Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буланд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, УИХ дахь АН-ын бүлэгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын үгийг онцолж байна.
УИХ-ын гишүүн О.АМГАЛАНБААТАР: Аймаг, суманд ямар нэг гэмт хэрэг, малын хулгай гарлаа гэхэд өөрсдөө шийдэж чаддаггүй. Үүнээс харахад зөвхөн Улаанбаатар төвтэй Монгол Улсыг сүүлийн 20 жилд эрчимтэйгээр байгуулжээ. Хэнд халамж хэрэгтэй байна, ямар асуудлыг шийдвэрлэх ёстой вэ гэдгээ хамгийн сайн мэддэг хүмүүс нь сум, аймгийн Засаг дарга нар. Гэтэл өнөөдөр Засаг дарга нар нь дээрээс хуваарилж ирсэн хэдэн төгрөгийг аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар оруулсан нэртэй гарын үсэг зурдаг ажилтай нөхөд болжээ. Тухайн сумын малчин, дарга, аймгийн Засаг дарга нь мэдээгүй байхад айлын өвөлжөөг нь лиценз болгоод өгчихсөн байдаг. Ийм байдлаар эрх мэдлийг авсаар байгаад сумын сургуулийн захирал, жижүүрээр хэнийг томилохыг Улаанбаатар хотоос шийддэг болчихсон. Энэ бол хөдөөгийн хөгжлийг чөдөрлөж буй хамгийн том асуудал юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.ЭНХ-АМГАЛАН: Өнөөдөр нийт ахмадуудын 60-70 хувь нь доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа. Давхардсан тоогоор 160 гаран мянган ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгасан байна. Цаашид тэтгэврийг инфляцтай уялдуулж жил бүр нэмэх Засгийн газрын журам гарсан. Тодруулбал ирэх онд тэтгэврийн доод хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэхээр болж байгаа юм. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан ахмадуудыг зөвлөх багшаар салбарт нь ажиллуулах, асаргаа болон нөхөн сэргээх үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр ирэх онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг төлөвлөгөө гараад байна.
УИХ-аар батлагдсан төсвийн тодотголоор ААН-үүд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг тусгасан. Тиймээс ирэх оноос нөхөн сэргээх амралт, сувиллын үйлчилгээг нэмэгдүүлнэ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ: Орон нутгийн эрх мэдэл жилээс жилд хумигдсаар орон нутагт шийддэг асуудал байхаа больсон. Боловсон хүчний томилгоо гэдэг зүйл бүр байхаа байсан. 26 агентлагаас 24-ийг нь Улаанбаатараас томилж байна. Бүх аймаг, сумаас татаас авдаг. Бүх татварыг дээшээ татдаг. Үндсэндээ Улаанбаатараас томилгоог хуваарилдаг. Орон нутаг аймаг сум өөрийгөө засаглах чадваргүй гэж үзэн эрх баригчид бодлогоо хэрэглүүлж байна.
Орон нутагт тэнэг хүмүүс амьдардаг. Улаанбаатарт ухаантай хүмүүс амьдардаг. Нийслэлийн цагаан байрнаас удирдвал бүх зүйл сайхан болно гэсэн суурь ойлголттой явж ирсний гороор энэ их эрх мэдлийг дагасан сөрөг үр дагаврууд утаа, түгжрэлээр илэрч байна. Тиймээс АН-ын бүлгийн зүгээс орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, орон нутагт эрх мэдэл шилжүүлэх үзэл санаа бүхий багц хуулийн төслийг энэ намрын чуулганд өргөн барихаар АН-ын бүлгийн зөвлөхүүдэд танилцуулаад байна.
Сэтгэгдэл ( 1 )
ЗА ШААДАГ ШААДАГ ГЭХЭД ИНГЭЖ ХУДЛАА ШААЖ АРАЙ БОЛКУУ ЭЭ