МОНГОЛЧУУД ЭРТ ЦАГААС ХҮҮХДИЙНХЭЭ ОЮУНЫ ОНЬСЫГ ТАЙЛДАГ БАЙВ
Монголчууд өнө эрт цагаас үр хүүхдийнхээ оюуны оньсыг эрт тайлж, номд дурлуулан ертөнцийн сонин хачинтай танилцуулдаг уламжлалтай байлаа. Үүнийг гэрийн хүмүүжлээр олгоно. Номд гаргуун өвөг, эцэг, ах нар дэргэд байх аваас дагалдуулан сургана. Гэрт эрдэм чадал сайтай хүнгүй бол номтой багшид шавь оруулна. Лам багшид шавь оруулах бол тусдаа. Өнөөгийнхөөр бол тусгай мэргэжлийн сургуультай дүйхүйц хэрэг. Ухаан орсон цагаас нь үлгэр домог ярьж,сургаал үгс хэлж, оньсого таалгаж үг, сэтгэхүйг нь хөгжүүлээд номын далайд дав даруйд хөтлөн оруулах гол түлхүүр нь “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувууны үлгэр”, “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” тэргүүтэн байв.
Цаасан шувууны үлгэрт хүний ямар үйл сайн, юу муу болохыг харьцуулан хэлсэн нь өсвөр бага хүүхэд бүү хэл, өнөө цагийн насанд хүрэгчдэд үлгэр болохоор сургаал билээ. Тухайлбал, цөвүүн цаг ирэхэд
“Өөрийн гэмийг нарийн тоосны төдий ч үл шинжлэнэ
Үнэн үгтэн омогтны тоонд орно
Башир үгтэн цэцний суудалд сууна
Аяа бас,
Тусын хариуд хорлох хүн олон
Ачийн хариуг мэдэх хүн цөөн
Хилэнцийг мэдэвч хийх хүн олон
Номыг мэдэвч бүтээх хүн цөөн
Зусар үг хэлбэл баярлагчид олон
Гэмийг хэлбэл үл гомдогчид цөөн” гэх зэргээр хэлдэг бол
“Оюунтүлхүүр” номд
“Олны дотор үгээ бэхэл
Ганцаар суухуйд сэтгэлээ шинжил
Тойн хүний хамаг эрдмийн дотор
Нигүүлсэхүйн сэтгэл нэн эрдэм
Хаан хүний гучин таван эрдмийн дотор
Хайрлах сэтгэл нэн эрдэм
Хатан хүний арван таван эрдмийн дотор
Сайхан ааль нэн эрдэм
Түшмэл хүний есөн эрдмийн дотор
Төвшин сэтгэл нэн эрдэм” хэмээн сургаж хүүхдийг хар багаас нь сайн муугийн ялгамжид сургадаг байв.
СУДАР БИЧГИЙН ХҮРЭЭЛЭНГЭЭС ЭХТЭЙ ХҮҮХДИЙН НОМЫН САН
Түүнээс инагш цагийн түүхийг сөхөж харвал Ардын Засгийн газраас Судар бичгийн хүрээлэнг 1921 оны арваннэгдүгээр сарын 19-нд Монголд байгуулсан нь шинэ цагийн Монгол Улсын анхны шинжлэх ухааны байгууллага төдийгүй тэндээс сүүлд Үндэсний төв номын сан салбарлан гарсан. Тус номын сангийн бүрэлдэхүүнд 2003 онд Хүүхдийн номын ордонг дөрвөн танхимтай байгуулжээ. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 196 дугаар тогтоолоор "Хүүхдийн номын ордон" хэмээх төсөвт байгууллага болгон өргөжүүлж Монгол Улсад анх удаа хүүхдийн бие даасан номын санг бий болгосон түүхтэй. Улмаар 2015 онд Засгийн газрын тогтоолоор Хүүхдийн төв номын сан болгон өнөөдрийн төрхийг бүрдүүлэв. Харамсалтай нь, Монгол дахь Болгарын Элчин сайдын яам байрлаж асан ногоон модод дундах үлгэрийн ордон гэмээр, харваас хүүхэд дурлан очиж ном унших хүсэл төрөм хөөрхөн загвартай барилгыг Хүүхдийн номын өргөө болгоод байсныг нураан ХХБ-ны төв оффисыг барьсан гашуун түүх бүдгэрээгүй байна. Гэтэл Хүүхдийн төв номын сан өнөөдөр Соёлын төв өргөөнд түрээсийн тохь тааруухан байранд гадна, дотно орчин тийм ч сайнгүй нөхцөлд хүүхдийн төлөө чин сэтгэлтэй хэдхэн хүний нуруун дээр оршин тогтнож буй. Тасганы овооны орчимд шинэ барилга баригдах өдрийг тэд хүлээн суугаа ч хэзээ ажил хэрэг болох нь өнөө хэр тодорхойгүй. Зөвхөн номын санчид төдийгүй Монголын сая илүү хүүхэд тав тухтай төв номын сантай болохыг харуулдан суугаа.
Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг Хүүхдийн жил болгон зарласан. Үүнийг бүтээлч ажил хэрэг болгож, УИХ-аас улсын төсөвт Хүүхдийн төв номын сангийн барилгын мөнгийг тусгаж өгнө гэдэгт итгэж буйгаа номын санчид хэлдэг байв.
Түрээсийн байрны гэрэлтүүлэг муу, угтах хэсэг харанхуй, өвлийн цагт дотоод орчин маш хүйтэн, гадаад талбайн бохирдол их гээд бэрхшээл тасрахгүй. Номын санчид үүнийг үл ажран байгууллагаа тордож, уншлагын танхимуудын тухлаг орчинг бүрдүүлж, үйлчилгээгээ улам сайжруулахаар дотоод бололцоогоо дайчлахын сацуу хүүхдийн төлөө сэтгэлээр шинэ ажлуудыг сэдэж, хэр чадлаараа орчноо өдөр өдрөөр сайжруулсаар буй.
ЦАВ ЦАГААХАН АВТОБУС-ТЭДНИЙ МӨРӨӨДӨЛ
Оюуныг нээгч Оюунтүлхүүрээр номын ертөнцөд хөл тавьж асан тэртээх үеийнхний залгамж цагийн дүр төрх ямар байна вэ, Хүүхдийн төв номын сангийн уншлагын танхимаар ормогц бяцхан уншигчид нам гүмийн дунд оюуны их ертөнцөд умбаж, эргэн тойрныг эс анзааран суух нь өхөөрдмөөр хийгээд ойрд хараагүй дүр төрх өөрийн эрхгүй нүдэнд тусна. Гар утас, компьютерын дэлгэцийн дэргэд ихэнх цагийг нөхцөөж, цахим орчноос хараа салгахаа больсон мэтээр төсөөлөгдөх болсон өсвөр насныхан ийнхүү номтой нөхөрлөж суугаа нь үнэхээр баярламаар. “Сүүлийн жилүүдэд ном уншдаг хүүхдийн тоо тасралтгүй нэмэгдэж байна. Хичээл сургуулийнхаа чөлөө заваар өглөө 10 цагт номын сан нээгдэхтэй уралдаж орж ирээд, орой 20 цагт ажил тарахад гараад явдаг хүүхдүүд ч байдаг. Ингэж номд дурлаж, шимтэж байгаа хүүхдүүдийг харахаар үнэхээр хайр хүрдэг” хэмээн Хүүхдийн төв номын сангийн захирал С.Хүрэлбаатар ярьж байв. Өдөржин номын ертөнцөөр аялдаг хүүхдүүдэд дутагдаж байсан зүйл нь хөнгөн зууш, ус ундаа. Харин одоо тэдэнд халуун аарц, чацарганаар үйлчилдэг кафетай болоод байна. “Мэдээллийг түгээж Мэдлэгийг цогцлооно”. Энэ бол тус байгууллагын эрхэм зорилго. Хүүхдийн төв номын сан бие даан байгуулагдсан цагаасаа хойш 0-9 насны багачуудад “Их мэдэх”, 10-16 насныханд “Мөрөөдөл”, 16-аас дээш насныхан болон оюутан залууст “Боловсрол хөгжил”, орос, англи хэл сонирхогчдын “Өрнө дахин”, хятад, япон, солонгос хэл сонирхогчдын “Дорно дахин”, герман хэл сонирхогчдод зориулсан “Герман хэлний” гэсэн зургаан уншлагын танхимаар жил бүр 45-50 мянган уншигчид 90 гаруй мянган номоор үйлчилж иржээ. Цар тахлын хатуу хөл хорионд байсан хугацаанд ч сул байсангүй, 27 мянга орчим хүүхдэд оюуны гэгээ түгээжээ. Ухаалаг гар утастай хүн бүр 24 цагаар үйлчлүүлэх Цахим номын сан энд бий. Номын сангийн материалуудаа цахимд шилжүүлэхээр ажиллаж, багагүй хувийг гүйцэтгэжээ. Цөөхөн хүнтэй ч эдний хамт олон хүүхдээс гадна гэр бүлд чиглэсэн соён гэгээрүүлэх цогц ажлыг хийхээр шамдацгаадаг. Хөгжлийн бэрхшээлтэй болон алслагдсан хорооллын хүүхдүүдэд явуулын номын сангаар үйлчлэхээр зорьж, номын санчид хувийн машиныхаа ард номуудаа ачаад явдаг ажээ. Алсдаа цав цагаан өнгөтэй, “Хүүхдийн номын сан” гэсэн бичигтэй автобустай болох нь тэдний мөрөөдөл. Автобусандаа номоо ачаад хотын дүүргүүд гэлтгүй хөдөө орон нутгаар аялагч номын сангаа хүргэхийг тэд туйлаас хүсдэг гэлээ.
