"Талын гурван цэцэг" хэмээхэд тэднийг танихгүй хүн ховор. Дундговь аймгийн Өлзийт сумын Тал гэдэг газар үеэс үед амьдран сууж ирсэн нэгэн гал голомтоос урлаг соёлынхон удамшин төрдөг угшилтай.
Зэрэглээ наадаж, гандирс цогцолсон, зээр цахилж, галав амилсан уудам тэнэгэр талын хүүхэд, ухаант малчин Цэрэнгийн бага охин Ц.Туяацэцэг өдгөө Хилийн Цэргийн Дуу Бүжгийн чуулгад ажиллаж байна. Эгч МУГЖ Ц.Чулуунцэцэг, СТА Ц.Отгонцэцэг нартайгаа таанын цагаан цэцэг шиг ижилсэнхэн уртын дуугаа шуранхайлж, уянга дуугаа эгшиглүүлэхэд уудам говь нялхардаг гэнэм. Манай сонин "Өглөөний зочин" буландаа СТА дуучин Ц.Туяацэцэгийг онцолж түүний ертөнцөөр аяллаа. Тэрбээр мөн уртын дууны ай савыг уудлан судалж 500 гаруй дууны өвийг шинжлэн нотолж буй докторант, судлаач хүн билээ.
НЭГ УДМААС ХОЁР АРДЫН ЖҮЖИГЧИН, ДӨРВӨН ГАВЬЯАТ ТӨРНӨ ГЭДЭГ ТАЛ НУТГИЙН МИНЬ Л ХИШИГ
-Юуны өмнө хоёулаа нутаг ус, аав ээжийн тухай дурсамжаас яриагаа эхэлье. Хүүхэд байхдаа урлагийн хүн болно доо гэж бодож байв уу?
-Би Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт бригадад есөн хүүхэдтэй айлын отгон охин болж төрсөн. Дээрээ дөрвөн ах, дөрвөн эгчтэй хүн дээ. Малын захад дэгдэж, магнаг торго шиг намирч өслөө. Аав минь нутаг усандаа хүндтэй Д.Цэрэн гэдэг ой ухаан сайтай, цэцэн цэлмэг, яриа хөөрөө сайтай хүн байсан. Ээж минь Д.Чулуунбат гэдэг ажилч хөдөлмөрч, намбалаг, сайхан дуулдаг эмэгтэй байсан. “Ар хөвчийн унага” гэдэг уртын дууг их сайхан дуулна. Намайг 17-той байхад ээж маань тэнгэрт дэвшсэн болохоор дүр зургийг нь цээжиндээ бүдгэрүүлчихгүй байхсан гэж байнга боддог. Хүүхэд байхад эгч нарыг дагаад л урлагт дурласан даа. Эгч нар чинь дуулдаг юм чинь чи дуул гээд л намайг сумын төвийн клубт дуулуулна. Би өөрөө хөгжмийн сонирхолтой байсан л даа. Хөдөөнөөс сумын төвд орж ирээд хөгжмийн дугуйланд явна, хөгжимчин болно гэж битүүхэн сонирхдог байсан бол хувь тавилан намайг дуулуулахаар сонгочихжээ. /инээв/
-Авьяас гэдэг удам дамжин өвлөгддөг гэдэг. Танай удмаас төрсөн дөрвөн гавьяатаас хоёр нь Ардын жүжигчин болжээ. Үүний нууц увдис нь юундаа байна гэж та боддог вэ?
-Манай удам Бух Дамдин гэдэг овгийнхон. Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Ардын жүжигчин А.Нэргүй, гавьяат жүжигчин А.Дүнжмаа нар аавын маань эгч Банзрагчийн хүүхдүүд бөгөөд нэг айлаас гэхэд хоёр Ардын жүжигчин, гурван гавьяат төржээ. Ийм тохиолдол Монголд байтугай дэлхийд байхгүй гэж боддог. Манай эгч Ц.Чулуунцэцэгийг "Өнөр бүл" киноны Цэрмаагийн дүрд тоглосноор нь ард түмэн мэднэ. Эгч маань бас Монгол Улсын гавьяат жүжигчин хүн. СУИС-д уртын дууны багшаар ажиллаж мянган мянган шавь нараа өлгийдөх хүндтэй агаад эрхэм албыг хашихын зэрэгцээ хувийн уран бүтээлээ туурвисаар яваа. Өвөрмонголын Үндэсний их сургуульд хэдэн жил багшлаад ирсэн. Ц.Чулуунцэцэг эгчийн маань охин Л.Нарангэрэл гэж маш чадварлаг сайн дуучин төрөн гарч СТА цолоор энгэрээ мялаалаа. Ардын жүжигчин А.Долгор багшийнхаа хамт "Магнаг цэнхэр дэлхий" гэдэг дууг дуулсан шүү дээ. Эгч СТА Ц.Отгонцэцэг маань Төмөр замын дуу, бүжгийн чуулгын уран сайхны удирдагчаар ажиллахын сацуу СУИС-д багшилж байсан.
