Алс баруун Алтайд илгээлтийн эзэн мянган ямаа суурилан маллаж, армийн гурван жил эрчүүдтэй бужигнаж, алс тууврын замд аяны майхан шиг гундаж, Алтайн төвд ажилгүй гуларч, Хэвлэх үйлдвэрт үсэг өрж, амьдралын адармаатай замаар явж явж, яруу найраг хэмээх гэгээн ертөнцөд хөл тавиад буй “Морин хуур” наадмын шагналт, Ч.Лодойдамбын шагналт, яруу найрагч Бя.Даваацэрэнтэй уншигч таныг уулзуулж байна.
-Өсөж төрсөн нутаг, өөдөлж дэвжсэн газар, идэр залуу нас гээд амьдралынхаа гараанаас яриагаа эхлүүлэх үү?
-Би Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул хүн, сумынхаа дунд сургуулийг төгсөөд илгээлтээр эзэн болж, Тамч багт очиж байлаа. Мянган ямаа суурилж маллаж байгаад хоёр жилийн дараа, 1979 онд 18 нас хүрч цэрэгт явсан даа. Ингээд гурван жил цэргийн алба хаагаад 1982 онд очсон чинь Сум нэгдлийн удирдлагууд намайг “Сайн малчин хүүхэд байсан, бригаддаа авна. Малчин ч юм уу, бригадын дарга ч юм уу болгоно” гэлээ. Миний хувьд цэргийн алба хаачихсан бас чиг аймаг, суурин газар сонирхож байсан л даа. Намайг цэргээс халагдаад ирэхэд аав ээж маань Алтайн төвд ирээд суурьшиж ядаж байсан үе л дээ. Энэ мэтээс үүдээд аймаг явах сонирхолтой л байв.
-Социалист нийгмийн үед ч төв суурин бараадах ч амаргүй л дээ. Яажшуухан нэг аймгийн төв бараадав даа?
-Аймгийн паспорт авахын тулд 2-3 жил хонь тууна гэсэн болзол тулгасан. Цаг үе нь тийм л байсан. Энэ болзлын дагуу хоёр жил хонь тууж байж аймгийн паспорт аваад аймагтаа очсон доо. Хонь тууна гэдэг бас амар ажил биш. Говь-Алтайгаас зуны гурван сарын турш тууж, Улаанбаатар хотод авчирч өгнө. Хонь туусан хүн аймгийн төвд амьдрах эрхтэй болоод очсон ч ажилгүй нэг хэсэг гуларлаа. Ажилгүй залуу хүн яах вэ гэхээр өнөөх л Алтайн “сайн гарууд”-тайгаа нийлээд ганц нэг зуу татаад гудамжаар сэлгүүцнэ дээ.
-Илгээлтийн эзэн, армийн гурван жилийн “боловсрол”-той, “сайн гарууд”-тай дөрөө харшуулдаг хүнд ч бас амар ажил олдохгүй байгаа биз. Чухам яаж яваад яруу найрагтай холбогдох болов?
-Манай Говь-Алтай аймгийн Шаравын Содномжамц гэж сайхан сэтгүүлч, манай сумын хүн байв. Сүүлд “Сүхбаатар” сонины эрхлэгчээр ажиллаж байсан даа. Тэр хүн дөнгөж сэтгүүлчээр төгсөж ирээд “Алтай хөгжил” сонинд ажиллаж байхдаа манайд амьдарч байсан юм. Намайг бодоход сургууль соёлын мөр хөөсөн хүн чинь сийрэг байлгүй яахав. Аль ч талаараа юм үзэж нүд тайлсан байж таарна. Би ч яахав, цэргийн гурван жилийн алба хааж ирснээс өөр зүйлгүй нөхөр Алтайн “Сайн гарууд”-тай нийлээд явахаас өөр яахав. Гэтэл нэг ялихгүй хэрэг тариад цагаадгийн газарт саатуулагдлаа. Харин Ш.Содномжамц тэнд сурвалжилга хийж яваа таараад “Чи энд юугаа хийж яваа юм” гэхээр нь учир явдлаа хэллээ. Ш.Содномжамц ч цагдаа нартай яриад гаргаад авлаа. Тэгээд “Чи ингэж явахаар ажил хий. Манай хэвлэх үйлдвэрт жижүүрийн ажил гарсан, чи ор. Ядахад л наад толгой чинь арай гэгээтэй болно” гээд мундаг л байна. Би ч ажилгүй явсан хүн яахав, ингээд 1987 онд Говь-Алтай аймгийн Хэвлэх үйлдвэрт ажилд орж байсан түүхтэй. Ингэж л хэвлэх ном гээч зүйлтэй танилцсан даа. Манай Хэвлэхийн дарга орой явах үеэрээ намайг жижүүр дээр байхад хэдэн сонин орхино.
