А.Очирболд: Би бүтээлээ төгс хийхийг л хүсдэг. Гэхдээ маш хурдтай хийдэг

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 10 сарын 21

“Урлагийн ертөнцийн олимп” гэж нэрлэгддэг дүрслэх урлагийн тэргүүлэх зэрэглэлийн наадам Венецийн 60 дахь удаагийн биеннальд Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Очирболд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа билээ. Итали улсын хойд хэсэгт орших “Адриатын тэнгисийн хатан хаан” гэгддэг үзэсгэлэнт Венец хотод энэ оны дөрөвдүгээр сарын 20-нд Монголын павильон нээлтээ хийсэн. Тус павильоны уран бүтээлчээр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Очирболд сонгогдож, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын элч, Соёлын тэргүүний ажилтан О.Оюунтуяа, ко-куратороор ХБНГУ-ын ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейн захирал Др. Грегор Янзэн уригдан хамтран ажиллаж байгаа юм. Энэ удаагийн биенналь “Foreigners Everywhere” буюу “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээнд нийт 88 орон өөрсдийн павильоноо нээжээ. Монголын павильоны үзэсгэлэн нь “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй бөгөөд уран барималч А.Очирболд бүтээлээрээ дамжуулан ухамсрын гүн түвшин рүү үзэгчдийг хөтлөж байна.

-Та шинэ уран бүтээлээ ямар үзэл, онолд үндэслэн бүтээсэн бэ?

-Буддын шашны догшин сахиус Ситипати буюу төвөдөөр Дүртэддагва шүтээний дүрслэлээс санаа авсан л даа.
 


 

Тэр дундаа гурван нүдтэй гавлын яс нь амьдралын мөнх бусыг сануулж, сүнслэг ертөнцийн тухай ойлголт, түүний шилжилт, дээд ухамсар, гэгээрлийн эрэлхийллийг бэлгэддэг юм. Нийгмийн болон хүмүүний хөгжил, харилцааны өөрчлөлт, түүнчлэн хүн төрөлхтний ухамсрын даяарчлалын бодит дүр төрхийг ажигласан судалгаан дээр тулгуурлаж хийсэн. Кураторын баг маань "Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй" шинэ өрөг орон зайн баримлыг маань түүхэн Ситипатийн дүрслэлтэй харьцуулан, улмаар "Ухамсраа дахин нээхүй" уран баримлын цуврал бүтээлээр үзэсгэлэнгийн дэглэлтийг баяжуулж үзэгчдэд толилуулж байгаа юм.

-Энэ удаагийн биенналь “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа нь маш их сонирхолтой санагдлаа?

-Сэдвийн тухайд энгийнээр тайлбарлавал бид энэ дэлхийн хаана ч очсон харь орны хүмүүстэй учирдаг бөгөөд эргээд та ч гэсэн хэн нэгний хувьд харийн хүн гэдэг утгыг илэрхийлэхийг куратор Адриано Педроса зорьсон. Үнэхээр ч арга хэмжээ зохион байгуулагдаж буй, XII зуунд усан онгоцны үйлдвэрийн зориулалттай баригдсан Арсенал нэртэй нүсэр том байгууламжид өөр хоорондоо адилгүй хэл, соёл, үзэл санаатай харийнхан хаа сайгүй алхаж байна. Тэдний нэг нь ч мөн бидний хэдэн монголчууд байгааг тэмдэглүүштэй. Хэдийгээр оролцогчид, шүүмжлэгчид, хэвлэлийнхэн, үзэгчид гээд хүрэлцэн ирсэн хүн бүр л олон зүйлээрээ ялгарах авч урлагаар дамжуулан ухамсрын түвшинд нэгдэж байна. Энэ нь урлаг бол яс үндэс, шашин шүтлэг, хэл, зан заншлаас үл хамаарах хамгийн гайхалтай соёл гэдгийг батлах мэт санагдаж байна. “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд болох уг биеннальд ерөнхий куратор Адриано Педроса Венецийн Арсенал болон Жиардинид байрладаг үндсэн үзэсгэлэнд олон улсын 330 уран бүтээлчийг урин оролцууллаа. Энэ удаагийн биеннальд нийт 88 улс өөрийн бие даасан павильоноо үзэгчдийн хүртээл болгож байгаа юм. Биенналийн албан ёсны нээлт дөрөвдүгээр сарын 20-нд, Монголын павильоны хэвлэлийн бага хурал, албан ёсны нээлтийн ажиллагаа дөрөвдүгээр сарын 18-нд тус тус болсон. Урлагийн ертөнцийн нэр хүнд бүхий энэхүү биенналь ирэх арваннэгдүгээр сарын 24 хүртэл үргэлжилнэ.
 