Хүний авьяас үр хүүхдэд нь өвлөгдөхөөс гадна нутаг усны эрчис, тал нутгийн ус агаар, монгол ахуй нөлөөлдөг шиг. Байгалиас заяасан, бурхнаас өгсөн өгөгдөл юм болов уу. Бидний үеийнхэн бага балчир ахуйдаа морьтой дэргүүлж, тэмээтэй жонжуулж байгаль дэлхийтэйгээ, монгол ахуйтайгаа ойрхон өссөн. Ээж минь ардын дуу, уртын дууг сайхан дуулдаг хүн байсан. Тэр л аялгуунд нь уярч ухаажиж торнисон хүүхдүүд дуулахгүй яаж өсөх вэ.
-Та дөрвөн сайхан эгч, дөрвөн сайхан ахтай баян хүн. Эгч нарынхаа талаар хууч дэлгээч?
-Тэгэлгүй яахав. Миний том эгч Ц.Тунгалаг орос, англи хэлний багш мэргэжилтэй. Удаах эгч нар маань Ц.Чулуунцэцэг, Ц.Отгонцэцэг, Ц.Бадамцэцэг. Хоёр эгчийнхээ нөмөр нөөлөг дунд урлагт хөл тавьж олон сайхан бүтээл хийжээ. Би СУИС-ийг 1999-2004 онд Уртын дууны мэргэжлээр суралцаж төгссөн. Ц.Чулуунцэцэг эгч маань миний багш байлаа. Төгсөөд “Сарны чулуу” дуу бүжгийн чуулгад уртын дуучнаар ажиллаж байгаад Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгад ажилд орсон цагаас хойш гавьяат жүжигчин Б.Ганчимэг багштай багш, шавийн барилдлагатай болсон. Эгч нартайгаа 2004 онд "Дуу хотолсон тал", 2007 онд "Амин гурван аялгуу", 2016 онд "Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ", "Говь сайхан нутаг", 2021 онд "Өөжин бүүвэй" зэрэг хамтарсан тоглолтуудаа хийсэн. Тоглолт бүрээс маш том ухаарал, туршлага, итгэл, сэтгэл, хайрыг мэдэрч байдаг. Эгч нар маань миний амьдралын хийгээд уран бүтээлийн мөнхийн багш юм даа. Анх л тайзан дээр яаж биеэ авч явах вэ, олны дунд хэрхэн зөв явах вэ гээд бүгдийг нь өөрийнхөө биеэр үлгэрлэн зааж сургасаар ирсэн. Чулуунцэцэг эгч маань их зөөлөн уяхан сэтгэлтэй, түшигтэй, нөмөр нөөлөгтэй хүн. Ахан дүүсээ нэгтгэж, уриалж, манлайлж явдаг. Аавын талынхан маань их сэргэлэн, бэлэн цэцэн үгтэй, нүүрэмгий хүмүүс л дээ. Чука эгч, Отгоо эгч хоёр аавын талыг дуурайсан бол би ээжийгээ дуурайсан даруухан, үг дуу цөөтэй хүн дээ. /инээв/
-Айлын отгон нь болохоор аавдаа их онгог, эрх танхи охин байсан шиг санагддаг. Аавынхаа тухай дурсан ярина уу?