Хүүхдийн төв номын сангийнхан олон бүтээлч ажил санаачилжээ. Үндэсний мэдээллийн хэсгээ нээлттэй болгож, тэнд номын нээлт, үсэглэлийн баяр, уулзалт, эрдэм шинжилгээний бага хурал, тэмдэглэлт үйл явдлуудыг тохиолдуулсан арга хэмжээг хувь хүмүүс, албан байгууллагатай хамтран явуулдаг болжээ. Угтах хэсэгтээ Мэдээллийн дэлгэц ажиллуулж хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, төрөөс хүүхдийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, гэр бүлд чиглэсэн контентуудыг байрлуулж, байнга мэдээлдэг болов. Ерөнхий боловсролын сургуулийн номын санчдад мэргэжил, арга зүйн үнэгүй сургалт зөвлөгөө хүргэдэг уламжлалыг ч таслалгүй үргэлжлүүлжээ.
МЭРГЭН АРДЫН ҮГ, ХУРУУН ХҮҮХЭЛДЭЙ, ХОРМОГЧТОЙ ТЕАТР
Номын сан бол зөвхөн ном уншаад гардаг газар төдий биш. Хүүхдийн төв номын санд соён гэгээрүүлэх чиглэлийн жинхэнэ амьд, бүтээлч ажлууд өрнөх гэж байна. Өвөг дээдсийнхээ язгуур өв соёлоос уламжлан авч үлдэхийн тулд хүүхэд багачуудын дунд өвөө эмээ, ахмад үеийнхнээс сонсож мэдсэн эрхэм нандин сургаалуудыг тайлбарлан бичих, түүнийгээ зургаар баяжуулан эмхэтгэх хөдөлгөөн өрнүүлж, тэдгээрээр Эрдэм ухаан, Ажил хөдөлмөртэй холбоотой сургаал, Мэндлэх хүндлэх ёсон гэсэн гурван багц, түүнээс гадна ерөөл магтаал, оньсогын ном гаргахаар болжээ. Хүүхдүүд ч үүнд тун дуртай оролцож буй гэнэ. Номыг уншихын сацуу улам амттай, зугаатай, хөгжилтэй болгохоор хуруун хүүхэлдэйн дүрээр номын баатруудыг амилуулахаар шийджээ. Шар шувууны тухай уншлаа гэхэд тэр нь зөөлөн тоглоом, арьсаар урласан дүр, номын хавчуургатайгаа иж бүрдэл байх жишээтэй. Бас шар шувууны өмсгөлтэй хүүхдүүд гудамж, талбайгаар алхаж номоо сурталчилж үлгэрийн баатраа амилуулна. Хормогчтой театр их хөөрхөн. Ахлах ангийнхан, эцэг эхчүүд халаастай хормогч зүүгээд бага насныханд үлгэр ярьж өгнө. Халаасанд нь өхөөрдөм хөөрхөн үлгэрийн баатрууд нуугдаастай. Өнхрүүшийн түүхийг өгүүллээ гэж бодъё. Халааснаасаа өнхрүүш гаргаж энгэртээ наана. Баавгай, туулай, үнэгийг ээлж дараагаар энгэртээ зүүж, өнхрүүш тэднийг аргалж хуурч явсаар үнэгэнд залилуулж үлгэр дуусна. Өвөө эмээ, аав ээж, ах эгчийнхээ үгэнд орохгүй гадуур их хэсвэл хэсэгтээ аргалж болох ч эцэстээ сайн зүйлд хүргэхгүйг эндээс ухаарах боломжтой. Өргөн дэлгэр болдог Номын баяраар тэд энэ мэт сонирхолтой санаануудаасаа талбайд цугласан хүүхэд багачуудад үзүүлдэг болсон билээ.