 

-Буддын шашны догшин сахиус Дүртэддагваас санаа аван бүтээлээ урлаж, гурван нүдтэй гавлын яс бүхий хөнгөн цагаанаар цутгаж хийсэн инсталляцаа танилцуулжээ. Уг бүтээлээ урлахдаа уламжлалт монгол зургийн арга барил болон орчин үеийн хэв маягийг хослуулсан, энэ нь оролцогчдын анхаарлыг татаж байгаа гэсэн?

-Бэлгэдлийн хувьд бүтээлээрээ амьдралын мөнх бусыг сануулж, гэгээрлийг илэрхийлж байгаа бол концепцийн хувьд ирээдүйд алдаагүй алхахын тулд өнөөдөр амьдарч байгаа бид өнгөрснөө эргэн харж алхам бүрээ хянаж байх учиртай гэдгийг л эрэлхийлэхийг зорьсон доо.

-Ингэхэд та аль нутгийн уугуул вэ. Шашин номд их ойрхон, сүсэг шүтлэг ихтэй ахуйд өссөн бололтой?

-Манай аав Аюурзана Сүхбаатар аймгийн Уулбаян сумынх. Морин хуурч хүн. Гарын ур дүйтэй хүн байсан. Одоо бодох нь ээ, аавын маань халгиж цалгисан тэр их авьяасаас надад өвлөгдөж ирсэн байх. Аав маань багадаа их сониуч хүүхэд байсан юм билээ. Өвөө эмээ хоёрынхоо ярьж байсныг эргэн дурсахад, айлуудын угаасан хувцсаа хатаадаг хэцийг аав маань таван настай байхдаа гүйж очоод чангалаад л, татаж үзээд чихээрээ чагнаад л, тэгээд дахиад нөгөө талд нь очоод өнөөх үйлдлээ давтан хийгээд байсан гэдэг. Гэтэл хажуугаар нь морин хуур үүрсэн бадарчин явж өнгөрөхдөө “Энэ их сонин хүүхэд байна” гэснээ өвөө эмээд нь “Танай хүүхэд хөгжимчин болох юм байна” гээд морин хуур бэлэглэжээ. Тэгээд ч тэр үү, аав нь морин хуур тоглодог, өөрөө хуураа хийдэг, гарын дүйтэй хүн болсон юмсанж. Социализмын үеийн Соёлын төвийн эрхлэгч бол киногоо ч гаргадаг, шалаа өөрөө угаачихдаг, баян дараад бүжгээ ч явуулчихдаг байсан. Бүр галчаа хүртэл өөрөө хийнэ. Тэр болгоныг манай аав өөрөө хийдэг байлаа. Тухайн үеийн нийгмийн амьдралд гэрэл гэгээ нэмдэг хүмүүсийн нэг байв. Ил үгтэй, шударга хүн байсан даа. Харин ээж маань Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумынх. Тэгэхээр би Сүхбаатар аймгийн хүн байгаа биз. Аав ээжийн ураг удмынхан хоёулаа л их уран хүмүүс байдаг.