-Бид чинь олуулаа өссөн болохоор аав минь надад бусдаасаа илүүчилж, илүүрхэж байсныг бодоход их л амин үр нь байсан шиг. Манай аавыг нутаг хошуууныхан Талын Цэрэн гэж авгайлдаг. Хол, ойрын айлчин гийчид манайхаар заавал бууж морддог хүн хөл хөлхсөн, хүүхэд шуухад шуугисан, хүрэн морьд багшралдсан айл байлаа. Малчид эрэл сурлын малаа Талын Цэрэнгийнд очиж эрлийн зүг чигээ олдог, аяны алжаалаа тайлаад тухлаад гардаг байх жишээний. Аав маань хүнд тустай дэмтэй, уужуу талибуун хүн байж. Зуны аагим халуунд хүний, өөрийн гэлгүй худаг дээр ирсэн бүх малыг услаад гаргачихдаг бусдадаа ач тустай хүн байсан. Аав минь социализмын үед нэгдлийн тэр олон малыг хариулж байхдаа нэг ч төлийн хорогдолгүй бойжуулж өсгөж байсан гэдэг. Мал төллөх үеэр хотондоо шөнөжин сахиад суучихдаг тийм чамбай, айхтар хүн гэж хүмүүс аавыг минь магтдаг юм. Аавыгаа ярихаар нутаг ус, бага насны бүхий л нандин сайхан дурсамж амилах шиг болдог. /нулимс нь цийлэгнэв/
Аав маань насаараа хөдөө мал малласан. Манайх таван хошуу малтай байлаа. Би хонинд явах, хонь услах, ноослох, ямаа самнах гээд ойр зуурын ажилд нь тусалдаг ч хамаг л ажлыг ах, эгч нар маань нугалдаг байж. Аав минь намайг амьдралын хар бор ажлаас хол хөндий эрх танхи өсгөж дээ гэж сүүлд нь ухаардаг юм билээ. Нас өндөр болоод малын ая даахгүй болж намайг оюутан болоход аав минь хотод ирсэн. Миний аав сайхан насалсан, 86 хүрсэн шүү. Эгч бид гурав аавыгаа амьд сэрүүн байхад хэд хэдэн тоглолт хийсэн. Аавдаа зориулж “Хан тэнгэр аав минь”, “Буурал аав”, “Аав таныгаа дуулъя” гээд олон дууг бид аавдаа зориулан дуулж баярлуулж байсан. Ач, зээ нар нь аавын минь л алтан сургаалиар хүн болж өдий зэрэгтэй зөв сайн сайхан яваа гэж залбирч боддог доо.
-Яахын аргагүй л аавын охин байна даа. Аав тань үр хүүхдэдээ юу гэж захиж сургадаг байсан бэ?
-Үр хүүхэд нь сайн сайхан явж санааг нь чилээгээгүй байх л гэж боддог юм. Харин үргэлж ярьдаг байсан зүйл нь гэвэл залуудаа цэрэгт явж байсан үеэ ярихаараа сэтгэл нь сэргээд, царай нь гэрэлтээд, дуу ороод явчихдаг байсан юм. 1948-1951 онд Дорнодын Халх голын отрядад П.Чогдон баатрын нэрэмжит нэгдүгээр заставт алба хааж байснаа дурсан ярих дуртай байсан. Аавынхаа агт адгуулж явсан цэл залуу насандаа тангараг өргөж, хилийн торгон эмжээр дээр эх орноо хамгаалж байсан тэр л застав хийгээд торгон хил дээр очих бүрийдээ аавыгаа санан дурсдаг. Аав минь урлаг уран сайханд дуртай, урлагийн өндөр мэдрэмжтэй, охидоо их дэмждэг, урам бурмаар тэтгэдэг хүн байлаа.
-Талын Цэрэнгийнхэн их амьсуу бүлсүү хүмүүс юм билээ. Та бүхнийг нэг дор нэг байранд аж төрөн суугааг харах их сонин, сайхан санагдлаа. Ойр байх амар байдаг уу?
