Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 05

Энэ өдрүүдэд “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд 15 дахь жилдээ орон даяар зохион байгуулж байна.

Намрын мод тарих өдрүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 7 дахь удаа тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн Өлзийт хороолол дахь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харъяа “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш ойн салбар сэргэж, мод тарих идэвх эрс нэмэгдсэнийг онцолж, идэвхтэй оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд гүн талархал илэрхийллээ.

Тэрбээр “Ажил хийвэл амжилтад хүрч чадна” гэдгийг харуулж буй олон сайн жишээний нэг нь “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэн юм хэмээн онцолж, цаашид монголчууд зуу, зуун жилээр мод тарьж, эх орноо ногооруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу өнгөрсөн гурван жилд бүх бэлтгэл ажлаа хангасан бөгөөд ирэх жилээс их хэмжээгээр тарьж эхэлнэ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж гурван жилийн өмнө мод тарихад тус талбай хоосон байсан юм. Өнгөрсөн хугацаанд 36 мянган мод тарьж ургуулаад байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж ургуулахаас гадна ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 341 мян.га талбайд хийснээр 1.9 тэрбум модыг доройтолд өртөн, хатаж хуурайших эрсдэлээс хамгаалж чадлаа гэв. 

Энэ онд ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааны ажлыг 16 аймгийн 98 сумын 2.5 сая га талбайд хийж, 490.4 мянган га талбайд голомт үүсээд байгааг тогтоосон.

Өнгөрсөн жил 283 мянган га талбайг хортон шавжаас хамгаалсан бол энэ 341 мянган га талбайд хамарчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.236) 2024 оны 10 сарын 05

Тарьсан мод бүхэн ургаасай одоо манайхан зөв тарьж сурсан байх

0  |  0
Top