Улс өөрийн гэсэн "Куршевель"-ийг (Альпын цанын баазын нэр) хөгжүүлж байна. Францын S3V компани нь  200 орчим км цанын замтай, жилд 850,000 жуулчин хүлээн авах хүчин чадалтай "Гурван оргил" цанын цогцолбор баазын төслийг хэрэгжүүлж байна. Бишкек хотын ойролцоо 20 км-ийн фуникулёр-лифт бүхий  шинэ амралтын газар баригдсанаар бүтэн жилийн турш идэвхитэй амрах боломжтой болно. Техникийн бүх байгууламжийг дэлхийд тэргүүлэгч гурван компанийн нэг болох Австрийн Doppelmayr компани барьж байна.

Өнгөрсөн гурван жил бол манай улсын хувьд гайхалтай өөрчлөлт, дэвшлийг авчирсан юм. Ерөнхийлөгч Садыр Жапаровын удирдлаган дор хийгдсэн ажлууд бодит үр дүнгээ харуулсан. Тухайлбал, шинэ ажлын байрууд бий болж, иргэдийн амьдралын чанар сайжирсан. Дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг үл харгалзан Киргиз улс ийнхүү тогтвортой өсөн дэвжиж байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, Киргиз Улс өнөөдөр тогтвортой хөгжлийн зам дээр баттай зогсоод барахгүй, тэсвэр хатуужилт, хүсэл тэмүүлэл, ахиц дэвшил дүүрэн шинэ ирээдүйгээ идэвхитэй цогцлоож байна" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top