ЭЗБХ | Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлыг сонгов

2024 оны 11 сарын 05

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.05) хуралдаан 10 цаг 57 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Эхлээд “Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай”  Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Байнгын хорооны дарга Р.Сэддорж төслийн талаар танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.13 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.6 дахь хэсэг, Төвбанк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйл 1, 2, 3 дахь хэсэг, 271 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 273 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.5, 11.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, Статистикийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос төслийг боловсруулжээ. Тус төслийн хавсралтаар Монголбанкны ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Төв банкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, тус Хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга, тус Хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших хүсэлтийн загваруудыг төслийн хавсралтаар тус бүрд нь батлахаар боловсруулсан байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, А.Ундраа, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг нар асуулт асууж, Байнгын хорооны дарга болон Байнгын хорооны ажлын албанаас хариулт, тайлбар авав. Нэр дэвших хүсэлтийн маягтыг холбогдох хуульд заасан шалгуурын дагуу нарийвчлан боловсруулах саналыг М.Бадамсүрэн гишүүн хэлсэн бол тус маягтуудад хуулиас давсан шалгуур, шаардлагыг тусгахгүй байхад анхаарахыг Э.Батшугар гишүүн анхааруулж байв.

Хуулиар тогтоосон хугацаатай албан тушаалтнуудын ажиллах хуулийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан сонгон шалгаруулалт болон нээлттэй сонсголыг шуурхайн зохион байгуулах саналыг Н.Батсүмбэрэл гишүүн гаргасан. Ийнхүү гишүүд төсөлтэй холбогдуулан үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжиж  “Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай”  Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.

“Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг дараа нь хэлэлцэв. Эдийн засгийн байнгын хорооны харьяанд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг дагнан хариуцаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо байгуулагдсан. Тус дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёлыг нэр дэвшүүлж буйг Р.Сэддорж дарга танилцууллаа.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудлаар Н.Алтаншагай гишүүн лавлаж, Байнгын хорооны даргаас хариулт авлаа. Дэд хорооны даргад нэр дэвшүүлэх, сонгох нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу явагддаг гэлээ. Дараа нь санал хураалт явуулахад гишүүдийн олонх Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар Б.Мөнхсоёл гишүүнийг сонгохыг дэмжив. Иймд холбогдох тогтоолын төсөл батлагдаж, Р.Сэддорж дарга Байнгын хорооны тогтоолыг уншиж танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top