Хэн төрд гарахыг БАНКНЫ ЭЗЭД шийддэг гэв үү?!

Б.Төрбат | Zindaa.mn
2024 оны 10 сарын 21

-Парламент хэвлэлд нээлттэй болсон ч сэтгүүлчдийг зураг авч, бичлэг хийхийг хязгаарлажээ-


УИХ-ын чуулганы өнгөрөгч долоо хоногийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын зарим гишүүн ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

 

УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН: Чуулганы хуралдааны ирцтэй холбоотой асуудал байнга хөндөгддөг. Олон нийтийн зүгээс чуулган цагтаа эхэлдэг байх ёстой, гишүүд идэвхтэй оролцдог байх хэрэгтэй гэдэг шаардлагыг тогтмол тавьж байна. Иргэдийн тогтмол тавьж байгаа шаардлага, нөхцөлийг хангах, чуулганы үйл ажиллагааг нээлттэй ил тод байлгах зорилгоор УИХ-ын Тамгын газрын зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг тусгайлсан танхимд орж, чуулганы үйл ажиллагаатай бүрэн танилцаж байх боломжийг нээлттэй болгосон. Харин зураг авах, бичлэг хийх бол тусдаа асуудал. Сэтгүүлчид чуулганы дотоод уур амьсгалтай холбоотой асуудлыг сонирхох, УИХ-ын гишүүдийн чуулганы хуралдаанд оролцож байгаа байдал, идэвх, санаачилга зэрэг олон зүйлийг дотроос нь харж мэдрэх боломжийг олгож байгаа юм. Хоёрдугаарт, УИХ дээр явагдаж байгаа олон төрлийн үйл ажиллагаа байна. Ажлын хэсэг, байнгын хорооны хурал, чуулганы нэгдсэн хуралдаанд хэвлэл мэдээллийнхнийг чөлөөтэй оролцох боломжоор нь нээж өгсөн. Хэвлэл мэдээлэлд нээлттэй байна гэдэг ойлголт нь өөрөө оролцоог нь бүрэн хангаж өгснөөр бий болно. Асуудлыг ямар нөхцөлөөс УИХ хэрхэн шийдвэрлэж байна вэ гэдгийг хэвлэл мэдээллийнхэн ойлгож, олон нийтэд түгээх үүргээ гүйцэтгэж байх нөхцөл нь хангагдана. Түүнчлэн өнөөдрөөс эхэлж УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны ирцийг цахим хуудсаар дамжуулж, байнгын шууд мэдээлдэг болж байна. Өөрөөр хэлбэл, гишүүдийн ирсэн, ирээгүй, тасалсан, өвчтэй, томилолтой зэрэг мэдээлэл нь ил болж байна. Чуулганы хуралдаанд хоцорч ирсэн гишүүдийн бүртгэл ч гэсэн нээлттэй боллоо.

УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН: Хэд, хэдэн зүйлийг мөнгөний бодлоготойгоо уялдуулж бодлогоо тодорхойлох зайлшгүй шаардлагатай байна. Нэгдүгээрт, ипотекийн зээлийн урт хугацааны мөнгөний тогтолцоог бий болгоход Монголбанк манлайлах ёстой. Байнгын хороон дээр Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрөөсөө гарах гээд байгаа юм шиг хариулт өгөөд байна. Жилд 20 мянган айлын орон сууц борлогдож байна. Бид ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэх, зорилтод бүлэг рүүгээ мөнгөний бодлого чиглэх ёстой гэж харж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН: Өнгөрсөн 2019 онд Төв банкны тухай хуульд орсон өөрчлөлтөөр Монголбанкыг тухайлсан иргэн, аж ахуйн нэгжид зээл гаргахыг хориглосон. Тэр  утгаараа 2013 оноос хэрэгжүүлж байсан ипотекийн хөтөлбөрийг Монголбанк хууль зүйн талаасаа хэрэгжүүлэх боломжгүй болсон. Харин 2020 онд цар тахал гарсантай холбоотойгоор түр хууль гарч ирээд Монголбанкыг ипотекийн зээлийг олгоод яв гэсэн, тэр хуулиар явж байна. Өнөөдөр 1.2 их наяд төгрөгийн зээлийг гаргахаар төлөвлөөд явж байна. Түүнээс Монголбанк гарахгүй, оролцоод явна. Хяналт, шалгалтыг нь хийгээд явна. Банк дээр байгаа муу зээл шүүх дээр 5-7 жил болдог. Энэ хугацаанд зээл нь ч орж ирдэггүй, гацдаг.

УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР: Ипотекийн зээлийн 2013 оноос өнөөдрийг хүртэл хөтөлбөр хэрэгжээд явж байх хугацаанд 127 мянган зээлдэгчид 8.6 их наяд төгрөгийн зээл гаргасан байна. Анх 2013 онд олгоход 30 мянган зээлдэгч хамрагдаж байсан бол өнгөрсөн жил 8.8 мянга болж буурсан байна. Хөдөө орон нутагт эрэлт өндөр байна. Зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн иргэд олон байна.

УИХ-ын гишүүн Б.БАЯРБААТАР: Ипотекийн зээлийн эргэн төлөлт дээр Монголбанк ард түмнээ бодсон эрх зүйн зохицуулалт санаачилж болдоггүй юм уу. Эхлээд хүү нь төлөгддөг, дараа нь үндсэн зээл нь төлөгдөж эхэлдэг. Зээлийн хүү буурах асуудал их чухал байгаа юм. Өнөөдөр танил талгүй бол ипотекийн зээлийг чинь олж авч чадахгүй л байгаа шүү дээ. Ард түмний эрх ашгийг хангаагүй байж арилжааны банкуудын эрх ашгийг хангаад яваад байгаа тогтолцоо нь хэр зөв юм бэ.

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ: Монголбанк ярихаараа арилжааны банкнуудын бодлогод оролцохгүй, хувийн банк, хувийн бизнес гээд байдаг. Нөгөө талдаа та бүхний инфляцтай холбоотой асуудалд ч гэсэн хувийн аж ахуйн нэгж ихээр хөндөгдөж байна. Цаашид Монголбанк ийм байдлаар явах юм уу, эсвэл Монголбанкныхаа бодлогыг барих юм уу. Зээлийн хүү чинь буурахгүй байхад яаж санхүүгийн хүртээмжийг сайжруулах юм бэ. Зээлийн хүүтэй холбоотой асуудал дээр Монголбанк бодлогоо гаргахгүй бол болохгүй шүү.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН: Монголбанкны үндсэн зорилго бол инфляци. Тэгэхээр онилсон тоо хэмжээндээ барих нь манай үндсэн үйл ажиллагаа юм. Санхүүгийн хүртээмжийн асуудал дээр Монголбанк нийлүүлэлтийн сүлжээг идэвхжүүлнэ. Жишээ нь, төвийн бүс дээр газар тариалан их байдаг бол түүний боловсруулах үйлдвэр нь ойрхон байх, бэлтгэн нийлүүлэгч үйлдвэр хоёр нь гэрээгээ байгуулж, тогтмол харилцаанд орох нь чухал гэдгээр асуудлыг шийдэхээр ярьж байна. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрийн зээл дээр идэвхжүүлэх бодлогыг барьж ажиллана.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: Сүүлийн 30 жилд банкны эзэд ихээхэн эрх мэдэлтэй болсон. Тэд хэн төр засагт гарахыг шийддэг болсон. Уул уурхай гэх мэт олон салбар руу орсон. Хамгийн сүүлд эрчим хүч рүү оров. Банк өөр салбарт үйл ажиллагаа явуулахыг хориглох хуулийн заалт бий. Гэтэл энэ заалт хэрэгжиж байна уу. Банкуудын улс төр дэх нөлөөг бууруулахын тулд улс төрийн намд хандив өгөхийн хориглосон шүү дээ. Хөгжлийн банк, нүүрсний сонсголоос юу ил болсон бэ гэхээр банкны эзэд төрийн мөнгийг зээл болгон авсан. Сонгуулийг дандаа банкны эздийн компаниуд ивээн тэтгэж, хандив өгчээ. Цар тахал дуусаж, одоо бид хэвийн горимд орсон. Монголбанк улс төрөөс хараат бусаар ажиллаж чадаж байна уу. Та нар арилжааны банкуудтай дурлалцалгүй үнсэлцэх үүрэгтэй байгууллага. Энэ зарчмаар ажиллаж байна уу. Та нар 33 журамтай. Санхүүгийн зохицуулах хороо 66 журамтай. Ийм байж болох уу.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН: Банкны тухай хуульд банкны хориглох үйл ажиллагааг тодорхой заасан. Системийн нөлөө бүхий банкууд хувьцааныхаа 5-10 хувийг олон нийтэд нээлттэй арилжсан. Одоо 70 мянган хүн банкуудын хувьцаа эзэмшигч болсон.