Тэгэхдээ “Чи үүнийг уншаад алдаа сайн олно шүү” гэж тушаана. Тэр нь өглөөний уншилгад орох сонинг урьдчилж надаар уншуулж байж дээ. Дарга тушаасан, “Алдаа сайн ол” гэсэн учраас нухна, хэрдээ л асууж сураад ч хамаагүй алдаа хайна, уншина. Тэгэхээр Ш.Содномжамцын хэлснээр “Толгой арай гэгээтэй болно” биз дээ. Би жижүүрээр гурван сар ажиллаж байтал Хэвлэхийн дарга “За чи залуу хүн ингэж жижүүр дээр сууж болохгүй. Хэвлэхэд сонины огтлогчоор ор” гэхээр нь тэнд ороод хэдэн сар болж байтал курст хүн явуулахаар болж, ажилчдын хараа шалгав аа. Миний хувьд хөдөө мал маллаж байсан хүний хувиар хараа сайн байдаг юм билээ. Би хараагаараа “Маш сайн тэнцсэн” учраас Улаанбаатарт Төв хэвлэх үйлдвэрт 45 хоногийн курст суугаад онгоцноос буухад Алтайн Хэвлэх үйлдвэрт шинэ хэвлэх машин зэрэг бууж байлаа. Ингээд л шинэ машинтай танилцах, түүнд суралцах гээд хөлгүй их ажилтай нэг хэсэг үзэж аваад зүгширсэн дээ.
-Бодоход тэнд л зохиолч яруу найрагчидтай уулзаж байсан байх. Алтай ч мундгууд олонтой. Хэнтэй нь анх таарж байв?
-Гочоогийн Чардаг, Дашрингийн Лхагвасүрэн, Жүмпэрэлийн Гүнсэн гээд Алтайн төвд ажиллаж амьдардаг тухайн үеийн мундгууд байлаа. Эд нар сонин хэвлэхтэй ойр, зарим нь тэнд ажиллана, шүлэг зохиолоо хэвлүүлэхээс эхлээд холбоотой хэдий ч уулзаж чадахгүй. Уг нь би л мэдээгүй болохоос биш намайг хөдөө мал маллаж байхад Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов гуай манай Соёмбо бригадад эмчээр ажиллаж байгаад Улаанбаатар руу явчихсан байсан. Тэгэхэд би шүлэг зохиолоос хол байсан учраас уулзъя гэж бодоогүй байх. Тоомойн Очирхүү гуайтай сүүлд ерээд оноос танил болсон. Хэвлэхэд ажиллахад нэг давуу тал байдаг юм. Тэр тусмаа үсэг өрөгчийн нэг давуу тал байна. Сонин уншаад сонины дардас өгөхдөө шугамдаад, мөр хооронд нэлээд зайтай өгчихнө. Дарга нар дардас уншаад эцэслэн гарын үсэг зураад явсны дараа мөр хоорондын зайг шахаад сонины нүүрний дор нэг шүлэг тавьчихдаг байлаа. Үүнээс болж зөрчил гаргасан гэж цалин хасуулж, арга хэмжээ авахуулж байсан. Сүүлдээ тэд миний материал дутсан юм байлгүй, жаахан зай үлдэж л дээ гэх мэтээр ярилцаад нэг их зүйл хэлэхээ больсон. Одоогоор бол 35 үсэг чинь өөр өөрийн дуутай төгөлдөр хуур шиг, үсэг бүхэн өөрийн дуутай. Арван хуруу бол үсэгнүүд дээр хуваарилагдчихсан. Үсгээ харахгүй өрнө. Буруу үсэг ороод ирэхэд жин авиа нь өөр учраас “Энэ буруу орчихлоо” гээд засна. Энэ их хүнд үсэг орчихлоо, “М” үсэг байх, энэ “А” үсэг биш байна гээд сонсгол, мэдрэмжтэй болчихдог. Миний хувьд хөгжмийн сонголтой байсан юм шиг билээ. Үсгийг бол сайн сонсоно шүү. Энэ бүхнээ анзаарч байхад би анхнаасаа л дууны шүлэг бичсэн. Миний шүлгүүд дандаа хайрцагтай, хэмнэлтэй тийм байдаг юм болов уу гэж боддог. Өрж байсан үсэгнүүдийн ритмтэй холбоотой байх.