-Тийм шүү. Биднийг амь нэгтэй, бие биедээ хайртай байхыг аав минь сургасан. Чулуунцэцэг эгч маань ах нартай минь ярилцаж шийдээд Кино үйлдвэрт газар авч байр барих санаачилгыг гаргасан. Хотод ирээд л бид энэ байрандаа давхар давхраараа амьдарч эхэлсэн. Цагаан сараар их амар шүү дээ. Ийш тийм замд түгжирнэ гэж байхгүй. Нэг дор бөөнөөрөө золгочихдог. Цар тахлын үеэр нэг дор бөөндөө байгаа болохоор хэн хэндээ санаа зовох зүйлгүй, дундаа теннисний ширээ тавьчихаад тоглож хөгжилтэй өнгөрөөж байлаа. Ер нь манайхан их бүлсэг хүмүүс. Зун болохоор үр хүүхдүүдээ аваад цугаараа л аялал зугаалгад гарчихна. Хүн гэдэг бие биедээ ойр байж, жаргал зовлонгоо хуваалцах гэж нэгэн эхээс төрдөг шүү дээ. Цаашлаад үр хүүхдүүд маань ч ойр өснө гэдэг бид дараагийн үедээ амь нэгтэй байхыг зааж сургаж байгаа хэрэг юм уу даа. Хүмүүс биесээсээ улам алсраад эд мөнгийг шүтэж, цахим ертөнцөд живж байгаа энэ эрин үед манайхан шиг бүлээрээ инээж хөхөрч, шуугиж шаагин аж төрж буй айл ховорхон ч болсон юм шиг санагддаг.
ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦСАА ӨМСӨХӨӨР БИЕ ЦЭГЦРЭЭД, АЛХАА ТЭГШРЭЭД, ОМОГШИЛ ТӨРӨӨД ИРДЭГ
-Та Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгад хэзээ орж байсан бэ. Эх орныхоо торгон хилээр тойрч явахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Би СУИС-ийг төгсөөд "Сарны чулуу" дуу, бүжгийн чуулгад 10-аад жил ажилласан. Энэхүү чуулга нь гадны жуулчдад уран бүтээлээ хүргэдэг онцлогтой. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад 2013 онд орж байлаа. Манай чуулгын уран бүтээлчид яг л цэргүүд шиг бүтэн цэрэгжилтийн зохион байгуулалттай ажилладаг. Эх орныхоо хилийг манаж байгаа хилчдэд, хил орчмын ард түмэнд хүрч урлаг соёлоор үйлчилдэг цорын ганц чуулга даа. Манай чуулгынхан жилийн дөрвөн улиралдаа хилээр явдаг ч ихэвчлэн хавар, намартаа тоглолтоор их явна аа. Алс хязгаарт мөнхийн багана болж зогсоо тэднийхээ сэтгэл санааг эх орны бахдал төрүүлсэн сүр жавхлантай дуу бүжгээрээ өнгөлж, зүлгэж, бахдуулж, бадрааж байх нь бидний үүрэг юм. Цэргийн сэтгэл зүйг бэлтгэж, эрэлхэг дайчин шинжийг нь дуу бүжгээр тодруулаад ирэхэд цэргийн алхаа нь хүртэл жавхаажаад ирдэг. Хилийн торгон зааг дээр тоглолт хийгээд явж байхад энэ шугамаас наад талын уул манайх, цаад талын уул нь хүнийх гэж бодохоор миний гэх харамч өмчийн сэтгэл төрж уул ус хангай дэлхийгээ, эх орноо хайрлах сэтгэл үерлээд нулимс дүүрээд ирдэг. Ямар сайхан уудам тал нутгийг өвөг дээдэс минь бидэнд үлдээгээв дээ. Болжмор ч нисэхгүй эзгүй талд, бүргэд ч ташихгүй уулын хянгарт эх орныхоо цохилох зүрх болж, эр зориг, тэсвэр тэвчээрийн туйлыг үзүүлж яваа эр цэргүүдээрээ бахархах сэтгэл төрдөг. Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын даргаар СТА, хошууч Б.Болдбаатар ажилладаг. Өөрөө урлагийн хүн болохоор биднийгээ ямагт ойлгож, аливаад бүтээлч сэтгэлтэй ханддаг болохоор их дэмтэй байдаг шүү.
-Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга 80 жилийн түүхтэй. Тус чуулгад хийж хэрэгжүүлмээр, шинэчилмээр санагддаг зүйл нь юу байдаг вэ?
