Гүржид анх удаа цахим саналын хайрцаг ашиглан явуулсан парламентын сонгууль аравдугаар сарын 26-нд болсон билээ.
Саналын хуудаснуудын 99,64%-ийг тоолсон дүнгээр “Гүржийн мөрөөдөл – Ардчилсан Гүрж” нам 54,08%-ийн санал авснаар дангаараа засгийн газраа эмхлэн байгуулах эрхтэй болжээ. Сонгуулийн ирц 58,94%-д хүрсэн байна.
Парламентад суудал авах эрхийн таван хувийн босгыг сөрөг хүчний дөрвөн нам давсан байна. “Өөрчлөлтийн төлөө эвсэл” нам 10,92%, “Эв нэгдэл – Үндэсний хөдөлгөөн” 10,12%, “Хүчтэй Гүрж” нам 8,78%, “Гүржийн төлөө Гахария” нам 7,76%-ийн санал тус тус авчээ.
Сөрөг хүчний бүх нам сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. “Шинэ парламентын анхны чуулган арван нэгдүгээр сарын дундуур хуралдана. Гэхдээ Сонгуулийн төв комисс санал хураалтын эцсийн дүнг хэзээ нийтлэхээс бүх юм шалтгаална” гэж Гүржийн парламентын дарга Шалва Папуашвили хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили сонгууль нэлэнхийдээ булхаатай болсон гэж мэдэгдээд, аравдугаар сарын 28-нд тайван жагсаал хийхийг уриалсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Оросууд л бужигнуулж байгаа биз, Гүрж байтугайгийнх нь сонгуулийг үймүүлдэг улс ш дээ