-Та ингэхэд хэдийнээс шүлэг бичиж эхэлсэн хүн бэ. Анхны шүлэг өлгийдөж авсан зохиолч яруу найрагч гээд байдаг шүү дээ?
-Би Хэвлэх үйлдвэрт ажилд ороод л энэ зүгт явсан болов уу, гэхдээ бичихдээ ерээд оны эхээр бичиж эхэлсэн. Эхлээд хүнд ч үзүүлдэггүй, өөртөө л бичээд сонинд ирж байгаа шүлгүүдийг үсэг өрж байгаа хүний хувиар их уншина, өөрийнхтэйгөө харьцуулна. Тэгээд болмоор ч юм шиг болохоор нь бичиж эхэлсэн. Нутгийн томчуудтай уулзах гэхээр тоохгүй. Тэгэхээр нь эд нар намайг тоохгүй юм чинь Зохиолчдын эвлэлийн хороо орж, Пунцагийн Бадарч гэдэг хүтэй уулзахаар шийдсэн. Явсаар байгаад уулзаж, П.Бадарч багштай уулзаж, миний анхны номын үгэн дотор намайг тодорхойлж, “Дуу бүтээх ирээдүй” гэж бичиж өгсөн. Тухайн үед, 1996 онд ном гаргана гэдэг санхүү болон бусдаас хүлээн зөвшөөрөгдөх гэдэг бас л амаргүй ажил байсан даа. П.Бадарч багш Зохиолчдын эвлэлийн хорооны орлогч дарга байсан. Тиймээс мэргэжлийн байгууллагын үүднээс сайхан хүлээн авч зөвшөөрөөд зогсохгүй, дарга нь бөгөөд нэртэй сайхан найрагч үг бичиж өглөө.
-Таны шүлгээр бүтсэн ямар ямар дуунууд байна вэ. Анхны дуунууд хэзээ хэрхэн бүтэж байв?
-Ерээд оны дунд үеэс дуунууд маань гарч эхэлсэн. Гэхдээ Алтайн хэмжээнд л түгэж байлаа. Нэг өдөр санамсаргүй сонин хараад сууж байтал миний хоёр дуу аймгийн хэмжээнд болдог дууны уралдаанд нэг, хоёрдугаар байранд орчихсон байна. Аймгийн хэмжээний “Морин хуур” юм уу даа. н.Мэндбаярын ая “Ижий бурхан”, н.Амарсайханы ая “Амраг сэтгэл” гээд мэдээ гарчихаж. Би ч тэр дор нь жижүүр дээрээс утасаад л хоёр Хөгжмийн зохиолчдоо баяр хүргэлээ. Уралдаанд хоёр дуу маань нэг, хоёрдугаар байр эзэлчихлээ, П.Бадарч багш миний анхны номын өмнөтгөлд “Дуу бүтээх ирээдүй” гэж бичсэн ч санаанд орлоо, өнөөх Хэвлэхийн үсгийн ритм ч байна, ингээд л дууны шүлэг рүү орчихсон. Түүнээс хойш хайрцагласан шүлэг рүү орчихсон, одоо ч энэ хайрцагнаас гарч чадаагүй байна. Энэ утгаараа өнгөрөгч тавдугаар сард “Хайрлахуй” тайлан тоглолтоо хийсэн. Миний дуунуудыг гавьяатууд ч дуулж байна, сайхан авьяастай залуучууд ч дуулж байна. Нэрлээд байвал олон дуу байгаа.