-Орлой мэргэн хутагтын өлгий нутгийнх юм байна шүү дээ. Тийм байх аа, санамсаргүй зүйл гэж байдаггүй гэж ярилцдаг. Тэр их өв соёлоос ахуйд тань болон ой тойнд үлдэж хоцорсон зүйл их бий биз? 

-Хүн эхнээсээ л унасан газар, угаасан усандаа л зориулагдаж төрдөг. Тэндээсээ хорвоо ертөнцийг яаж харж, хэн болж хүмүүжих нь ёстой өөрийнх л төөрөг тавилан  байх даа. Манай Уулбаян сум хурдан морьдын өлгий нутаг учраас их хүчирхэг энергитэй. Нутгийн шүтээн хайрхан Баянмөнх маань азарганы дүртэй уул гэж өвөг дээдсийн маань шинжээ байдаг юм шүү дээ. Тэгээд ч тэр үү хурдтай. Адууны соёлоо дагаад олон сайхан алдартай дуучид төрж гарсан байдаг. Хүлгийн шандас сорьж, хүний хоолойн царааг шалгасан сайхан тал нутаг байдаг юм. Мөн манай Уулбаян сумын хойхно талд Дүртэддагвын овоо бий. Мандал овоо гээд Мөнххаан, Уулбаян хоёрын дунд байдаг л даа. Тэр овоо чинь бас их утга учиртай. Хойд талаар нь гарахаар хулгай худал баригдчихдаг. Өмнө талаар нь бол өнгөрөөд явчихдаг. Өөрөөр хэлбэл, хүрээ рүү хулгай оруулахгүй л гэсэн үг. Ер нь их жавар үргээдэг гэсэн агуулга, бэлгэдэлтэй.  

-Гэхдээ социализмын үед иймэрхүү зүйлийг нээлттэй, ил тод ярьж болдоггүй л байсан байх. Таны бага нас хаана, яаж өнгөрсөн бэ?

-Ер нь манайхыг нэг суманд нэг их удаадаггүй байлаа. Гэхдээ аймгийн төв рүү оруулдаггүй, дандаа сумдаар буюу соёлтой аргаар цөлөөд л явуулдаг байсан юм билээ. Тэр үед би хүүхэд байсан учраас цаад, нарийн учрыг мэддэггүй л байж. Одоо эргэн санахад Уулбаян сум уугуул нутаг нь, аав ээж нь байсан учраас арай элэгсэг дотно байсан даа. Манайх гэдэг айл ерөнхийдөө сумдаар тойрч явсан, амьдрал жаахан хүндхэн талдаа л байжээ. Бүр сүүлд Дорнод аймагт байхдаа л хот руу татагдаж байлаа. Аав маань дарга нартай жаахан таарамж муутай байсан шиг байгаа юм. Тэр нь өөрт нь саад болсон юм шиг санагддаг. Харин энэ нь сайн, муу байсан эсэхийг би хэлж мэдэхгүй юм. Аав маань тухайн үеийн нийгмийн болохгүй, бүтэхгүйг хэлчихдэг л хүн байсан. Үүнийхээ шанд л хэдэн сумаараа хэрэн явжээ. Бид эцэг эхээс 11-үүлээ. Манай хоёр том ах хотод, миний дээд талын ах бид хоёр Түмэнцогтод, бусад нь Уулбаянд төрсөн.

-Аав тань цагийн аясыг дагаж бөхийдөггүй их зоригтой, зорилготой л хүн байж. Ер нь ямархуу зан характертай хүн байсан бэ. Хаалттай нийгэм, хатуу цаг үед дарга нарын өөдөөс үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж чадаж байсан гэхээр их чанга эр байжээ?  