-Төрийн тусгай албан хаагчид ямар зарчмаар явна, тэр л зарчмаар ажиллаж амьдарч байна. Социализмын үед эх оронч сэтгэлгээг залуус олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хилчдийн урам зоригийг бадраах зорилгоор зохиолч, яруу найрагч, уран бүтээлчдийг хилийн цэргийн ангиудад илгээж байсан түүхтэй. "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай", "Цэрэг чамдаа би хайртай", "Хилийн цэргийн жавхаа" зэрэг олон сайхан уран бүтээлүүд тэр л үед төрж цэрэг эх орны дууны баялаг сан хөмрөгтэй болж байсан юм билээ. Тэр л дуунуудаа ахмад үеийн уран бүтээлчид сайхан дуулж бидэнд хүргэсэн. 2001 оноос манай чуулга эргэн сэргэж үйл ажиллагаагаа өдгөө тасралтгүй явуулж байна. Хил хамгаалах байгууллагаас цэрэг эх орны сэдэвтэй "Монгол-Эх орон" найрал дуу, дууны улсын уралдаан зарлаж маш олон бүтээл ирснээс "Хилчний бахархал" дуу тэргүүлсэн. Орчин үеийн залуусын сонсдог төрөл хэв маяг өөрчлөгдсөн байна шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр чуулга маань анхаарч ажиллаж байгаад баяртай байдаг.
-Танай гэр бүлийн хүнийг цэргийн хүн гэж сонссон. Үр хүүхдүүдээс нь урлагийн хүн болж байна уу?
-Манай хүн Хилийн Цэргийн 0303 дугаар ангид ажилладаг. Хилийн амьдралыг маш сайн ойлгодог. Манайх гурван хүүхэдтэй. Том охин маань СУИС-д төгөлдөр хуурч мэргэжлээр төгсөөд БНСУ-д их сургуульд суралцахаар явсан. Дундах нь найм, бага нь зургаадугаар ангид сурдаг. Охин маань урлагийн замыг эргэлт буцалтгүй сонгосон.
-Таныг уртын дууны анги төгссөн болохоор дандаа л үндэсний хувцастай төсөөлж байсан. Цэргийн дүрэмт хувцас ч сүртэй юм аа?
-Тийм шүү. Цэргийн дүрэмт хувцас өмсөөд явахад нэг л өөр, бие цэгцрээд, нуруу тэнийгээд омогшил бахдал амтагдаад ирдэг юм. Харин үндэсний хувцсаа өмсөхөөр эртний хатдын ихэмсэг бардам, донж төрх тодрох жишээтэй. /инээв/
-Хувийн уран бүтээл дээрээ хэр ажиллаж байна вэ?
-СУИС-ийг төгсөхөд манай ангийнхнаас маань гавьяат жүжигчин Л.Болдбаатар, гавьяат жүжигчин Т.Батсайхан, СТА Л.Банзрагч, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин СТА М.Дариймаа гээд олон сайхан уран бүтээлчид жигүүр дэлгэн оюутны ширээнээс хамтдаа нисэж байлаа. Би сургуулиа төгссөнөөсөө хойш "Ижий говь", "Өөш манханы бүсгүйчүүд", "Говь сайхан нутаг", "Хослох зүрхний уянга", "Их хайр", "Аз жаргалын зөрөг", "Цэрэг эрийн гэргийн дуу", "Хүж дэлхий амгалан байг", "Хилчдээс асуу" зэрэг гоцлол болон хамтарсан олон дуутай болжээ. Үүн дотроос "Говь сайхан нутаг" бол Дундговийнхны сүлд дуу гэдгээр нь бахархаж явдаг. 2006 онд "Мандах нар" уртын дууны цомог, 2016 онд "Их хайрын зөрөг" нийтийн дууны цомог гаргасан. 2016 онд Дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин Б.Мөнхтөртэй “Их хайрын зөрөг” нэртэй тоглолтоо хотод болон хөдөө орон нутгаар аялан тоглож байв. Цар тахлын үед 2021 онд "Хилчний өглөө" кино концерт хийж телевизүүдээр үзэгч олондоо хүргэлээ. Мөн онд "Хуур магнайн эгшиг" уртын дууны номоо хэвлүүллээ. Одоо энэ номынхоо дараагийн ботийг гаргах гээд ажиллаж байна даа. Мөн цомгийн ажилтай л сууна, цомогт маань цэргийн дуу, зохиолын дуу, багтах юм.
УРТЫН ДУУНЫ АЙ САВ ӨДРӨӨС ӨДӨРТ ТАТАРЧ БАЙГААД ХАРАМСДАГ
-Үндэсний хувцсаараа гангарч олон орноор явсан байх. Бусад орнууд үндэснийхээ өв соёлыг хэрхэн хадгалж хамгаалж явдаг юм бол, өөрийн оронтой харьцуулж үзэж байв уу?