-Таныг чухам ямар гээч зүйл нь шүлэгч, уран бүтээлч болгочихов?
-Би Хэвлэх үйлдвэрийн гал тогоо, зовлон хоёр намайг яруу найрагч болгосон гэж боддог. Анхны номондоо “Зовлон намайг шүлэгч болгосон” гэж бичиж байсан. Зовлон хагцал хэлж ирэх биш, 1988 онд аав маань намайг 10 дүүтэй, ээжтэй минь орхиод бурхан болж байлаа. Найрагчид жаргаад амгалан байхаараа бичээд байдаггүй юм билээ. Зүдрэх зовох цагтаа л илүү бичдэг юм болов уу гэж боддог. Миний хувьд олон сайхан дуучид дууг маань дуулж байна, олон сайхан яруу найрагч уран бүтээлч нөхөдтэй анд нөхөр болж, энэ аугаа их тогоон дотор орно гэдэг жир хүний ажил хийх ажил биш гэж боддог. Ингээд бодохоор би яах аргагүй яруу найрагч болжээ гэж өөрийгөө омогшуулдаг. Манай тогоонд ганц хоёр шүлэг төдий зүйл бичээд нэр алдар нь цуурайтаж байгаа хүмүүс бий. Үүнээс бол ичдэг. Харин мань мэтээсээ аугаа том найрагчид чив чимээгүй, нэрд гарахгүй явж байгааг харахаар өөрөөсөө ичдэг. Товчхондоо өнөө цагт шалихгүй нөхөд нь тодорч, аугаа найрагчид нь чимээгүй байх болжээ.
-Аймгийн хэмжээний “Морин хуур” наадмаас түрүү, аман хүзүү авч байсан хүн улсын наадамд зодоглов уу?
-Үүнийг хэлэхээ мартаж. Цар тахлын дараа 2022 онд болов уу, нэг өглөө ажлаас буугаад явж байтал утас дуугарч байна. Гэтэл “Та яруу найрагч Даваацэрэн гэдэг хүн мөн үү” гэхээр нь мөн л гэлээ. Тэгвэл нөгөө нөхөр “Би Хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэн гэдэг хүн байна. Таны дуу Морин хуур наадмын финальд шалгараад байна. Морин хуур наадам Төв аймагт болно. Та одоо шууд Төв аймаг руу хүрээд ир” гэнэ. Тэгэхээр нь бөөн баяр яваад очиход Ш.Сугарцэрэн, дуучин Г.Алтанхундага хоёр хүлээж авлаа. “Морин хуур” наадам ч эхэллээ. Дууны төрөл төрөл дээр шалгаруулалт явж, шагналын эзэд тодроод дуусах дөхлөө. Бид гурвын дуу байдаггүй. Өнөө муу дуучин хүү ч дуулдаггүй. За ерөнхийдөө мултарлаа гээд бодож зогстол яруу найрагч Б.Даваацэрэнгийн үг, Хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэнгийн аялгуу “Буйлан тэших сэтгэл” дуу мэргэжлийн дууны төрөлд хоёрдугаар байр эзэллээ гээд зарлаж байна. Ээ бурхан минь, баярласан гэж юу гэхэв.
