Нарансэвстэйн боомт нэрээр Талын Мэлтэсийн АЛТ РУУ МАРШ

2024 оны 11 сарын 07

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх зорилго бол “Боомтын сэргэлт” хэмээн Засгийн газраас боомтуудад анхаарал хандуулж байгааг буруутгах гэсэнгүй. Экспортлогч хэдий ч уул уурхайн бүтээгдэхүүн ихээр гаргадаг орны хувьд хил гарц олширч байвал сайн хэрэг. Гагцхүү байгаль экологид халтай, эдийн засгийн үр ашиггүй, цаана нь өөр зорилго агуулсан асуудал цухалзах болов. Өдгөө боомтын сэргэлтийн ажлыг бүхэлд нь Н.Энхбаярын халаасанд бойжиж, элдвийг туулсан Б.Тулга гэгч нөхөр хариуцаж байгаа нь ч цааш явахад бэрх харагдах болов.  

Боомтын сэргэлтийн хүрээнд орж ирж байгаа нэг ноцтой асуудал бол Наран Сэвстэй боомтыг нээх. Учир нь боомт нээх нэрээр Талын мэлстийн 300 тонн алтны нөөцтэй шороон ордод санаархаж байгааг эртнээсээ л эх сурвалжууд мэдээлж, гацааж ирсэн. Уг боомтыг ерээд оны эхээр нээсэн ч байгаль эхэд халтай хэмээн хаасан байдаг.

Талын мэлтэсийн алтанд санаархаж байгаа нь зөвхөн өнөөдөр биш 1996 онд М.Энхсайханы Засгийн газар, 2009 онд С.Баярын Засгийн газрын 86 тоот тогтоол гаргаж, Талын мэлтэсийг тусгай хамгаалалтаас гаргахаар болсон ч  байгаль хамгаалах байгууллагууд, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч тогтоолоо цуцалж байв.

Мөн Н.Алтанхуягийн Засгийн газрын үед дахин амилж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг 2013 оны есдүгээр сарын 13-нд Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаярт “Говийн их болон бага дархан цаазат газрын зарим хэсэгт ашигт малтмал, эрэх, хайх, ашиглах, тусгай хамгаалалтаас гаргах тогтоолын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа тул саналаа яаралтай ирүүлнэ үү” гэсэн бичиг илгээж байсан. Өдгөө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед ч дахин амилж байгаагийн цаана томоохон асуудал байгаа нь 300 тонн алтны нөөц юм шүү дээ.

Тэгэхээр энд уул уурхай олборлолтыг шууд утгаараа эсэргүүцээд байгаа хэрэг биш. Чухам яагаад гэх асуулт урган гарна. Нарансэвстэй, Талыг мэлтэс нь Улаанбаатараас 900 гаруй километрт орших Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум, БНХАУ-ын Ганьсу мужтай хиллэж, Их говийн дархан цаазат А бүсэд оршдог ариун дагшин газар. Дэлхийд бүртгэгдсэн газар.

Тэгвэл эдийн засаг геополетикийн хувьд ямар ч үр өгөөжгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Яагаад гэхээр Нарансэвстэйн цаад талын хятад боомтыг Мазуншань гэдэг. Ганьсу мужийн нутаг. Энэ боомтод хамгийн ойрхон суурин гэвэл 1200 хүрэхгүй хүнтэй Мазуншань гэдэг хамгийн алслагдсан хилийн бөглүү тосгон л бий. Тосгоны ойр орчимд ямар нэгэн жинтэйхэн үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр ложистикийн томоохон байгууламж байхгүй. Нэр нэгтэй боомт, тосгон хоёрын хоорондын зай 115 километр бөгөөд зам зуур ямар нэгэн хот суурин байхгүй. Тосгоны орчимд Хами-Эзнэй хошуу чиглэлийн галт тэрэгний жижигхэн зөрлөг байдаг. Мазуншань боомтоос хамгийн ойрхон байгаа хот болох Үймэн (Yumen) хүрье гэвэл 320 километр зам туулна. Ганьсу мужийн засаг захиргааны төв Ланжоу орно гэвэл 1049 километр давхина гэхээр ерөнхий дүр зураг харагдана.

Нарансэвстэйн боомт нь Улаанбаатараас 1500 километр, Говь-Алтай аймгаас 500 орчим километрт оршино. Эко системийн хувьд машин цөмрөөд орохоор маш эмзэг хөрстэй газар. Тэгэхээр ачаа тээвэр ложистикийн хувьд Улаанбаатар, Ланжу хот хүртэл 2600 километр, Говь-Алтай Ланжу хоёрын дунд 1600 километр туулна. Нөхцөл байдал ийм л байна. Нарансэвстэйн боомтыг нээчихвэл хилийн зурвас дагуулан Баянхонгорын зүг, мөн Говь-Алтайн баруун боомтууд руу хатуу хучилттай зам тавина, үүний тулд 50 километр зурвас чөлөөлөх юм билээ. Энд л хамаг учир бий. Тэгэхээр энэ тухайд сэргээн дурдах учиртай.

Цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд боомтуудын үйл ажиллагааг сэргээх, шинээр нээх нь зүйтэй гэх малгай дор 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Ш.Адьшаа, Ш.Раднаасэд нараас “Зарим хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” асуудлыг оруулж ирсэн.

Үүнд “Говь-Алтай аймгийн Нарансэвстэй Мазуншань боомтын үйл ажиллагааг дахин сэргээн нээж, Ази-Европыг холбосон эдийн засгийн коридор болгох асуудлыг судалж шийдвэрлэх зэргийг Засгийн газарт чиглэл болгох”-оор тусгасан байдаг. Харин гишүүдийн олонх нь төслийг сайн нягтлан, холбогдох байгууллагуудын саналыг авч судалгаатай оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэнээр асуудал хана мөргөсөн. Ийнхүү тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж асан О.Амгаланбаатар гурван гишүүний унасан саналаас хойш буюу 2022 оны нэгдүгээр сард Говь-Алтай аймагт уул уурхайн бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзаад “Наран Сэвстэй боомтыг нээж, та бүхний олборлосон эрдсийг гадаад зах зээлд гаргах хамгийн дөт зам босгохоор хөөцөлдөж байна” хэмээсэн.

Мөн хоёр сарын дараа иргэд хөдөлмөрчидтэй уулзах үеэрээ “Нарансэвстэйн боомтыг нээхээр бид бүгдийн эдэлж хэрэглэж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бууна, шатахуун түлш гээд бүхий л зүйлийн үнэ буурч Алтай төдийгүй баруун бүс тэр чигтээ хөгжинө” хэмээн ярьжээ. Мөн үүнээс хойш 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймагт “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын тамгын газраа зохион байгуулсан. Энэ үеэр Засаг дарга О.Амгаланбаатар “Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомтыг нээснээр НаранСэвстэй-Алтай чиглэлд 500 километр хатуу хучилттай зам тавьж, Монгол Улс Ази-Европыг холбосон дөт замын сүлжээг бий болгоно” хэмээн уухайлж байгаагаас харахад нэр бүхий гурван гишүүн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд боомт нээх тухай санал оруулснаас хойш Засаг дарга асны  идэвх сэргэсэн гэхэд болно. Өдгөө үүнийг гүйцэлдүүлэхээр УИХ-ын гишүүн болчихсон явна. Тэр ч бүү хэл өнгөрөгч 2022 оны хавар төвөөс сэтгүүлчдийн баг Алтайд залж, боомтын маршрут дагуу танилцуулахдаа “Хятадууд хилийн дагуу Алтай хот хүртэл хатуу хучилттай зам тавьж өгнө гэсэн, тэгэхээр хилийн шугам дагуу зурвас чөлөөлж, 500 километр зам тавьчихаар байгальд халгүй асуудлыг шийднэ. Бид өрсөхгүй бол хятадууд цаанаас нь газар доогуур ухаж байна” хэмээн тэдний тархийг угаасан. Засаг дарга асан өдгөөгийн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар маань энэ мэт давшингуй үйл ажиллагааныхаа завсарт эрх баригчдаас тунхагласан шинэ сэргэлтийн бодлого ярьж, цар тахлын дараах эдийн засгийг сэргээх хэрэгтэй хэмээн халаглаж байсан. Мэдээж өгүүлбэрийнх нь гол санаа нь Нарансэвстэйн боомтыг нээхээр Говь-Алтай аймаг төдийгүй баруун бүс, бүр Монгол Улсын хөгжил дэвшилд асар том хөрөнгө оруулалт болно гэх “үлгэр” байв. Цаад талд нь Талын мэлтэсийн алт байгааг бултаараа мэдэж байгаа биз дээ.

Тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан О.Амгаланбаатар энэ асуудлыг хөндөж, зүтгүүлж байсан. Магадгүй тухайн үеийн Засгийн газрын төлөвлөгөө, төсөл хөтөлбөрийн дагуу ажиллаж байсныг үгүйсгэхгүй. Тийм ч биз. Өнөөдөр тэр алтайчуудын итгэлийг хүлээн УИХ-д орж ирсэн. Тэгэхээр шийдвэр гарах түвшинд алтайчуудын, монголчуудын эсрэг ажиллах уу, бүлэглэлийн эрх ашгийн төлөө ажиллах уу гэдгийг л харах үлдлээ. Үнэн хэрэгтээ О.Амгаланбаатар Нарансэвстэйн боомт эдийн засгийн үр ашиггүй гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ л эрх ашиг байна. Н.Энхбаярын Б.Тулга ч мэдэж байгаа, эзнийхээ эрх ашгийг гүйцэлдүүлэхээс өөр юу байх билээ. Эцэст нь хэлэхэд Нарансэвстэйн боомт нэрээр Талын мэлтэсийн алтны орд руу улайрч байгааг бүгд л мэдэж байгаа. Гагцхүү дуугарахгүй байна.

Үргэлжлэл бий...

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top