УИХ-ын гишүүн Б.ТҮВШИН: “Капитал”, “Чингис хаан”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-уудын асуудлыг яагаад өнөөг хүртэл шийдэхгүй байна. Улстөрчдийн нөлөө байна уу. Эдгээр банкнаас хадгаламжаа авч чадаагүй иргэд бий юу. Та бүхэн гадаад валютын нөөцийг хэрхэн өсгөх вэ. Ирэх онд олон замын төсөл хэрэгжүүлж, валют гадагшлахаар байна. Та бүхэн төсөв тэлж буй бодлогыг хэрхэн сөрөх вэ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН: Эдгээр банк өөрийн хөрөнгөө өсгөхөөр Тогтворжуулах төлөвлөгөө гарган, Монголбанкны хяналт дор ажиллаж байна. Чингис хаан банкнаас авлагатай иргэд байхгүй, төрийн байгууллагууд л бий. Ирэх онд инфляцыг зургаан хувьд барина. Энэ нь боломжтой.

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ: Ээлжит мөнгөний бодлого орж ирж байна. Монголбанкны хувьд хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг байгууллага л харагдаад байна. Улс төрийн нөлөө их байна. Нөгөө бие даасан байгууллагын ажил үүргээ явуулах нь хумигдсан байдалтай л болж байна. Ирэх 2025 онд эдийн засаг асар их тэлнэ гэж байхад мөнгөний бодлогын хүү буурна гэж байгаа юм. Энд улс төрийн шийдвэр л гарчихсан гэж харагдаж байна. Монголбанк өөрөө мэргэжлийн гэхээсээ илүүтэй улс төрийн шийдвэр гаргаж байна.

УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАР: Өнгөрсөн 2022 оны наймдугаар сард Монгол Улсын валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болж түүхэн доод хэмжээндээ хүрсэн. 2024 оны таван сард 5.5 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Гол нөлөөлсөн зүйл нь нүүрс биржээр арилжаалснаас үүдсэн. Импорт ч өссөн байсан. Тийм байхад валютын нөөц тогтвортой өсөж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар 4.6 тэрбум ам.доллар болсон байна. Үүнийг өсгөх боломж бий. Монгол Улсад мөнгө бий. Ам.доллар өсөж байсан гол шалтгаан нь уул уурхайн бүтээгдэхүүнээ бэлэн мөнгөөр зарж байсантай холбоотой. Одоо бол санаатайгаар ийм байдал үүсгэж байна.

УИХ-ын дэд дарга Б.ПҮРЭВДОРЖ: Монголбанкны удирдлага мэргэжлийн байгаа. Үнэ ханшийг тогтвортой барих, санхүүгийн системийг тогтвортой байлгах үндсэн зорилготой байдаг. Тэр данхайсан төсөв бол Монголбанкны бодлогод маш том нөлөө үзүүлж байгаа. Системийн тогтвортой байдал дээр нэг ч банк дампуурсангүй. Зээлийн хүүг бууруулах тал дээр анхаарч ажиллах ёстой. Валютын ханшийг өсгөж, ханш унагаж байгаад Монголбанк ашигтай гардаг, Сангийн яамтайгаа нийлж байгаа төсөв ашигтай гарагдаг зүйлээ хийж болохгүй шүү. Засаг дээр хамтарсан, УИХ-ын харьяа байгууллагад ч хамтарч байна гэж үзэж байна. Энэ ч утгаараа та нарын үйл ажиллагааг дэмжээд ажиллана гэж бодож байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.47.26) 2024 оны 10 сарын 21

Сонгуулийн шоу болсон Ипотекийн зээл чинь 1 л өдөр иргэдийг өрөнд баригдуулж, Монголыг дампууралд оруулах нь байна шүү..... Ипотекийн зээлийг зөвхөн 1м2 нь 3,0 саяаас доош үнэлгээтэй орон сууцанд өгч, үнийн хөөсөрлийг буулга. Барилгын цөөн компани,банкуудыг баяжуулдагаа зогсоо...

0  |  0
S(59.153.112.145) 2024 оны 10 сарын 21

ANUSDI80955877XUCHINDUULI

0  |  0
Top