-Аав маань өрөвчхөн, амьтанд их хайртай хүн байсан. Намайг төрөөгүй байх үед шархадсан тас шувуу авчирч тэжээгээд эдгэрэхээр нь буцааж нисгэсэн гэдэг. Тэр шувуу хааяа манай тоонон дээгүүр ирж нисдэг байсан гэсэн. Амьтан буудаж байгаа хүнд их дургүй. Хүүхдүүдээ байгаль орчин, ан амьтан, араатан жигүүртэнтэй их танилцуулдаг, хөдөөгүүр их дагуулж явдаг байлаа. Энэ нь хүүхдүүдийнхээ оюун бодол сэтгэхүйг задалж өгсөн. Аавынхаа бүтээлч нөлөөгөөр манай ах эгч нар дарх, хатгамал хийдэг, ер нь гарын дүй сайтай хүмүүс болж төлөвшсөн. Манайханд тэрний, энэний хийсэн юм гээд, бурхан хүртэл байдаг байлаа. Аав маань морин хуурынхаа толгойг өөрөө сийлээд суудаг байсан. Гэрийн мод, хаалга хийнэ. Би багадаа аавынхаа хаалга хийхдээ үлдээсэн модны тайрдасыг эвлүүлж тоглодог хүүхэд байлаа. Одоогийнхоор модон тоглоомын үүрэг гүйцэтгэж байна шүү дээ. Надад бас зургийн хэрэгсэл, баримлын шавар авч өгдөг байсан. Энэ бүхэн миний ирээдүйн замыг засаж байсан болов уу. Манай аав сургуульд сураагүй ч их сайн набросок татдаг байсан. Ээжийг цаашаа хараад хэвтэж байхад нь шоглоод зурах жишээний. Хүүхдүүдээ хүртэл хошин байдлаар зурж баясгадаг байлаа. Ийм хошин байдал нь уран бүтээлч сэтгэлгээг минь их задалж өгсөн. Сумынхныхаа мотоциклийг гэр дотроо оруулж байгаад янзлаад өгдөг хүн байлаа. Хүмүүс ирж мотоциклээ янзлуулна. Зарим нь хаалга хийлгэнэ. Ер нь олон хүүхэдтэй хүн чинь нэг хониор сольчихдог байсан биз. Хүүхдүүдээ тэжээх гэсэн нэг арга нь шүү дээ. 

-Үгүй ер өө, ийм л бүтээлч сэтгэхүй, арчаатай ахуй амжиргаа дундаас ирээдүйн уран барималч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн төрж гарсан байна шүү дээ. Магадгүй таныг уран барималч болгоно гэж ярьж зориогүй л байх. Гэхдээ ерөөл билгэ гэж их сонин юм даа? 

-Орлой хутагтын хураагдсан хөрөнгөн дундаас өвөө аавд таван төгрөгөөр нэг морин хуур авч өгсөн юм билээ. Тэр үеийн таван төгрөг их мөнгө шүү дээ. Өвөө маань их нүдтэй хүн байжээ. Тэр дотроос алтан бурхан аваагүй л байхгүй юу. Гэхдээ тэр хуурыг авахаас өмнө манайд нөгөө бадарчны өгсөн нэлээд болхи хийцтэй ч нүд нь хөдөлдөг хуур байсан. Тэр хуурны толгой надад одоог хүртэл байдаг юм. Харин дараа нь Богдын хураагдсан эд зүйлс дотроос таван төгрөгөөр худалдаж авсан мөнөөх хуур. Манай Уулбаяны юмнууд Богдын хөрөнгө л гэж явдаг байсан шиг байгаа юм.

-Морин хуурны толгой нь үлдсэн гэхээр... Хайран юм даа. Сэргээж болох болов уу?

-Морин хуур эвдэрлээ ч толгой нь үлддэг. Тэгээд л толгой дээр нь сэргээгээд явдаг юм. Тэр морин хуурын толгой их сонирхолтой. Манай нутгийн хуудуу Шарав гуайн морины зурагнуудтай төстэй. Би ажиглахдаа, манай Сүхбаатарынхан монгол зурагтаа илүү донжтой, амьтай зурдаг байжээ гэж боддог. Морь болгоны характерыг гаргаж зурдаг. Унтаж байгаа, эвсэл сэрүүн сэргэлэн байгаа, зарим морь давхиж ч байх шиг, тэр болгоныг нарийн уртай зурдаг. Тэр донж маяг энэ морин хууранд байдаг. Тэгээд л би бодсон, юмыг их ажиглаж, донж маягийг олж харж чаддаг хүмүүс байдаг юм байна гэж.