-Анх “Сарны чулуу” дуу бүжгийн чуулгад ажиллаж байхдаа үндэсний язгуур урлагаа сурталчилж Канад, ОХУ, Франц, Голланд, Хятад, Солонгос гэх мэт олон орноор явж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалд явна, Элчин сайд, дарга нарын өмнө дуулах үе гардаг. Соёлын биет бус өвийг тээж явна гэдэг бахархмаар, нөгөө талдаа их хариуцлагатай ажил шүү. Үндэстэн бүхэн өөрийн гэсэн өв уламжлалтай. Солонгосчууудын хэл соёлтой танилцаж явахад цохиур хөгжмөө эзэмшсэн байдал нь үнэхээр гайхамшигтай. Ардын өв соёл, хувцас хэрэглэл нь цаг агаарын байдал, нутаг орон гээд дахин давтагдашгүй онцлогтой байдаг. Монгол язгуур урлаг орон орноос үнэхээр ялгарч, цолгорч чаддаг. Дээл хувцас нь сүрлэг, эдлэл хэрэглэл нь чамин тансаг харагддаг. Хэдэн зууныг дамжсан монгол өв соёл үеэс үед уламжлан тээж биднээр дамжин цаашид өвлөгдөнө шүү дээ. Гадаадын орноор явж байхад уртын дуу, хөөмий, язгуур урлаг, ардын дууны өвөрмөц онцлогийг хүмүүс нь ихэд сонирхон гайхан шагшдаг. Уртын дууны ая эгшиг, цараа, хөөмийн хархираа түрлэг, хөгжмийн дуугаралтыг их гайхдаг. Мөн үндэсний хувцсыг маш их сонирхдог. Олон орны үндэсний хувцсаас хамгийн гоё нь манай үндэсний хувцас юм гэдгийг мэдрэх сайхан байдаг. Цаанаа л нэг сүрлэг, бадрангуй, ихэмсэг, үнэ цэнтэй, ганган дэгжин харагддаг шүү.
-Уртын дууны өв соёлыг тээж яваа хуучцуул улам цөөрөөд байх шиг. МУСГЗ Г.Дадьсүрэн, Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Ардын жүжигчин уртын дуучин Н.Норовбанзад гээд тэнгэрт дэвшсэн олон сайхан уртын дуучдын дэг сургуулийг өдгөө залуу үед түүчээлж яваа таны хувьд хэчнээн шавьтай болж байна вэ?
-Би 2007 оноос эхлээд Соёлын дээд сургууль, “Сити” дээд сургууль, СУИС-д багшилж нийтдээ 10-аад жил уртын дуучин бэлтгэх ажилд хувь нэмрээ оруулсан байна. Шавь нар маань 21 аймгийн театр, чуулгуудад нэр төртэй сайн сайхан ажиллаж яваад нь бахархдаг. Тэд маань цаашлаад залуу үедээ уртын дуугаа зааж сургаж яваад нь баярладаг. 2013 оноос хойш Соёл Урлагийн Их сургуулийн докторантурт суралцаж уртын дууны нот тэмдэглэгээний талаар судалгаа хийж байна. Миний судалгаанд нийт 500 гаруй уртын дуу бүртгэгдсэн. Ер нь ард түмний дунд түүнээс ч их уртын дуу дуулагддаг байсан байж магадгүй. Гэхдээ энэ ай сав өдрөөс өдөрт хумигдаж, татарч байгаад харамсдаг. Залуус маань уртын дуугаа мэддэг байгаасай, дуулдаг байгаасай. Хамгийн анх 1970-аад онд уртын дууг хөгжмийн хэлд оруулсан хүн бол Дундговь Сайхан-Овоо сумын харьяат, гавьяат дуучин Ж.Дорждагва багш юм. Тэрээр 300 гаруй уртын дуу мэддэг байсан гэдэг юм байна лээ. Уртын дууг Ж.Дорждагва багшийн үед буюу 1960, 70-аад онд шавь сургалтаар сургаж байсан бол 1990-ээд оноос Н.Норовбанзад багш танхимын сургалтад шилжүүлсэн. Тэр цагаас хойш хөгжмийн онол, мэргэжлийн урлагийн онолын хичээл давхар зааж мэргэжлийн түвшинд сургаж байгаа.
