Алдартнуудын хувийн мэдээллийг ашиглан их хэмжээний МӨНГӨ ЗЭЭЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
4 цагийн өмнө

 

Алдарт жүжигчин И Сын Ги, SHINee хамтлагийн гишүүн Тэ Мин зэрэг алдартай уран бүтээлчдийн харьяалагддаг Big Planet Made компанийн уран бүтээлчдийн хувийн мэдээллийг ашиглан мөнгө хүүлэгчдээс их хэмжээний мөнгө зээлсэн менежерийн хэрэг багагүй дуулиан дэгдээгээд байна. 

Энэ тухай Big Planet Made агентлагаас "Менежер А гэх этгээд нь утсан дээрээ хадгалсан алдартнуудын хувийн мэдээллийг барьцаа болгон ашиглаж 40 орчим мөнгө хүүлэгчээс зээл авчээ. Тэрээр авсан зээлээ төлж чадаагүйн улмаас мөнгө хүүлэгчид барьцаа болгон өгсөн мэдээллийг нь ашиглан алдартнуудыг айлган сүрдүүлж, зээлээ эргүүлэн төлөхийг шаардаж эхэлжээ. 

Дээрх мөнгө хүүлэгчдийн нэг нь өнгөрөгч есдүгээр сард Big Planet Madе агентлагт хандснаар уг хэрэг ил болж, их хэмжээний зээл авсан менежерийг ажлаас нь халжээ. Гэсэн ч асуудал үүгээр дууссангүй. Өчигдөр буюу аравдугаар сарын 16-нд мөнгө хүүлэгчид дахин утсаар холбогдон зээлийн асуудлыг нэн даруй шийдэж өгөхийг алдартнуудаас шаардсан байна. 

Мөнгө зээлсэн этгээдийн барьцаа болгон өгсөн мэдээлэлд нийт 1200 орчим хүний хувийн мэдээлэл байсан ба тус компанийн ажилтнууд, мөн алдартнууд болон түүний өмнө нь ажиллаж байсан агентлагийн уран бүтээлчид багтжээ. Одоогийн байдлаар мөнгө хүүлэгчид зөвхөн Big Planet Made компанийн уран бүтээлчид рүү чиглэж байгаа ч цаашлаад илүү өргөн хүрээг хамарч болзошгүй хэмээн эх сурвалж дурджээ. 

Мөнгө хүүлэгчид үргэлж заналхийлэл үйлдэж байгаа учир уран бүтээлчид айдаст автан, ажлаа хийх боломжгүйд хүрч байгаа тухай Big Planet Made агентлагаас мэдэгдэн эдгээр мөнгө хүүлэгчдэд хуулийн дагуу арга хэмжээ авч байна гэв. Мөн энэ төрлийн заналхийлсэн мессеж, дуудлага авсан хүн байвал яаралтай цагдаагийн байгууллагад хандахыг хүсжээ. 

Одоогийн байдлаар хүмүүсийн хувийн мэдээллийг ашиглан зээл авсан этгээд хэр хэмжээний зээл авсан болох нь тодорхойгүй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top