-Ажиглаад байхад, танайхны юм бүхэн адууны соёлтойгоо холбоотой, сонирхолтой нандин өвүүд их байдаг юм билээ. Таны уран бүтээлд ч адууны дүр, дүрслэл байна биз? 

-Манай нутгийн шүтээн хайрхан Баянмөнх азарганы шинжтэй уул гэгддэг. Маш олон тогоолсон хонхортой. Шуурганаар тэдгээр хонхорт адуу орж зогсохоор урууддаггүй. Дээр үед хурдан хүлгийнхээ сүнсийг нутагтаа барьж үлдээхийн тулд хонхорт аваачиж тавьдаг байсан гэдэг. Одоо бол өндөрт аваачиж тавиад байна шүү дээ. Энэ олон шинжийг бодолцож үзээд Баянмөнх хайрханыхаа өвөрт Уулбаян сумынхаа 100 жилийн ойг тохиолдуулан азарганы хөшөө босгоё гэж бодож зорьсондоо хүрсэн. Хурдны өлгий нутагт олон сайхан буянуудын маань сүнс үүрд мөнх оршиж байг, тэндээс дахин дахин Монголын хурдан хүлэг төрөөсэй гэсэн сүсэг биширлээр Орлой адууны онцлог шинжийг тусгаж хийхийг хичээсэн. Нэг ёсондоо азарга шүтээнээ хайрханыхаа өвөрт сэтэрлэж тавьж байна гэсэн агуулга бэлгэдэлтэй. Азарга гэдэг чинь сүргийн манлай. Яалт ч үгүй сүргээ л хамгаална шүү дээ. Таван хошуу мал дотроос хамгийн хурд, хүчтэй, мундаг нь. Адуунаас өөр ийм сайхан хур дэлтэй амьтан байхгүй шүү дээ. Арслангийн зогдор бол ингэж ургахгүй. Адууны дэл бол бүр унжаад, бас л сүртэй шүү дээ.

-Та бас нөгөө дуулиан шуугиан болоод байсан Хэнтий аймагт шинээр "Андлалын хөшөө" босгоход оролцсон байх аа?

-Андлал гэдэг зүйл тэртээх XIII зуунд ч, одоо ч монголчуудын хувьд чухал сэдвийн нэг юм байна гэж би хувьдаа боддог. Тэмүүжин найман шаргаа алдчихаад давхиж явахдаа Боорчитой тааралдаж, хамтдаа найман шаргынхаа хойноос явж анд болоод их том эзэнт гүрнийг байгуулаад л, энэ насаа дуустал анд хэвээрээ байсан. Эв найрамдалыг л бэлгэдэж хийсэн бүтээл шүү дээ.

-Ер нь та уран бүтээлээ хийхдээ ямар зарчим баримталдаг вэ? 

-Би бүтээлээ төгс хийхийг л хүсдэг. Гэхдээ маш хурдтай хийдэг. Зарим нэг алдаа гарсан ч тэр хэвээр нь орхидог. Засаж, удаад байдаггүй. Өөрөөр хэлбэл, хамар нь, суга нь, судас нь гээд л тоочоод байдаггүй. Жинхэнэ уран бүтээл ингэж л гарах юм шиг санагддаг. Тэр нь миний араншин байх. Уран бүтээлээ их нухаж, сайжруулах гэж оролдох тусмаа эвдээд байх шиг санагддаг. Эхлээд сайн бодож байгаад л баримлаа маш хурдтай хийдэг дээ. 

-Өөрийн ертөнцөө харамгүй хуваалцсан танд баярлалаа.

-Баярлалаа. “Өглөөний сонин”-ы уншигчдадаа сайн, сайхан бүхнийг хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top