Орос-Гүржийн сөргөлдөөнийг зохицуулах нь ойрын жилүүдэд Гүржийн эрх баригчдын хэрэгжүүлэх нэн чухал зорилтуудын нэг юм гэж Гүржийн ерөнхий сайд Ираклий Кобахизе тус улсын эрх баригч “Гүржийн мөрөөдөл – Ардчилсан Гүрж” намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг танилцуулахдаа мэдэгдсэн байна.
Ойрын дөрвөн жилд хэрэгжүүлэх гадаад бодлогын талаар тэрээр ярихдаа, “АНУ болон Европын Холбоотой харилцаагаа бэхжүүлэх нь үндэсний нэн чухал зорилт юм” гэж тэмдэглэжээ. “Үүний зэрэгцээ НАТО-той харилцаагаа гүнзгийрүүлж, БНХАУ-тай стратегийн түншлэлээ бэхжүүлэх нь эн тэргүүний зорилт байх бөгөөд хөрш Армени, Азербайжан, Турктэй харилцаагаа цаашид гүнзгийрүүлэх нь чухал юм” гэж Кобахизе онцолсон байна.
Гүржид аравдугаар сарын 26-нд парламентын сонгууль болно. 12 жил засаглаж байгаа эрх баригч нам 4 дэх удаагаа ялалт байгуулах зорилготой байгаа юм. Түүний гол өрсөлдөгч Гүржийн Үндэсний нэгдсэн хөдөлгөөн байх аж.
2008 оны наймдугаар сард Гүржийн цэрэг Өмнөд Осетид хяналтаа тогтоохыг оролдсоноор Гүрж-Өмнөд Осетийн зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн байна. Орос Улс энэ бүс нутагт байсан иргэдээ болон энхийг сахиулагчдаа хамгаалахын тулд 2008 оны наймдугаар сарын 8-нд цэргээ оруулсны дараа Гүржийн цэрэг ухарсан ажээ. 2008 оны наймдугаар сарын 26-нд Орос Улс Өмнөд Осети болон Абхазийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн.
Л.Батбаяр
Сэтгэгдэл ( 0 )