-Та дуулж байхдаа яг юу мэдэрдэг бол?
-Үндэсний хувцсаа өмсөөд, язгуур урлагаа дэлхийн тайзнаа болон Монголын тайзнаа гээд уртын дуугаа хаа ч дуулсан нутгийнхаа тал нутгийг нүдэндээ төсөөлж дуулдаг даа. Уртын дуу бол амнаас ам дамжсан биет бус өв. Уртын дууны хаялга, цацлага, тухайн дуучны хоолойн цараа хүрээнээсээ болоод дахин давтагдашгүй байдаг. Энэ л давтагдашгүй агшин хормыг тэнгэрийн өгөгдөл, газрын увдис илгээдэг юм шиг санагддаг. Дуулж байхдаа тал нутгийн буйдхан зайд даруухан оршдог хэрнээ хамгийн олон гавьяатыг төрүүлсэн сумын Соёлын ордон, эрдэм номын гэгээ татуулсан анги танхим, эрх насны хонгор дурсамж үлдээсэн гэр орон, энхрийлж өсгөсөн ээж, аав, ингэн тэмээдийн буйлаан, эрмэг морьдын үүрсээн гээд бүгдийг нь нүдэндээ ургуулж, сэтгэлдээ амилуулж боддог доо. Зүүдэндээ ч энэ бүхнийг дандаа хардаг. Тэгэхээр уртын дуу дуулна гэдэг ертөнцөөс тасрах, жингүйдэх, цаг хугацаанаас алсрах, зүүдлэхтэй адилхан ч юм шиг.
Н.НОРОВБАНЗАД АГСНЫ ДУУЛСАН ӨНДӨР ОРГИЛ, ХҮРШГҮЙ АЛС, ХЯЗГААРГҮЙ ХҮРЭЭ, ТӨГС ДЭЛГЭМЭЛ ЦАРААНЫ ЭНД ХЭН Ч ХҮРЭЭГҮЙ БАЙНА
-Уртын дууны нутаг нутгийн аялгууны онцлогийг судлаач хүний үүднээс тайлбарлавал?
-Баруун монгол аялгуу, зүүн монгол аялгуу, төв халх аялгуу гэж байдаг. Баруун монгол аялгууны онцлог нь өндөр өндөр уул нуруутай байгалийнхаа сэрэл мэдрэмжээс бүрэлдэв үү гэлтэй бүр их өндрөөс дуулаад намсаад ирдэг, бэсрэг уртын дуу зонхилдог бол боржигин аялгуу далайцтай намуухан эхэлснээ дээшээ цойлоод тэнгэрийн цаламд хүрээд тал шиг цараагаа тэлээд, уужраад ирдэг онцлогтой. Боржигин аялгуугаар дуулдаг дуучид бол Н.Норовбанзад, Т.Цэнджав, Г.Дадьсүрэн гээд Дундговь нутгаас төрөн гарсан сод тод бурхдууд маань дэлхийн дайдад шуранхайгаа хадааж байжээ.
-Н.Норовбанзад гуай шиг “Уяхан замбуу тив”-ийг дуулсан хүн гарч ирэх болов уу?
-Манай уран бүтээлчид тэр давтагдашгүй сайхан дуучинтай эн зэрэгцэх гэж битүүхэн өөрсдийгөө ирлэж явдаг л байх. Тэр их хүмүүн уртын дууны гайхамшгийг зөвхөн өөрийнхөөрөө цор ганц, дахин давтагдашгүй оргилд цоройлгон хүргэсэн хүн. Н.Норовбанзад гуай 70 нас давсан хойноо энэ дуугаа дуулахаар өнгө нь намдаад байх юм гээд хамгийн өндөр өнгөөрөө дуулсан гэдэг. Тэр л өндөр оргил, хүршгүй алс, чанадын чанад, хязгааргүй хүрээ, төгс дэлгэмэл царааг бид бахдан сонсоод л байхаас өөр аргагүй.
-"Хуур магнайн эгшиг" номд нь хэдэн дуу багтсан бэ. Ер нь ард түмний дунд мартагдах шахсан ховор нандин дуу хэр олон бэ?
