ДАЛАНЗАДГАД | 9 гэр бүл нэгдэн гар урлалын үзэсгэлэн гаргалаа

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 03

 

Энэ сарын 1-нд Ахмадын баярыг тохиолдуулан Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Ерөнхий боловсролын 7-р сургууль дээр 9 гэр бүл хамтран өөрсдийн бүтээсэн гар урлалын үзэсгэлэнгээ гаргалаа. Эдгээр 9 гэр бүл нь ахмад багш Д.Бариул болон түүний гэргий Б.Сумъяа нарын үр хүүхэд, болон зээ нараас бүрджээ. 

Уг үзэсгэлэнгийн тухай Ардын боловсрол, биеийн тамирын тэргүүний ажилтан, спортын мастер, ахмад багш Д.Бариул "Манай гэр бүлийн хүнийг Балжийн Сумъяа гэдэг. Улсад 33 жил, боловсролын байгууллагад 22, 23 жил багшилсан, тусгай, дунд боловсролтой хүн бий. 

Багшийн сургуульд суралцаж ирснийхээ дараа хөдөлмөрийн хичээлээр амьдралд хэрэгтэй зүйлс зааж, сургах санаачилга гарган тэмээний ноос авчирч, өөрөө болон хүүхдүүдээрээ цэвэрлүүлэх, утас ээрэх, ширмэл ширдэг ширэх зэргийг хийж эхэлсэн. Тухайн үед Монгол эсгий гэж байсангүй, хятадаас л орж ирдэг байлаа. Мөн зодог, шуудгийн насны ангиллаар нь эсгүүлж, зүү ороох, оёдол, хатгамал зэргийг заадаг байсан. 

Манай хүн 13 суманд маш олон шавьтай. Аймгийн төвд 2012 онд ирээд залуус болон өндөр настнуудад зодог, шуудаг эсгэх сургалт явуулж эхэлсэн. 

Эхнэр маань одоо 75 нас хүрч байна. Өөрийн үр, ачдаа уламжлалаа сэргээн сануулах үүднээс үзэсгэлэн гаргасан нь тун амжилттай болсон" гэлээ. 

Уг үзэсгэлэн энэ бямба гарагт буюу 10 дугаар сарын 5-ны өдөр Даланзадгад хотын политехник коллежид дахин дэлгэгдэхээр болжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top