БУРХАН СЭТГЭЛТЭЙ ААВ МИНЬ
Ая П.Буянжаргал
Дуучин Энхбаатар
Эрээнтэй бараантай амьдралыг
Эрдэж гансарч туулахдаа
Энхрий хонгор үрсдээ
Ивээлээ хайрласан аав минь
Ээжийг минь орлосон таны минь
Энэрэл хайр нь хязгааргүй ээ
Миний л аав шиг ачтан
Хүний ертөнцөд ховорхондоо
Тоостой будантай орчлонд
Торойж гундаж үлдэхдээ
Тормогор гэнэхэн үрсдээ
Түшиг нь болсон аав минь
Ээжийг минь орлосон таны минь
Энэрэл хайр нь хязгааргүй ээ
Миний л аав шиг ачтан
Хүний ертөнцөд ховорхондоо
Буурал хорвоогийн нугачааг
Буурайж нэг л туулахдаа
Бүлтгэр жаахан үрсдээ
Бүхнээ зориулсан аав минь
Ээжийг минь орлосон таны минь
Энэрэл хайр нь хязгааргүй ээ
Миний л аав шиг ачтан
Хүний ертөнцөд ховорхон доо
ХАЙРЛАХУЙ
Ая Б.Цэрэндулам
Дуучин Б.Отгон-Эрдэнэ
Зүүдлэхгүй санахгүй байхын аргагүй
Зүггүйхэн гэнэнхэн хүний л алдрай
Зөрж төөрөхгүй учирч уяраахиймаа
Зураг заяа нийлж жаргаахиймаа
Бодохгүй болзохгүй байхын аргагүй
Борхон танилхан хүний л алдрай
Будилж тойрохгүй учирч уяраахиймаа
Баяр ерөөл таарч жаргаахиймаа
Хүсэхгүй хүртэхгүй байхын аргагүй
Хөөрхөн энхрийхэн хүний л алдрай
Харж хүлээхгүй учирч уяраахиймаа
Хайрын тавилан шүтэж жаргаахиймаа
Дурлахгүй дурсахгүй байхын аргагүй
Дөлгөөхөн ялдамхан хүний л алдрай
Санаж саатахгүй учирч уяраахиймаа аа
Сайхан хайрыг ивлүүлж жаргаахийм аа
УУГАН ХОЁР АЧ
А.Саранзаяа, Б.Дүүрэнбилэг нартаа
Яргуй шиг сэмбэрүү шиг
Янзага шиг бүжин шиг
Ятга шиг шанз шиг
Яралзсан дүрэлзсэн шар охин
Үнгэж үнэрлэж цэнгэх
Өвөөгийн бурхан ач шүү
Үнсэж энхрийлж жаргах
Эмээгийн сахиусан үр шүү
Булаг шиг горхи шиг
Ботго шиг унага шиг
Бодол шиг шүлэг шиг
Бадарсан оргилсон бор хүү
Эрхэлж тоглож цэнгэх
Өвөөгийн тэнгэр ач шүү
Эвийлж нялхарч жаргах
Эмээгийн шүтээн үр шүү
Сар шиг нар шиг
Сэтгэл шиг зүрх шиг
Дуу шиг найраг шиг
Дэвэрсэн хөөрсөн хоёр ач
Хүсэж хүлээж цэнгэх
Өвөөгийн амин удам шүү
Ханьсаж хайрлаж жаргах
Эмээгийн алтан ураг шүү
Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэнд
МИЙГАА АХ МИНЬ
Хутагт шар төрхтэй
Хувилгаан хөх шүлэгтэй
Хурц цагаан авиртай
Хас гал зүрхтэй
Миний шар Мийгаа
Мөн ч их зайран даа
Доргио зөв явдалтай
Даргиа үнэн шүлэгтэй
Давруу ахиу сэржимтэй
Дэврүү цоргиу сэтгэлтэй
Миний шар Мийгаа
Мөн ч их зайран даа
Аархуу шар сахиустай
Ардаг хөх онгодтой
Эжий сүү амьтай
Эр зүүд зөнтэй
Миний шар Мийгаа
Мөн ч их зайран даа
Сэтгэгдэл ( 1 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00