-Дээр хэлсэнчлэн 500 гаруй уртын дуунаас "Хуур магнайн эгшиг" номд 300-аад дуу нь орсон. 200 гаруй дууг шинэ номд оруулахаар төлөвлөж байна. Барга, хошууд ястны дуунууд голчлон орохын зэрэгцээ Дундговь аймгийн Өлзийт сумын Д.Бальдар гэдэг дуучны дуулснаар "Алтан тал" уртын дууг нотолж оруулна. Судлаад л байвал хуучны дуунууд гарч ирээд л байдаг.
Энэ ташрамд хэлэхэд Соёлын яамны Соёл урлагийг дэмжих сангаас өв соёлоо хадгалж хамгаалж, сэргээн сурталчлах үйлсэд сэтгэл харамгүй дэмжиж тусалсан. "Хуур магнайн эгшиг" номд маань мартагдах шахсан ховор дуунууд багтсан учраас 800 гаруй төслөөс дэмжигдэж чадсан. Үүнд би маш их баяртай байгаа.
ЭМЭГТЭЙ ХҮН УХААЛАГ БАЙХАД ҮЛЭМЖ ТӨГӨЛДӨР НАМБА ТӨРХ, ҮЗЭСГЭЛЭН ГООГ БҮРДҮҮЛЖ ЧАДНА
-Эмэгтэй хүний үлэмж төгөлдөр чанарыг ямар шинжээр таних вэ?
-Эмэгтэй хүн бүхэн сайхан. Өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй, тэсвэр тэвчээрийн туйл болсон хүмүүс. Үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, өөрөөрөө үлгэрлэж яваа бүсгүй хүн бүхэн сайхан. Эмэгтэй хүн аливаа юмыг зөөллөж, учир начрыг нь тунгааж ялгаж ухдаг, юмны түрүүнд хөдлөхгүй, яаран хүний өмнөөс үг хэлдэггүй байх хэрэгтэй. Уурыг биш, ухааныг өмнөө тавь гэдэг дээ. Ухаалаг байхад л үлэмж төгөлдөр намба төрх, үзэсгэлэн гоог өөртөө бүрдүүлж чадна гэж боддог.
-Залуу хүний хувьд хайр сэтгэлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хайр сэтгэл гэдэг эцэг эхийн хайр, хань ижлээ хайрлах хайр, эх орноо хайрлах хайр гээд олон өнгөтэй. Хүн бүхэн энэ өнгийг туулж туучиж гардаг, аль нэгийг нь тойрч гарна гэж хэзээ ч байхгүй. Хайрлана, хагацна, учирна, холдоно. Энэ бол хорвоогийн жам юм даа. Энэ нугачаанд өөрийгөө алдахгүй жанжин шугамтай, зорилго тэмүүлэлтэй, өөртөө үнэнч байхад хүн зөв явдаг л гэж боддог.
-Таны хамгийн их баярлаж, бас гуниглаж байсан ямар үе байдаг вэ?
-Ээж болоод хамгийн их баярлаж байсан. Харин гуниг төрдөг үе бол хүн сэтгэл гаргаад байхад тэр сэтгэлийг ойлгохгүй, буруугаар бодож, үзэл бодлоо тулгаад байвал маш их эмзэглэдэг. Хүн хүнээрээ байх, хүн хүндээ тус дэмтэй байх гэдэг хүн ёсны л асуудал. Гэтэл сүүлийн үед хүмүүсийн сэтгэл их харалган, харанхуй, хардамхай, хахирган болсон шиг санагддаг. Хүний сайхан сэтгэлийг буруугаар ашиглах гэсэн, мушгиж гуйвуулж ярих гэсэн занд харин тун дургүй шүү.
Сэтгэгдэл ( 4 )
уртын сайхан дууны уужуу тайван гуянгалаг нэг л яруу найрагчийн гүн ухаан төгс шингэсэн яриа бүр нь авьяаслаг намвалаг гайхаалтай хбүрэн хосолвуу гэмээр санагдав энэ хүн яг л уртын дуу мэт хүн
Захиалгат магтаал, гавьяатад санаатай СТА-нуудын нэг л байна.
Сайхан ярилцлага байна. Танай гэр бүлд улам аз жаргал ерөөе. Ер нь манай говийнхон чинь маш хүнлэг,найрсаг ард олон шүү дээ.
Goe duuchin ger bul shu Amjilt Tand