ДААВУУН НОМЫН ТЕХНОЛОГИ ҮГҮЙЛЭГДДЭГ
Гадаад орнуудад 0-3 насныханд зөөлөн даавуун ном хэрэглүүлдэг. Монголд “Бага насныхны уншдаг ном дугуй булантай байх ёстой” гэсэн ганцхан стандарттай. Даавуун ном бүтээх материал нь ч, хийх арга, технологи нь ч байхгүй. Харин Хүүхдийн төв номын сангийнхан даавуун номын арга зүйчтэй болжээ. Ингэснээр бага насныханд тохирсон ном бүтээхээс гадна захиалгаар цор ганц ном хийлгэн бие биедээ бэлэглэх боломж бүрдэв. Номын сангийнхан хүүхдийн бүтээлүүд, бэлэг дурсгалын зүйлсээс бүтсэн үзэсгэлэн дэглэхээр төлөвлөөд буй. Уран бүтээлчид бүтээлээсээ, хөгжимчид хуучны хөгжмийн зэмсэг, тамирчид ямар нэг түүх өгүүлсэн сагсны болон хөлбөмбөг гэх мэт зүйлсээсээ хандивлахыг тэд уриалж байгаа юм. Тэнд бас “номын эмч” ажилладаг. Хямд үнээр хуучин ном засаж сэлбэж өгнө. Ахуйн тоос, бусад зүйлээр бохирдсон номыг ариутгана.
Гэтэл ийнхүү хямд үнээр үйлчилгээ үзүүлж, номын сангийнхаа ойр зуурын хэрэглээг хангах мөнгөтэй болох нь нь хууль дүрэмтэй харшилдаг талтай гэнэ. Нэн тулгамдсан нэг хүндрэл гэвэл номын санчийн залуу халаа тасрахдаа тулжээ. Хэдхэн жилийн өмнө 20-30-аараа төгсдөг байсан энэ мэргэжлийнхэн одоо жилдээ ганц нэгээс хэтрэхээ больжээ. Багш нарын цалин нэмэгддэг ч сургуулийн номын санчийнх бол үгүй. Номын өргөөнд оюуны гэгээ түгээгчид тун бага цалинтай.
Энэ мэт шалтгаанаар залуус номын санч хэмээх мэргэжлийг сонгохоо больжээ. Хүүхдийн төв номын сангийнхан ч гаднаас гар тосон тусламж хүлээлгүй дотоод бүх бололцоогоо дайчлан өсвөр үеийнхнийг номын ертөнцөөр аялуулах нөр ажлаа улам ая тухтай, сонирхолтой болгохоор хичээсээр байна. Уг нь сургуулиас гадуур хүүхдийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх, цахим хэрэглээг багасгаж эрүүл мэндийг дэмжих, мэдлэгийн хүрээг тэлж хязгааргүй ертөнцөөр аялуулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зэрэг нөхцөлийг бүрдүүлдэг Хүүхдийн номын санг дэмжихийн учир их гэдгийг олон нийт гарцаагүй мэдэж байгаа нь лавтай.
Сэтгэгдэл ( 0 )